Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/239

 

2022         3             09                                      2022/ШЦТ/239

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2022/0110/Э

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

улсын яллагч Ч.Батбаатар,

нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

хохирогч А.Амарбат,

шүүгдэгч  С.Б, түүний өмгөөлөгч С.Цэдэндамба нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн 2103004050007 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 13-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэвэр ус ашиглалтын инженер мэргэжилтэй, одоо Төв аймгийн Төв Чандмань дулаан эрчим хүчний газарт цэвэр ус ашиглалтын инженер ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, 21-3 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Төв аймгийн Зуунмод сум 1 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С.Б

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч С.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Монгол улсын боловсролын их сургуулийн урд талын замд "Тоёота королла аксо" маркийн 32-42 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг  зөрчсөний улмаас явган зорчигч А.Амарбатыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч С.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 2021 оны 11 дүгээр сарын 22-оос 23-нд шилжих шөнө 02 цагийн үед эхнэрийн хамт Багшийн дээдийн зам дээр явж байсан. Гэтэл гэнэт хүн гарч ирж би зам тээврийн осол гаргасан. Тухайн үед би хохирогчийг шүргэчихээд цагдаа дуудсан, бас түргэний эмч дуудсан. Цагдаа хэсэг хугацааны дараа ирсэн, түүнээс 30 минутын дараа түргэний эмч ирсэн. Тэгээд хэрэг болсны дараа эмч хохирогчийг эмнэлэг рүү авч явсан. Удалгүй эмч нь бид нар луу яриад энэ хүн согтуу байна, гэр оронгүй хүн гэж байна гэж хэлсэн. Цагдаа нь хохирогчийн хувцаснаас цэнэглэгч, тал шил архи гарч ирсэн гэж хэлсэн. Мөн осол болсон газрын зам дээр олон машин явсан тул тоормосны мөр арилсан байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би хохиролд нийт 350.000 төгрөг өгсөн. Би нотлох баримттай мөнгийг төлсөн байгаа. Иргэний үнэмлэх, бичиг баримтын хувьд тухайн үед бичиг баримт байсан талаар эмч цагдаа нь юм гарч ирээгүй гэж хэлсэн. Тэгэхээр бичиг баримт байгаагүй гэж үзэж байна. Харин ажилгүй байх үеийн цалингийн хувьд шүүхийн шийдвэрийг дагана.” гэв.

Хохирогч А.Амарбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би тухайн өдөр найз Чинзоригийнд очиж архи ууж байгаад гараад 2 дугаар эмнэлгийн хашаанд юм ярьж суусан. Тэр үед найз архи гаргаж ирэхээр нь уухгүй гээд халаасалсан байсан. Тэгээд би гуравдугаар сургууль чиглэлд явах гэж байгаад осолд орсон байсан. Бичлэг дээр нэг 2 алхаад гарах зайнд намайг мөргөсөн байсан. Би өглөө эмнэлэгт сэрснээ мэдэж байна. Би 16-17 хоног эмнэлэгт хэвтсэн. Мөн миний өмсөж явсан хувцас олдохгүй байгаа. Миний хувцсанд миний иргэний үнэмлэх зэрэг бичиг баримт байсан. Иймд би эм тарианы төлбөр мөн ажилгүй байсан үеийн хохирол, хувцасны төлбөр, иргэний бичиг баримтын төлбөр гээд нийт 2.479.800 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрэв миний хохирлыг төлбөл надад өөр гомдол санал байхгүй. Надад шүүгдэгчийн зүгээс 350.000 төгрөгийг төлсөн. Би харуул хамгаалалтын ажил хийж байсан. Хөдөлмөрийн гэрээ хийгээд удаагүй байж байгаад осолд орсон.” гэв.

Хавтаст хэргээс:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-12 дахь тал)

Камерийн бичлэг бүхий СД-д үзлэг хийсэн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дэх тал)

Хохирогч А.Амарбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр найз Чинзоригтой таараад бөхийн өргөөнд байрлах Чинзоригийн найзынд 1 шил 0.75 архийг гурвуулаа хувааж ууссан... Би нэлээн  согтчихсон 3 дугаар сургуульд байрлах найзындаа очих гээд явснаа санаж байгаа тэгээд тасарчихсан байсан. Нэг сэрэхэд гэмтлийн эмнэлгийн хүлээн авахад ухаан орсон... Эмчилгээний зардал мөнгөө буруутай жолоочоос гаргуулчихвал гомдол байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал)

Гэрч Н.Оюунтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр С.Б нь “Киа групп” ХХК-ийн нэр дээр байдаг боловч өр зээлийг төлсөн "Тоёота королла аксо" маркийн 32-42 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод би жолоочийн хажуу талд суугаад 2 хүүхэд хойд талын суудал дээр суугаад унтаж явахад Багшийн дээдийн нүхэн гарц дөнгөж өнгөрөөд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд 3 эгнээ замын 2 дугаар эгнээнд явж байтал Багшийн дээдийн урд талын замаас явган хүний гарцгүй газраар явган зорчигч эрэгтэй гэнэт автомашины гэрэлд орж ирээд урд хэсэгт мөргөгдөөд урд салхины шилэн дээр явган зорчигч мөргөөд зам дээр унасан...зам халтиргаа гулгаатай байсан. Гадаа харанхуй, Замын гэрэл гэрэлтүүлгүүд асч байсан. Замын хөдөлгөөн сийрэг байсан" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал)

Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 15 дугаартай: “А.Амарбатын биед дагз ясны төвгөрөөс дагз ясны суурь луу үргэлжилсэн шугаман хугарал, баруун тахилзуур болон шаант ясны зөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгт шарх, нүүрэнд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна... Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн "хүнд" зэрэгт хамаарна..." дүгнэлт (хавтаст хэргийн 48-50 дахь тал)

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 340 дугаартай: “Тоёота королла” маркийн 32-42 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Сандагдоржийн С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна..." гэх магадалгаа (хавтаст хэргийн 67-68 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Гэм буруугийн тухайд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд: шүүгдэгч Сандагдоржийн С.Б нь 2021.11.21-нээс 22-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Монгол улсын Боловсролын их сургуулийн буюу хүмүүсийн нэрлэж заншснаар Багшийн дээдийн урд талын замд өөрийн эзэмшлийн Тоёота королла аксио маркийн 32-42 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг  зөрчсөний улмаас явган зорчигч хохирогч Агваан-Осорын Амарбатыг мөргөж эрүүл мэндэд нь дагз ясны төвгөрөөс дагз ясны суурь луу үргэлжилсэн шугаман хугарал, баруун тахилзуур болон шаант ясны зөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 Шүүгдэгч  С.Б-н өмгөөлөгч С.Цэдэндамбын зүгээс  гэм буруугийн асуудал дээр шүүгдэгчийг гэм буруугүй, хохирогч А. Амарбат нь согтуугаар замын хөдөлгөөнд оролцсноос энэ осол хэрэг болсон тул шүүгдэгчийг цагаатгах ёстой гэж маргаж байгаа хэдий ч хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтууд хохирогч А. Амарбатын мэдүүлэг, гэрч Н.Оюунтуяагийн .. ...зам халтиргаа гулгаатай байсан. Гадаа харанхуй, Замын гэрэл гэрэлтүүлгүүд асч байсан. Замын хөдөлгөөн сийрэг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 22-23х/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл...уг зам нь асфальтан, шулуун тэгш, цастай, халтиргаатай,..суурингийн доторх үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй 6 эгнээ, явган хүний замтай, хашлагатай хайстай  байв гэх тэмдэглэл /хх-ийн 5-10х/ гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-12х/, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерын бичлэг бүхий Сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14х/, Мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 67-68х/, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн №289 дугаартай Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 75-79х/, С. С.Бын гэрчээр 2021.11.22-ны өдөр /хх-ийн 25-26х/, яллагдагчаар 2021.12.22-ний өдөр /хх-ийн 88-89х/...зам халтиргаа гулгаатай байсан. Гадаа харанхуй, Замын гэрэл гэрэлтүүлгүүд асч байсан. Үзэгдэх орчин хэвийн байсан. Замын хөдөлгөөн сийрэг байсан гэх мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: тухайн үед цас хялмаалж орсон, зам цастай, халтиргаатай байсан гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч С.Б нь  2021.11.21-нээс 22-нд шилжих шөнийн 02 цагийн орчим зам үзэгдэх орчны хувьд цастай, халтиргаатай үед өөрийн эзэмшлийн Тоёота королла аксио маркийн 32-42 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын нөхцөл үзэгдэлтийг харгалзан хурдаа тохируулж, хурдаа хасч анхаарал болгоомжтой яваагүйгээс хохирогч А. Амарбатыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байна гэж шүүх дүгнэлээ.

Хэдийгээр энэ осол хэрэг болоход хохирогч А. Амарбатын хувьд тухайн үед архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеийн үйл хөдлөлөө зөв удирдан жолоодох чадваргүй болсон үедээ явган хүний гарц, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэж явсан буруутай үйл ажиллагаа байгаа боловч 32-42 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шөнийн цагаар, цастай, халтиргаатай замд жолоодон явсан шүүгдэгч С.Б-н зүгээс МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан: “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг  зөрчсөний улмаас энэ гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж шүүх үзлээ.

Энэ төрлийн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч С.Б нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч С.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч А. Амарбат нь шүүх хуралдаанд шүүгдэгч С.Б-н үйлдсэн гэмт хэргийн улмаас 2021.11.22-ны өдрөөс хойш ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин 1 500 000 төгрөг, осолд орох үед өмсөж явсан гутал хувцас, алга болсон иргэний бичиг баримтын төлбөр гэж 500 000 төгрөг, эм тарианы мөнгө гэж 479 800 төгрөг, нийт 2 479 800 төгрөгийн эрүүл мэндэдучирсан гэм хорын хохирол төлбөрийг шүүгдэгчээс нэхэмжилсэн.

Шүүх хохирогчийн энэ нэхэмжлэлийг хянаж үзээд хохирогч А. Амарбат нь       Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Өвөр Жанчивлан ХХК-д жижүүрээр сарын 587 695 төгрөгийн цалинтай ажиллаж байсан нь тогтоогдож байх /хх-ийн 102-103хх Өвөр Жанчивлан ХХК-ийн тодорхойлолтууд,/ тул түүний нэхэмжилж байгаа ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин 1 763 085 төгрөг, эм тариа авч хэрэглэсэн 265 410 төгрөгийн нийт 2 028 495 төгрөгийн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ. Энэ дүнгээс шүүгдэгчийн мөрдөн шалгах үе шатанд хохирогчид төлсөн 350 000 төгрөгийг хасах нь зүйтэй гэж үзсэн болно. Ийнхүү тооцвол 1 678 495 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч нь дээрх 1 678 495 төгрөгийн хохирол төлбөрийг төлөх зорилгоор завсарлага авах хүсэлт гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулсан.

Энэ хугацаанд шүүгдэгч С.Б нь хохирогч А.Амарбатад 1.680.000 төгрөг төлсөн, мөн мөрдөн шалгах ажиллагаанд 350.000 төгрөг төлсөн, нийт  2.030.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан бөгөөд хохирогч А.Амарбат нь одоо шүүгдэгчид гомдолгүй, түүнээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч С.Б-г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэж, хохирогч А.Амарбат нь цаашид шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг түүнээс нэхэмжлэх эрхтэй тул энэ эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

          Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид дээрх  зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч С.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 06 сарын хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалан үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч С.Б-н В, С ангиллын 629719 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Б-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч С.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.Б-н тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, эрх хасах ял болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолох болохыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг анхааруулсугай.

5. Тэнсэгдсэн ялтан С.Б-д хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Төв аймаг дахь Цагдаагийн газарт тус тус даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн осол хэрэг болох үеийн нөхцөл байдлыг харуулсан Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч С.Б-н В, С ангиллын 629719 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч С.Б нь хохирогч А.Амарбатад түүний эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол төлбөрт нийт 2.030.000 /хоёр сая гучин мянга/ төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч А.Амарбат нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.БОЛДБААТАР