Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 181

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга А.Болор,   

улсын яллагч А.Сайнбаяр,

шүүгдэгч А.Ганзориг түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Амаржаргалын Ганзоригт холбогдох 201625012295 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ОСНААУГ-ын харъяа Зүүн түгээх төвд дуудлагын засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 3в хэсэг 719 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигон овогт Амаржаргалын Ганзориг /РД: ТГ89070619/,

 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Ганзориг нь 2016 оны 06 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3в хэсэг, 719 тоотод хохирогч Т.Алтангэрэлтэй хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Ганзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 04-ний өглөө 11 цагийн үед Буяндэлгэр гэдэг ахынхаа хашааг барьж өгсөн. Бид нар ажлаа хийж дуусаад хамт архи уусан. Тэгээд би гэртээ 00-ийн нүх ухуулах шаардлагатай байсан болохоор Эрдэнэхуяг, Алтангэрэл хоёрыг гэртээ дагуулж ирээд 00-ийн нүх ухалцсан юм. Эхнэр ч хоол хийгээд дуудсан бид нар ч нүхээ ухаж дууссан болохоор гэрт ороод хоол идэж, нэг шил архи ууцгаасан. Эрдэнэбаяр унтлаа гэхээр нь би буйдан дээр унтуулсан. Алтангэрэл үлдсэн архиа ууж байгаад Эрдэнэбаярын араас нь цохиод бос гээд байхаар нь би болиулах гэж очоод тэвэрсэн. Намайг Алтангэрэлийг тэврэхэд миний дагз руу Алтангэрэл цохисон. Би газар Алтангэрэлд ор засаад унтуулах гэхэд намайг өшиглөсөн. Бид хоёр тэгээд ноцолдож эхэлсэн. Би баруун гараараа зүүн талын нүднийх нь доод талд цохиход хамраас нь цус гарсан. Миний утсаар Алтангэрэл эхнэр рүүгээ ярьж, эхнэрээ дуудсан. Маргааш нь намайг ажил дээрээ байхад цагдаагаас дуудсан. хохиролд 500.000 төгрөг өгсөн.

Би нялх хүүхэдтэй, эхнэр ажилгүй, хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хөнгөн ял  шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

            Хохирогч Т.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: … 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хамт ажилладаг найз Ганзоригтой гэрт нь архи уусан. Архи ууж байхдаа Ганзоригийн жорлонгийн нүхийг ухсан. Манай ажлын Эрдэнэхуяг ах бид хоёртой хамт ухалцсан. Нүхээ ухаж дуусаад Ганзоригийн гэрт ороод нэг шил архи Эрдэнэхуяг, Ганзориг хоёртой хувааж уусан. Би Эрдэнэхуяг ахыг орон дээр гараад унтахаар нь босооч архи уу гээд татаж чангаасан чинь Ганзориг намайг боль гэхээр нь чи хол бай би хүнтэй юм ярьж байна гээд бид 2 маргалдаад ноцолдсон. Ганзориг намайг гараараа нүүр лүү нэг удаа цохьсон. Би эхнэр Отгонбаярыг утсаар дуудаад гэртээ харьсан. Надад ямар нэг гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Ганзориг надад эмчилгээний зардал гэж 500.000 төгрөг өгсөн. Уг мөнгөөр би өөрийнхөө хамрыг эмчлүүлсэн /хх-ийн 7х/ гэжээ.

            Гэрч Ж.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 06 дугаар сарын 04-ний өглөө 10 цагийн орчим манай нөхөр Т.Алтангэрэлийг Ганзориг дуудаад хамт явсан. Би оройхон Алтангэрэл рүү залгахад одоо 00-ын нүх ухаад дууслаа удахгүй очноо гэсэн тэгээд удалгүй утас нь холбогдохгүй байсан шөнө 00 цагийн орчим залгахад одоо гарлаа гэж байсан архи уусан байсан байх хаана байгаагаа хэл гэхэд хэлээгүй гэрт нь Улиастайд байна гэсэн тэгээд манай нөхөр Алтангэрэл Ганзоригийн дугаараас залгаад би Улиастайн эцэс дээр байна ирээд аваадах гэсэн намайг очиход Алтангэрэлийн нүүр нь шалбараад хамар нь муруйсан, уруул нь хавдсан цус гарсан байсан. Алтангэрэлийг дагуулаад Ганзоригийн гэрт очиход Ганзориг түүний эхнэр болон 2 жоохон хүүхэд, 50 насны эрэгтэй байсан. Ганзоригтой уулзахад хохь чинь танай нөхөр өөрөө болохгүй байсан гэж байсан. Тэгээд би нөхөр Алтангэрэлийг дагуулаад эмнэлэгээр явсан /хх-ийн 8-9х/ гэжээ.

Гэрч Ш.Эрдэнэхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: … 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ажлынхантайгаа хамт айлын хашаа барьж өгөөд буцаад явж байхдаа ажлынхаа хүмүүстэй нэг шил архи хувааж уусан. Тэгээд Алтангэрэл бид 2 Ганзоригийн гэрт очоод жорлонгийн нүх ухсан. Бид 3  Ганзоригийн гэрт очоод нүхээ ухаж байхад Ганзориг 1 шил 0.75 граммын архи авчраад бид 3 хувааж уусан тэгээд нүхээ ухаж дуусаад Ганзоригийн гэрт орж хоол идээд дахиад нэг шил 0.5 граммын архи уугаад би согтсон болохоор буйдан дээр хэвтээд унтсан тэгээд унтаж байхад шөнө нэг нь намайг өшиглөөд цохиод байхаар нь босоод харахад Алтангэрэл байсан. Чи яаж байгаан гэхэд Алтангэрэл миний өмнөөс өөр хүний нэр хэлээд дайраад байсан. Ганзориг болиоч гээд салгахад Ганзориг руу Алтангэрэл дайраад зодолдоод байсан. Ганзоригийн эхнэр бид 2 салгах гээд чадаагүй сүүлд арай гэж салгахад Алтангэрэлийн хамраас цус гарсан байсан. Гэрээр дүүрэн цус байсан тэгээд Алтангэрэл эхнэртэйгээ утсаар яриад эхнэр нь шөнийн 04 цагийн орчим ирж Алтангэрэлийг аваад явсан /хх-ийн 10-11х/ гэжээ.

            2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7829 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1. Алтангэрэлийн биед баруун гайморийн хөндийн урд хана буюу хоншоор ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн хугарал, хамар, хүзүүний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хамар, зүүн дал, бүсэлхий ууцанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 18х/ гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан А.Ганзоригийг сэжигтэн,  яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэл /хх-26-29х/, хохирогч Т.Алтангэрэл /хх-4-7х/, гэрч Ж.Отгонбаяр /хх-8-9х/, Ш.Эрдэнэхуяг /хх-10-11х/ нарын мэдүүлгүүд, 7829 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-18х/, шүүгдэгч А.Ганзоригийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-30х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31х/, хорооны тодорхойлолт /хх-33-34х/, хохирлын баримтууд /хх-35х/, мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-40-41х/ зэрэг нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэхэд хангалттай гэж үнэллээ.

Шүүгдэгч А.Ганзориг нь 2016 оны 06 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3в хэсгийн 719 тоот өөрийн гэртээ хохирогч Т.Алтангэрэлтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүнийг цохиж бие махбодид нь баруун гайморийн хөндийн урд хана буюу хоншоор ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн хугарал, хамар, хүзүүний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хамар, зүүн дал, бүсэлхий ууцанд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Ганзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар  зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ганзоригийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Ганзориг нь хохирогч Т.Алтангэрэлд эмчилгээний зардалд 500000 төгрөг төлж, гомдол саналгүй  болсон байна.

Шүүх ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан  хорих ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

            

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            

1. Боржигон овогт Амаржаргалын Ганзоригийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ганзоригийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ганзоригт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

     4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Ганзоригт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.

           6. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  тус тус дурдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Ганзоригт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ                                      С.ОЮУНГЭРЭЛ