Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
Хэргийн индекс | 188/2022/0301/Э |
Дугаар | 2022/ШЦТ/369 |
Огноо | 2022-03-23 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | С.Энхням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/369
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,
Улсын яллагч С.Энхням,
Шүүгдэгч Ж.Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ирүүлсэн Ж.Э холбогдох ***** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, *** оны ***дугаар сарын **-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замчин мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Цагаан хад суманд хувиараа ажил эрхэлдэг, ам бүл *, Өмнөговь аймгийн Цагаан хад сум, Хайрхан багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, У овогт Ж.Э/РД: фа*******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Энь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Титэм плаза” зочид буудалд хохирогч Д.А 2.120.905 төгрөгтэй “Хаан” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Ж.Энь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Титэм плаза” зочид буудалд хохирогч Д.А “Хаан” банкны виза картыг хууль бусаар авч тус картнаас 1.370.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь :
- гэмт хэрэг зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан ...Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо Титэм Плаза зочид буудалд Хааны банкны картаа алдсан ба 1.370.000 төгрөгийн зарлага гарсан...гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,
- хохирогч Д.А...Би 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Титэм плаза” зочид буудалд 307 тоот өрөө авч найз Цогтбаатар, А, Энхтуяа нарын хамт архи ууж байгаад өөрийн “Хаан” банкны 5155006974 тоот данстай картаа А, Э хоёрт нууц кодоо хэлээд дэлгүүр явуулсан. Тэгээд чихэр жимс аваад буцаж орж ирээд миний картыг куртикны карманд хийсэн гэсэн. Би тухайн үед согтчихсон байсан болохоор сайн санахгүй байна. Тэгээд 15 цагийн орчимд А, Э нар сууж байгаад гараад явсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, 19-ний өдрүүдэд нийт 5 удаагийн гүйлгээгээр 1.370.000 төгрөгийн зарлага гарсан байсан тул цагдаагийн байгууллагад хандсан тухай мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,
- хохирогч Д.А “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулбар /хавтаст хэргийн 007 дахь тал/,
- камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,
- шүүгдэгч Ж.Э...2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Д.А Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Титэм зочид буудалд уулзсан. Тэгээд Д.А намайг архи аваад ир гэж хэлээд виза картаа өгөөд нууц дугаараа хэлэхээр нь би дэлгүүрээс ундаа архи авч ирээд картыг нь Д.Алтансүхэд өгөлгүй өөртөө хадгалж байсан. Тухайн үед Алтансүх болон А хоёртой хамт архиа хувааж уугаад гарч салаад ганцаараа АТМ-ээс эхлээд...170.000 төгрөг, 750.000 төгрөг, 300.000 төгрөг тус тус авсан. Дараа нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 200.000 төгрөг, 150.000 төгрөгийг тус тус нийт 1.370.000 төгрөг авсан энэ мөнгөө бүгдийг нь Д.А буцааж өгсөн. Ийм зүйл хийсэндээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :
Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :
2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.
Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-55/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.
2.2. Шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэм буруугийн санаатай хэлбэр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт үйлдэл ба тухайн хохирлын хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ талаар маргаангүй болно.
2.3. Шүүгдэгч нь хохирогчийн картыг хууль бусаар авсан нь хулгайлах гэмт хэрэг үйлдэх арга болсон, харин хулгайлах гэм буруугийн нэгдмэл нэг хэлбэрийн хүрээнд тус картнаас нийт 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 1.370.000 төгрөгийг авсан тухайн тохиолдолд гэмт хэрэг үйлдэгдэж төгссөн цаг хугацаа, газрын хувьд “алдаа” гарсан байх боловч тус хэргийг прокурорт буцаахгүйгээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Ж.Э хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
3.Хохирол, хор уршиг :
Тус хэрэгт хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-57, 61/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн
төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 1, Өмнөговь аймгийн Цагаан хад суманд хувиараа ажилтай буюу цалин хөлсний тогтмол орлоготой болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хавтаст хэргийн 27-39, 45/, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгчид зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суугаа газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.
Уг хэрэгт 1 ширхэг компакт диск хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Шүүгдэгч Ж.Э хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч Ж.Э зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суугаа газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүдэгч Ж.Э тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ж.Энь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт нь уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.
7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР