Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
Хэргийн индекс | 188/2022/0374/Э |
Дугаар | 2022/ШЦТ/382 |
Огноо | 2022-03-22 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/382
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,
Улсын яллагч Б.Ундрах,
Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Тад холбогдох ********дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **оны *** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаанчин мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 2, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 90 дүгээр гудамж 11 тоотод оршин суудаг, урьд: Баянгол дүүргийн ******* оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, Г овогт Д Тө /РД: ЧЖ*******/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Т нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 09-ний шөнө 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 90-11 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн ах Д. “урьд өгсөн 250.000 төгрөгөө нэхлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар алхаар духан тус газар нь 1 удаа цохиж биед нь “духанд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Д.Т нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 09-ний шөнө 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 90-11 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн ах Д.Т “урьдын 250.000 төгрөгөө нэхлээ” гэх шалтгааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :
- иргэн Д.Т2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 90-11 тоотод төрсөн дүүдээ алхаар цохиулж гэмтсэн тухай гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,
- шуурхай удирдлага дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 03 дахь тал/,
- эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 08-09 дахь тал/,
- хохирогч Д.Т...2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өөрийн гэртээ дүү Д.Т бид хоёр зурагт үзэж байхдаа Хараа нэртэй 0.5 литрийн архи хувааж ууж байгаад бид хоёр мөнгөнөөс болж маргалдсан...Би Д.Тыг орон дээр хэвтэж байхад нь цээжин дээр нь дараад зүгээр байгаарай гэж хэлээд буцаж орон дээрээ хэвтсэн чинь Д.Т намайг гал тогооны шүүгээний хажууд байсан шар өнгийн иштэй алх аваад духны голд 1 удаа цохихдоо доош нь шувтарчихсан. Тэгээд би түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад хандсан...2017 онд би дүүд 250.000 төгрөгийг өгсөн боловч төлөхгүй удсанаас маргалдах болсон...Бид хоёр цуг байдаг. Хохиролд Төрбатаас 300.000 төгрөг авсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14, 18-19 дэх тал/,
- шинжээчийн дүгнэлт : Д.Т биед духанд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх нь гэмтэл нь духны дунд хэсэгт тохоо зүйлийн нэг удаагийн хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
- шүүгдэгч Д.Тын...Би 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өдрийн цагаар гэртээ орсон чинь ах Д.Төрмөнх гэртээ ганцаараа байсан. Тэгээд бид хоёр 0.5 литрийн Хараа нэртэй архи хувааж ууж байх үед Д.Төрмөнх нь урьд өмнө надад зээлдүүлсэн 250.000 төгрөгөө нэхээд хэрүүл маргаан үүсгээд байхаар нь тухайн үед тогооны өрөөнд байсан зөөлөвчтэй алхыг аваад 1 удаа дух хэсэгт нь цохисон...Би хувиараа өөрийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явдаг. Өдөрт 20.000-30.000 төгрөгийн орлоготой, бэлнээр мөнгөө авдаг...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/
- Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 69-70/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2.Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт :
Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :
2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй байх бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан.
2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон.
2.3. Шүүгдэгч, хохирогч нар байнга нэг гэрт хамт амьдардаг ах дүүс байхаас гадна хохирогч нь 2017 онд зээлүүлсэн мөнгө нэхсэн байгааг буруутгах боломжгүй, харин шүүгдэгч нь 2017 онд ахаасаа зээлсэн 250.000 төгрөгийг буцаан төлөөгүй атлаа нэхлээ гэх шалтгаанаар түүний эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдсэн байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-т тус тус зааснаар шүүгдэгчийг “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэгч гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
3. Хохирол, хор уршиг:
Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын талаар баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч хохирогчид эмчилгээний төлбөрт нийтдээ 300.000 төгрөгийг төлж барагдуулсан /хх-18-19 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирогч гомдол саналгүй тухай мэдүүлсэн байх тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч урьд Баянгол дүүргийн*** оны *** дугаар сарын ***-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /хх-44, 47/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.
Шүүгдэгч нь ам бүл 2, хувьдаа тээврийн хэрэгсэлтэй, үл хөдлөх хөрөнгөтэй болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-39, 44, 48, 49, 52-58, 59, 60-63, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн
төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Д.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тад оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тад оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР