Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 02126

 

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/02126

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 29 дүгээр байрны 267 тоотод оршин суух Хотгойд овогт Хандын Жанцансамбуугийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамжны 23 дугаар байрны 58 тоотод оршин суух Сутай овогт Сэрээжавын Мандахбаярт холбогдох хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлт 16.663.590 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Х.Жанцансамбуу шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч Сэрээжавын Мандахбаяртай БНСУ-аас автомашины сэлбэг, автомашин, хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал зэргийг нийлүүлж, хамтран ажиллахаар харилцан тохиролцож, эхний ээлжийн санхүүжилт болгон 4550 ам.долларыг, 2.000.000 төгрөгийн хамт өгсөн.

Гэтэл С.Мандахбаяр үүнээс хойш сураггүй алга болсон тул нэхэмжлэгч би Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт хандан гомдол гаргахад С.Мандахбаяр хэд хэдэн өр төлбөрийн хэргээр шалгагдаж байгаа нь мэдэгдсэн.

Улмаар 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдөр С.Мандахбаяр, түүний өмгөөлөгч Д.Батсүх нартай уулзахад хариуцагч өөрийн төлбөрөөс 2.000.000 төгрөгийг төлж, үлдэх 4550 ам.долларыг тухайн өдөр байгуулсан Батламж гэрээ-ний дагуу төлөхөөр харилцан тохиролцсон.

Тус Батламж гэрээ-нд талуудын өмнө үүссэн өр төлбөр 4550 ам.долларын үүргийг С.Мандахбаяр 2010 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө Хьюндай Аванте маркийн 2000 оноос хойш үйлдвэрлэгдсэн автомашинаар тооцож дуусгавар болгох, энэ хугацаанд автомашиныг нийлүүлээгүй тохиолдолд үндсэн төлбөр 4550 ам.долларыг 2010 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс, хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувь буюу 22.75 ам.долларын хүүгийн хамт төлөх үүргийг хүлээсэн.

Тохирсон хугацаанд хариуцагч гэрээний автомашин нийлүүлэх үүргээ гүйцэтгээгүй буюу 2014 оны 06 дугаар сард С.Мандахбаяр надтай утсаар холбогдон Соната-5 маркийн автомашин авахыг санал болгосны дагуу өөрийн найз Т.Батхуягаар дамжуулан дээрх автомашиныг үзүүлэхэд Өмнө нь таксинд явж байсан. Муу тэрэг байна гэсэн тул автомашиныг аваагүй.

Үүнээс хойш хариуцагчтай дахин холбоо тасарсан тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийн хаягийг тодруулахаар хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэж, С.Мандахбаярыг Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт гудамж, 23-58 тоот хаягт байгааг тогтоож өгснөөр С.Мандахбаяртай 89000492 дугаарын утсаар нь холбогдоход би таны төлбөрөөс чинь төлнө гээд 100.000 төгрөгийг миний Хаан банкны 5721195652 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлсэн.

Иймээс үндсэн төлбөр 4550 ам.доллар буюу өнөөдрийн Монгол банкны ханшаар /1ам.доллар=2468.68 төгрөг/ =11.109.060 төгрөгийг, 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 100 хоногийн хугацааны хүү 2250 ам доллар буюу 5.554.530 төгрөг, нийт 16.663.590 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2009 онд талууд Хамтран ажиллах гэрээбайгуулсан ч одоо энэ гэрээг олох боломжгүй, гэрээний дагуу хөрөнгө оруулалт гэж 4200 ам.доллар оруулсан боловч тухайн үед эдийн засгийн хямралаас болж ажил бүтэлгүйтсэн.

