Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 02039

 

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/02039

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн дугаар хороо, Туулын тоотод оршин суух Б овогт Х.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дарханбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүргийн 6 дугаар хороо дугаар байрны  тоотод оршин суух Ч овогт С.Ц-т холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дарханбаатар, хариуцагч С.Ц, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дарханбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.М, С.Ц-тай 2006 оны 9 дүгээр сард танилцан, дотно харьцаатай болж тэдний дундаас нэг хүү мэндэлсэн.

Хүүхэдтэй болсноо мэдээд С.Ц-ын харьцаа бага багаар хөндийрсөөр 2008 оны 9 дүгээр сард хүү Д-ыг төрсөний дараагаар огт харилцаа холбоогүй болсон. Х.М хүүгээ өөрийн нэрээр овоглосон бөгөөд өдий хүртэлх хугацаанд С.Ц-аас ямарваа нэг тэтгэвэр, тэтгэмж аваагүй.

Иймд хүү Д-ыг С.Ц-ын хүү мөн болохыг тогтоон, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү, гэв.

 

           Хариуцагч С.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2006 онд танилцаад, дотно харьцаатай байсан нь үнэн. Шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байгаа тул тэтгэлэг төлнө. Х.М надад анх хэлэхдээ манай дүүг ажилд авбал энэ асуудлыг хөндөхгүй гэж хэлсэн. Одоо тэр дүү нь манай компанийн ерөнхий захирал хийдэг, ажилдаа сайн хүүхэд байгаа. Яагаад, шүүхэд хандсаныг ойлгохгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь

 

          Нэхэмжлэгч Х.М, хариуцагч С.Ц холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

           Нэхэмжлэгч, хариуцагч нар 2006 онд танилцаж, 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүү М.Д-ыг төрүүлж, түүнээс хойш тусдаа амьдарч, гэрлэлтээ батлуулаагүй болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, Г-2955 дугаартай хүүхдийн Төрсний гэрчилгээ-ний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн Эцэг тогтоолгох хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 5597 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн дүгнэлтээр С овогтой Ц, М.Д-ын биологийн эцэг мөн болох нь 99.99 хувьтайгаар тогтоогдсон байна.

         Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй боловч хүү М.Д төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг зохигчдод үүсчээ.

         Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар эцэг С.Ц-аас сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү М.Д-ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

          Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгнөөс 31233 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 38967 төгрөгийг улсын орлогоос, тэтгэлэг тогтоох нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих доод түвшин 185300 төгрөгийг 50 хувиар тооцож, нэг жилийн хугацаанд 1 хүүхдэд төлвөл зохих тэтгэлэг 1.111.800 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 31233 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

          Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтууд гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар Ч овогт С.Ц-ыг 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү М.Д-ыг эцэг мөн болохыг тогтоосугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү М.Д-ыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг С.Ц-аас сар бүр гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар С.Ц-аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Х.Мд даалгасугай.

 

4.Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 31.233 төгрөг, улсын орлогоос 38967 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаарзохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА