Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 02068

 

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/02068

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүгч Б.Азбаяр, М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, УБТЗ-ын 45-4-48 тоотод оршин суух, Боржигин овогт Нацагдоржийн Ойдовдоржийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүргийн 4 хороо, 2 дугаар хороолол, 4А байр, 18 тоотод оршин суух, Харчу овогт Чинбатын Энхбатад холбогдох эд хөрөнгөд учруулсан гэм хорын төлбөр 828000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ойдовдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мядагбадам, хариуцагч Ч.Энхбат, нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Н.Ойдовдорж нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Энхбатын удаа дараагийн халдлагын үйлдлийг цагдаа, прокурор шалгаад, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул Иргэний шүүхэд хандан, хохирлоо гаргуулж ав гэж Нийслэлийн прокурор 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 5/361 тоот Мэдэгдэл гарсан тул шүүхэд хандаж байна.

Миний бие 2008 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн газарт дахин гэрчилгээ гаргуулах, зээлийн төлбөрөөс чөлөөлүүлсний өр төлбөрөө төлөх хүртэл уг байрыг барьцаалагдсан тэмдэглэл хийлгэсэнийг мэдсээр байж Ц.Болор өр төлбөрөө төлөхгүй зугтан, Н.Ойдовдорж, Ш.Батсайхан нар гэрчилгээг хулгайлсан гэж гүтгэж, хуурамчаар Өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан.

Мөн Нийслэлийн шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 807 дугаартай Магадлал гарсан хуралд Я.Жаргалсайханыг төлөөлөн өөрийн биеэр Ц.Болор оролцож, дээрх байрны жинхэнэ эзэмшигч, эзнийг тогтоохоос нааш байрыг суллах асуудлыг шийдэхгүй гэсний дагуу 2418 дугаартай Шийдвэрийг хүчингүй болгож, асуудлыг шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаан, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 16519 дугаартай захирамжаар байрыг битүүмжилсэн болно.

Тэрээр Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 6/1126 тоот албан бичигт Я.Жаргалсайханаас бусад хүн өмчлөгчөөр бүртгэлгүй, ялангуяа Ч.Энхбат, түүний эхнэр Ц.Болор нар 48 тоот байранд өмчлөлийн бүртгэлгүй байхад 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хаалга цоож эвдэн, гэр орны эд зүйлийг авч явсанд, цагдаагаас арга хэмжээ авсаар байхад 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр дахин эд хогшил, эд зүйлийг цагаан шуудайгаар зөөж авсан үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн 201625022651 дугаартай хэрэгт Прокурорын даалгавар бичсэний дагуу гэм хорын хохирол болох 828000 төгрөгийг гаргуулан, хохиролгүй болгож өгнө үү, гэжээ.

 

Хариуцагч Ч.Энхбат шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эхнэр Ц.Болор, ээж Жаргалсайханы хамт 2013 оны 10 дугаар сард өв залгамжлалаар төрсөн эцэг Ш.Цогтсайханы Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 45-4-48 тоот, 2 өрөө орон сууцыг өмчилж авсан.

Энэ цагаас эхлэн талийгаач, хадам аавын дүү Ш.Батсайхан гарч ирэн, дээрх байрыг булаацалдан олон шүүхэд нэхэмжлэл гаргаж, мөн хамаатан Н.Ойдовдоржийг уг үйлдэлдээ татан оролцуулж, шүүхүүдэд гомдол гарган, биднийг 3 жил гаруй хохироон, чирэгдүүлж байна. Үүнд :

1.Ш.Батсайханы нэхэмжлэлтэй Өв залгамжлалын 86 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 5563 тоот Шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон.

2. Ш.Батсайхан 00027525 дугаартай гэрчилгээг хууль зөрчиж гаргуулсанд тооцуулах нэхэмжлэлийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 3941 тоот Шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

3.Ш.Батсайхан Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдоржийг татаж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүгч Долгорсүрэн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 45-4-48 тоот байранд үзлэг хийх Захирамж гаргахад, нэхэмжлэгч 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлээсээ татгалзсан.

4. Н.Ойдовдоржийн 1.700.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6460 дугаартай Шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

5.Н.Ойдовдорж 45-4-48 тоот байрны 000178141 тоот гэрчилгээг хаяж гээгдүүлээгүй, барьцаанд хадгалагдаж байгааг тогтоолгох нэхэмжлэлийг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 146 тоот Шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Энэ мэтчилэн энэ 2 хүн биднийг хохироосоор өдий хүрлээ. Нэхэмжлэгч Н.Ойдовдорж нэхэмжлэлдээ 45-4-48 тоот байрны эзэмшигч гэжээ. Гэвч дээрх шүүхийн Шийдвэр, Магадлал, Тогтоолоор нэхэмжлэгч, өмчлөгч, эзэмшигч, барьцаалагчаар тогтоогдоогүй. Шүүхийн эдгээр шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн дарга Баатарзоригт гомдол гаргахад, гомдлыг хянаж үзээд, Н.Ойдовдоржийг үндсэн хаяг болох 40 дүгээр байрны 77 тоотод хаяг руу шилжүүлсэн ба энэ хүний бусармаг үйлдлээс, манай эхнэр, хадам эх Я.Жаргалсайхан нар өмчлөх эрхээ эдэлж чадахгүй байна.

2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр болон 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрүүдэд Иргэний хуулийн 12 дугаар зүйлд зааснаар өөртөө туслах үйлчилгээг баримтлан, байраа чөлөөлөхөөр очсон боловч бүтэлгүйтсэн.

Миний эхнэрийн өмч болох 48 тоот байранд Н.Ойдовдорж гэдэг хүний эд зүйлс байхгүй, цагдаа, прокурорт эд зүйлээ алдсан гэж гомдол гаргасан боловч нотлогдоогүй.

Иймээс нотлох баримтгүй, ор үндэсгүй асуудлаар шүүхэд хандаж байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож, үнэн зөвийг тогтоож өгнө үү. Бид өөрийн өмчлөлийн байранд байгаа хог новшийг гаргасан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Н.Ойдовдорж, хариуцагч Ч.Энхбатаас эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 828000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэгчийн эд зүйлс байгаагүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Зохигчид 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан тайлбартаа нэхэмжлэгч 48 тоот байр бол миний өмчлөлийн байр, энэ байранд байсан эд хогшилыг Ч.Энхбат 2 удаагийн үйлдлээр гаргасан ба Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас авсан Эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримтаар тогтоогдож байгаа учраас хохирлоо төлүүлэх хүсэлтэй байна, хариуцагч Энэ байрны өмчлөгчөөр шүүх манай эхнэр Болорыг тогтоосон, байрандаа байсан хог новшийг гаргахад нэхэмжлэгчийн хэлээд байгаа эд зүйлс байгаагүй гэх мэдүүлэгийг гаргаж талууд мэтгэлцсэн болно.

Шүүх хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ц.Ганболдын 5 хүний бүрэлдэхүүнтэй томилсон 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Эд зүйлийн үнэлгээг тогтоолгох баримтад дурдагдсан эд зүйлсүүд Баянгол дүүргийн УБТЗ-ын 4-45-48 тоотод орон сууцанд байсан талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж зааснаар нэхэмжлэгч нотлож чадаагүй мөн дээрх үнэлгээ тогтоолгох хүснэгт дэх эд зүйлсийн үнэ, одоогийн зах зээлийн ханшаар.....төгрөг байгааг гэдгийг тогтоосноос бус нэхэмжлэгчийн байранд эдгээр эд зүйлс байсан гэх үйл баримтыг нотолсон баримт гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24425 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Ойдовдоржийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Энхбатад холбогдох эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 828000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24425 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор НийслэлийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.АРИУНАА

 

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

 

М.МӨНХТӨР