Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1142

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

Улсын яллагч Р.Мягмардорж,

Шүүгдэгч Ж.Р, өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Рд холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

  1. Монгол Улсын иргэн, ** оны *** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар

хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо, Тоосгоны * дугаар гудамж *** тоотод оршин суух, урьд: 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 641 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 427 дугаартай Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн захирамжаар үлдэгдэл 9 сар 25 хоногийг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Х овогт Ж М, регистрийн дугаар: УП*****.   

            Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Ж.Р нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 7 дугаар гудамжинд иргэн Д.Лхагвасүрэнгийн эзэмшлийн хар өнгийн хавтасттай “LG” маркийн гар утас болон хавтсанд нь байсан иргэний үнэмлэхийн хамт илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, бусдад 208.300 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

            1.Гэмт хэргийн нотлогдсон байдал :

 

           

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

            Шүүгдэгч Ж.Р нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 7 дугаар гудамжинд иргэн Д.Лхагвасүрэнгийн эзэмшлийн хар өнгийн “LG” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь :  

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...иргэн Д.Лхагвасүрэнгээс 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 7 дугаар гудамжинд бусдад дээрэмдүүлсэн...гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-04, 05 дахь тал/,   

- эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 06-07 дахь тал/,

- таньж олуулах ажиллагаа явуулсан...хохирогч ** миний гар утсыг дээрэмдсэн гэх хүний гэрэл зураг 2 дугаартай гэрэл зураг мөн байна. Би тухайн залуугийн царайг хараад шууд танилаа гэх...тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 08, 09-11 дэх тал/,

- хохирогч Д.Л...Би 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бага зэрэг халамцуу ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар гудамж, Тоосгоны 7 дугаар гудамжинд шонгийн мод налаад зогсож байсан...куртикнийхээ энгэрийн халааснаас өөрийн “ЛЖ” маркийн гар утсаа гаргаж ирээд цагдаа дуудна гэж хэлэхэд миний гараас дэлдэн чихтэй, шар царайтай, арай залуухан залуу нь миний гар утсыг шүүрч аваад зугтаасан, миний гар утас хар өнгийн хавтастай кэйс, кэйсэн дотор байсан иргэний цахим үнэмлэх зэргээ дээрэмдүүлсэн...Тухайн үед цохиж зодсон зүйл байхгүй, миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Шар царайтай, дэлдэн чихтэй залуу би цагдаад дуудлага өгнө гээд утсаа гаргаж ирэхэд цагдаа битгий дууд гэж байснаа миний гар утсыг шүүрч аваад зугтаасан...Би өөрийн иргэний цахим үнэмлэхээ бүрэн бүтэн хүлээн авсан, гар утас, гар утасны кэйс, сим картны хохирол болох 160.000 төгрөгийг Ж.Р гэх залуугаас бэлнээр хүлээн авсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16, 18 дахь хуудас/,

- гэрч Б.Эн...2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр намайг “Хангай” зах дээр ажиллаж байхад зүс таних Ж.Р над дээр ирээд бид хоёр 0.75 литрийн Хараа нэртэй архи аваад гудманд хувааж уучхаад, Ж.Рын гэр рүү явж байхад Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 7 дугаар гудамжинд согтуу танихгүй залуу шээгээд зогсож байхаар нь тухайн залууд “гудманд битгий шээгээд бай” гэж хэлэхэд тухайн залуу чамд ямар хамаатай юм гэхээр нь миний дургүй хүрээд тухайн залуутай заамдалцаж авсан, хажуугаас Ж.Р ирээд бид хоёрыг салгах гэсэн ба тухайн танихгүй залуу та хоёр нийлж хүн зодох гэж дайрлаа гэхээр нь би тухайн залууг тавьсан. Тухайн залуу куртикнийхээ энгэрийн халааснаас гар утсаа гаргаж ирээд, цагдаа дуудна гэхээр нь...Ж.Р гар утсыг нь гараас шүүрээд гүйгээд явсан...бид хоёр гэр хорооллын гудамжинд салаад явсан...гар утсыг Ж.Р аваад явсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,  

- “Мастер үнэлгээ” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан...хохирогчийн булаалгасан эд зүйлийн нийт үнэлгээ 208.300 төгрөгийн хохирол тогтоогдсон байна. /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,  

- шүүгдэгч...Ж.Рын..Би 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зүс таних Эрдэнэбаяр гэх хүнтэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ гэр рүүгээ явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 7 гудамжаар явж байхад согтуу хүн гудманд шээж байхтай таарсан ба надтай хамт явж байсан***тухайн хүнтэй маргалдаад тухайн залуу гар утсаа гаргаж ирээд цагдаа дуудна гэхээр нь би гар утсыг нь шүүрч авч зугтаагаад согтуу байсан учраас тухайн гар утсыг танихгүй хүнд зарсан. Би эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна, би бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Надтай цуг явж байсан Эрдэнэбаяр гэх хүн ямар нэгэн байдлаар огт холбоогүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/,

- шүүгдэгч Ж.Р мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн гэх /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдож байна.  

 

  1. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

 

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд: 

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан   үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 51, шүүх хурлын тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.

2.2. Шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй буюу тус гэмт хэргийн субьектив болон обьектив шинж хангагдсан бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар тус хэргийн зүйлчлэлийн талаар маргаангүй болно.          

Иймд шүүгдэгч Ж.Рыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

 

3.Хохирол, хор уршиг :

 

Хохирогч гэмт хэргийн улмаас хохиролд 160.000 төгрөгийг бэлнээр, иргэний цахим үнэмлэхээ биет байдлаар буцаан өгсөн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-18/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.    

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

1.Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:

 

Шүүгдэгч Ж.Р урьд эрүүгийн хэрэгт ял шийтгэгдэж, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 427 дугаартай Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн захирамжаар үлдэгдэл 9 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх боловч шүүх өмнөх шатанд Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн үйлчлэлд хамааруулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байх тул /хх-62-70, 71-72, 74/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.   

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн

төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 2, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдаж /хх-20, 33, 36-39, 42, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан болно.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, талуудын зорчих эрх хязгаарлах ялыг 8 сарын хугацаагаар хүлээлгэх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Рд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хилийн цэс дотор зорчих үүргийг 8 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.   

 

  1. Бусад асуудал

 

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.Рыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Рыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих үүргийг 8 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.               

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Рд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.        

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй  болохыг тус тус дурдсугай.   

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   Ж.Рд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР