Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 163

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч Э.Гэрэлмаа,

            шүүгдэгч Г.Жаргалсайхан, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүрэн бэлчир овогт Ганбүргэдийн Жаргалсайханд холбогдох эрүүгийн 201625012188 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дуурийн дуучин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрх товчооны задгай тоотод оршин суух, Соёлын тэргүүний ажилтан, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Бүрэн бэлчир овогт Ганбүргэдийн Жаргалсайхан /РД:ВО78012616/,

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Жаргалсайхан нь 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Товчооны задгайд оршин суух иргэн Б.Энхмаагийн сууцанд нэвтрэн орж Тошиба маркийн 32 инчийн ЛСД зурагт хулгайлан авч 400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Жаргалсайхан шүүхийн хэлэлцүүлэгт: “Би энэ хэргийг үйлдсэн буруугаа хүлээж байна. Хохирогч манай хөршийн дүүгийн гэр байсан. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би энэ хэргийг үйлдсэндээ маш их харамсаж байна. Би өмнө нь Цэргийн дуу бүжгийн чуулгад дуучнаар ажиллаж байгаад даргатайгаа таарахгүйн улмаас ажлаасаа гарсан. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Надад оногдуулах ялыг хөнгөрүүлж, тэнсэж өгнө үү” гэв.

Хохирогч Б:Энхмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр манайх усгүй болоод хадам ээжтэйгээ Жаргалсайханы хажуу хашаанд байдаг эгчийндээ ороход Жаргалсайхан ах Портер машинаа асаачихсан тэднийд сууж байхаар нь Жагаа ахаа ус аваад өгөөч гэж хэлсэн чинь тэгье гээд хадам ээж эгчийнд үлдээд Жагаа ахын Портерт суугаад гэрээсээ очиж усны саваа аваад худгаас усаа аваад гэртээ буулгаад эгчийндээ ирсэн. Би эгчийнд орохдоо гэрээ цоожлоогүй онгорхой орхиод явчихдаг юм. Эгчийнхээс гараад хадам ээжийг автобусны буудал хүргэж өгчихөөд гэртээ хариад цэвэрлэгээ хийж байгаад нэг харсан чинь зурагт алга байсан. Манайхаас зөвхөн зурагт л авсан удирдлага нь үлдсэн харин кабелийн удирдлагыг андуураад аваад явсныг сүүлд мэдсэн. Манай зурагтыг тухайн үед буцааж өгсөн болохоор надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэжээ /хх-ийн 15-16/,

Гэрч П.Амаржаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн орчим манай хүргэн ах Жаргалсайхан орж ирээд нэг хүн хямдхан зурагт зарна гэж байна танайх авах уу гэсэн. Манайх хэд хоногийн өмнө зурагтаа унагаагаад хагалчихсан зурагтгүй байсан болохоор гайгүй юм бол авъя л даа гэхэд гоё зурагт байна лээ 100.000 төгрөг гэсэн. Мөнгөний хэрэг гарсан гэж хэлсэн. Удаагүй нэг зурагт аваад ороод ирсэн. Удирдлага байхгүй Тошиба маркийн 32 инчийн ЛСД дэлгэцтэй манай эвдэрхий зурагттай адилхан зурагт байсан. Тэгээд би 100.000 төгрөг Жаргалсайхан ахад өгөөд зах руу бараа татахаар гарах гэж байсан болохоор бараагаа татангаа удирдлагыг нь бас авчирсан юм. Намайг захаас дөнгөж орж ирээд байж байтал цагдаа нар орж ирээд нөгөө зурагтыг хулгайн зурагт байна гээд хурааж аваад явсан...” гэжээ /хх-ийн 18/,

Шүүгдэгч Г.Жаргалсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...урд өдөр нь жаахан пиво уучихаад тэр өдөр жаахан шартаад явж байсан юм. Энхмаа гэх эмэгтэй ирээд усанд яваад өгөөч гэхээр нь тэгье гээд гэрт нь очиход Энхмаагаас өөр хүнгүй байсан ба усных нь савыг ачиж урд худгаас ус аваад гэрийнх нь үүдэнд буулгаж өгсөн. Ахиад жаахан архи уумаар санагдаад эргэж Энхмаагийнд очиход хүн байхгүй хашааны болон гэрийн хаалга онгорхой байхаар нь гэрт нь ороод зурагтыг нь хулгайлж авч гараад Амаржаргалд 100.000 төгрөгөөр зарсан. Амаржаргалд энэ нэг хүнд мөнгөний хэрэг гараад зурагтаа хямдхан зарна гэж байна гэж хэлсэн. Тэр оройноо цагдаад баригдаж зурагтыг нь буцааж өгсөн. Би 100.000 төгрөгийг үрээгүй байсан болохоор Амаржаргалд тухайн үед нь буцааж өгсөн” гэжээ /хх-ийн 22-26, 90-91/,

           Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 12/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 13/, хохирогч Б.Энхмаа /хх-ийн 16/, гэрч П.Амаржаргал /хх-ийн 18/, гэрч П.Амарцэцэг /хх-ийн 19-20/, гэрч Г.Батмөнх /хх-ийн 21-22/ нарын мэдүүлгүүд, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 31/, ял шалгах хуудас /хх-ийн 33/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 35-36/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 37-38/, шүүхэд шинээр гаргаж өгсөн хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэхэд хангалттай гэж үнэллээ.

Шүүгдэгч Г.Жаргалсайхан нь 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Товчооны задгайд оршин суух иргэн Б.Энхмаагийн сууцанд нэвтрэн орж Тошиба маркийн 32 инчийн ЛСД зурагт хулгайлан авч 400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Жаргалсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Жаргалсайханыг бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Г.Жаргалсайханд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохиролоо бүрэн төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорих ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Бүрэн бэлчир овогт Ганбүргэдийн Жаргалсайханыг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жаргалсайханыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Г.Жаргалсайханд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Г.Жаргалсайханд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Жаргалсайханд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                                                                                           

 

             ДАРГАЛАГЧ                                      С.ОЮУНГЭРЭЛ