Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/60

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

улсын яллагч Ц.Батзаяа,

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Б-т холбогдох 2216000000060 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ш овогтой Г-н Б.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Б-н Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ентүм” зочид буудлын коридорт 2022 оны 03 дугаар сарын 23-ны орой 23 цагийн үед тус буудлын караокед үйлчлүүлж байсан хохирогч Э.М-г “...менежер У-тай хэрэлдлээ, хаах цаг болсон байхад гарсангүй...” гэх шалтгаанаар ам, уруул хэсэгт нь гараараа нэг удаа цохиж биед нь 11-р шүдний бүрэн булгарал, 22-р шүдний 3-р зэргийн ганхалт /шүд авахуулах заалттай/, дээд уруулын дотор салстад цус хуралт буюу хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гээд улсын яллагчийн зүгээс асуусан асуултад “М-г зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...хохиролд бэлнээр 600.000 төгрөг төлсөн...” гэж хариулсан байна. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... Би Ентүм ресторанд гэрээгээр хөгжимчин хийдэг. Тухайн өдрийн орой 23 цагийн орчим хүлээн авалт тараад байж байхад Ентүм рестораны менежер У гэх эмэгтэйтэй нэг залуу маргалдаад байхаар нь очоод та амарчих гэхэд тэр залуу миний өмнөөс дайраад байхаар нь хойшоо ухраад хүлээн авалт хийдэг рестораны хаалганы орчим очиход миний хувцаснаас татаад байхаар нь нэг удаа шүд орчим цохичихоод би цаашаа гүйгээд явчихсан... Цохисны дараа шүд уначихлаа гэж орилж байсан. Шүднээс нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/,

Хохирогч Э.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 03 сарын 23-ны орой найз Х, Г нарын хамт Ентүм ресторанд суусан. Тэгээд 23 цагийн үед тус рестораны зохион байгуулагч У гэдэг эмэгтэй “...одоо хааж байна гар...” гэж хэлэхээр нь “...ширээн дээр байгаа авсан зүйлсээ идэж уучихаад гаръя...” гэж хэлэхэд “...даварчихсан юмнууд ингээд байдаг юм, гар...” гэхээр нь “...юун сүртэй юм вэ? авсан зүйлээ дуусгачихаад гарна шүү дээ...” гэхэд 23 цагаас хаадаг гээд уурлаад байсан. Тэгээд У-тай би маргалдаад гарч явахад Б гэх залуу ирээд “...гар...” гэхэд би өмнөөс нь “...хүнийг гар гэдэг хэн бэ?...” гэхэд Б хүлээн авалт хийдэг заал руу ухраад байхаар нь дагаад өмнөөс нь хэрэлдээд явахад цаад заалнаас үйлчлэгч эмэгтэй, бармен залуу 2 гарч ирэхэд Б миний шүд рүү цохичихоод цаашаа харайж орсон.  Тэгэхэд миний хуучин үүдэн хиймэл шүдний хажууд байдаг 1 шүд унасан. Хиймэл шүдний хажуу талд байх хиймэл шүд хөдөлчихсөн ... Б миний ам руу нэг удаа гараараа цохисон. Цохисноос болж миний хиймэл шүдтэй гагнагдсан байсан 1 шүд унсан. Мөн 1 шүд хөдөлсөн байгаа. 2019 онд үүдэн хиймэл шүдээ Улаанбаатар хотод хийлгэсэн. Хөдлөөгүй шүд байсан. Цохиулснаас болж 1 шүд унаж, 1 шүд хөдөлсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар тал/,

Гэрч М.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “....Тухайн өдрийн орой манай ресторанд Байгаль орчны газрын хүлээн авалт болоод 23 цагийн орчим тарсан. Менежер У нэг залуутай маргалдаж байсныг холоос харсан. Би ресторан орчихоод гарч ирэхэд хаалган дээр менежер У-тай маргалдаж байсан залуу Б ахтай байж байсан. Б тухайн залуугийн шүд орчим нэг удаа цохичихоод цааш гүйчихсэн. Тэгэхэд нөгөө залуу шүд унчихлаа гээд орилоод найзуудаа дуудаж байсан. Тэр залуугийн ам орчмоос жаахан цус гарч байсан... Манай рестораны хаах цаг болоод тухайн залууг караокед сууж байхад нь менежер У гараарай гэхэд өмнөөс уурлаж хэрэлдсэн гэж У хэлж байсан. У тухайн залуутай маргалдаж байхад нь Б ах очоод тухайн залууг боль та амар гэж хэлэхэд өмнөөс уурлаж маргаан эхэлсэн гэж Б хэлж байсан... Тухайн залууг Б шүд орчим нэг удаа цохисон. Цохисноос болж тухайн залуугийн амнаас нэг юм унаад халаасандаа хийж байсан. Тэгээд жаахан цус гараад шүд унчихлаа гээд орилж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/,

Гэрч Б.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн өдөр Э.М, Б.Г нарын найзуудын хамт Ентүм рестораны караокед суусан. Тэгээд 23 цаг арай болоогүй байхад тус рестораны ажилтан орж ирээд манайх хаах боллоо гэж хэлэхэд М ширээн дээрх авсан зүйлээ дуусгачихаад гаръя гэхэд үгүй манайх хаах болчихлоо гэхэд М тухайн эмэгтэйтэй маргалдаад гарсан. Б.Г бид хоёр ардаас гарах гээд байж байхад М-н амнаас нь цус гарчихсан цохиулаад шүд уначихлаа гээд ирсэн... Хэн зодож цохисныг хараагүй. Э.М Ентүм рестораны хөгжимчин залууд зодуулчихлаа гэж хэлж байсан. Зодуулснаас болж Э.М-н нэг шүд уначихсан, одоо нэг шүд унахад бэлэн болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар тал/,

Гэрч Г.У-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...  Тухайн өдөр Цаг уурын ажилчдын хүлээн авалттай байсан. Тэгээд орой 23 цаг болж ресторан хаах цаг болохоор нь доор караокед байсан хүмүүсийг гараарай хаах цаг боллоо гэтэл тэнд байсан хүмүүс ширээн дээрх юмнуудаа дуусгаадахъя гээд байсан. Тэгэхээр нь хэсэг байж байгаад буцаж ороод хаах цаг болчихлоо гэхэд нэг залуу өмнөөс хэрэлдээд хэл амаар доромжлоод байсан. Намайг дагаж дээд давхарт гарч ирээд хэрэлдээд байсан. Хажууд байсан Б “...та эртхэн яваад амарчихаач...” гэхэд Б-тай маргалдаад рестораны зүг явахаар нь би үүдэн такси дуудаадахъя гэж бодоод үүдний ресепшинд хэлэхэд ресепшны явдаг таксины дугаар холбогдохгүй байсан. Тэгээд буцаж Б дээр ирэхэд хоорондоо зодолдсон бололтой байсан ба Б цааш явсан. Нөгөө залуу амнаас нь жаахан цус гарчихсан байсан ба бие засах өрөө лүү орчихоод гарч ирэхдээ шүд хуга цохичихлоо гээд байсан. Тэр залууг хамт байсан найзууд нь аваад явсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар тал/,

Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 109 дугаартай “...1. 2. Э.М-н биед 11-р шүдний бүрэн булгарал, 22-р шүдний 3-р зэргийн ганхалт /шүд авхуулах заалттай/, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Хуучин гэмтэл шархтай байсан эсэхийг тогтоох боломжгүй.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлнө..” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ентүм” зочид буудлын коридорт 2022 оны 03 дугаар сарын 23-ны орой 23 цагийн үед тус буудлын караокед үйлчлүүлж байсан хохирогч Э.М-н “...менежер У-тай хэрэлдлээ, хаах цаг болсон байхад гарсангүй...” гэх шалтгаанаар ам, уруул хэсэгт нь гараараа нэг удаа цохиж 11-р шүдний бүрэн булгарал, 22-р шүдний 3-р зэргийн ганхалт /шүд авахуулах заалттай/, дээд уруулын дотор салстад цус хуралт  буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдлоо.

Шүүгдэгчийн үйлдэл нь хүний биед санаатай халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Г.Б-г уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор хохирогч Э.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Би эмчилгээний зардал 600.000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 65 дугаар тал/, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 68-70/, хохирогч Т.М-н Цагдаагийн газарт гаргасан “...2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Ганболдын Б нь миний бие, эрх чөлөөнд халдан зодож, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Уг учруулсан хохирлоо мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан тул миний бие ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 71 дүгээр  тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Б-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлуудыг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, торгох ял оногдуулах тухай прокурорын санал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Г.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол 600,000 (зургаан зуун мянга) төгрөг төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Ш  овогтой Г-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг)  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Б-т сануулсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол 600,000 (зургаан зуун мянга) төгрөг төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА