| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2022/0569/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/598 |
| Огноо | 2022-06-07 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхтогоо |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/598
2022 06 07 2022/ШЦТ/598
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Галхүү,
улсын яллагч Д.Мөнхтогоо,
шүүгдэгч П.Ө, түүний өмгөөлөгч Г.Аззаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Ө холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2209000000810 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1984 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах хэрэглэгчдэд үйлчлэх ..... төвд гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, П.Ө /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр
Яллагдагч П.Ө нь 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар сургуулийн автобусны буудал дээр “....” ХХК-ний эзэмшлийн 83-50 УВЯ улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийн салхины шил рүү дроцов авч шидэн хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч П.Өийг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар сургуулин автобусны буудал дээр “....” ХХК-ний эзэмшлийн 83-50 УВЯ улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийн салхины шил рүү дроцов авч шидэн хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч П.Өт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч П.Ө нь 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар сургуулийн автобусны буудал дээр “Блюбус” ХХК-ний эзэмшлийн 83-50 УВЯ улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийн салхины шил рүү дроцов авч шидэн хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Д.Ү “Би 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн ажил болох автобусны жолоочийн ажлаа хийгээд автобусаа жолоодоод Тасганы овооны зүүн тал руу уруудаад явж байхад саарал өнгийн приус 20 машинтай хүн чигээрээ явдаг эгнээнд зогсож байхад нь би автобустайгаа хажуугаар нь гараад чигээрээ явсан. ... 57 дугаар сургуулийн буудал дээр ирэхэд миний автобусны урд талаар сараал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл хөндөлсөж зогсоод автобусны урд талын салхины шил рүү төмөр дроцов шидчихээд шууд зугтсан. Тэгээд би уг тээврийн хэрэгслийн араас нь явсаар Хангайн хотхоны дун орж зогсохоор нь улсын дугаарыг нь харж аваад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-18-19/,
“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Шүүгдэгч П.Ө мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Би тухайн өдөр автобусны жолооч урдуур шахаад ороод ирэхээр нь уг автобусыг хөөж яваад 27-ын автобусны буудал дээр очоод салхины шил рүү нь дроцовоо шидчихээд машинаараа шууд цаашаа явчихсан. Уг автобусны жолооч миний машины салхины шил рүү ямар нэгэн зүйл шидээд цав суулгачихлаа гэж бодоод би уурласан байсан. Тэр автобусны жолооч миний машины шилийг хагалаагүй юм шиг байна. Зам дээр явж байхад жижиг чулуу гэх мэт зүйл үсрээд жижиг цав үүсэх тохиолдол байдаг. Тэрнээс болсон гэж бодож байна…” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч П.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч П.Ө нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч П.Өт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч П.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч П.Өийг 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Үүнээс гадна шүүх шүүгдэгч П.Өт 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч П.Ө нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Ө нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч П.ӨЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Өийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ө нь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан П.Ө нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч П.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР