| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 101/2016/05783/и |
| Дугаар | 184/ШШ2018/00452 |
| Огноо | 2018-02-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2018/00452
| 2018 оны 02 сарын 22 өдөр | Дугаар 184/ШШ2018/00452 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ...... хаягт байрлах, БНСУ-ын “W” /Д/ компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ...... хаягт байрлах “Ө” ХХК /РД:.../,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ... хаягт оршин суух, Ц.. овогт Д-ын Н. /РД:.../,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, .. хаягт байрлах “Б” ХХК /РД:../,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ... хаягт оршин суух, Д овогт Ц-ын Ц- /РД:.../ нарт холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 189.289.813 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т-, хариуцагч “Ө” ХХК, Д.Н. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-, хариуцагч болон хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгч Ц.Ц-, хариуцагч Ц.Ц-ийн өмгөөлөгч С.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Д” /БНСУ-ын W/ компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...БНСУ-ын W компанийн захирал B /Б миний бие Монгол Улсын иргэн М.С-, түүний эхнэр Д.Н. нартай 2012 онд танилцаж Монгол улсад хатаасан май загас, хатаасан далайн байцаа нийлүүлэхээр тохиролцсон юм. Үүний дагуу бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд хуулийн этгээдтэй гэрээ байгуулах ёстой гэсний дагуу Д.Н.ын үүсгэн байгуулсан “Ө” ХХК-тай манай компани “Экспортын бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-г 2012 оны 8 сарын 16-ны өдөр байгуулсан. “Ө” ХХК-ийн захирал Солонгос улсад ирж Ж компанийн далай гаралтай бүтээгдэхүүнийг Монгол улсад борлуулахаар урьдчилан тохиролцсоны дагуу 2012 оны 12 сарын 25-ны өдөр БНСУ-ын Пёнтэк боомтоос “H” компанийн нэр дээрээс 33.521 ам.долларын далайн гаралтай бүтээгдэхүүнийг нийлүүлж, “Ө” ХХК нь 2013 оны 1 сарын 16-ны өдөр хүлээн авсан. Монгол улсад борлуулалт сайн байна дахин нийлүүлж өгнө үү гэсэн тэдний хүсэлтийн дагуу W компанийн нэр дээрээс 2013 оны 2 сарын 26-ны өдөр Пёнтэк боомтоос 14.546 ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлж “Ө” ХХК нь 2013 оны 3 сарын 20-ны өдөр хүлээн авсан. W компанийн нэр дээрээс дахин 2013 оны 3 сарын 05-ны өдөр Пёнтэк боомтоос 38.982,95 ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлж “Ө” ХХК нь 2013 оны 4 сарын 10-ны өдөр хүлээн авсан юм. Худалдах худалдан авах гэрээний дагуу борлуулсаны дараагаар бүтээгдэхүүний үнийг төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг нэг ч удаа хийгээгүй юм. Бүтээгдэхүүний борлуулалт сайн байна гэж хэлэн 3 удаа чингэлэг ачаа нийлүүлэн авсан нь залилан мэхэлсэн үйлдэл байна гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тул иргэний журмаар шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж Дүүргийн хоёрдугаар Прокурорын газрын прокурорын тогтоол 2015 оны 2 сарын 11-ний өдөр гаргасан байна. Иймээс шүүхэд нэхэмжлэл гарган хариуцагч нараас худалдан авсан бүтээгдэхүүний үнэ 87.049,95 ам.долларыг гэрээний хугацаа дуусгавар болж үүрэг үүсэх үеийн /2014.08.31-ний өдөр/ Монгол банкны ханш 1811 төгрөгөөр тооцож 157.647.459,45 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж Монгол улсад ирж төлбөр шаардаж байсан болон Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байцаан шийтгэх ажиллагаанд оролцож байсан зардлын хамт гаргуулах хүсэлтэй байна. Хариуцагч “Ө” ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай тул Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу хувьцаа эзэмшигч нь давхар хариуцлага хүлээнэ гэж заасны дагуу хувьцаа эзэмшигч Д.Н. болон “Ө” ХХК-иас төлбөрийг гаргуулж өгнө үү. Монгол улсад 2013 оны 1 сарын 16-ны өдрөөс 2016 оны 4 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Эйр маркет ХХК-ийн 10 удаагийн нислэгийн тийзний үнэд төлсөн 8.923.453 төгрөг, 2016 оны 4 сарын 20-ны өдрийн Кореан эйр компанийн 610.800 вон буюу тухайн өдрийн Монгол банкны ханшаар 1.068.900 төгрөг, нийт ирсэн онгоцны тийзний үнэ 9.992.353 төгрөг, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хуульч ажиллуулсан зардал 20.000.000 төгрөг, худалдан авсан бүтээгдэхүүний төлбөр 87.049,85 ам.доллар буюу 157.647.460 төгрөг, бичиг баримтын орчуулгын зардал 1.650.000 төгрөг, нийт 189.289.813 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”Д” компанийн захирал Б нь Монгол улсын иргэн М.С- болон түүний эхнэр Д.Н. нартай 2012 онд танилцаж, БНСУ-аас Монгол улсад хатаасан май загас, хатаасан далайн байцаа нийлүүлэхээр харилцан тохиролцон М.С-, Д.Н. нарын үүсгэн байгуулсан “Ө” ХХК-тай “Экспортын бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-г 2012 оны 8 сарын 16-ны өдөр байгуулсан бөгөөд компанийг төлөөлж Д.Н. гарын үсэг зурж баталгаажуулсан юм.
“Ө” ХХК-ийн захирал Д.Н. нь БНСУ-д ирж “Ж” компанийн далайн гаралтай бүтээгдэхүүнийг Монгол улсад борлуулахаар гэрээ байгуулсаны дагуу 2012 оны 12 сарын 25-ны өдөр БНСУ-ын Пёнтек боомтоос “H” компанийн нэр дээрээс нийт 33.521 ам.долларын үнэ бүхий далайн гаралтай бүтээгдэхүүнийг нийлүүлсэн юм. Үүнд: а.111 хайрцаг, 116,50 кг хатааж давсалсан хайтан загас, 1 хайрцаг нь 1,5 кг/ууттай-12.000 вон, б.403 хайрцаг, 201,50 кг хатаасан далайн байцаа, 1 хайрцагт 2 уут*250 гр/ууттай-4500 вон, в.320 хайрцаг 160 кг хатаасан далайн байцаа, 1 хайрцагт 2 уут*250 гр/ууттай-4500 вон, г.604 хайрцаг, 543,60 кг хатаасан далайн байцаа, 1 хайрцагт 30 уут*30 гр/ууттай-700 вон, д.506 хайрцаг, 227,70 кг хатаасан далайн байцаа, 1 хайрцагт 30 уут*15 гр/ууттай-500 вон, е.441 хайрцаг, 52,92 кг далайн байцаа, хатаасан, 1 хайрцагт 24 уут*5 гр/ууттай-200 вон, зэрэг бүтээгдэхүүн нийлүүлснийг “Ө” ХХК-ийн захирал Д.Н. нь 2013 оны 01 сарын 16-ны өдөр гаалийн татварт 7.837.759,77 төгрөг төлж бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан.
“Ө” ХХК-ийн захирал Д.Н.ын “...Монголд борлуулалт сайн явагдаж байна, бараагаа дахин нийлүүлж өгнө үү...” гэсэн хүсэлтийн дагуу “Д” компани 2013 оны 2 сарын 26-ны өдөр Пёнтек боомтоос 14.546 ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлж “Ө” ХХК нь 2013 оны 3 сарын 20-ны өдөр 3.546.625 төгрөгийн татварыг төлж хүлээн авсан. Үүнд: а.1394 хайрцаг 401 кг далайн байцаа, 1 хайрцагт 24 уут*12 гр/ууттай-400 вон болсон.
“Ө” ХХК-ийн захирал Д.Н. нь “дахин бүтээгдэхүүн явуул” гэсний дагуу 2013 оны 4 сарын 05-ны өдөр “Д” компанийн нэр дээрээс 38.982,95 ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлсэн. Үүнд: а.2274 хайрцаг 3411 кг далайн байцаа, 1 хайрцагт 30 уут*30 гр-700 вон. “Ө” ХХК нь гаалийн татварт 8.868.146,81 төгрөг төлж, 2013 оны 4 сарын 10-ны өдөр хүлээн авсан юм.
“Ө” ХХК нь “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу борлуулсаны дараагаар бүтээгдэхүүний үнийг төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг нэг ч удаа хийгээгүй байгаа юм. Дээрх 3 удаагийн үйлдлээр 3 чингэлэг бараа бүтээгдэхүүн авчихаад төлбөр мөнгөө өгөхгүй байгаа явдал нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй гэж үзэн цагдаагийн байгууллагад өргөдөл гарган эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан боловч иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх асуудал гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч “Ө” ХХК нь “Б” ХХК-ийн захирал Ц.Ц- гэгчид 85.000.000 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн гэх баримт гаргаж өгсөн байх тул уг барааг хүлээн авсан гэх компани болон иргэнийг хариуцагчаар татан оролцуулах шаардлага үүссэн. Иймд гэрээний хугацаа хэтрүүлсэн хариуцагч нь учирсан хохирлын хариуцлагыг хүлээхээр хуулиар зохицуулсан байдаг тул худалдан авсан бүтээгдэхүүний үнэ 87.049,95 ам.долларыг гэрээний хугацаа дуусгавар болж үүрэг үүсэх үеийн /2014.08.31-ний өдөр/ Монгол банкны ханшаар 1811 төгрөгөөр тооцож 157.647.459,45 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу Монгол улсад 2013 оны 01 сарын 16-наас 2016 оны 4 сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны “Эйр маркет” ХХК-ийн 10 удаагийн нислэгийн тийзний үнэд төлсөн 8.923.453 төгрөг, 2016 оны 04 сарын 20-ны өдрийн “Кореан эйр” ХХК-ийн 610.800 вон буюу тухайн өдрийн Монгол банкны ханшаар 1.068.900 төгрөг, нийт ирсэн онгоцны тийзний үнэ 9.992.353 төгрөг, мөн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч ажиллуулсны 20.000.000 төгрөг, бичиг баримтын орчуулганд гарсан зардал 1.650.000 төгрөг, нийт 189.289.813 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс 85.000.000 төгрөгийг “Б” ХХК буюу иргэн Ц.Ц-ээс, 104.289.813 төгрөгийг “Ө” ХХК буюу иргэн Д.Н. нараас тус тус гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч “Ө” ХХК, Д.Н. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Солонгосын иргэн Б- нь 2012 оны эхнээс 2013 оны 1 дүгээр сар хүртэл манайтай хамтран ажиллая гэж гуйгаад байхаар нь эхний ээлжинд дээж авч энд судалгаа шинжилгээнд өгч үзье гэсэн. Ингээд дээж гэсэн чинь бүр их хэмжээгээр явуулсан байсан. “...Юу болоод ийм их бараа явуулав...” гэсэн чинь хамаагүй, энэ бол наймаа биш халхавч шүү. Үүнээс мөнгө төгрөг хуримтлагдахгүй гэж байнга хэлдэг байсан. Тэгсэн мөртлөө нэг өдөр би энэ Ц.Ц-тэй хамтарч ажиллана бараа бүтээгдэхүүнийг энэ хүнд өг гэсэн. Ингэхэд нь тэгвэл өг гэсэн албан тоот гарын үсэгтэйгээ хийгээд өг гэсэн чинь үгүй бичиг баримтын хэрэггүй гэж уурлан хашхирч сүр болгосоор бараагаа авсан. Энэ хүлээлгэн өгөх хүртэл манайх уг бүтээгдэхүүнийг хүмүүст ярьж танилцуулах, борлуулах ажил хийж байсан. Борлуулалт их муу байна хийх газар ч олдохгүй хэцүү юм байна. Нэмж бараа авахгүй гээд байхад бидэнд мэдэгдэхгүйгээр дур мэдэн бараа явуулан аваарай гэж утсаар мэдэгдсэн. Энэ бараа нь 2013 оны 03 сарын 20-нд 2 дахь чингэлэг, 2013 оны 4 сарын 10-ны өдөр 3 дахь чингэлэг ирсэн. Би мөнгөний боломжгүйгээс болж уг бараа нь гааль дээр 10-14 хоног хүлээгдсэн боловч гааль ачаагаа ав гэж удаа дараа утастаад байсны улмаас аргагүй эрхэнд хүнээс мөнгө авч /зээлж/ авсан. Үүнийг өөрт нь хэлж ярихад хамаагүй хүнээс зээлээд ав би удахгүй очоод өгнө гэж байсан. Иймд би хүнээс 0.5% мөнгө зээлж барааг авсан. Ингээд өөрөө ирээд бараа материалаа үзэж хараад бид ч энд борлогдохгүй, хийх газаргүй байхад ийм их бараа дэмий байсаар байхад гэхэд хамаагүй энэ бол зүгээр л халхавч битгий сандар тайван бай би өөрөө мэдэж байна гээд байсан. Би энэ хүнийг өөрийг нь бодож ядаж гаалийн татвар, ачааны хөлсөө олог гэж бодож нэр бүхий дэлгүүрүүдтэй гэрээ хийж ажилласан боловч манай Монголчууд хэрэглэж заншаагүй учир борлогдоогүй юм. Энэ бүгдэд ажилчин, унаа машин, агуулах гээд маш их зардал чирэгдэл болсоныг өөрөө сайн мэдэж байгаа. Мөн орчуулагч нар нь энэ бүгдийг мэдэж байгаа. Б- нь намайг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан онц хүнд гэмт хэрэгт гүтгэж олон сараар цагдаад мөрдөн байцаагдаж маш олон сараар ажил амьдралаараа хохирсон. Иймд маш их гомдолтой байгаа” гэв.
Хариуцагч “Ө” ХХК, Д.Н. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2012 оны 10 сарын 05-ны өдөр гэрээ байгуулсаны дагуу шаардлага гаргаж байна гэх боловч энэхүү гэрээ огт байгуулагдаагүй. Д.Н. нь нэг ч удаа Солонгос улс руу явж байгаагүй болно. “Д” ХХК-ийн захирал нь Монголчуудад өөрийн бизнесийг таниулах хүсэлтэй байна, эхний удаад барааг сурталчилаад өгөөч ээ гэсний дагуу хамтран ажилласан ба тухайн үед худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй. Барааг Монгол руу явуулахад хүлээж авахгүй байтал тухайн бараа “Ө” ХХК-ийн нэр дээр ирсэн байсан учир гаалийн байгууллагаас хүлээж авна уу гэсний дагуу хүлээж авсан. Гэхдээ анх барааг явуулахдаа барааны үнийг нэхэхгүй. Харин Монголчуудад таниулж дараагаар нь өөрсдийн хамтын бизнесээ эхлүүлнэ гэж хэлсэн. Үүнтэй холбоотой зардлыг Б төлөх ёстой байсан боловч төлөөгүй. Манай талаас тэр бүх зардлыг төлсөн. 2012 оны 12 сарын 24-ний өдөр эхний чингэлгээр бараа ирсэн учир 2013 оны 01 сарын 16-нд гаалийн бүрдүүлэлт хийсэн. 2013 оны 3 сарын 21-ний өдөр 2 дахь чингэлэг, 2013 оны 4 сарын 10-ны өдөр гурав дахь чингэлэг ирсэн. Компанийн зүгээс барааг нь Монголд таниулахын тулд маш их зардал гаргасан. Үүнд гаалийн татвар, төмөр зам тээврийн зардалд 23.052.244 төгрөг, 2.048.365 төгрөгийн НӨАТ-ын өртэй, тээвэр үйлчилгээнд 7.000.000 төгрөг, гаалийн агуулахад бараа хадгалуулсан 2.400.000 төгрөг, ажилчид авч ажиллуулахад 1.936.000 төгрөг, бүтээгдэхүүнийг сурталчилж брошур хийлгэхэд 135.000 төгрөг тус тус зарцуулсан. Бараа борлуулалтын мөнгөнөөс 3.800.000 төгрөгийг Бд өөрт нь өгсөн. Эрүүгийн хэрэгт авагдсан мэдүүлэгт энэ 3.800.000 төгрөгийн талаар мэдүүлсэн байдаг. Мөн 674.300 төгрөгийн далайн байцаа, хатаасан загасыг гэр бүл, садан төрлийн хүмүүстээ өгнө гээд Б буцаан авсан. Бы зааврын дагуу “Б” ХХК-д барааг шилжүүлэхэд манай компаниас зардал гарсан. Мөн эрүүгийн хэрэгт шалгагдаж байх үед манай компанид үлдсэн байсан байцааг хураан битүүмжилсэн. Энэ бүгдийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж, талууд хоорондоо тохиролцох ёстой байсан. Худалдах худалдан авах гэрээ бол анхнаасаа байгуулагдаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Орчуулагчийн зардал гэсэн нь нотлох баримтын шаардлага хангаагүй байгаа бөгөөд нотариатаар батлуулах шаардлагатай. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хуульч авч ажиллуулсан зардал гэдэг нь худалдах худалдах авах гэрээний дагуу гэж үзвэл нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно. Манайд ирүүлсэн далайн байцаануудыг цагдаагаас хурааж авсан байдаг. Хугацаа дууссан бүтээгдэхүүнийг Цагдаагийн байгууллагаас устгалд оруулсан. Мөн нэхэмжлэлийн шаардлагад Д.Н. огт хамааралгүй. Энэхүү бүтээгдэхүүн нь гааль дээр “Ө” ХХК-ийн нэр дээр ирсэн бөгөөд Д.Н. хүлээн аваагүй байдаг. Эрүүгийн хэрэгт авагдсан мэдүүлэгт 3.800.000 төгрөгийг Б өөрөө авсан гэсэн байдаг. Манай зүгээс энэ мөнгийг Бд өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд мөн иргэн Д.Н.д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч болон хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгч Ц.Ц- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...надаас болон компаниас 85 сая төгрөг нэхэмжилж байна. БНСУ-ын иргэн Б надтай хамтран ажиллая, бизнесийн хамтрагч болоё, жоншны наймаа эрхлэх талаар ярьж анх уулзаж байсан. Би энэ хүнтэй далайн байцаа худалдан авах талаар огт гэрээ хийгээгүй. Монголчуудад таниулах үүднээс барааг хүлээн авч мөн манай компанийн зүгээс “Д” ХХК-д лийрний мөнгө 10 мянган ам.доллар шилжүүлсэн байсан учир барааг “Ө” ХХК-иас хүлээн авсан. Д.Н. эгч надруу утастаад Б- чамд барааг өг гэсэн гэж хэлсний дагуу дамжуулан авсан. Д.Н. эгчээс барааг яагаад манай компанид өгсөн талаар сүүлд асуухад Б өгөхийг шаардсан учир өгсөн гэж хэлсэн. “Б” ХХК нь анх нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Б-тай хамтран бизнес хийх яриа хэлцэлийн дагуу 2013 оны 6 сарын 13-ны өдөр гадаад худалдаа эрхлэх чиглэлээр үүсгэн байгуулагдаж, мөн нэхэмжлэгчийн хүсэлт, шаардлагын дагуу “Ө” ХХК-иас 4209 хайрцаг далайн байцааг хүлээн авч Монгол улсад борлуулах болон түүнтэй холбоотой бэлтгэл үйл ажиллагааг 2013 оны 6 сараас эхлэн далайн байцааны хадгалах хугацаа дуусах 2014 оны 8 сарын 26-ны өдөр хүртэл нийт 15 сарын хугацаанд явуулсан болно. Энэ хугацаанд бэлнээр 39,1 сая төгрөг, дансаар 58 сая төгрөг нийт 97,1 сая төгрөгийн борлуулалтын орлоготой, 79,8 сая төгрөгийн зардалтай ажилласан. Сарын дунджаар авч үзвэл 1 сард дунджаар 6,5 сая төгрөгийн борлуулалттай 5,3 сая төгрөгийн зардалтай ажилласан. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй сүлжээ дэлгүүрүүдийн салбар болох 200 орчим дэлгүүр мөн Нарантуул, Барс, Хархорин, Дэнжийн мянга, Бөмбөгөр, Орхон, Баянзүрх зэрэг захууд, хөдөө орон нутагт Өмнөговь, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Налайх, Өвөрхангай, Дорноговь аймаг мөн түүнчлэн Улаанбаатар хотын бүх дүүргүүдэд байрлах 100 орчим жижиг хүнсний дэлгүүрүүдэд түгээлт, борлуулалт хийсэн. Энэ хугацаанд нийт 8 хүнийг цалинжуулж ажиллуулсан ба тэдний дунд нэхэмжлэгч Бы орчуулагч нарын цалин хүртэл багтаж байгаа бөгөөд сард дунджаар 2-5 хүнд цалин олгож ажилласнаар нийт 23,9 сая төгрөгийг цалин болон гэрээт ажлын хөлсөнд зарцуулсан. Сарын дундаж цалингийн зардал 1,6 сая төгрөг болсон. Хүн амын орлогын албан татварт 1,2 сая төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэлд 3,7 сая төгрөг, Нэмэгдсэн өртгийн татварт 4,9 сая төгрөг нийт 9,8 сая төгрөгийн татвар улсад төлсөн. Сард дунджаар 653 мянган төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Ажлын байрны тухайд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Рааш булаг төвийн 404 тоот тавилгатай 1 өрөөг 2013 оны 8 сараас 2014 оны 2 дугаар сарын 25 хүртэл 7 сар түрээслэн түрээсийн зардалд нийт 3,3 сая төгрөг зарцуулсан. Анх “Ө” ХХК-иас авсан барааг нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Б-ы сонгосон Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Амгаланд байрлах 430 м2 агуулахад хадгалсан боловч тухайн агуулахад борооны ус нэвтэрч далайн байцааг норгож байсан тул түрээсийн зардлаасаа хасаж тооцохоор аман тохироо хийж дээврийг нь зассан боловч 8 дугаар сарын их борооны үерийн ус мөн байшингийн сууриар орж ирсэн. Энэхүү агуулах нь хуучин модны үйлдвэр байсантай холбоотой тоног төхөөрөмжүүд холбодог цахилгааны утаснууд замбараагүй шалаар нэг байсан ба үерийн улмаас орж ирсэн ус цахилгааны утсанд холбогдож гал гарах аюултай байсан тул түр цахилгааныг тасалсан. Энэхүү агуулах нь зохион байгуулалтын хувьд 1 хэсэгтээ хөргүүртэй ба энэ хэсэгт загас хадгалах мөн 1 хэсэгтээ цонхгүй ба энэ хэсэгт далайн байцааг хадгалах /учир нь далайн байцаа наранд иод нь алдагдаж чанараа алддаг бүтээгдэхүүн/, мөн орох хаалганы хэсэгт том талбайд тасалгааны хэмд жимс хадгалахад яг тохирох бүгд 1 дор төвлөрсөн гэж тухайн үед нэхэмжлэгч Б- өөрөө очиж үзэн сонгож байсан. Гэвч хүнсний бүтээгдэхүүн хадгалж байгаа тул эрүүл ахуй халдваргүйжилттэй холбоотойгоор агуулахыг солихоос өөр аргагүй байсан тул 9 сарын 1-ний өдрөөс эхлэн Сонсголонд байрлах “И” ХХК-ийн агуулахад шилжүүлсэн боловч тухайн агуулах далайн байцааны гол дайсан болох хулганатай агуулах болохыг мэдээд мөн л 11 сард Зурагтад хүний контейнер түрээсэлэхээр нүүдэл хийсэн. Далайн байцаа нь овор ихтэй мөн наранд хадгалах болон тээвэрлэхэд чанар нь алдагдаж савлагаа нь хөөж томордог эмзэг бүтээгдэхүүн. Иймд бид “Ө” ХХК-ийн хадгалж байсан Дэнжийн 1000, Хайлааст, Гурвалжингийн гүүрний дэргэдэх агуулхуудаас Амгалангийн агуулах руу 8 удаагийн тээвэр, Амгалангаас Сонсголон руу 4 удаагийн тээвэр, Сонсголонгоос Зурагт руу 3 удаа, Зурагтаас Шарга морьт руу 3 удаа нийт 18 удаагийн шөнийн тээвэрлэлт хийсэн. Мөн далайн байцааг стандартад нийцсэн машинаар бараа хүлээж авах хуваарьт цагуудад цагт нь борлуулалтын цэг буюу дэлгүүрүүдэд түгээх шаардлага байнга тулгарч байсан тул борлуулалтыг хэвийн жигд явуулах үүднээс граш болон 2014 оны 1 сараас 2014 оны 7 сар хүртэл зориулалтын машин хүртэл түрээсэлсэн. Нийт 15 сарын хугацаанд ажлын байр, агуулах, барааны агуулахын нүүлгэлтийн тээвэр, борлуулалтын түгээлтийн тээвэр болох нийт түрээсийн зардалд 23 сая төгрөг зарцуулсан. Сарын дундаж түрээсийн зардал 1,5 сая төгрөг. Бусад зардалд 22,9 сая төгрөг зарцуулсан. Үүнээс 3,5 сая төгрөгийг бусад зардал буюу хоол, маркетинг, шинжилгээ, борлуулалтын машинтай холбоотой зардал, зогсоолын төлбөрүүд, бар кодны мөнгө, дэлгүүрүүдийн борлуулалтын шимтгэл гэх мэт жижиг сажиг зардлуудыг нэгтгэж тусгасан. Бусад зардлууд нь зардлын тайланд 1 бүрчлэн тусгасан болно. Сарын дундаж бусад зардал 1.5 сая төгрөг. Энэ бүх зардалтай холбоотой гэрээ болон баримтуудыг нотариатаар гэрчлүүлж шүүхэд өгсөн ба нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Б- нь тухайн үеийн үүссэн нөхцөл байдлууд болон зарцуулсан зардлуудыг мэдэж байсан
|
|
төдийгүй Рааш булагт байрлах ажлын байранд ажиллаж мөн Амгаланд байрлах агуулахад усанд автсан далайн байцааг ялгаж салгах зэргээр Монголд байгаа хугацаанд өөрийн биеэр дээрх бүхий л үйл ажиллагаанд оролцож хамтран ажиллаж байсан. Б- “...энэ далайн байцаанаас огт ашиг олохгүй, энэ бол бидний эхлүүлэх бизнесийн эхлэл, халхавч юм шүү, Монголд байгаа Солонгосчууд намайг далайн байцаа л борлуулах гэж байгаа юм байна гэж харна. Тиймээс далайн байцаанаас ашиг харах хэрэггүй. Чи дараагийн бизнестээ бэлдээд байж байгаарай...” гэж л хэлдэг байсан. Үүний дараа нэг уулзаад миний зүгээс тухайн бүтээгдэхүүнийг сурталчлан бүхий л зүйлийг хийсэн байхад танай талаас тохирсон хэлсэн зүйлээ биелүүлээгүй гэхэд Б чамаас бараагаа ч, мөнгөө ч авахгүй гээд уурлаад явсан. Харин Б намайг эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгт гүтгэн нэр хүндэд халдсан нь надад маш хүндээр туссан. Надад яг 85 сая төгрөгийн бараа өгсөн гэдгийг нэхэмжлэгч өөрөө тодорхойлдоггүй. Би “Ө” ХХК-иас 4209 хайрцаг далайн байцаа хүлээн авсан. Эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас нэлээн их байцааг нь битүүмжилсэн. Эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсоны дараа бүх барааны хугацаа дууссан байсан тул хогийн цэг дээр аваачиж устгасан. Нэхэмжлэлийн шаардлагын 85 сая төгрөгийг би болон компани бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Хариуцагч Ц.Ц-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-д зааснаар бүрэн тодорхойлогдохгүй байгаа учир нэхэмжлэлийг хангахгүй байх үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн “Д” ХХК нь Солонгос талын тээвэрлэлтийн бусад компанийг төлөөлөх бүрэн эрхгүй байна. 85 сая төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүн нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс тогтоолд тусгасан дүн юм. Нэхэмжлэгч талаас өөрсдөө нэхэмжлэлийн үнийг бүрэн тооцох ёстой. Эсвэл “Д” ХХК-ийн хүсэл сонирхлыг итгэмжлэгдсэн төлөөлөгч ойлголцохгүй байгаад учир байгаад байна уу. Гэрчийн мэдүүлгээр зарж борлуулж үнийг авна гэж тохиролцсон зүйлгүй гэдэг нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Нэхэмжлэгч “Д” /БНСУ-ын W/ компани нь “Ө” ХХК болон Д.Н. нарт холбогдуулан “Экспортын бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэг, үүргийг хугацаандаа биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 189.289.813 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Б” ХХК, Ц.Ц- нарыг хамтран хариуцагчаар татан, хариуцагч “Б” ХХК, Ц.Ц- нараас 85.000.000 төгрөг, “Ө” ХХК, Д.Н. нараас 104.289.813 төгрөг гаргуулахаар шаардав.
“Ө” ХХК нь 85.000.000 төгрөгийн үнэ бүхий далайн байцааг “Б” ХХК, түүний захирал Ц.Ц-т шилжүүлсэн үндэслэлээр “Б” ХХК, Ц.Ц- нараас 85.000.000 төгрөгийг, 104.289.813 төгрөгийг “Экспортын бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу “Ө” ХХК, Д.Н. нараас гаргуулах, хариуцагч “Ө” ХХК, Д.Н. нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч компанийн захирал Монгол улсад 2013 оны 01 сарын 16-наас 2016 оны 4 сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд ирж буцсан онгоцны тийзний үнэ 9.992.353 төгрөг, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч авч ажиллуулсны 20.000.000 төгрөг, бичиг баримтын орчуулга, нотариатын зардал 1.650.000 төгрөг багтсан хэмээн тайлбарлав.
Хариуцагч “Ө” ХХК, Д.Н. нар нь “....нэхэмжлэгч компанийн захирал Б- Монголчуудад өөрийн бизнесийг таниулах хүсэлтэй, барааг сурталчилаад өгөөч гэж гуйсан тул дээж авч судалгаа шинжилгээнд өгье гэтэл маш их хэмжээгээр бараа явуулсан. “Ө” ХХК-ийн нэр дээр ирсэн байсан учир гаалийн байгууллагаас хүлээж ав гэсний дагуу хүлээж авсан. Барааны үнийг нэхэхгүй, Монголчуудад таниулах, бизнесийн халхавч, хамтын бизнес эхлүүлнэ гээд зардлыг Б- төлөх ёстой байсан боловч төлөөгүй. Б-ийн хүсэлтээр Ц.Ц-т зарим барааг шилжүүлсэн. Худалдах худалдан авах гэрээ огт хийгдээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Д.Н. компанийн нэрийн өмнөөс барааг гаалийн агуулахаас авсан. Хувь хүний хувьд огт хамааралгүй учраас Д.Н.д холбогдох нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж, хариуцагч “Б” ХХК, Ц.Ц- нар “... Б надтай хамтран ажиллах, жоншны наймаа эрхлэх талаар ярьж анх уулзсан. Би энэ хүнтэй далайн байцаа худалдан авах талаар огт тохиролцоогүй. Манай компанийн зүгээс “Д” компанид лийрний мөнгө 10.000 ам.доллар шилжүүлсэн байсан учир далайн байцааг “Ө” ХХК-иас хүлээн авсан. Би “Ө” ХХК-иас 4209 хайрцаг далайн байцаа хүлээн авсан. Надад 85.000.000 төгрөгийн бараа өгсөн гэдгийг нэхэмжлэгч өөрөө тогтоогоогүй. Б- намайг компани байгуулчих гэсний дагуу “Б” ХХК-ийг байгуулсан. Энэ далайн байцаанаас огт ашиг олохгүй, энэ бол бидний эхлүүлэх бизнесийн эхлэл, халхавч, Монголд байгаа Солонгосчууд намайг далайн байцаа борлуулах гэж байгаа гэж харна. Тиймээс далайн байцаанаас ашиг харах хэрэггүй. Чи дараагийн бизнестээ бэлдээд байж байгаарай гэж л Б хэлдэг байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн тус тус маргав.
“Ө” ХХК нь 2013 оны 01 сарын 16-ны өдөр 33.521 ам.долларын үнэ бүхий хатаасан, давсалсан хайтан загас, хатаасан далайн байцааг БНСУ-ын экспортлогч “H” компаниас, 2013 оны 03 сарын 21-ний өдөр 14.546 ам.долларын үнэ бүхий хатаасан далайн байцаа, 2013 оны 04 сарын 10-ны өдөр 38.982,95 ам. долларын үнэ бүхий хатаасан далайн байцааг БНСУ-ын экспортлогч W.CH.Trade /Д/ компаниас тус тус хүлээн авсан үйл баримтын талаар талууд маргаагүй ба уг үйл баримт нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны 0756354, 0809419, 0810256 дугаартай мэдүүлгүүд, түүнд хавсаргагдсан бусад баримтаар нотлогдов. /хх 1 хавтас, 174-213/
Нэхэмжлэгч “Д” компани шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2017 оны 3 сарын 14, 2017 оны 10 сарын 11-ний өдрүүдэд ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа 2012 оны 8 сарын 16-ны өдрийн “Экспортын бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэг шаардсан гэх боловч шүүх хуралдааны мэтгэлцээний үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т- дээрх 2012 оны 8 сарын 16-ны өдрийн гэрээгээр бус, Гаалийн ерөнхий газрын 2017 оны 01 сарын 25-ны өдрийн 01-3/401 албан тоотод хавсаргасан баримтад ирүүлсэн “Экспортын бүтээгдэхүүний худалдан авах худалдах гэрээ”-г үндэслэж шаардана. Төрийн байгууллагаас ирүүлсэн баримт тул нотлох баримтын шаардлага хангасан хэмээн мэтгэлцэв. /хх 1 хавтас, 199-201/
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан “Экспортын бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ” нь Прокурорын байгууллагын хуулбар үнэн тэмдгээр баталгаажсан, Гаалийн ерөнхий газрын албан тоотод хавсаргасан “Экспортын бүтээгдэхүүний худалдан авах худалдах гэрээ” нь хэзээ үйлдэгдсэн болох нь тодорхойгүй, талуудын гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажаагүй, Солонгос хэлнээс орчуулав хэмээн тэмдэглэсэн байх боловч Солонгос хэлээр үйлдэгдсэн эх гэрээ нь хавсаргагдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтыг эх хувиар, эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар ирүүлэх шаардлагыг хангаагүй, байх тул шүүхээс нотлох баримтын хэмжээнд үнэлэх үндэслэлгүй байна.
Нийт 3 удаагийн тээвэрлэлтээр 87.049,85 ам.долларын үнэ бүхий далайн гаралтай бүтээгдэхүүнийг хүлээн авсан талаар хариуцагч “Ө” ХХК маргаагүй тухай дээр дүгнэсэн ба БНСУ-ын “H” компаниас ирүүлсэн 33.521 ам.долларын үнэ бүхий бүтээгдэхүүний үнийг нэхэмжлэгч “Д” компани шаардах эрхгүй гэж хариуцагч нар маргах боловч “H” /Хэяан Сүсан/ компанийг төлөөлөх эрхийг “Д” компанид олгосон итгэмжлэл хэрэгт авагдсан тул “Д” компани нь дээрх 3 чингэлгээр ирсэн бүтээгдэхүүний үнийг шаардах эрхтэй гэж үзнэ. /хх 2-хавтас, 6/
Нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээний үүрэг шаардаж байгаа боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлд худалдагч нь худалдсан эд хөрөнгийн өмчлөлийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч эд хөрөнгийн үнийг төлөх үүрэг хүлээхээр заасан ба талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд худалдах худалдан авах гэрээний гол зүйл болох үнийн талаар хэрхэн тохиролцсон, худалдан авагч барааны үнийг хэдий хугацаанд худалдан авагчид эргүүлэн төлөх, хожим төлөх нөхцөлтэй байсан эсэх талаар нэхэмжлэгчээс баримт тайлбар гаргаагүй. Мөн “...2, 3 дахь чингэлгийг Д.Н. дахин бүтээгдэхүүн явуул гэсний дагуу явуулсан...” гэж нэхэмжлэгчээс тайлбарлах боловч энэ тайлбар баримтаар нотлогдоогүй болно.
Хариуцагч Д.Н.ын “...Б- би Ц.Ц-тэй хамтарч ажиллана бараа бүтээгдэхүүнийг энэ хүнд өг гэсний дагуу Ц.Ц-т хүлээлгэн өгсөн, ...борлуулалт хийхэд ажилчин, унаа машин, агуулах, танилцуулга хэвлүүлэх гэх мэтээр компаниас их хэмжээний зардал гарсан тул зардалдаа тооцож зарим барааг авч үлдсэнийг цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг шалгах үед хураан авсан” гэх тайлбар, хариуцагч Ц.Ц-ийн “...Д.Н. эгч надруу утастаад Б- чамд барааг өг гэсэн гэж хэлсний дагуу дамжуулан авсан” гэх тайлбар, 2014 оны 12 сарын 19-ний өдөр Ц.Ц-ийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл, 2014 оны 11 сарын 03-ны өдөр Б хохирогчоор байцаагдсан тэмдэглэл, 2015 оны 01 сарын 20-ны өдрийн “Хураан авах тогтоол, “Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл” зэргээс үзэхэд худалдах, худалдан авах гэрээний үүрэг, харилцаа үүсээгүй болох нь тогтоогдов. Тиймээс “Д” компани “Ө” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлд заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. /хх 1 хавтас, 71-72,73-76, 91-94/
Нэхэмжлэгч нь 104.289.813 төгрөгийг хариуцагч “Ө” ХХК, Д.Н. нараас гаргуулахаар шаардсанаас 72.647.460 төгрөг нь бүтээгдэхүүний үнэ, 29.992.353 төгрөг нь гэрээнээс учирсан хохирол, 1.650.000 төгрөг нь шүүхэд нэхэмжлэл гаргахад бичиг баримт орчуулгын зардал хэмээн тодорхойлсон. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-т “даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 402 дугаар зүйлийн 402.1.-т “даалгаврыг бүрэн гүйцэтгээгүй байхад даалгавар өгөгч нь даалгавраа өөрчилсөн, эсхүл даалгавраа цуцалсан тохиолдолд даалгавар гүйцэтгэхтэй холбогдон гарсан зардал, учирсан хохирлыг даалгавар гүйцэтгэгчид төлөх бөгөөд хөлс төлөхөөр тохиролцсон бол гүйцэтгэсэн даалгаврын хэмжээгээр түүнийг төлөх үүрэгтэй” гэж заасан.
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд бараа бүтээгдэхүүн Монгол улсад ирсэнээс хойш хүлээн авах, худалдан борлуулахтай холбоотойгоор “Ө” ХХК-иас зардал гарсан байна. Тиймээс бүтээгдэхүүний үнэд 72.647.460 төгрөг шаардсанаас хариуцагч “Ө” ХХК-ийн барааг хүлээн авахад гаалийн байгууллагад төлсөн татвар 20.281.930 төгрөг, 3 удаагийн тээврийн зардалд төлсөн төлбөр 8.491.200 төгрөг/2700$+1600$+1800$*1392т/, шинжилгээ, тээвэр зууч, хадгалалт, элдэв хураамжийн тасалбар зэрэгт нийт 377.940 төгрөг, 3.800.000 төгрөгийг нэхэмжлэгч компанийн захирал Бд бэлнээр өгсөн талаар нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй тул энэ мөнгийг мөн хасаж тооцов. “Ө” ХХК нь “...гаргасан зардалдаа тооцож зарим барааг авч үлдсэнийг цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг шалгах үед хураан авсан” талаар тайлбарласан бөгөөд хариуцагчаас гарсан зардлыг нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсон ба уг хураагдсан гэх бүтээгдэхүүн нь Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор нэхэмжлэгчид олгохоор шилжсэн тухай тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй. /хх 1 хавтас, 177-180, 190-193, 205-208, 2 хавтас, 162-165/
Харин хохиролд шаардсан эрүүгийн хэргийн өмгөөлөгчийн зардал 20.000.000 төгрөг, онгоцны тийзний үнэ 9.992.353 төгрөг нь талуудын хооронд үүссэн гэрээний маргаантай хамааралгүй, нэхэмжлэгч хуулийн байгууллагад мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан зардал гэж үзнэ. Нэхэмжлэгч орчуулгын зардалд 1.650.000 төгрөг шаардсан нь баримтаар тогтоогдож байх тул хохиролд тооцох нь зөв байна. /хх 1 хавтас, 34/
Нэхэмжлэгч нь иргэн Д.Н.ыг “Ө” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд давхар хариуцлага хүлээнэ гэж хамтран хариуцагчаар тодорхойлж нэхэмжлэл гаргасан байх боловч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагын баримтаар уг компанийн хувьцаа эзэмшигч нь М.Б- байна. Иймд Д.Н.д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов. /хх 2 хавтас, 48-50/
Нэхэмжлэгч нь хариуцагч “Б” ХХК, Ц.Ц- нарт холбогдуулан 85.000.000 төгрөгийн шаардлага гаргасан. Талуудын тайлбар, баримтаар “Д” компани нь “Ө” ХХК-д өгсөн даалгавраа өөрчилж, “Б” ХХК-д бараа, бүтээгдэхүүнийг шилжүүлэхийг даалгасан болох нь хариуцагч Ц.Ц-ийн “...Д.Н. эгч надруу утастаад Б- чамд барааг өг гэсний дагуу дамжуулан авсан” гэх тайлбар, эрүүгийн хэрэгт Ц.Ц-ийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл, Д.Н.ыг сэжигтнээр байцаасан тэмдэглэл, гэрч С.Н-ийг байцаасан тэмдэглэл, шүүх хуралдаанд хууль сануулан мэдүүлэг авсан гэрч Б.Ө-ийн мэдүүлэг зэргээр тогтоогдов. Иргэний хуулийн 404 дүгээр зүйлийн 404.1-т даалгавар өгөгч эрх олгосоноор даалгавар гүйцэтгэгч нь даалгаврыг өөр этгээдээр гүйцэтгүүлэхээр шилжүүлж болохоор заасан тул “Ө” ХХК бүтээгдэхүүнийг “Б” ХХК-д шилжүүлсэн нь хуульд харшлаагүй байна. /хх 1 хавтас, 71-72, 96-98, 4 хавтас 18/
Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 62, 63 дугаар хуудсанд авагдсан баримтаар “Б” ХХК нь 2013 оны 8 сарын 26-ны өдөр 4209 хайрцаг бүтээгдэхүүн хүлээн авсан байх ба бүтээгдэхүүнийг хүлээн авсан талаар хариуцагч “Б” ХХК-ийн захирал Ц.Ц- маргадаггүй. Нэхэмжлэгч нь “Б” ХХК-д шилжүүлсэн 4209 хайрцаг бүтээгдэхүүний үнийг хэрхэн 85.000.000 төгрөг хэмээн тооцсон нь тодорхойгүй, “Ө” ХХК-иас 85.000.000 төгрөгийн барааг шилжүүлсэн тайлбар гаргасан үндэслэлээр хариуцагчид холбогдуулан шаарджээ.
Нэхэмжлэгч болон хариуцагч “Б” ХХК, Ц.Ц- нарын хооронд худалдах худалдан авах, даалгаврын гэрээний харилцаа үүссэн үйл баримт тогтоогдоогүй, хариуцагч “Б” ХХК-ийн захирал Ц.Ц-ийн тайлбар, “Ө” ХХК-иас бүтээгдэхүүн хүлээн авсан тухай баримт, эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд “Б” ХХК нь бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.
Хариуцагч “Б” ХХК нь хүлээн авсан бүтээгдэхүүнийг Бы даалгаснаар борлуулж, нийт 97.100.000 төгрөгийн борлуулалт хийж, 79.793.616 төгрөгийн зардал гаргаж, эрүүгийн хэрэгт хураагдсан бүтээгдэхүүнийг Бд олгохоор 2015 оны 9 сард шийдвэрлэсэн боловч Б авахгүй удсан, бүтээгдэхүүний хугацаа 2014 оны 6,8,9 сард дууссан байсан тул хураагдсан бүтээгдэхүүнийг устгасан талаар тайлбарлаж, энэ талаарх баримтыг гаргаж мэтгэлцэв. / хх 2 хавтас-202-250, 3 хавтас-1-214, 238-250/
Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.5, 491.6-д бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй, уг этгээд ашиг нь сонирхлоо хамгаалуулж байгаа этгээдэд гүйцэтгэлийн тайланг гаргаж, үүргийн үр дүнгээс олсон бүх зүйлийг ашиг сонирхлоо хамгаалуулж байгаа этгээдэд шилжүүлэх үүрэгтэй байхаар заасан. “Б” ХХК нь 97.100.000 борлуулалт хийсэн талаар тайлбарласан хэдий ч, нэхэмжлэгчийн шаардлага 85.000.000 төгрөг байх тул хариуцагчаас гаргасан 79.793.616 төгрөгийн зардлыг “Б” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцон, зөрүү 5.206.384 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хуулийн дээрх заалтад нийцнэ.
Нэхэмжлэгч нь Ц.Ц-ийг бүтээгдэхүүн хүлээн авсан үндэслэлээр хамтран хариуцагчаар тодорхойлсон байх боловч бараа бүтээгдэхүүнийг “Ө” ХХК-иас “Б” ХХК хүлээн авсан болох нь баримтаар тогтоогдсон. Иймд иргэн Ц.Ц-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв байна.
Дээрх үндэслэлүүдээр “Ө” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 41.346.390 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 62.943.423 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Б” ХХК-д холбогдох шаардлагаас 5.206.384 төгрөгийн шаардлагыг хангаж, 79.793.616 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хувь хэмжээгээр зохигчдод хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 491 дүгээр зүйлийн 491.1-т заасныг баримтлан хариуцагч “Ө” ХХК-иас 41.346.390 төгрөг, хариуцагч “Б” ХХК-иас 5.206.384 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Д” компанид олгож, “Ө” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 62.943.423 төгрөгийн шаардлагыг, “Б” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 79.793.616 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Д.Н., Ц.Ц- нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” компаниас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.104.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ө” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 364.681 төгрөг, хариуцагч Б ХХК-иас 98.252 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Д” компанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