Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2014/0436

 

   Н.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 417 дугаар шийдвэрт хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын гаргасан давж заалдах гомдлын дагуу Н.Б-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг дарга, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамж, Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолын Н.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Дүүргийн Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 362 дугаар захирамж, 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 490 дүгээр захирамжаар иргэн Н.Б-д 5000 м.кв газрыг Аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг зөрчин тухайн оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад газар олгосон, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчиж газрыг хуульд заасан зориулалтын дагуу ашиглаагүй Дүүргийн Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 362 дугаар захирамж, 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 490 дүгээр захирамжийн иргэн Н.Б-д холбогдох хэсгийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоол болон Засаг даргад хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд Газрын тухай хууль тогтоомжийг үндэслэн дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжаар хүчингүй болгосон болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Дүүргийн Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 362 тоот захирамж, 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 490 захирамжаар Н.Б-д тус дүүргийн 20 дугаар хороонд 5000 м2 газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21.5.3, 31.2, 33.1.2-д заасан байхад тухайн заалтыг ноцтойгоор орчин газар эзэмшүүлсэн байна. Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газар эзэмшүүлэхийг хориглоно гэж заажээ.

Баянгол дүүргийн 2006, 2011 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам. хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, Цэвэр усны хамгаалалтын дотоод мужид захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад газар олгосон байна.

Иймд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай 20 дугаар 20.1.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг үндэслэн Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит наймдугаар хуралдаанаас Баянгол дүүргийн Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 362 тоот захирамж, 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 490 тоот дугаар захирамжийн Н.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад даалган шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 417 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн Н Батцэнгэлийн гаргасан нэхэмжлэлийг хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамж, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолын Н.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 417 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 417 тоот Шийдвэрээр "Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамж, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8\02 дугаар тогтоолын Н.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай" гэж шийдвэрлэсэн байна. Н.Б-д 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 490 дугаар захирамжаар 5000 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар олгосон байдаг гэвч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй." гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал уг газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй шалтгаанаа "Манай газар дээр миний зөвшөөрөлгүй барилга барьсан одоо болтол чөлөөлж өгөхгүй байгаа тул би ашиглаж чадахгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэж байна" гэсэн тайлбар өгсөн боловч хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар өөрийн эзэмшлийн газраа чөлөөлүүлэх талаар хоёр жил гаран хугацаанд төрийн байгууллага, албан тушаалтанд хандсан ямар ч нотлох баримт байхгүй.

Гэтэл шүүх хэт нэг талыг барьж тодорхойгүй нотлох баримт буюу тухайн газрын ойролцоо ажиллаж байсан хүний хэлсэн үгээр хэргийг үндэслэн, нотлох баримт болон бодит байдалд хайнга хандан шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дугаар сарын 18-ны өдрийн 417 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн тухай” 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоол, Баянгол дүүргийн Засаг дарга 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулахаар иргэн Н.Б нэхэмжлэл гаргажээ.

Иргэн Н.Б нь Баянгол дүүргийн Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 362 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 станцын урд 5000 м.кв газрыг 4 жилийн хугацаатай, аж ахуйн зориулалтаар эзэмшиж байжээ.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2007 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 436 дугаар захирамжаар Баянгол дүүргийн Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 362 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Харин “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 436 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэр бүхий нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 180 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

Тодруулбал, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Дүүргийн газар зохин байгуулалтын 2005 оны төлөвлөгөөний тайланг хэлэлцэж, 2006 оны төлөвлөгөөг батлах тухай” 4 дүгээр тогтоолоор Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хур хогийг цэвэрлүүлж, газрыг шинээр хуваарилалтад оруулж үйлдвэрлэл, аж ахуйн зориулалтаар эзэмшүүлж, ашиглуулахаар тогтоосон нь зөв болох талаар,

түүнчлэн Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдөр дүүргийн газар зохион байгуулалтын 2005 оны төлөвлөгөөний тайланг хэлэлцэж дээрх тогтоол болон Баянгол дүүргийн Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Хур хог цэвэрлүүлж, газрын зөвшөөрөл олгох тухай” 362 дугаар захирамжаар маргаж буй газрын орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан бөгөөд уг хэсэгчилсэн төлөвлөгөө нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.1, 12.5, Усны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчөөгүй гэж, мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болно” гэж заасны дагуу Баянгол дүүргийн Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “хур хог цэвэрлүүлж, газрын зөвшөөрөл олгох тухай” 362 дугаар захирамж гаргаж тус дүүргийн 20 дугаар хорооны нутагт хүний үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж ашиглалтгүй орхигдсон, барилгын болон ахуйн хур хог бүхий газрыг өөрийн хөрөнгөөр цэвэрлэж нөхөн сэргээн, аж ахуйн зориулалтаар ашиглахаар хүсэлтээ гаргасны дагуу 83 иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлсэн Баянгол дүүргийн Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 362 дугаар захирамж нь Газрын тухай хууль зөрчөөгүй талаар дүгнэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна.

Тиймээс Баянгол дүүргийн Засаг даргын Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх, гэрээ сунгах, баталгаажуулах, зориулалт, талбай, байршил өөрчилж байгаа тухай” 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 490 дүгээр захирамж нь өмнө иргэн Н.Б-д газар эзэмших эрх олгосон Баянгол дүүргийн 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 362 дугаар захирамжийн үргэлжлэл бөгөөд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 180 дугаар шийдвэрийг биелүүлж гаргасан захиргааны акт болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Гэтэл “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх заалтыг зөрчиж газар эзэмших эрх олгосон, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчиж газрыг хуульд заасан хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй” гэсэн үндэслэлээр Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн тухай” 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоол гаргаснаар, Баянгол дүүргийн Засаг дарга Газрын тухай хууль болон Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжийг гаргаж, иргэн Н.Б-д газар эзэмшүүлсэн Баянгол дүүргийн Засаг даргын 2006 оны 362 дугаар, 2011 оны 490 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгосон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийг зөрчжээ.

Нэгэнт 83 иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлсэн Баянгол дүүргийн Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 362 дугаар захирамж нь хууль зөрчөөгүй талаар дүгнэж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 180 дугаар шийдвэр, уг шийдвэрийг үндэслэн Баянгол дүүргийн Засаг дарга 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 490 дүгээр захирамжийг гарсан байхад иргэн Н.Б-д газар эзэмших эрх олгохдоо холбогдох хуулийг зөрчин газар эзэмшүүлсэн гэж Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал тогтоол, тус дүүргийн Засаг даргын захирамж гаргасан нь хууль бус болох талаар анхан шатны шүүхийн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Нөгөөтээгүүр, анхан шатны шүүх Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн тухай” 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолыг гаргахдаа Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д заасныг зөрчсөн, мөн Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах дүүргийн Засаг даргын чиг үүрэгт хамаарах асуудлаар шийдвэр гаргасан нь бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж үзсэн нь зөв байна.

Мөн Н.Б-ийн эзэмшил газар дээр өөр этгээдүүд барилга барьж, эзэмшиж, ашиглаж байгаа болох нь 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр маргаан бүхий газар дээр хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, фото зургаар тогтоогдсон, мөн газар эзэмших эрхгүй этгээд түүний газрыг эзэмшиж ашиглаж байхад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага таслан зогсоогоогүй атлаа “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухай газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж газар эзэмшигч Н.Б-ийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын сарын 18-ны өдрийн 417 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧИД                                 Б.ТУНГАЛАГСАЙХАН

                                                         Н.ХОНИНХҮҮ

                                                          Э.ХАЛИУНБАЯР