Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/573

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,   

Улсын яллагч Б.Чинзориг,

Хохирогч***,үүний өмгөөлөгч И.Хонгор, П.Учралгэрэл,

Шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч С.Ат холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Барилгын засалч, чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа барилгын засал, чимэглэлийн ажил эрхэлдэг, ам бүл *, эцэг, эх, эхнэр дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хангайн 15 дугаар гудамжны ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Т овгийн C,Ангараг /регистрийн дугаар: ЙМ*********/.

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч С.А нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 09 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр 22-н тээврийн товчооны арын замд “Тоёота приус 20” маркийн ** УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно : а/ тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодох”, мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас зам дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан Н.Э мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :  

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :      

        

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар

хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч С.А нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 09 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр 22-н тээврийн товчооны арын замд “Тоёота приус 20” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно : а/ тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодох”, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан Н.Э мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь :   

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан...” Сонгинохайрхан  дүүргийн 20 дугаар хороо, Тоёота приус 20 маркийн ***** улсын дугаартай автомашин нь явган зорчигчийг мөргөж ГССҮТөвд хүргэгдсэн...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дэх тал/,

  • шуурхай дуудлага, лавлагааны хуудас /хавтаст хэргийн 2-3 дахь тал/,
  • хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст  

хэргийн 5 /,

- зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 07-15 дахь тал/,

- жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан....С.А нь драйгер багаж ашиглан шалгахад 1.41 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дахь тал/,

  • хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 19-20/,  

- хохирогч Н.Э...Би 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Моносын уулзвараас ертөнцийн зүгээр баруун тийшээ Оргил худалдааны төв хүртэл зам талбайг цэвэрлэх ажлаа хийгээд Тэс петролиум ШТС-ын зүүн талд замын 1-р эгнээнд зам цэвэрлээд зогсож байхад гэнэт л миний зүүн талд түс тас хийх чимээ гараад удалгүй миний аль хэсэгт мөргөснийг мэдэхгүй замын хажууд уначихсан байсан. Тэгээд босох гэсэн 2 хөл мэдээгүй болоод дийлдэхгүй маш их өвдөлт мэдрэгдсэн. Тэр үед жолооч залуу ирчихсэн байх шиг байгаа харагдсан...Тэгээд гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хоёр хөл шилбээрээ хугарсан,  гэмтлийн эмнэлэгт 12 хоног, хувийн эмнэлэгт 10 хоног хэвтэж байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,  

- иргэний хариуцагч С.С...Би Тоёота приус 20 маркийн *** улсын дугаартай автомашиныг 2018 онд худалдаж аваад өөрийн нэр дээр шилжүүлж авсан, миний нэр дээр бүртгэлтэй боловч манай хүү унадаг. 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 10:00 цагийн үед хүүтэйгээ утсаар ярихад харих гээд явж байна гэж хэлсэн. Тэрнээс хойш удаагүй эхнэртэйгээ утсаар яриад хүн мөргөчихсөн эрүүлжүүлэх рүү явж байна гэж хэлээд салгасан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/,

- шинжээчийн дүгнэлт : Н.Э биед хоёр хөлийн шаант ясны бяцарсан далд хугарал, зүүн нүдний доод зовхи, хамар, баруун тохой, зүүн шилбэнд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

            - мөрдөгчийн магадлагаа : Тоёота приус 20 маркийн *** улсын дугаартай автомашины жолооч С.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3-д Жолооч хөдөлгөөний аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Н.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй /хавтаст хэргийн 54 дэх тал/,

- шүүгдэгч С.Аийн :..Би 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тоёота приус 20 маркийн 16-37 УНГ улсын дугаартай автомашинаар такси үйлчилгээнд явж байхад шөнө 01:00 цаг өнгөрч манай танил Төрмөнх над руу залгаад юм уух уу хүрээд ир гэхээр нь Баянголын дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн тэнд машинтайгаа зогсож байсан. Тухайн үед Төрмөнх танихгүй 2 эмэгтэйтэй хамт жаахан архи уусан байдалтай байсан ба би очсоноос хойш 4-лээ машинд 2.5 литрийн савлагаатай пиво 3-г хувааж уугаад өглөө 09:00 цаг өнгөрч байхад би машинаа жолоодож, жолоочийн хажуу талын урд суудалд /нэрийг мэдэхгүй/ нэг эмэгтэй нь сууж арын суудалд Төрмөнх суугаад 22-н товчооны тийшээ айлд очихоор явж байгаад Моносын уулзвараас ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш 3-н эгнээтэй замын 2-р эгнээнд явж байгаад урд явж байсан машин удаан яваад 3-н эгнээнд машин байхаар нь 1-р эгнээ рүү ороод явах гэтэл 1-р эгнээнд зам цэвэрлээд хүн зогсож байсныг хараад тоормосоо гишгэсэн боловч тухайн зам маш гулгаатай байсан тэр хүнийг мөргөөд цааш гулгаад хэсэг явж байгаад замын хашлага мөргөж зогссон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд:       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-77/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.

2.2. Шүүгдэгчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон.   

Замын хөдөлгөөний дүрэм нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаар тус хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт бөгөөд тус шүүгдэгч тээврийн хэрэгслийн жолоочийн хувьд хүний амь бие, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болох автотээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тус Замын хөдөлгөөний дүрмээр хүлээлгэсэн үүргийг ноцтой зөрчсөн болох нь тогтоогдсон байх тул тус гэмт хэргийн зүйлчлэл зөв, маргаан, эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.        

Иймд шүүгдэгч С.Аийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

 

3.Хохирол, хор уршиг : 

      

Хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд 2.077.925 төгрөгийг баримтын хүрээнд, цалингийн зардалд нийт 10.200.000 төгрөг, нийт 12.277.925 төгрөг нэхэмжилсэн /хх-24-30/, шүүгдэгч нь нийт 12.000.000 төгрөгийг барагдуулсан /хх-23, 44, 77, шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирогч нь хохирлоо авсан, нэхэмжлэх зүйлгүй болохоо мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзнэ. 

Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.      

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:    

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 5, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-59-61, 69, 77, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5-т тус тус зааснаар шүүгдэгч С.А тус хэргийн хохирогч Н.Э учирсан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх  бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.

 

2. Бусад асуудал    

    

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэвээр үлдээх, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.              

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

                                                                        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Аийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар шүүгдэгч С.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч С.Ат тэнссэн хугацаанд гэмт хэргийн улмаас хохирогч Н.Э учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авах, зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суугаа газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.                     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүдэгч С.А тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.      

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ат оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

6. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгч, иргэний хариуцагч нараас  нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.                 

7. Уг хэрэгт хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэвээр үлдээж, 983708 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.        

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.        

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГАНБААТАР