| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2022/0586/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/581 |
| Огноо | 2022-05-06 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/581
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
Улсын яллагч С.Энхням,
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Д холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ** оны * дугаар сарын **-ны өдөр Завхан аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, ам бүл *, эхнэр, хүүхдүүдийн хамт ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б Д /регистрийн дугаар: ИЖ91082516/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 4 дүгээр сарын 01-ний шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 22 дугаар байрны гадна таксигаар үйлчлүүлэхдээ гээгдүүлсэн хохирогч М.Г “Realme GT Master” маркийн 1.100.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч М.Г 1.100.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан...” гээгдэл эд хөрөнгө завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Б.Д 2022 оны 4 дүгээр сарын 01-ний шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 22 дугаар байрны гадна таксигаар үйлчлүүлэхдээ гээгдэл “Realme GT Master” маркийн гар утас бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч М.Г 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан...2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 01 цаг орчимд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 22-р байрны гадаа таксинаас буух үедээ өөрийн Realmi GT Master загварын гар утсаа мартаж буусан...гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
- хохирогч М.Гантөмөрийн...2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 01 цаг 20 минутад...найз Ариунболдтой хамт таксинд сууж Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 22-р байрны гадаа Ариунболдын хамт хүргүүлсэн, таксинаас буугаад тамхи татаж байгаад 2 гар утсаа найз Ариунболдод өгөөд нэг гар утсаараа Хаан банкны апплейкшн оруулаад, нөгөө гар утсан дээрээ Голомтын апплейкшн оруулаад төлбөрөө хийгээрэй гэж хэлсэн...найз Ариунболд төлбөр төлж дуусаад бууж ирээд такси явсны дараа би гар утсаа найз Ариунболдоос авах гэтэл миний Realme GT Master загварын гар утас байхгүй байсан учир өөрийн 94929900 дугаараас 01 цаг 54 минутад 86589900 руу залгахад залгахад дуудаж байсан боловч гар утсыг авахгүй байсан, 02 цаг 25 минутад миний гар утас холбогдох боломжгүй болсон. Өөрийн гар утасны байршлаа харахад МУИС-н 1-р байрны гадна миний гар утас унтарсан учир цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний гар утас 65 хувийн цэнэгтэй байсан, 65 хувийн цэнэгээр 2 өдөр ашиглах боломжтой. Тухайн гар утсыг би Орхон аймгийн Сайн электрониксоос 2022 оны 03 сарын 5-ны өдөр лизингээр худалдаж авч байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17, 22 дахь тал/,
- гэрч М.Отгонбаярын...Би 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 01 цаг орчимд Баянзүрх дүүргийн Сансрын Баянцээл орчмоос үл таних 2 залуу гараа өргөөд зогсож байхад би өөрийн 7741 УНП улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд суулгаад хаашаа явах юм гэж асуухад надад Хархорин гэж хэлсэн. Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 22-р байрны гадаа тухайн 2 залуугийн хэлснээр гэрийнх нь гадаа ирээд зогсож 24.000 төгрөг гэж хэлэхэд миний өөрийн Хаан банкны 5722017859 дугаартай данс руу 24.000 төгрөг шилжүүлсэн. Автомашинаас гар утас олдоогүй. Би 22-р байрны гаднаас хөдлөөд Баянгол дүүрэгт байрлах 3, 4 р хороолол орсон. Модны 2 орчмоос хүн авсан. МУИС-ын 2 дугаар байрны ойролцоо нэг залууг буулгасан. Тэр залуу миний Хаан банкны ****** данс руу өөрийн Хаан банкны ***** тоот данснаас 5000 төгрөг шилжүүлсэн. Тэр залуу надтай юм яриагүй дугай байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,
- М.Отгонбаярын Хаан банкны.... тоот данснаас 5000 төгрөг шилжүүлсэн....дансны хуулга /хавтаст хэргийн 15 дахь тал/,
- гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 28-30 дахь тал/,
- Тэнцвэр Эстимэйт ХХК-ны Realmi GT master гар утас 1.100.000 төгрөг гэх үнэлгээ /хавтаст хэргийн 38 дахь тал/,
- Б.Дын гэрч, яллагдагчаар өгсөн...Миний бие 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр яллагдагчаар татагдсан бөгөөд прокурорын тогтоолтой санал нийлж байна. Миний бие гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч ашигласан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...Би тэр утасны кодыг гаргуулж, ашиглаж эхэлсэн...Тухайн гар утсыг хохирогчид хүлээлгэн өгсөн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22, 50 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :
Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :
2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.
Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-50/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.
2.2. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нотлогдсон, шүүгдэгч гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаангүй болно.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь тухайн гар утасны кодыг өөрчлүүлэн өөрийн өмчлөлд бүрэн оруулсан буюу өөрийн өмч адил ашиглаж байсан болох нь тогтоогдсон байх тул гээгдэл эд хөрөнгийг завшсан гэм буруутай гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Дыг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
3. Хохирол, хор уршиг :
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар буцаан олгосон байх /хх-50, 91-92/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Идэр сумын Цэцэрлэг багийн засаг дарга ажилтай, хөрөнгө орлоготой болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-51-86, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б.Дыг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.