Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/213

 

2022        3          02                                       2022/ШЦТ/213    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:185/2022/0183/Э

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч Г.Баярмаа,

шүүгдэгч С.Б /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн 2119001680015 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын харьяа Айраг суман дахь Онцгой байдлын 153 дугаар салбарт инженерээр ажилладаг, ахмад цолтой, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй С.Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч С.Б нь 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, 32-ын тойрог гэх газар эхнэр Б.Мөнхтунгалагийг ялимгүй зүйлээр шалтаглан хэл амаар доромжилж айлган сүрдүүлж, улмаар гараараа толгойнд цохиж, хоолойг нь гараараа боох зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “...Би эхнэртэйгээ хамт амьдарч байгаа. Би эхнэрээсээ уучлалт гуйсан, дахиж эхнэрээ зодохгүй.” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Мөнхтунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нөхөр С.Б-н хамт Улаанбаатар хот руу хувийн ажлаар явсан. ...хотод 32-ын тойрогт нөхрийн ээжийн гэрийн гаднаас хөдлөөд явахад ...нөхөр С.Б намайг “чи өөрөө хот дотор машинаа жолоодож чаддаггүй юм уу” гэх шалтгаанаар миний араас толгой тус газар гараа зангидаж байгаад хэд хэдэн удаа цохисон, мөн гараараа миний хүзүү хэсгээр амьсгал боож багалзуурдсан. Тухайн үед цохиулснаас болж миний биед таталт өгсөн, тэгэхэд мөн цохисоор байсан. ...намайг зодох болсон шалтгаан нь намайг өөрөө машинаа барьсангүй, мөн ээжид үнсүүлсэнгүй гэх шалтгаанаар зодож эхэлсэн Тухайн үед миний машиныг С.Бтай хамт ажилладаг Нурсалбек жолоодож явсан. ...Намайг анх удаа ингэж зодож байгаа юм биш. 2012 оноос эхлэн жилд 2-3 удаа зодож биед гэмтэл учруулдаг байсан ...намайг ямар нэгэн шалтгаангүйгээр хардаж, сэрдэж зоддог, сүүлд 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр зодуулснаас болж миний толгой их өвдөж байгаа, урьд өмнө миний биед таталт өгч байгаагүй, зодуулснаас болж таталт өгдөг болсон, би гомдолтой байна ...энэ хүнтэй амьдраад 9 жил болж байна, дундаасаа 2 хүүхэдтэй. Өмнө нь С.Б надад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхэд нь би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй, одоо бол С.Быг хуулийн дагуу арга хэмжээ тооцуулмаар байна.” гэх мэдүүлэг (хх-ийн 9-10, 50-51 дэх тал)

Гэрч Б.Нурсалбекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 18-ны өглөө би Мөнхтунгалагийг хүүхдүүдтэй нь аваад 32-ын тойрог орж С.Быг аваад явж байхад С.Б, Мөнхтунгалаг нар хоорондоо автомашинд хэрэлдээд байсан ба Мөнхтунгалаг миний хажуугийн суудалд, С.Б арын суудалд сууж явсан. С.Б уурандаа Мөнхтунгалагийн толгой хэсэг рүү 2 удаа цохиод хүзүүг нь гараараа базаж харагдсан. Би автомашин жолоодож явсан болохоор дахиж цохисон эсэхийг хараагүй. Та хоёр боль гэж хэлээд байхад болихгүй байсан ба Мөнхтунгалаг толгой өвдөөд байна, толгой руу цохьчихлоо гээд С.Б луу уурлаад, орилж хашхираад уйлаад байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-18 дахь тал)

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 02/0231 дугаартай: “...Б.Мөнхтунгалагийн биед тархи доргилт, хүзүүний цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт (хх-ийн 21 дэх тал)

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл болон гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт дүгнэлт (хх-ийн 24-35 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч С.Б-н хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч С.Б нь 2021.07.18-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 32-ын тойрог гэх газар өөрийн эхнэр Батмөнхийн Мөнхтунгалагийг үл ялих зүйлээр шалтаглан хэл амаар доромжилж айлган сүрдүүлж, улмаар толгой нүүрэн тус газар нь цохиж, хоолойг нь боох зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийн дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч С.Б нь шүүх хуралдаанд гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно. 

Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч С.Б-н хувьд үл ялих зүйлээр шалтаглан эхнэртэйгээ зүй бус харьцсан, уур бухимдал хүч бяраар асуудлыг шийдвэрлэх гэж муйхарласан балмад түрэмгий зан байдал нь шууд нөлөөлжээ.

Хохирол төлбөрийн тухайд:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мөнхтунгалагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Мөнхтунгалаг нь хавтаст хэргийн 105 дугаар талд “С.Б нь 2021 оны 7 дугаар сарын 18-нд үйлдсэн гэмт хэрэг, зөрчилд би гомдол саналгүй” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч С.Б-г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр хохирогч нь С.Б-с нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч хохирогч Б.Мөнхтунгалагийн тухайд тэрбээр өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч С.Б-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна.

Шүүгдэгч С.Б-н үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч С.Б нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.  

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч С.Б-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан торгох ялыг 3 сарын сарын хугацаанд төлөх боломжтой гэсэн санал зэргийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан анхааруулах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.Б нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилсэн зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                         

1. Шүүгдэгч С.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

 5. Хохирогч Б.Мөнхтунгалаг нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч С.Б-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР