Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 332

 

     М.М-т холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

              прокурор Б.Энхбат,

            шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа,  

            нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Ганбаатар, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 482 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Нансалмаагийн бичсэн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 09 дугаартай эсэргүүцлээр М.М-т холбогдох 1708 02809 0010 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн М-н М, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .... аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, дүү, охины хамт ....... аймгийн ... сумын ............. дугаар баг, ............. 5 дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .............../,

 Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн;

М.М нь өөрийгөө “Онцгой байдлын Ерөнхий газарт хүний нөөц, сургалт хариуцсан менежер ажил хийдэг тул танай дүүг Онцгой байдлын Ерөнхий газарт гал сөнөөгч, аврагчийн ажилд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Н-с 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд 10 удаагийн үйлдлээр бэлэн 4.015.000 төгрөг, “Aser” брэндийн зөөврийн компьютер зэргийг авч залилсан,

2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.О-с “Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 1.042.000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 27 дугаар  хорооны нутаг дэвсгэр, Дарь-Эхийн Шинэ буудал гэх газар иргэн Б.О-с “Хууль сахиулахын их сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2.540.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн хооронд иргэн Д.У-с “Хууль сахиулахын их сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2.195.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хооронд иргэн О.Б-с “Хууль сахиулахын их сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 3.235.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, иргэн М.Т-с “хүү Х.З-г нь Онцгой байдлын газарт ажилд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 1.310.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Хөвсгөл аймгийн иргэн М.М-тай утсаар холбогдож “Сургалтад хамруулж, Онцгой байдлын газарт ажилд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн иргэн Б.Д-тэй утсаар холбогдож “Сургалтад хамруулж, Онцгой байдлын газарт ажилд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 1.410.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн хооронд Төв аймгийн иргэн Б.С-аас ”хүү Батхүүг нь ахлагчийн курст сургаж, Онцгой байдлын газар ажилд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн хооронд иргэн Ц.Г-с “Онцгой байдлын албанд ажилд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 1.648.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хооронд иргэн Д.Д-с “Онцгой байдлын албанд ажилд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 815.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хооронд иргэн Д.Ц-с “Онцгой байдлын албанд ажилд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 1.185.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн иргэн Р.Э-с “хүү М-г нь Онцгой байдлын ахлагчийн сургуульд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн иргэн Б.О-с “Онцгой байдлын газарт ахлагчаар ажилд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 1.573.200 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Сэлэнгэ аймгийн иргэн Б.Н-с “Онцгой байдлын газарт ажилд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 770.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, нийт 15 удаагийн үйлдлээр 26.108.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг хуульд заасан арга хэрэгслээр бүх талаас нь бүрэн шалгаагүй, мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх дараах нөхцөл байдал байна. Үүнд:

1. Шүүгдэгч М.М нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа боловч энэ хэргийг надтай хамтарч үйлдсэн Э, А, Ц нарыг шалгаж, бусдад учирсан хохирлыг хуваан төлөх боломж олгож өгнө үү гэсэн агуулгаар мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний талаар тодруулах боломжтой буюу тодорхой мэдээлэл өгч, түүний мэдүүлгийн хувьд шалгавал зохих хэд хэдэн эх сурвалжийг заалаа.

Мөн шүүх хуралдааны үед шүүгдэгч М.М-н мэдүүлгийн эх сурвалжийг шалгах зорилгоор түүний дансны хуулгыг түүний өмгөөлөгчөөр шинжлэн судлуулахад түүний мэдүүлсэн цаг хугацаанд 1.000.000 төгрөгийн гүйлгээг 300.000 болон 700.000 төгрөгөөр нэг данс руу хоёр удаа хийгдсэн байна. Харин уг данс нь хэнийх болох, түүний нэрлэн зааж буй Ц гэгчтэй холбоотой болохыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

Тэрээр тус шүүх хуралдаанд мэдүүлэхдээ нэрлэн заасан Э, А, Ц нарын талаар анх удаа мэдүүлж буй нь энэ биш бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед хэд хэдэн удаа мэдүүлж байсан байх тул түүний мэдүүлснийг бүх талаас мухарлан шалгах ёстой байсан. Гэвч хэргийн материалаас үзвэл мөрдөгч нь Ц.Э гэгчийг олж мэдүүлэг авсан боловч тэр нь М.М-н нэрлээд байгаа хүн мөн эсэхийг шалгаагүй, түүнчлэн Дундговь аймгийн Онцгой байдлын газар болон Соёл урлагийн их сургуулийн захиргаанд албан бичиг хүргүүлэхээс өөрөөр шалгалтын ажиллагаа явуулаагүй байх тул хэргийн талаар нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж үзнэ.

Түүнчлэн, хохирогч Д.Ц нь шүүх хуралдаанд “...анх Мөнхжин гэсэн нэрээр шүүгдэгч М-тэй утсаар ярьж байсан бөгөөд түүнээс өөр хоолойтой Энхжин гэж хүн надтай утсаар ярьж байсан...” гэж, харин шүүгдэгч М.М нь шүүх хуралдаанд “...А-г Энхжин, намайг Мөнхжин гэж дуудаж байхаар бид хоорондоо тохирсон байсан. Хохирогч Д.Цэцэгдэлгэртэй утсаар ярьсан Энхжин гэдэг нь А байсан...” гэж тус тус мэдүүлснээс үзвэл шүүгдэгчийн мэдүүлгийн мөрөөр энэ гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг бодитой тогтоох зайлшгүй шаардлага бий болсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч М.М-н дансны хуулганд үзлэг хийж, энэ хэргийн хугацаанд хохирогч нараас гадна мөнгө шилжүүлсэн болон шилжүүлэн авсан нөхцөл байдлыг нарийвчлан шалгаж, М.М, Ц, Э, А нар байр түрээслэн хамт амьдарч байсан, түрээсийн гэрээг иргэний үнэмлэхээ хуулбарлан нотариатаар баталгаажуулж байсан гэх нөхцөл байдлууд нь шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалжийг шалгах, гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг нотлоход чухал ач холбогдолтой байна.

2. Мөрдөгч М.Ганчулуун 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр шүүгдэгч М.М-г ямар зорилгоор цагдан хорих ангиас авч явсан, энэ хугацаанд ямар ажиллагаа явуулсан талаар, ганцаараа гэмт хэрэг үйлдсэн гэж ятгасан, эсхүл дарамталсан нөхцөл байдал бий эсэхийг шалгах нь зүйтэй.

Мөн шүүгдэгч М.М-г Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байх үед Энхбуйр гэх өмгөөлөгч түүнтэй уулзсан эсэх, хэрэв уулзсан бол ямар зорилгоор уулзсан, Ц, Э, А нарыг таних, мэдэх эсэхийг шалгах шаардлагатай.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор М.М нь 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс 6 дугаар сарын 18-ны өдрийн хооронд А.Анужинг Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын газарт оруулж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож нийт 2.901.000 төгрөгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогджээ.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” хэмээн тодорхой хуульчилсан тул шүүгдэгч М.М-н энэ хэрэгт холбогдсон үйлдлүүд нь дээр дурдсан шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон үйлдэлтэй нь цаг хугацаа үргэлжлэл, үйлдлийн аргаараа холбогдох бөгөөд Эрүүгийн хуульд заасан нэг гэмт хэргийн шинжийг хангаж байх тул бүхэлдээ нэг гэмт хэрэгт тооцогдохоор байна.

Эрүүгийн эрх зүйн онол ёсоор гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зөвхөн өөрт нь нэг удаа л ял оногдуулах шударга ёсны зарчимтай бөгөөд уг зарчмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэж баталгаажуулан хуульчилсан билээ.

Эрүүгийн хуульд үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцохоор тодорхой заасан гэмт үйлдлүүдийг хоёр салгаж, гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын асуудлыг хоёр тусад нь хянан шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд ноцтой харшилна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж заасан нь үргэлжилсэн нэг гэмт хэргийг хоёр салгаж, хоёр удаа ял оногдуулж болох зохицуулалт биш юм.

Нөгөөтээгүүр, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч М.М нь Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас ирүүлсэн эдгээр хэрэгт яллагдагчаар татагдаагүй байсан бөгөөд 230 дугаартай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш үүссэн нөхцөл байдал байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэж зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдал бий болсон гэж үзэхээр байна.

Шүүх эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх боломжгүй гэж үзсэн нөхцөл байдлыг хууль зүйн хувьд тодорхойлох бөгөөд харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мөрдөгч, прокурор тухайн нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр шалгах, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй тул шүүх мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй, ямар ажиллагаа явуулах талаар нэрлэн заах боломжгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийг хэд хэдэн хүн хамтран үйлдсэн гэх нотолбол зохих байдлыг шалгах болон үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцогдох үйлдлүүдийг бүхэлд нь нэг зүйлчлэх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүх бүрэлдэхүүн мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүгдэгч М.М-т холбогдох эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, М.М-т урьд авсан цагдан хорих цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Нансалмаа бичсэн эсэргүүцэлдээ: “...Прокурорын зүгээс шүүхийн тогтоолыг дараах үндэслэлүүдээр хууль ёсны бөгөөд үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд:

1. Хэдийгээр шүүхийн шатанд шүүгдэгч М.М нь “энэ хэргийг надтай хамтарч үйлдсэн Э, А, Ц нарыг шалгаж, бусдад учирсан хохирлыг хуваан төлөх боломж олгож өгнө үү” гэсэн агуулгаар мэдүүлэг өгдөг боловч шүүгдэгч М.М-н үйлдсэн гэмт хэргүүдэд ямар үүрэг оролцоотой ямар хэлбэрээр оролцсон болохыг тодорхой мэдүүлдэггүй, тухайлбал шүүгдэгч М.М нь мөрдөн байцаалтын шатанд удаа дараа өгсөн мэдүүлгүүддээ ганцаараа үйлдсэн талаар мэдүүлдэг атлаа 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ зарим хэргүүдийг Э, А, Ц нартай хамтран үйлдсэн гэх боловч, 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “би Э, А, Ц нарыг чирээд хэргийг удаашруулах санаагаар худлаа мэдүүлэг өгсөн байсан. Мөн тэд нарыг чирч, хам татаж байгаад хохирлоо төлүүлье гэсэн санаатай байсан” гэж зөрүүтэй мэдүүлгүүдийг өгсөн. Шүүгдэгч М.М нь “2018 оны 7 дугаар сард Ц над руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Дансны хуулгаас харвал 300.000 болон 700.000 төгрөгөөр хоёр салгаж над руу мөнгө шилжүүлсэн данс Ц-ых мөн байна” гэж мэдүүлдэг боловч 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Ц-ыг би таньдаг байсан, би өөрийгөө Ц-д Онцгой байдлын газарт ажилладаг хүн ажилд оруулж өгч чадна гэсэн байсан учир над дээр Цэрэнпунцаг гэх Ховдын залууг дагуулж ирсэн. Тэгээд би Онцгой байдлын газарт ажилладаг сургуульд оруулж өгнө гэж худал хэлж, Цэрэнпунцагаас мөнгө авах болсон. Энэ талаар Цэрэнпунцаг мэдээгүй” гэж мэдүүлдэг, хавтаст хэргээс шинжлэн судлуулсан дансны хуулга нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 300.000 болон 700.000 төгрөгөөр мөнгө шилжүүлсэн нь Ц-тай хамтран үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд Ц.Э-с гэрчийн мэдүүлэг авахад “М.М-тэй танил, гэхдээ М-с нэг ч төгрөг авч байгаагүй, харин надад өөрийгөө Онцгой байдлын Ерөнхий газарт ажилладаг гэж худлаа хэлээд би найздаа Онцгой байдлын газарт оруулж өгдөг хүн байна гэж хэлсэн. Гэтэл Эрхүн найз Хишигбатад хэлээд Хишигбат нь эгч Тэгшбаяртаа хэлээд мөнгө залилуулсан байсан. Би Ц, А гэх хүмүүсийг огт танихгүй” гэж мэдүүлсэн мэдүүлэг хавтас хэрэгт авагдсан байхад түүнийг яллагдагч М.М-р таниулах шаардлагагүй.

Шүүгдэгч М.М-н хувьд мөрдөн байцаалтын шатанд удаа дараа өгсөн мэдүүлэг, шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг нь эх сурвалжийн хувьд илт зөрүүтэй байгааг анхаарч үзэх нь зүйтэй.

2. Мөрдөгч М.Ганчулуун нь 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр яллагдагч М.М-н 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өгсөн фэйсбүүкээр Ц-тай харьцаж байсан гэсэн мэдүүлгийг шалгах үүднээс М.М-г цагдан хорих байрнаас гаргаж, фэйсбүүк хаягийг шалган тэмдэглэл үйлдэж, прокурорыг оролцуулж мэдүүлэг авах зөвшөөрөлтэй өрөөнд дахин мэдүүлэг авсан тэмдэглэл хавтас хэрэгт авагдсан нь яллагдагчийг ганцаараа гэмт хэрэг үйлдсэн гэж ятгасан, эсхүл дарамталсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

3. Прокуророос Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэнийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд М.М-н Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулах боломжтой байна. М.М-т холбогдох хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдал үүсээгүй гэж дүгнээд прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж, тогтоолд гомдол гаргах эрхгүй гэж шийдвэрлэсэн.

Гэтэл анхан шатны шүүхээс Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч М.М нь Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас ирүүлсэн эдгээр хэрэгт яллагдагчаар татагдаагүй байсан бөгөөд 230 дугаартай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш үүссэн нөхцөл байдал байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэж зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдал бий болсон гэж үзэхээр байна” гэж давж заалдах шатны шүүхийн тогтоолд дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гучин есдүгээр бүлэгт заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээнд халдсан төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна.

4. Түүнчлэн шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар гэж, шүүх хуралдааны тэмдэглэлд “Даргалагчаас шүүх хуралдааныг 17 цаг 40 минутанд үргэлжлүүлж, шүүхийн шийтгэх тогтоолын агуулгыг танилцуулж, тогтоох хэсгийг уншиж сонсгов” гэсэн атлаа хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал”-ыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн нотолж тогтоосон атал хэргийг прокурорт буцааж, анхан шатны шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 482 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурор Т.Нансалмаагийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. М.М мэдүүлэхдээ 1.000.000 төгрөг шилжүүлсэн гэж мэдүүлдэг. Дансыг шүүж үзэхэд 1.000.000 төгрөг шилжүүлсэн баримт байдаггүй. М-н данс руу орсон байхад Ц-ыг хамт үйлдсэн гэж үзэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх саналтай. ...” гэв.

Шүүгдэгч М.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний эхний өгсөн мэдүүлэг үнэн зөв. Ганчулуун байцаагч “чи энэ гурван хүнийг байгаагүй гээд мэдүүлэг өгчих, зүйлчлэлийг чинь хөнгөрүүлж өгнө” гэж надад худал хэлсэн. Би Э, Ц, А нарыг шалгуулах хүсэлтэй байх тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.М-н өмгөөлөгч Б.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... М.М нь Ц, А, Э нартай хамт гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлдэг. Ц нь Онцгой байдлын газарт ажиллаж байсан тул гэмт хэрэг үйлдэх санаа гарсан. Олсон мөнгөө хувааж, хамт үрж байсан гэж хэлдэг. Ц нь Ховд аймгийн хохирогчийн 1.000.000 төгрөгийг М.М-н данс руу шилжүүлсэн гэж мэдүүлдэг. Прокуророос М.М-н Хаан банкны дансыг нь шүүж үзээд шилжүүлээгүй байна гэдэг. Харин 300.000 төгрөгөөр, 700.000 төгрөгөөр шилжүүлсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр буцаасан шүүхийн тогтоолыг бүхэлд нь дэмжиж байна. ...” гэв.

                        ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд М.М-т холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн тогтоол үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн заасан бөгөөд М.М-т холбогдох хэрэгт тэдгээр байдлыг хөдөлбөргүй нотолсон гэж дүгнэх боломжгүй, эргэлзээ бүхий байна.

Тухайлбал, дээрх гэмт хэргүүдийг хэд хэдэн хүн хамтран үйлдсэн байж болох нөхцөл байдал тогтоогдож байх ба М.М-н мэдүүлэгт дурдсан н.Ц, н.А нарыг байцааж, мэдүүлэг авах болон бусад нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр тэднийг залилах гэмт хэрэгт хамтран оролцсон буюу тэдний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоох нь хэргийн бодит үнэнийг тогтооход зайлшгүй шаардлагатай байна гэж үзэв.

Түүнчлэн яллагдагч М.М-г урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заажээ.

Дээрх зохицуулалтын дагуу нэг гэмт хэрэгт тооцож болох үйлдлүүдэд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах байдал нь хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдалд хамаарна гэж үзэв.  

Учир нь, гэмт хэргийн шинжээр нь хэд хэдэн үйлдлийг нэг гэмт хэрэгт тооцож, нэг удаа ял оногдуулах хууль зүйн үндэслэл байсаар байхад 2 удаа гэм буруугийн байдлыг авч үзэж, 2 шийтгэх тогтоолоор ял оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэх байдал нь хүнд ялтай зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх нөхцөл байдалд агуулгын хувьд хамаарахаар байна.

Иймд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн болно.

Мөрдөгч М.Ганчулууны тухайд 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр яллагдагч М.М-г тодорхой шаардлагын хүрээнд  цагдан хорих байрнаас гаргаж, авч явсан үйлдэлд ятгасан, дарамталсан гэх нөхцөл тогтоогдоогүй гэж прокурор эсэргүүцэлдээ дурдсан боловч энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байх тул холбогдох ажиллагааг явуулах нь зүйтэй.  

Мөн прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ хохирлын хэмжээг 26.108.200 төгрөг гэсэн нь тооцооллын хувьд алдаатай болсныг тэмдэглэвэл зохино.

Иймд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн тогтоолд дурдсан бүхий л ажиллагаануудыг хийсний эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул прокурор Т.Нансалмаагийн бичсэн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 09 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.