Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 000/0000/0000/З |
Дугаар | 221/МА2014/0435 |
Огноо | 2014-11-13 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2014/0435
“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны дарга Х.Х, гуравдагч этгээд Х.Г нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 32 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор,”Ж” ХХК- ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга болон Тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ”Ж” ХХК-ийн захирал Б.К шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Аймгийн Засаг даргын Тамгын газар нь Үнэлгээний хороо байгуулахдаа Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 4 дүгээр тогтоолын 2 дугаар заалтыг үндэслэл болгосон гэж байгаа боловч уг тогтоолд урьд нь Засгийн газрын агентлаг, Авто замын газартай байгуулсан 47 тоот гэрээ хүчин төгөлдөр байхад гаргасан нь зөрчилтэй, буруу байна. Манай компани 47 тоот гэрээг 2014 онд хэрэгжинэ гэж итгэлтэй байсан тул 2014 оны зам засварын ажилд зориулан их хэмжээний замын түүхий эд, материал, тоног төхөөрөмж бэлтгэх зэргээр ихээхэн зардал гаргасан бөгөөд гэрээ цуцлагдах нөхцөлд их хэмжээний хохирол учрахаар байна. Иймд, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын болон Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын тогтоол болон Зам тээврийн яамнаас 2014 оны 03 дугаар сарын 11- ний өдөр улсын чанартай замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай чиглэл ирсэн тул энэ асуудлаар аймгийн Засаг даргын Тамгын газар дур мэдэн хууль зүйн үндэслэлгүйгээр Үнэлгээний хороо байгуулах тухай тушаал гаргаагүй. 1-рт, Агентлагтай байгуулсан гэрээ нь Засгийн газрын 2014 оны 04 дүгээр тогтоолын 2 дахь заалтын дагуу Баян-Өлгий аймагт авто замын засвар арчилгааны ажил гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулахад дуусгавар болох зохицуулалттай. 2-рт, Засгийн газрын тогтоолоор агентлагт бус аймгийн Засаг даргад тендерт ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахыг даалгасан шийдвэр гаргасан. Засаг даргад шууд эрх олгосноор Тендерийн үнэлгээний хороо байгуулж, нээлттэй тендер зарласан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Тендерийн үнэлгээний хороо шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 82 дугаар тушаалаар үнэлгээний хороог 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, 04 дүгээр сарын 11-ний өдөр нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зарласан. Тендерийн урилгыг 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 23-ны хооронд 3 компани буюу “К” ХХК,”Ж” ХХК, “Х” ХХК-иуд авсан бөгөөд уг компаниуд хуулийн хугацаандаа тендерийн үнийн саналаа ирүүлсэн. Үнэлгээний хороо тендерт оролцогчдын ирүүлсэн материалыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нээлт хийж, ажлын 15 хоног хянан үзэж, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга болон Зам тээврийн яаманд зөвлөмжийг хүргүүлэхээр бэлэн болж, хурлын тэмдэглэл болон Үнэлгээний хорооны тайлан боловсруулагдаж, гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргэх шатандаа ирсэн байсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Гуравдагч этгээд “К” ХХК-ийн захирал Х.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” 82 дугаар тушаал болон уг Үнэлгээний хорооны 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зарласан тендер хууль зөрчөөгүй. Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дүгээр тогтоолын 2, 3, 4, 5 дугаар заалтуудад Засаг даргын эрх үүргийг тодорхой тусгасан учраас Засаг даргын эрх мэдлийн хүрээнд Үнэлгээний хороо байгуулагдан тендер зарласан нь хууль зөрчсөн асуудал биш. Тухайн тохиолдолд”Ж” ХХК нь Засгийн газрыг шүүхэд өгөх ёстой.”Ж” ХХК-ийн Авто замын газартай 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 47 тоот гэрээ нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 82 дугаар тушаал болон тендертэй огт хамаагүй... Нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 32 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 7, 8, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 82 дугаар “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаал болон тус аймгийн “Улсын болон орон нутгийн чанартай замын байгууламжийн засвар арчлалтыг хариуцан ажиллах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай БӨА 051/2014 дугаар нээлттэй тендер зарласан Тендерийн үнэлгээний хорооны 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.К, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, өмгөөлөгч Ц.М нар давж заалдах гомдолдоо: ...Засгийн газрын аливаа тогтоол, шийдвэр тооцоо, судалгаанд үндэслэгдсэн, тухайн харилцааг зохицуулж байгаа эрх зүйн байдлыг судалж, тогтоол гарсан нөхцөлд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар эрх бүхий байгууллагууд судалж дүгнэлт хийсэн байх ёстой. Гэтэл Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 4 дүгээр тогтоол гаргахдаа Авто тээврийн газраас санал аваагүйгээс”Ж” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх үндэслэл болсон. Учир нь, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Авто замын газартай ”Ж” ХХК-ийн байгуулсан Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт олон улсын чанартай авто зам, замын байгууламжийг хариуцан ажиллах талаарх 2011 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 4 жилийн хугацаатай гэрээ хүчин төгөлдөр байхад уг гэрээг цуцлахгүйгээр тогтоол гаргасан нь Иргэний хууль зөрчсөн байна.
Засгийн газрын тогтоолын 2 дугаар заалтаар “...Баян-Өлгий аймагт авто замын засвар өөрчлөлт хийх компанийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллуулахыг аймгийн Засаг даргад даалгасан байх ба харин хугацаа заагаагүй байна. Засгийн газрын тогтоол гарсан өдрөөсөө хэрэгждэг боловч аймгийн Засаг дарга Засгийн газар Иргэний хуулийн дагуу ”Ж” ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцлаагүй, хүчинтэй байгаа нөхцөл байдлыг харгалзан 2015 оноос эхлэн тендер зарлах бүрэн боломжтой, тийм ч үндэслэлтэй байжээ.
Шийдвэрт “...Ж” ХХК нь засвар арчлалтын ажлыг хариуцан ажилладаг ба гүйцэтгэсэн ажил нь шаардлагын хэмжээнд хүртэл хийж чадахгүй байгаа талаар малчид, тээвэрлэгчид болон нутгийн иргэдээс гомдол ирж байсан гэж Засгийн газрын холбогдох байгууллагаас мэдэгдсэн” гэж тэмдэглэсэн байна. Энэ нь ямар ч нотлох баримтгүй бөгөөд Авто замын газар ажлыг жил бүр дүгнэж “сайн” гэсэн үнэлгээ өгч байсан, мөн хавтаст хэрэгт Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт ч бий. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 32 дугаар шийдвэрийг хянуулж, зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж шийдвэрлүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Авто замын засвар, арчлалтын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 4 дүгээр тогтоолын 2 дахь заалтаар авто замын засвар, арчлалт хийх компанийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллуулахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангахаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас Тендерийн үнэлгээний хороо байгуулан ажиллуулсан болох нь тогтоогдож байна.
Хэдийгээр нэхэмжлэгч ”Ж” ХХК нь “Засгийн газрын дээрх тогтоол Иргэний хуулийг зөрчсөн” гэж тайлбар гаргаж байгаа боловч дээрх тогтоолд холбогдуулан ямар нэгэн шаардлага гаргаагүй, уг тогтоол хүчин төгөлдөр байна.
Иймд, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8-д “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу Тендерийн үнэлгээний хороо байгуулсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаал хуульд харшлаагүй байна.
Нэхэмжлэгч талаас “Авто замын газартай 4 жилийн хугацаатай гэрээ байгуулсан, Засгийн газар гэрээ хүчин төгөлдөр байхад зөрчсөн, Иргэний хуулийг зөрчсөн” гэсэн үндэслэл гаргаж маргаж байна,
Гэвч ”Ж” ХХК болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газрын байгуулсан гэрээнээс дүгнэхэд уг гэрээг сонгон шалгаруулалтын үндсэн дээр, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу байгуулсан, гэрээг эрх тэгш бүхий 2 тал байгуулаагүй, гэрээний нэг тал нь нийтийн эрх зүйн субъект болох Авто замын газар, гэрээний зорилго нь “олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжуудыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд байнгын бэлэн байлгах, хэрэглэгчдийг техник ашиглалтын болон үйлчилгээний өндөр түвшинтэй зам, замын байгууламжаар үйлчлэх” явдал байх бөгөөд энэхүү гэрээг хувийн эрх зүйн хүрээнд, Иргэний хуулийн дагуу байгуулсан гэрээ гэж дүгнэх үндэслэлгүй юм.
Иймд, Монгол Улсын Засгийн газар болон Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Тендерийн үнэлгээний хороо нь Иргэний хуулийг зөрчсөн гэх үндэслэлгүй.
Нэхэмжлэгч”Ж” ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл манай гэрээ хүчин төгөлдөр байсан, манайх шаардлагатай материалыг нөөцөлсөн байсан, бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө гэж тайлбарлаж байгаа боловч уг компанийг 2014 оныг дуустал ажиллуулахаар 18/22 дугаартай гэрээг Зам тээврийн яам, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, ”Ж” ХХК-ийн хооронд байгуулсан байх тул ”Ж” ХХК-ийн тухайд хохирол учирна гэж шууд дүгнэх боломжгүй юм.
Хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны тухайд хуулийн дагуу 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нээлттэй тендер зарласан байх бөгөөд уг тендерт ”Ж” ХХК оролцсон байна. ”Ж” ХХК нь Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байгаа боловч уг тендер сонгон шалгаруулалтыг чухам ямар хууль зөрчсөн тул хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй.
Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН: ШҮҮГЧИД Э.ХАЛИУНБАЯР П.СОЁЛ-ЭРДЭНЭ Э.ЗОРИГТБААТАР
|