2010 онд 4200 доллараас 2.000.000 төгрөгийг буцаан өгсөн. Батламж гэрээ-ээр 4550 доллар төлөх гэрээ байгуулсан боловч Иргэний хуульд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Тэрээр 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Х.Жанцансамбууд бензиний мөнгө гэж 100.000 төгрөг шилжүүлсэн нь үнэн.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Х.Жанцансамбуу, хариуцагч С.Мандахбаяраас хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлт 16.663.590 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Талууд анх 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр БНСУ-аас автомашины сэлбэг, автомашин, хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал зэргийг нийлүүлж хамтран ажиллахаар тохиролцож, эхний ээлжийн санхүүжилт болгон нэхэмжлэгч 4550 ам.доллар, 2.000.000 төгрөгийг өгсөн үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Дээрх гэрээг баталгаажуулах зорилгоор 2010 оны 3 дугаар сарын 31-нд байгуулсан Батламж гэрээ-ээр хариуцагч С.Мандахбаяр 2000 оноос хойш үйлдвэрлэсэн, өнгө хамаагүй, автомат кроптой, өнгө үзэмж сайтай автомашиныг нэхэмжлэгчид нийлүүлэх, хэрвээ 2010 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө эс нийлүүлбээс 4550 ам.долларыг, өдрийн 0.5 хувийн хүүгийн хамт тооцохоор, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар талууд харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн, гарын үсгээ зурж, баталгаажуулснаар гэрээ байгуулагдсан нь нотлогдож байна.

2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндулам хамтран ажиллахаар гэрээ байгуулж, хүний мөнгийг авч, энэ олон жил хэрэглэчихээд өнөөдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж ярьж байгаа нь үнэхээр хувь хүнийхээ хувьд ч, хэргийн хувьд ёс зүйгүй хэрэг. Гэрээ байгуулсан гэвэл байгуулсан, мөнгө өгсөн, авсан талаар талууд маргаагүй, хариуцагч Монгол улсад байнга оршин суудаггүй, үргэлж хилээр орж, гарч явдаг. Нэхэмжлэгчийн зүгээс өнөөдрийг хүртэл зохих байгууллагуудад хандаж, асуудлаа шийдвэрлүүлж явсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамцэцэг нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусаагүй гэж үзэж байгаа бол бензиний үнэд шилжүүлж авсан 100.000 төгрөгийг тооцооноос хасаагүй учраас гэрээний шаардлага үргэлжлсэн гэж үзэх боломжгүй гэх зохигчдын тайлбар, хавтас хэрэгт авагдсан 2009 оны 4 дүгээр сөрын 01-ний 20935430 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэх Тогтоол, 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон Тогтоол, Хил хамгаалах Ерөнхий газрын 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 5154 дугаарын Албан бичгийн хавсралт Лавлагааны хариу, Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/00066 дугаартай Шүүгчийн захирамж, гэрч Н.Лхагважав, Т.Батхуяг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд заасан Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэж, хариуцагчаас гэрээнд заасны дагуу 4550 ам.доллар х 2468.68=11.232.494 төгрөг /үндсэн мөнгө/, 4550 ам.доллар х 0.5%=22.75 /ам.доллар/, 22.75 х 2468.68=56.163 төгрөг /нэг өдрийн хүү/, 56.163/нэг өдрийн хүү/ х 100 = 5.616.300 төгрөг /100 хоногийн хүү/, үүнээс 11.232.494 /үндсэн мөнгө/ + 5.616.300 /хүү/ =16.848.794 төгрөгийг олгохоор болж байгаа хэдий ч нэхэмжлэгч 4500 ам.доллараар бодож, / 4500 х 2468.68= 11.109.060 төгрөг /үндсэн мөнгө/, 4500 х 0,5%= 22.5, 22.5 х 2468.68 55.545 төгрөг /нэг өдрийн хүү/, 55.545 /нэг өдрийн хүү/ х 100= 5.554.500 төгрөг /100 хоногийн хүү/, 11.109.060 төгрөг /үндсэн мөнгө/ + 5.554.500 /хүү/= 16.663.590 төгрөгийг нэхэмжилсэн байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд, нэхэмжлэгч Жанцансамбуугийн дансанд шилжүүлсэн 100.000 төгрөгийг хасаад, 16.663.590 - 100.000=16.563.590 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээний үүргээс 2.000.000 төгрөгийг төлсөн гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгтшүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж зааснаар нэхэмжлэгчид хэзээ, хаана, дансаар шилжүүлсэн болон бэлнээр өгснөө нотлож чадаагүй байх тул нийт дүнгээс хасах боломжгүй байна.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241.270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 240.768 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2 дахь хэсгүүдэд зааснаар

Сутай овогт Сэрээжавын Мандахбаяраас хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлт 16.563.590 төгрөгийг гаргуулан, Хотгойд овогт Хандын Жанцансамбууд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 100.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241.270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 240.768 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Жанцансамбууд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА