Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 146/ШШ2018/00079

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ... гэх газар оршин суух, 1985 онд төрсөн, 33 настай, эмэгтэй, П овгийн С.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн .... гэх газар оршин суух, 1983 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, Ц хайрхан овгийн Т.А -т холбогдох

“Гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, хариуцагч Т.А, нарийн бичгийн дарга Б.Сосорбарам нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Б би Т.А-тай 2006 онд гэр бүл болж, 2007 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 2 ихэр охин А.Н, А.Н нарыг төрүүлсэн. Бид хоорондын тараамжгүй харьцааны улмаас 2012 онд гэрлэлт цуцлуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч А нь ажил төрлөө сольж, эхнэр хүүхдээ халамжилж, гэр бүлээ сайхан авч явна гэж амлаад 2013 онд эвлэрч байсан. Тэрнээс хойш Төв аймгийн Баянчандмань сум руу ажил хийхээр яваад ярьж хэлсэн нь бүгд худал болж тэр чигээрээ алга болсон. 2017 онд тус шүүхэд эрэн сурвалжуулах хүсэлт гаргаж 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр цагдаа нар А-ыг олж ирлээ. Одоо бид хоёр эвлэрүүлэн зуучлалаар орох шаардлагагүй хамт амьдрах боломжгүй болсон.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хоёр ихэр охин А.Н, А.Н нар нь одоо миний асрамжид байгаа тул асрамжийг тогтоож өгнө үү. А.Н, А.Н нарт эцэг Т.А-аар тэжээн тэтгүүлэхээр хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Т.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“Миний бие Т.А нь 2006 онд гэр бүл болж байсан үнэн. 2007 оны 05 дугаар сарын 02-нд 2 ихэр охин А.Н, А.Н нар төрсөн. 2013 онд шүүх хандсанаар эвлэрч байсан. Тэрнээс хойш 2013 оны хавар Төв аймгийн Баянчандмань сум руу ажил хийхээр явсан. Гэр орон эхнэр, 2 ихэр охинтой хамт авч явсан. Тэгээд тэнд очоод хамт амьдарна гээд С.Б хэлсэн. Сар ч болохгүй С.Б явсан хүүхдүүдээ орхиод явсан. 2013 оны 09 дүгээр сарын 01 хүртэл 2 охинтой байж байгаад сургуульд суулгахаар хичээлийн хэрэгсэл, хувцас хунар бэлдэж 2 охиноо С.Б руу явуулсан. 2013-2016 он хүртэл цалин мөнгө өгч байсан. 2013-2017 оны цагаан сар болгонд ихэр охин дээрээ ирдэг байсан. Тэгсэн С.Б ирэх тоолонд намайг цагдаад өгдөг байсан. Харин би хамгийн сүүлд 2017 оны цагаан сараар цагдаад барьж өгсөн. Тэгээд миний сэтгэл хөрч ирэхээ больсон. Харин 2 охинтойгоо яриулдаггүй байсан. Харин би 2017 оны өвөл хувцас хунар явуулсан. Харин ор сураггүй алга болсон бүгд худлаа. Би ээж аавтайгаа холбоотой байдаг. 2018 оны 02 дугаар сарын 26-ны өглөө 9 цаг 30 минутанд өөрөө яваад цагдаа дээр яваад очсон. Бид амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Цаашид хоёр охиноо харж хандаж, тус дэм болж байна ” гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад         

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б нь “Гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг грагуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

С.Б, Т.А нар нь 2006 онд гэр бүл болсон, 2007 оны 05 дугаар сарын 02-ны өдөр охин А.Н, А.Н нарыг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, №0052070-94, №0052077-95 дугаартай төрсний гэрчилгээ, №0060989 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            Гэрлэгчид цаашид эвлэрэн амьдрах боломжгүй, 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлт цуцлахыг зөвшөөрсөн, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 121 дугаартай “Гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай шүүгчийн захирамж зэргийг харгалзан шүүхээс тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Иймд гэрлэгчид цаашид эвлэрч хамтран амьдрах бодит нөхцөл байхгүй болсон нь тогтоогдсон гэж үзээд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

          Нэхэмжлэгч охин А.Н, А.Н нар нь өнөөдрийг хүртэл эхийнхээ асрамжид байгаа, хүүхдийн санал зэргийг харгалзан эхийнх нь асрамжид үлдээж, эцэг Т.А-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулан шийдвэрлэв          Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 38 дугаар зүйлийн 38.1, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдийг эрүүл саруул өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул аюулгүй бусад шаардлагатай зүйлээр хангах зэрэг эцгийн үүргээ гэрлэлт цуцалснаас үл хамааран зохих ёсоор биелүүлэхийг эцэг Т.А-т, уг үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг эх С.Б-д тус тус даалгаж, зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

          Хариуцагч Т.А-аас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.А-аас 47.225 төгрөгийг гаргуулан улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1.,  116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ц хайрхан овгийн Т.А, П овгийн С.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт зааснаар 2007 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин А.Н, А.Н нарыг эх С.Б-гийн асрамжид үлдээсүгэй.
  3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт   зааснаар 2007 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин А.Н, А.Н нарыг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр  сар бүр  тэтгэлэг  гаргуулан эцэг Т.А-аар тэжээн тэтгүүлсүгэй.  
  4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурьдсугай.
  5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 38 дугаар зүйлийн 38.1, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдийг эрүүл саруул өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул аюулгүй бусад шаардлагатай зүйлээр хангах зэрэг эцгийн үүргээ гэрлэлт цуцалснаас үл хамааран зохих ёсоор биелүүлэхийг эцэг Т.А-т, уг үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг эх С.Б-д тус тус даалгасугай.
  6. Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
  7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.А-аас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.А-аас 47.225 төгрөгийг гаргуулан улсын төсвийн дансанд оруулсугай.       
  8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ж.Мөнхтуяад даалгасугай.
  9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр
    зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр
    танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХ-АМГАЛАН