Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 355

 

     П.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Т.Мижиддорж,

          хохирогч Ж.О-н өмгөөлөгч Д.Наранцэцэг,

          цагаатгагдсан этгээд П.М,

          нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 110 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Мижиддоржийн бичсэн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 8 дугаартай эсэргүүцэл болон хохирогч Ж.О, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар П.М-д холбогдох 1810 00399 0607 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн П-н М, 19... оны ... дүгээр сарын ..-ны өдөр ....... аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, программын хангамжийн инженер мэргэжилтэй, группт байдаг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт .......... дүүргийн ..... дугаар хороо, ............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................../;

П.М нь 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дулааны 3 дугаар цахилгаан станцийн зүүн хойд талын уулзвар орчим, хохирогч Ж.О-тай “замын хөдөлгөөний дүрэм зөрчлөө” гэх шалтгаанаар хоорондоо маргалдан, Ж.О-н нүүрэн тус газар маажиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: П.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.М-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, П.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Мижиддорж бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч П.М нь 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хохирогч Ж.О-тай “замын хөдөлгөөний дүрэм” зөрчлөө гэх шалтгаанаар хоорондоо маргалдан, Ж.О-н зүгээс түүний эрүүл мэнд, амь насны эсрэг ямар ч тулгарсан довтолгоон хийгээгүй байхад нүүрэн тус газарт маажин, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох хохирогч Ж.О, гэрч Б.Б, Ц.Ц нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2386 дугаартай, 2 дугаар сарын 13-ны өдрийн 2389 дугаартай, 7 дугаар сарын 4-ний өдрийн 803 дугаартай, 7 дугаар сарын 4-ний өдрийн 802 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэргээр тогтоогдсон.

Шүүгдэгч П.М нь хохирогч Ж.О-н нүүрийг маажсаны дараа Ж.О нь түүнийг түлхэх, цохих зэрэг үйлдэл хийсэн байхад шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч нарын өгсөн мэдүүлэгт үндэслэл бүхий дүгнэлт хийхгүй, хохирогч Ж.О нь “зүй ёсны шаардлага тавьсан П.М-г гараараа нүүрэн тус газар цохиж, дахин цохихыг завдсан...” гэж хэргийн нөхцөл байдлыг урвуулан, өөрөөр хэлбэл хэргийн нөхцөл байдалд эсрэг дүгнэлт хийн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх П.М-н үйлдлийг аргагүй хамгаалалт гэж дүгнэн, цагаатгах тогтоол гаргасан нь үндэслэлгүй.

Шүүгдэгч П.М-д холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар дууссан тул эрүүгийн 1810003990607 дугаартай хэргийг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 110 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэв. 

Хохирогч Ж.О давж заалдах гомдолдоо: “...миний хувьд шүүгдэгч П.М-д 2 удаа маажуулж, дух болон баруун хацартаа сорвитой болж гэмтсэн. Энэ талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Шүүх болоогүй үйлдлийг болсон мэтээр дүгнэж, намайг буруутай болгосонд гомдолтой байна. Анхан шатны шүүх шүүгдэгчийн хэргийг хэрэгсэхгүй болгохын тулд анхнаасаа хууль бус үйлдэл гаргасан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахдаа хохирогч надад болон өмгөөлөгчид маань мэдэгдээгүй, мөн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 12 цагт товлогдсон байсан шүүх хуралд оролцохоор 11 цаг 20 минутад шүүх дээр ирж, шүүгчийн туслахад мэдэгдэн, хүлээж байхад цагаасаа өмнө шүүх хурлаа хохирогч талд мэдэгдэхгүйгээр хийсэн юм. Энэ талаар өмгөөлөгч маань шүүгчтэй уулзаж хэлсэн. Эрүүгийн хуульд заасан хариуцлагаа шүүгдэгч хүлээх нь зөв бөгөөд миний хувьд шүүгдэгчийн хамт явж байсан хүмүүсийнх нь хажууд хохирол учруулахаар үйлдэл хийгээгүй. ...” гэжээ.

Хохирогч Ж.О-н өмгөөлөгч Д.Наранцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 110 дугаар цагаатгах тогтоолд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Шүүгдэгч П.М нь шүүхийн дүгнэснээр "зүй ёсны шаардлага"-ыг хохирогч Ж.О-т тавиагүй бөгөөд хэргийн 25-26 хуудсанд авагдсан гэрч Б.Б, шүүгдэгчийн болон хохирогчийн өгсөн удаа дараагийн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байгаа болно. Бусдын тавьсан шаардлагын өмнөөс шалтгаангүйгээр хүний нүүрийг маажиж, сорви үлдээн, гэмтэл учруулсныг шүүх үндэслэлгүйгээр цагаатгасанд гомдолтой байна. Шүүхийн хэлэлцүүлгийн үед ч гэрч, шүүгдэгч нар энэ талаар мэдүүлж, тэмдэглэлд тусгагдсан.

2. Шүүгдэгчийн зүгээс 2 удаа довтолгоон хийж, эхний удаа духанд, дараагийн удаа баруун хацрыг маажсан үйлдэл хийсэн ба 803, 2386 тоот шинжээчийн дүгнэлтүүдээр гэмтэл учирсныг тогтоосон болно.

3. Хохирогч Ж.О-н үйлдлээс шүүгдэгчид гэмтэл учраагүй ба 802, 2389 тоот дүгнэлтүүдэд энэ талаар дурдсан байна. Хохирогч Ж.О-г шүүгдэгчийг “...заамдаж, гараараа нүүрэн тус газар нь цохиж, дахин цохихыг завдсан...” гэж болоогүй үйлдлийг шүүх бий болгож дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж, цагаатгах тогтоол гаргасан гэж үзэж байна.

4. Гэрч Ц.Ц-н мэдүүлгээр хохирогч Ж.О 2 дахь удаагаа маажуулсныхаа дараа шүүгдэгч П.М-г “заамдан гэдрэг нь харуулан сэгсэрч байсан” тухай мэдүүлсэн байдаг.

5. Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг шүүх үндэслэн П.М-н үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан нь хуулийн үндэслэлгүй болно.

Хохирогчийн зүгээс машины зорчигч талын хаалгыг гараараа алгадсан, дух хэсэгт нь маажингуут заамдаад гарыг нь түлхсэн үйлдлийн дараа шүүгдэгч хохирогчийн машинд орж ирэн суусан ба хохирогч Ж.О “би ч чиний машинд сууна” гэж хэлэхэд шүүгдэгч П.М “хулгай хийх гэлээ” гэж ирээд баруун хацрыг нь маажиж, гэмтэл учруулсан байдаг. Хохирогчийн машиныг гараараа алгадсан, шүүгдэгчийг түлхсэн үйлдэл нь шүүгдэгч болон түүнтэй хамт явж байсан хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаар байгаагүй. Харин ч шүүгдэгчийн зүгээс эхний удаа духанд нь маажчихаад дахин очиж баруун хацрыг нь маажиж байгаа давтан гэмтэл учруулсан үйлдлийг анхаарч үзэлгүй цагаатгасан нь ойлгомжгүй байна.

Анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, шүүгдэгч П.М-н хэргийг цагаатгасан тул түүнийг гэм буруутайд тооцож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд П.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Би болсон асуудлын талаар анхнаасаа үнэн зөв мэдүүлж ирсэн. Би хүүхдүүд болон ээжийгээ хамгаалсан болохоос зүгээр байгаа хүнийг санаатай очиж маажаагүй. Тухайн үед би 5 удаа цагдаад дуудлага өгсөн. Гэтэл энэ байдлыг шалгаагүй. Зөвхөн миний буруу юм шиг л надад хандаж байсан. Ж.О машинаасаа бууж ирээд миний машины шилийг цохисон. Би буугаад машиныг нь алгадсан. Би гэр бүлээ хамгаалж л машинаас буусан. Энэ хүнээс болж миний бие улам бүр муудаж байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

   Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

Прокуророос П.М-г иргэн Ж.О-тай “замын хөдөлгөөний дүрэм зөрчлөө” гэх шалтгаанаар маргалдан, улмаар Ж.О-н нүүрэн тус газар нь маажиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан, анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалсаны үндсэн дээр П.М-г Ж.О луу чиглэсэн, түүний амь бие, эрүүл мэндэд халдсан санаатай үйлдэл хийгээгүй, харин П.М нь Ж.О-н довтолгооноос хамгаалж, түүний нүүрэн тус газар маажиж, дух, баруун хацарт зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэмээн дүгнэж, П.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Тодруулбал, хохирогч Ж.О-н тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үйлдлийг эсэргүүцэж, П.М-н жолоодож явсан тээврийн хэрэгслийн урд сууж явсан зорчигч, гэрч Б.Б Замын хөдөлгөөний дүрмийн дагуу явахыг шаардахад Ж.О нь машинаасаа бууж ирэн,  П.М-н машиныг нь цохисон байна. Улмаар П.М нь машинаасаа бууж Ж.О-н машины урд хэсэгт цохиход Ж.О түүний заамдан авч гараараа нүүрэн тус газар нь цохих, мөн машиных нь урд суудлын шал руу шахаж дээрээс нь цохих үед Ж.О-н довтолгооныг зогсоох үүднээс эсэргүүцэл үзүүлэх явцдаа хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Хэдийгээр хохирогч нь энэ нөхцөл байдлыг үгүйсгэн өөрөөр мэдүүлж байгаа боловч, П.М-н “... Тэгтэл Ж.О “чамаас үнэтэй машин шүү” гээд намайг заамдаад зүүн гараараа нэг удаа цохисон. ... О миний хувцаснаас угз татаж босгоод намайг баруун гараараа заамдаж байгаад баруун хацар луу зүүн гараараа алгадсан. ...” гэх мэдүүлэг /хх 106/, гэрч Б.Б-н “...Тухайн үед бэр П.М машинаас бууж “та машины шил хагалах шахлаа” гээд өөрийнх нь машины арын хэсэгт нэг удаа алгадсан. Нөгөө машины жолооч эрэгтэй манай бэрийг заамдаж, машины буланд шахаж гараараа нэг удаа нүүрэн тус газар нь цохиж, дахин цохихыг завдахад би дундуур нь орж салгаад машин луу явж байхад манай машинд түрүүлж суугаад машины голын хайрцгийг ухсан. ... Манай бэр ирээд “чи миний машинд суудаг хэн юм” гэхэд манай бэрийг татаж аваад жолоочийн хажуугийн суудлын шал руу шахаж дээрээс нь дараад нэг гараараа багалзуурдаж, нөгөө гараараа цээж хэвлийн тус газар олон удаа цохиж байх үед би араас нь татаад дийлэхгүй байсан. ...” гэх мэдүүлгүүд /хх 25/ нь уг хэрэгт хувийн сонирхолгүй гэрч Ц.Ц-н “... “Тоyota Alphard” загварын машин ганхаж хөдлөөд байхаар нь би машинаасаа буугаад машины зүүн урд талд очтол 40 гаран насны эрэгтэй 30 орчим насны эмэгтэйг хувцасны захаар нь заамдаад урд шалан дээр гэдрэг нь харуулаад хэвтүүлчихсэн сэгсэрч байсан. ...” гэж /хх 111/ уг байдлыг батлан мэдүүлжээ.

Дээрх мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “М-н биед баруун, зүүн шуу, баруун бугалганы цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд бөгөөд эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн 2389 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 31/ зэргээс үзэхэд П.М-н үйлдлийг өөрийнх нь эрүүл мэндийн эсрэг хийсэн Ж.О-н хууль бус довтолгооны эсрэг үйлдэл хийсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Иймд Ж.О, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг нарын “...цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол болон прокурор Т.Мижиддоржийн бичсэн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 8 дугаартай эсэргүүцлийг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Нэгэнт анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан үйл баримтад үндэслэн П.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу “аргагүй хамгаалалт”-ийн шинжтэй үйлдэл хийсэн гэж дүгнэн цагаатгаж шийдвэрлэсэн тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийх шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй.