Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/293

 

2022          3           22                                   2022/ШЦТ/293

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2022/0261/Э

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Хишигжаргал,

улсын яллагч: Д.Мөнхтогоо,

өсвөр насны шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр

өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б. Дорж нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2209000000250 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 2004 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ..........тоот хаягт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Б.Б

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны байрны гадна 2827 УАТ улсын дугаартай Приус-41 маркийн автомашин дотор Б.Насанбатын худалдан борлуулах гэж байсан 0.75 литрийн хэмжээтэй “Эден” архи 3 ширхэг, 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр пиво 2 ширхэг зэрэг эд зүйлийг айлган сүрдүүлэн хууль бусаар дээрэмдэн авч, бусдад 96.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 01 дүгээр сарын 09-ээс 10-нд шилжих шөнө би найзуудтайгаа архи уусан. Шөнө 1 цагийн үед шагийн архи дуудаад үнийг асуухад 50.000 төгрөг гэсэн. Тэгээд тухайн шагийн архи зарж байсан хүн гадаа ирээд дуудсан. Гадаа гараад юм аа аваад 50.000 төгрөг шилжүүлэх гэтэл үнэ 75.000 төгрөг гэсэн. Тэгээд бид хоёр үнийн дүнгээс болж маргасан. Тэгээд удалгүй Насанбат найзуудаа дуудаад ирье гээд яваад олон том биетэй залуу ирсэн. Бид нар айгаад хаалгаа цоожлоод амарсан. Маргааш нь би Булган аймаг явсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дорж шүүхийн хэлэлцүүлэгт: “Би цаашдаа дүүдээ анхаарал хандуулна. Дүүдээ анхаарал халамж сайн тавиагүй нь миний буруу. Иймд хорих ял оноохгүй байж өгнө үү.” гэв.

Хавтаст хэргээс:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-6 дахь тал)

Хохирогч Б.Насанбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 09-ний орой буюу таксинд явж эхлэхийнхээ өмнө дэлгүүрээс 3 шил 0,75 литрийн Эдэн гэх нэртэй архи, 2 савтай 2,5 литрийн Сэнгүр гэх нэртэй пиво худалдаж авсан. Тэгээд дуудлагаар таксинд явна гэж фэйсбүүк дээр зар оруулсан байсан. Тэгээд таксинд явж байтал 2022 оны 01 дүгээр сарын 10-ны үүрээр 03-04 цагийн үед миний 91132827 дугаар руу 99392733 гэх дугаараас залгаад архи байгаа юу гэж асуусан. Надад байсан болохоор би Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 9 дүгээр байрны гадаа 03 цаг 30 минутын үед очсон. Нэг залуу гарч ирээд миний машинд даараад байна ахаа найзыгаа гарч иртэл сууж байя гэсэн. Тэгээд найз нь гарч ирэх үед миний хажууд сууж байсан залуу гарч ирж байгаа найзыгаа дуудаад миний машинд байсан 2 савтай 2,5 литрийн пиво-г аваад миний дансыг аваад сүүлд гарч ирсэн залуу буцаад орцны үүд рүүгээ явсан. Тэгсэн чинь гэнэт миний хажууд сууж байсан залуу одоо битгий давраад байгаарай гээд ална шүү одоо байгаа архиа өгчихөөд яв, өгөхгүй гэвэл чи эндээс явахгүй шүү гэж хэлсэн. Би айсандаа хойно 3 шил архи байгаа авчих гэж хэлсэн. Тэгээд залуу энгэртээ 3 шил архиа хийж аваад яваад өгсөн. ... Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 10-нд архи зарсан гэдгээсээ айгаад цагдаад хэлээгүй өдөржин гэртээ байж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө манай хүүхэд Энэрэл /1н.6с/ ханиад хүрээд таталт өгөөд би хадам ээжтэйгээ хүүхдээ аваад Баянзүрх дүүргийн эмнэлэгт үзүүлж байх зуураа мөнгө хэрэг болох нь гэж бодоод 102 дугаар руу залгаад 2022 оны 01 дүгээр сарын 10-нд болсон зүйлээ архи зарсан биш хутга дээрэмдүүлсэн гэж гэж хэлсэн тэгтэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс залгаад хэрэг болсон гэх газар руу очсон. Бүрэлдэхүүн зураг дарж хэргийн газрын үзлэг хийгээд явсан. ...Намайг Б.Б гэх миний хажууд сууж байсан залуу нь айлгаж дээрэмдсэн. Хамт гарч ирсэн залуу нь ямар нэгэн зүйлээр айлгаж дарамтлах болон надтай харьцаагүй. Миний биед учирсан бэртэл гэмтэл байхгүй. Би өөрийн дээрэмдүүлсэн гэх 3 шил архи 2 пивоныхоо мөнгийг авчихвал өөр надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал)

Гэрч Б.Мөнхсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Булганаас Кураш бөхийн улсын аваргад оролцохоор вагоноор ирээд найз Чинзоригийндоо 08 цаг 30 минутад очсон. 2021 оны 01 дүгээр сарын 06-ны орой 19 цагийн үед жиндээ орсон тэгээд гэртээ найзындаа ирж амарсан. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 07,08-нд тэмцээндээ орчоод 09-ний өдөр амарч Чинзоригийн гэрт Буяннэмэхтэй хоёулаа байсан. 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Чинзориг, Билгүүн хоёр 19 цагийн үед ажлаасаа гарчихлаа гээд ороод ирсэн. Тэгээд юм яриад байж байсан чинь Б.Б 20 цагийн үед 1 шил архи авч орж ирээд Билгүүн, Чинзориг, Б.Б хувааж уугаад байж байхад нь Намжилдорж ирээд тэр 4 хамт уугаад дуусаад ахин шил архи аваад уусан. Тэр дөрөв 2 дахь шил архиа уугаад сууж байхад нь Буяннэмэх бид хоёр СиЮу орж юм идэхээр явсан. Буцаад 23 цаг өнгөрч байхад орж ирсэн тэр хэдийн ууж байсан архи нь талдаа орж байсан. Тэгээд бид 2 орж ирээд утсаараа тоглоод сууж байсан. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны 03 цагийн үед Б.Б шагийн архины дугаар хайж байгаад нэг дугаар олоод залгаад байх шиг байсан. 03 цаг 30 минутын үед Б.Б архины хүн ирчихлээ хамт гараад юм авчихаад ороод ирье гэсэн. Хамт гараад би машин руу ойртоогүй орцны чип байхгүй гээд орцны хаалганд хөлөө хийчхээд зогсож байсан чинь намайг Б.Б дуудаад энэ 2 пивыг ав гээд 2 ширхэг нэрийг үл мэдэх 2,5 литрийн пиво байсан. Тэгээд тэрийг нь аваад орох гэтэл ахиад утас аваад ир мөнгийг нь хийгээдэхье гэсэн. Би шууд буцаад орсон Б.Бтай орж ирээд юм ярьцгаагаад сууж байтал Намжилдорж цонхоор харчхаад нөгөө ах чинь бөөнөөрөө хүрээд ирлээ гэсэн тэгээд гэрлээ унтраагаад хөшигний завсраар харсан чинь тэр ах өөрийнхөө машинтай дахиад нэг Приус 20 маркийн машинтай 4-5 уулаа болоод хүрээд ирсэн. Тэгээд манай орц руу орж ирээд хайгаад байсан. Тэр үед би Б.Б-с чи яасан юм бэ гээд асуусан чинь би айлгаж байгаад авсан юмаа мөнгийг нь өгөөгүй гэж хэлсэн. Би уурлаад чи тэнэг юм уу гээд уурласан чинь чимээгүй байж байгаад унтсан. Тэр үед өглөөний 06 цагийн үе байсан. Тэгээд би Буяннэмэхтэй нутаг буцах гэж байсан болохоор унтаагүй 07 цагийн үед хоол хийж идчихээд 1 цаг унтаад 10 цагийн үед сэрээд явах гэж байсан чинь Б.Б би автобуснаасаа хоцорсон байна, хамт Булган явъя гээд хамт явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал)

Гэрч Х.Намжилдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 20 цагийн үед Чинзориг гэх найзындаа Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 9 дүгээр байрны 3 давхарт 9 тоотод ирсэн. Тэгээд ороход Чинзориг, Билгүүн, Б.Б, Мөнхсүх, Буяннэмэх нар утсаа оролдоод юм яриад сууцгааж байсан. Намайг орж ирсэн чинь Буяннэмэх, Мөнхсүх 2 тэмцээнд жудогийн улсын аваргад ороод Буяннэмэх нь хүрэл медаль авсан гээд нэг шил 0.75 литрийн нэрийг санахгүй архи хувааж ууцгаасан. Архиа уугаад 2022 оны 01 дүгээр 10-ны 02 цагийн үед Б.Б гар утсаа өгч бай гээд миний Самсунг Нөүт 8 загварын 99392733 дугаартай гар утсыг аваад нэг хүнтэй утсаар яриад байсан би бодохдоо шагийн архи дуудаж байгаа юм байна гэж бодсон. Тэгээд Б.Б хэсэг хугацааны дараа утсаа өгч бай гээд дахин миний утсыг аваад гадагшаа 03-04 цагийн үед гарсан. Араас нь Мөнхсүх гараад тэр 2 орж ирэхдээ нэг шил архи нэр хэмжээг нь хараагүй, 2,5 литрийн 2 ширхэг нэрийг мэдэхгүй пиво авч орж ирээд тэр 2 гал тогоо руу ороод Буяннэмэхтэй гурвуулаа тэр архи пивоо уугаад үлдсэн. Би гар утсаа авчихаад том өрөө рүү ороод унтаад өгсөн. Өглөө сэртэл миний дугаар руу янз бүрийн дугаараас залгаад байсан би авч яриагүй. Өглөө 09 цагийн үед сэрэхэд Мөнхсүх, Буяннэмэх, Б.Б энэ 3 гараад явсан, гарсных нь дараа би босоод 11 цагийн үед гараад гэр рүүгээ явахад Чинзориг Билгүүн 2 унтаад үлдсэн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал)

Гэрч А.Билгүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 20 цагийн үед ажлаа тараад найз Д.Чинзоригийн хамт гэртээ Б.Чинзоригийн найз гэх хоёр хүүхэд Булганаас бөхийн тэмцээнд орно гэж Улаанбаатар хотод ирсэн байсан. Тэгээд тэр хэд 2 шил архи 2 лааз пиво дэлгүүрээс авсан тэгээд тэр хэд уугаад байж байгаад архи нь дуусаад 01 цагийн үед дуудлагын архи зардаг хүмүүс рүү Наагий гэх хүүхдийн утсаар Б.Б залгаж2 шил Эддин архи захиалсан. Тэгээд нээх удалгүй архи хүргэлтийн хүн ирчихлээ гээд Б.Б Сүхнээ гээд хоёр хүүхэд гарсан ба 10 орчим минутын дараа 3 шил Эддин архи 2 ширхэг том пиво гаднаас бариад ороод ирсэн тэгээд Б.Б Сүхнээ хоёр дээрэмдсэн гэж ярьж байсан ба би 02 цагийн орчимд нойр хүрээд унтаад өгсөн тэгээд 14 цагийн үед сэрэхэд Чинзориг бид хоёр л байсан. Нөгөө хэд яасан талаар Чинзоригоос асуухад өглөө бүгдээрээ Булган аймаг руу явсан гэсэн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал)

Гэрч Д.Чинзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны 9 дүгээр байрны 09 тоот гэртээ ирэхэд манай гэрт Булган аймгаас бөхийн улсын аваргаар ирсэн манай танил Мөнхсүх, Буяннэмэх нар ирсэн байсан. Тэгээд удалгүй байж байтал манай гэрт хэд хонож байгаа Б.Б архи авч орж ирээд Мөнхсүх, Б.Б бид 3 саарал Чингис 0.75 мл архи уугаад тэгээд ахиж байж байгаад дэлгүүр Б.Б гараад саарал Чингис 0.75 мл архи авчирсан. Бид нар ууж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шөнийн 02 цагт Б.Б, Мөнхсүх гэрээс гараад шагийн архи зардаг хүн дуудлагаар Намжилдоржийн 99392733 гар утсаар дуудаад шагийн архи зардаг хүнээс литрийн 3 ширхэг эден архи, 2 ширхэг том пиво аваад гэрт оруулаад ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал)

Хөрөнгийн үнэлгээ зуучлалын Дамно ХХК-ний СБ1-22-202 дугаартай: Eden 0.75 литр архи ширхэг нь 26.700 төгрөг, 3 ширхэг нь 80.100 төгрөг, Сэнгүр 2.5 литрийн пиво 1 ширхэг нь 8050 төгрөг, 2 ширхэг нь 16.100 төгрөг, нийт 96.200 төгрөг” гэх үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 41-42 дахь тал)

Өсвөр насны яллагдагч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 01 сарын 10-ны өдөр байх найз Мөнхсүх, Чинзориг, Билгүүн, Намжилдорж, Буяннэмэх бид нар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 9 дүгээр байрны 09 тоотод уулзаад архи ууцгаасан. Тэгээд шөнийн 3 цагт шагийн архи уусан. Тэгээд шагийн архи ирсэн байна гэхээр нь Мөнхсүхийн хамтаар гараад шагийн архи ирсэн байхаар нь би түрүүлж ороод уулзаад хоёр пиво аваад тухайн үед манай найз Мөнхсүх орцны үүдэнд намайг хүлээж байсан болохоор мөнгө шилжүүлэх гээд найзыгаа тухайн машины хажууд дуудаад өөрийн гар утсаа мөнгө шилжүүлэх гээд авсан тэгээд Мөнхсүхэд авсан 2 пивоо өгөөд оруулсан. Тэгээд шагийн пиво зардаг хүн пиво үнэтэй зарж байсан тэрнээс болоод маргалдсан тухайн үед тэр хүний машин дотор нь сууж байсан. Тэгээд би тэр хүний зарж байсан 3 шилтэй архийг аваад гарсан. Тэгээд гэр рүүгээ орсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд: Өсвөр насны шүүгдэгч Батмөнхийн Б.Б нь согтуугаар 2021.01.09-нөөс 10-нд шилжих шөнийн 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 9 дүгээр байрны орчим 28-27 УАТ улсын дугаартай Приус-41 маркийн автомашин дотор хохирогч Бүрэнбатын Насанбатын худалдан борлуулах зорилготой авсан 0.75 литрийн хэмжээтэй “Эден” архи 3 ширхэг, 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр пиво 2 ширхэг зэрэг эд зүйлийг “..битгий давраад байгаарай ална шүү одоо байгаа архиа өгчихөөд яв...өгөхгүй гэвэл эндээс явахгүй шүү” гэж айлган сүрдүүлж хууль бусаар дээрэмдэн авч, бусдад 96.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

Гэм буруугийн тухайд:

Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Насанбатын унаж явсан автомашин дотор нь түүний  худалдан борлуулах гэж байсан 0.75 литрийн хэмжээтэй “Эден” архи 3 ширхэг, 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр пиво 2 ширхэг зэрэг эд зүйлийг “битгий давраад байгаарай, ална шүү, чи эндээс явж чадахгүй болно шүү” гэх зэргээр айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлж эд зүйлийг нь хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон буюу дээрэмдэх гэмт хэрэг мөн тул шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдаанд гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад өсвөр насны шүүгдэгч Б.Б-н хувьд согтуурсан үедээ  бусдыг айлгаж сүрдүүлэн амар хялбар аргаар ашиг хонжоо олох, архидан согтуурах гэсэн шууд санаатай шунахай, дээрэнгүй зан байдал нь шууд  нөлөөлжээ.

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Б.Насанбатад уг гэмт хэргийн улмаас 96.200 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирлыг шүүгдэгч нь нөхөн төлсөн, гомдол, саналгүй болохоо шүүхэд илэрхийлж, хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид дээрх зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь тус гэмт хэргийг үйлдэх үедээ 17 нас 11 сар 01 хоногтой байсан бөгөөд насанд хүрээгүй байхдаа гэнэн томоогүй зангаас болж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учирсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж шүүх үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д ял оногдуулахыг тэнсэж, хянан хүмүүжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.5-д заасан үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. шүүгдэгч Б.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсгүүд, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б-г хянан хүмүүжүүлэхийг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо болон Булган аймгийн Цагдаагийн газарт тус тус хариуцуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б-г хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэхийг түүний асран хамгаалагч буюу ах Б.Доржид даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.5-д заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, өсвөр насны шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, өсвөр насны шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,өсвөр насны  шүүгдэгчээс гаргуулах  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл өсвөр насны шүүгдэгч шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.БОЛДБААТАР