Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/538

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр, 

Улсын яллагч У.Анхжаргал,  

Хохирогч Т.Б, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

Шинжээч эмч Б.Даваасүрэн,

Шүүгдэгч П.З, түүний өмгөөлөгч Б.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :      

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.З холбогдох 2108000001703 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, арматур бетончин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо Буянт Ухаа ** дугаар гудамж ** тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Харуулч овгийн ПЗ /РД: ШЕ****/,

Холбогдсон хэргийн талаар :    

Шүүгдэгч П.Знь согтуурсан үедээ *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шар хадны ам задгай тоотод иргэн Т.Б “чи гичийгээс төрөөгүй юу”, “ах дүү нараараа нийлээд бөөрөлхөөд байгаарай” гэж хэлсний улмаас, зүүн хавирга, нүүрэн тус газар нь гараараа цохиж улмаар биед зүүн 5-7-р хавирганы зөрүүгүй, хамар ясны баруун хажуу ханын зөрүүтэй, таславчийн зөрүүтэй хугарал, таславчийн мурийлт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :    

          

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч П.Знь согтуурсан үедээ ** оны ** дүгээр сарын **-ны өдөр Сонгинохайрхан дүүргий ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шар хадны ам, задгай тоотод иргэн Т.B “доромжлон” улмаар хоолойноос нь удаа дараа багалзуурдан унагааж, зүүн хавирга, нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон түүний эрүүл мэндэд 5-7-р хавирганы зөрүүгүй, хамар ясны баруун хажуу ханын зөрүүтэй, таславчийн зөрүүтэй хугарал, таславчийн мурийлт, баруун,  зүүн нүдний дээд доод зовхи, баруун, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцралууд бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь :                

- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/,

- шуурхай удирдлага дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дахь тал/,

- хохирогч Т.Б...2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Шар хадны аманд гэртээ байж байхад 16 цагийн орчимд манай нөхрөөс нагац дүү З утсаар залгаад гэртээ дуудсан, З эхнэртэйгээ хамт айлын байшин барьж байсан гэсэн...Бид нар шил архи ууцгаагаад байж байхад 19 цагийн орчимд З манай нөхрөөс чи хүүтэй билүү гэж асуухад нь би хоёр охинтой гэсэн чинь З чи нөхрийгөө хүүг гаргаж өгөөч гэхээр нь би саваа боолгочихсон юм чинь юу гэж гаргаж өгдөг юм гэтэл Зо манай нөхөрт “энийг хоёр гичийтэй нь хөөгөөд явуулаач” гэхээр нь би уурлаад чи гичийгээс төрөөгүй юу гэсэн чинь өөдөөс уурлаад миний хоолойноос барьж аваад орон дээр дээш харуулж байгаад нүүр лүү 2 удаа гараараа цохисон. Тэгээд болиод...би орон дээр сууж байхад намайг муулаад байхаар нь ах дүү нараараа нийлээд бөөрөлхөөд байгаарай гэж хэлсэн чинь Зо над руу ирээд дахиж багалзуурдаж авч орон дээр хэвтүүлээд гараа зангидаж байгаад зүүн талын хавирга руу 2, 3 удаа цохисон. Тэгээд би уйлаад дүүдээ утсаа хэлээд цагдаа дуудуулсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,  

- гэрч Т.А...2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр миний нагац талын дүү З эхнэртэйгээ хамт манай гэрт ирсэн. Тэгээд бид нар хоол унд идээд архи ууцгаасан ба 2, 3 шил архи ууцгаасан. Тэгэхэд З согтоод манай эхнэр Б руу нөхөртөө хүү гаргаад өгчихөж болдоггүй юм уу гэх юм яриад хэрүүл өдөж эхэлсэн. Тэгэхэд би согтоод муудчихсан байсан ба яг юу болсныг нь нэг бүрчлэн санахгүй байна. Нэг сэрэхэд манай эхнэрийг орон дээр дарчихсан дээрээс нь цохиод байсан. Би босож ч чадахгүй согтсон байсан болохоор салгаж чадаагүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

- шинжээчийн дүгнэлт...Т.Бгийн биед зүүн 5, 6, 7-р хавирганы зөрүүгүй, хамар ясны баруун хажуу ханын зөрүүтэй, таславчийн зөрүүтэй хугарал, таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 18 дахь тал/,

- шүүгдэгч П.Зын...2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Шар хандны ам газарт эхнэртэйгээ хамт барилгын ажил хийж байсан чинь манай эхнэрийн хамаатан Амараа нэг шил архи бариад ирэхээр нь ууцгаагаад гэрт нь очихоор явсан. Тэгээд гэрт нь очоод хоол унд идээд, архи ууцгаасан. Би жаахан ядралттай байсан болохоор хурдан согтчих шиг болсон. Юу болсныг сайн санахгүй байгаа ба...Цагдаа нар ирээд хэн таныг цохисон юм бэ гэхэд Б над руу заасан...би гар хүрч цохиж, зодсон юм шиг байна лээ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсонд тооцов.

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :

2.1. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн

эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон.

2.2. Харин шүүгдэгч нь тус гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу “хохирогчид бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн” болох нь энгийн ухамсрын түвшинд илэрхий тогтоогдсон байх боловч тус асуудлыг хохирогчийн өмгөөлөгч огт хөндөөгүй, шүүгдэгч тал тус хэргийн зүйлчлэлийн талаар маргаан бүхий асуудалгүй зэргийг харгалзан тус хэргийг прокурорт буцаахгүйгээр шийдвэрлэсэн болно.        

Тухайлбал, шүүгдэгч нь хохирогчид удаа дараа хүч хэрэглэн довтолж түүний эрүүл мэндэд :      

- зүүн 5, 6, 7 дугаар хавирганы зөрүүгүй хугарал,     

- хамар ясны баруун хажуу ханын болон таславчийн зөрүүтэй хугарал, таславчийн муруйлт,         

- баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 

- зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал,

- баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал,

- зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал,  

- цээжний зөөлөн эдийн няцрал зэрэг олон тооны гэмтэл, шархууд учруулсан /хх-17-18/, тус олон тооны гэмтэл, шархуудыг учруулахдаа шүүгдэгч нь хохирогчийн хоолойг 2 удаа багалзуурдан боож, тухай бүр түлхэн унагааж тийнхүү олон удаа хүч хэрэглэж, догшин авирлаж зодсон болох /хх-7, шүүх хуралдааны тэмдэглэл/ нь  тогтоогдсон буюу “хохирогчид бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн” нь энгийн ухамсрын түвшинд илэрхийлэгдсэн байтал хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр орхигдуулсан байгааг анхааруулах нь зүйтэй.      

Мөн шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэгт “хохирогчийн дух буюу 2 хөмсөгийн хооронд цохисон, гэмтсэн гэх мэдээлэл, баримт сэлт огт байхгүй”, түүнчлэн тухайн гурвын дунд гэх хэсэгт цохисон ч 2 нүд, 2 хацарт гэмтэл, шарх учрахгүй нь энгийн ухамсрын түвшинд мэдээжийн буюу илэрхий байтал шинжээч нь “хохирогчийн дух хэсэг буюу гурвын дунд нь цохиход 2 нүд, хацар бүхэлдээ гэмтэх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүснэ” гэх мэтээр илтэд худал, мэдэн будилж мэдүүлсэн болох /шүүх хуралдааны тэмдэглэл/ нь илэрсэн байгааг тэмдэглэв.     

2.3. Тус гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд шүүгдэгч нь мөн Т.А маргалдсан, шүдээ мулт цохиулсан гэх болон тухайн үед болсон үйл явдлыг гэрчлэх хүмүүс байсаар атал байцаагаагүй зэрэг нотолбол зохих зарим  асуудлаар шүүгдэгч, хохирогч нар /хх-71, шүүх хуралдааны тэмдэглэл/ мэдүүлсэн байх боловч тус асуудлын хүрээнд мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж үзэв.   

Иймд шүүгдэгч П.Зыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.     

 

3. Хохирол, хор уршиг :           

 

Тус гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарах 430.000 төгрөгийн баримт хэрэгт цугларсан байх /хх-46/ ба шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 430.000 төгрөгийн хохирлыг төлсөн /шүүх хуралдааны тэмдэглэл/ болно.

Харин хохирогч нь тус гэмт хэргийн улмаас учирсан хамар ясны таславчийн зөрүүтэй хугарал, таславчийн муруйлтын улмаас мэс ажилбар хийлгэх эмчилгээний зардалд хамаарах нотлох баримтгүй байх тул тус шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй, харин тус зардал болон бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.             

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:     

 

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан нотлох баримт бүхий хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.     

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, хувьдаа хөрөнгөгүй болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хавтаст хэргийн 28-34, 40, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.

Шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэрэг хэд хэдэн төрлийн сонгох санкцитай, түүнчлэн хохирол төлөгдөх үндэслэлүүд байсаар атал шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр буюу зорчин явах маршрут зэрэгт хамаарах бүхий л нотлох баримтыг нотолбол зохих хэмжээ хязгаарын хүрээнд зайлшгүй нотлох үүргийг мөрдөгч, прокурор биелүүлэхгүйгээр шүүгдэгчид даалгасан байгаа нь үндэслэлгүй бөгөөд зөвтгөх ёсгүй алдаа болохыг тэмдэглэж, харин тус алдааг шүүгдэгчийн эсрэг, түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болгох үндэслэлгүй болно.   

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Зыг 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 1.300.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.   

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй, шүүгдэгч

цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч П.Зыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Зыг 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Зт оногдуулсан 1.300.000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Зт оногдуулсан 1.300.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хамар ясны таславчийн зөрүүтэй хугарал, таславчийн муруйлтыг эмчлүүлэх болон холбогдох бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.     

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   П.Завсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГАНБААТАР