Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/372

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, 

Улсын яллагч Б.Ундрах,      

Шүүгдэгч Б.Анарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.А холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, ****оны ** дүгээр сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд, тусгай мэргэжлийн боловсролтой, хувиараа барилгын ажил эрхэлдэг боловч одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл *, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо, Шинэ толгойт гэмтэл **-р байр ** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, А овогт Б. А регистрийн дугаар: Ч*******,

Холбогдсон хэргийн талаар :  

Шүүгдэгч Б.Ань архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Шинэ толгойт хороолол 106 дугаар байрны 67 тоот гэртээ, 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо, Шинэ толгойт хорооллын ** дугаар байранд байрлах “Сүү цагаан идээ” нэртэй хүнсний дэлгүүр дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ө.М байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн  

2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо Шинэ толгойт хороолол ** дугаар байрны ** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ө.М тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй маргалдаж, улмаар толгойн тус газар нь ус буцалгагч шидэж толгойг нь хагалан биед нь “зүүн зулайд сорви шарх” гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

            1.Гэмт хэргийн нотлогдсон байдал :

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.Ань архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Шинэ толгойт хороолол 106 дугаар байрны 67 тоот гэртээ, 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо, Шинэ толгойт хорооллын 106 дугаар байранд байрлах “Сүү цагаан идээ” нэртэй хүнсний дэлгүүрт эхнэр Ө.М байнга зодсон, мөн

2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Шинэ толгойт хороолол 106 дугаар байрны 67 тоот гэртээ эхнэр Ө.Мг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :  

- зөрчлийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан...Нөхөр согтуу, агсам тавиад зодсон... гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

- дуудлага, лавлагааны хуудас /хавтаст хэргийн 8 дахь тал/,

- дуудлага мэдээллийн... 2021.11.24 20:50:36 сек нөхөр агсам тавиад дайраад байна, 2021.10.16-19:09:16 сек нөхөр агсам тавиад зодсон, 20118.01.26 -23:06:32 сек аав агсам тавиад байна, 2018.11.27 14:02:53 сек нөхөр согтуу ирээд зодоод байна...гэх жагсаалт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/, 

- аюулын зэргийн үнэлгээ ....6 буюу дунд зэргийн гэх дүгнэлт /хх-ийн 35, 36/,

- гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 39-47 дахь тал/,

- хохирогч Ө.М...А бид хоёр 1996 онд танилцсан, гэрлэлтээ 1997 онд батлуулж байсан, * хүүхэдтэй. 2021 оны 10 дугаар сарын 16-ны оройн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, байранд байрлах сүү, цагаан идээ нэртэй хүнсний дэлгүүр дотор согтуу орж ирээд чи миний гар утас авсан гээд над руу дайраад миний үснээс зулгаагаад нүүрийг маажсан. Дэлгүүр дотор таньдаг И, Э, Г нар байсан байгаад А салгасан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн үед манай нөхөр гудамжинд танихгүй залуутай архи уугаад...байрны дундуур машинаа унаад яваад байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би гэртээ ороод байж байтал нөхөр гаднаас согтуу орж ирээд чи цагдаад дуудлага өглөө гээд над руу дайраад намайг гичий янхан гэж хараахаар нь чи өөрийгөө хичээ гэж хэлэхэд миний хоолойг багалзуурдсан...баруун гарын булчин хэсэгт нэг удаа цохисон, зүүн талын гуя руу нэг удаа өшиглөсөн...З эгч, охин Т нар манайд байсан. Тэгээд З эгч дундуур орж ирээд салгасан. Цагдаад дуудлага өгөх гэхэд нөхөр гараад явчихаар нь цагдаад дуудлага өгөөгүй...2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр найз Г гэрт орж цай уу гээд Алтанхуяг бид хоёрыг дуудсан. Тэгээд цай ууж сууж байгаад нэг шил архи задалж Гандолгор, Г нөхөр Уу, А бид 4 хувааж уусан. Тэгээд гэртээ ороход А уурлаад савтай цэцэг идээд байхаар нь би буцаж Г орж хэлээд хамт орж ирсэн. Тэгтэл над руу ус буцалгагч авч шидээд миний толгойг хагалчихсан. Энэ асуудлыг мөн цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52, 54 дэх/,  

- гэрч С.Э ...Би 2021 оны 10 дугаар сарын **-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо Шинэ толгойт хорооллын ** дугаар байранд байрлах цагаан идээний дэлгүүр дотор И,  М нарын хамт юм яриад зогсож байхад гаднаас М нөхөр А согтуу орж ирээд гар утас нэхэхэд М би гар утсаа аваагүй гэхэд А уурлаад үснээс нь зулгаагаад нүүр ам руу нь гараараа цохиод авахад И бид хоёр салгаад А дэлгүүрээс аваад гарсан...2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр санагдаж байна, А, М хоёр хоорондоо маргалдахад A ус буцалгагч аваад шидэж М толгойг хагалсан. Тэр орой М манай гэрт хонохдоо энэ талаар хэлсэн. Мөн М толгой нь хагарчихсан байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26, 59 дэх тал/,

- гэрч С.Игийн.. 2021.10.16-ны орой 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Шинэ толгойт хорооллын доор байдаг цагаан идээний дэлгүүр дотор ороход Гандолгор, Энхмөнх, М нар байсан тэгсэн араас Алтанхуяг архи уучихсан согтуу орж ирээд шууд М үснээс зулгаагаад толгой тархи руу нь гараараа хайр найргүй балбаад байсан би айгаад дэлгүүрээс гарсан дэлгүүрт Г, Э нар тэр 2-ыг салгаад үлдсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24, 61 дэх тал/,

- гэрч А.О... 2021 оны 10 дугаар сарын 16-ны 20 цагийн үед би хичээлээ тараад гэртээ ортол аав согтуу ирээд ээжийг зодчихоод явсан байсан. 2021 оны 10 дугаар сарын 17-ны орой 21 цагийн үед хичээлээ тараад гэртээ иртэл аав дахиад согтуу ирээд ээжийг зодчихоод гараад явсан гэж ээж надад хэлсэн. Тэгээд тэр шөнө 00 цагийн үед аав согтуу орж ирээд ээж рүү дайраад ээжийн хөл рүү өшиглөөд гараараа цохих гэж байхад би голоор нь ороод салгаад холдуулсан чинь аав, ээжийн гар утсыг аваад том өрөөнд газар унтаад өгсөн. Өмнө олон удаа ээжийг зоддог байсан хэзээ гэдгийг нь мартчихсан...саяхан 7 сард ээжийг зодож толгойг нь хагалж байсан. Намайг бол зодож байгаагүй...2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ээжийн толгой руу ус буцалгагч шидээд хагалчихсан байсан. Би тэр өдөр гэртээ байгаагүй маргааш нь гэртээ ирэхэд ээж толгойгоо хагалуулчихсан гээд боочихсон байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20, 22, 63 дахь тал/, 

-шинжээчийн дүгнэлт...Ө.М биед зүүн зулайд сорви шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үзүүлэхээс 3 сараас дээш хугацааны өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сариниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо /хавтаст хэргийн 66 дахь тал/,

- шүүгдэгч Б.А... Би 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Багануур дүүрэг явчхаад гэртээ ирээд, эхнэрийн найз Г гэрт орж ирээд эхнэр бид хоёрыг цай уу гэхээр нь очсон, Г нөхөр У байсан ба бид дөрөв 0.75 граммын нэг шил архи хувааж уугаад би түрүүлээд гэртээ орж ирээд эхнэр араас орж ирсэн. Би хувцсаа өмсөөд гарах гэтэл эхнэр намайг архи уух гэж байна гээд бид хоёр маргалдсан. Манай эхнэр намайг хэл амаар доромжлоод цагдаад дуудлага өгнө гэхээр нь миний уур хүрээд хоосон ус буцалгагч аваад шидсэн чинь толгойг нь оноод цус гарсан байсан. Г араас гэрт орж ирээд бид хоёрыг салгасан. 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би гэрээсээ гарч яваад хуучин найзуудтайгаа таараад нэг шил архи уучихсан байсан. Тэгээд гэртээ орох гэтэл хаалганы гол сольчихсон хаалга онгойхгүй байхаар нь...Мд хандаж яагаад цоожны гол сольсон юм бэ гэхэд эхнэр гар зайл гэхээр нь миний уур хүрээд үснээс нь зулгаасан. Энхмөнх, Гандолгор хоёр намайг салгасан. Маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр намайг машиндаа унтаж байхад эхнэр нэг цагдаатай хамт ирээд машиныг ачуулаад явуулчихсан. Тэгээд би архи ууж байгаад 21 цагийн үед ирээд эхнэр лүүгээ машин ачууллаа гээд хэрэлдэж маргалдаж байгаад хоолойг нь боогоод гар луу нь цохисон. Тэр өдөр манай гэрт эхнэрийн эгч З охин Т хамт ирсэн байсан З эгч бид хоёрыг салгасан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78-79 дэх тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

  1. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

 

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд: 

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан   үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан.  

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 78-79, шүүх хурлын тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.

2.2. Шүүгдэгчийн үйлдсэн “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” нийлмэл гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хангагдсан байна.  

Дээр дурдсан нотлох баримтын эх сурвалжаар : шүүгдэгч Б.А, хохирогч Ө.М нар гэр бүлийн гишүүд байх ба шүүгдэгч нь 2021.07.20, 2021.10.16, 2021.10.17-ны зэрэг өдрүүдэд буюу байнга тогтвортойгоор эхнэртээ хүч хэрэглэж, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хүч хэрэглэхээр заналхийлэх болон бусад хэлбэрээр бие махбод, сэтгэл санааны шаналал, зовуурь, шаналгаат байдалд оруулж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан болох нь тогтоогдсон, харин тус гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус, хууль бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.4 дүгээр зүйл дэх “хуульчилсан тайлбар”, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-т заасан үндэслэл, журмын хүрээнд Б.А гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч, Ө.М гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэж үзнэ.      

Тодруулбал, шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэр, байнга тогтвортой гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаангүй болно.  

Иймд шүүгдэгч Б.А гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

3. Хохирол, хор уршиг :  

 

Хохирогч тус гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нэхэмжлэл гаргаагүй байх боловч хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр үлдээх зүйтэй гэж үзэв.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

1.Хууль зүйн үндэслэл, дүгнэлт :

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 7, хувиараа хөдөлмөр эрхэлдэг болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдаж /хх-78, 80, 94-104, 105-106 шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан болно.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.А Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих үүргийг 8 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тухайн ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.      

 

  1. Бусад асуудал

 

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

                                                ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Б.А гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ал-г Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих үүргийг 8 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.А-д сануулсугай.      

5. Тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.    

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.       

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.