Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/278

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа, 

Улсын яллагч Ж.Сувданчимэг /томилолтоор/,      

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Г.Энхболд /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Бд холбогдох 2208000000597 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын ** -ны өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, ** настай, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа мужаан ажил эрхэлдэг, Булган аймгийн Дашчилэн * дүгээр баг, Төв Гандангийн * дугаар гудамжны * тоотод оршин суух хаягтай боловч, ам бүл *, хамтран амьдрагчийн хамт Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, Хувьсгалчдын ***д оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Д.Б /РД: ГД *****/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ** оны ** дугаар сарын **-ний өдөр ** цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Зээлийн **-ын * тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч С.Н шалтгаангүйгээр зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

                       

 ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :  

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Д.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022.02.28-ны өдрөөс 2022.03.01-нд шилжсэн 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 24-ын 6 тоотод хамтран амьдрагч С.Н зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :                  

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан...иргэн Нармандахаас Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагчдаа зодуулсан гэх...тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

- шуурхай удирдлага тасгийн дуудлага, лавлагааны хуудас /хавтаст хэргийн 32 дахь тал/,

- хохирогч С.Н...2022 оны 02 дугаар сарын 28-ны орой 21 цагийн үед найз Э Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Баруун салааны 3 дугаар буудалд байх гэрт очиход манай хамтран амьдрагч А архи уусан байдалтай байсан...Э 2.5 л боргио пиво авсан байсан ба би тэрийг найзынхаа хамт уучхаад байж байтал манай найз Э нөхрийнхөө хамт унтаад өгсөн ба би унтах гэтэл гэнэт...хамтран амьдрагч А үгийн зөрүүгүй зодоод байхаар нь цагдаа дуудсан. Тухайн үед маргалдах шалтгаан болоогүй. А намайг цохиж байх үед манай хоёр найз унтаж байсан...Тус гэмтлүүдийг А гараараа олон удаа цохиж учруулсан /хавтаст хэргийн 7 дахь тал/,

- шинжээчийн дүгнэлт : С.Н биед тархи доргилт, зүүн чамархай, шанаа, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, эрүүний зүүн хэсэг, дээд, доод уруулын хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний алимын салстад цус харвалт, дээд, доод уруулын дотор зүүн хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 17 дахь тал/,

- шүүгдэгч Д.Б...2022 оны ** дугаар сарын **-ны өдөр манай найз Гансүх намайг дуудахаар нь би Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Зээлийн ** тоот хаягт очсон. Тэгээд би найз Г хамт * шил архи ууж байхдаа хамтран амьдрагч С.Н дуудсан...Тэгээд бид дөрөв 1 шил архи уусан. Би үл ялих зүйлээс болж маргалдаад Нармандахын нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон. Тухайн үед Г, Э нар унтаж байсан болохоор юу болсон талаар хараагүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

  1. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

 

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд : 

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй байх бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан.    

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-54/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан.

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон.

2.3. Яллах дүгнэлтэд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагчаа шалтгаангүйгээр зодож” гэж дүгнэсэн атлаа “хэргийг энгийн бүрэлдэхүүн”-ээр зүйлчилсэн зэрэг “алдаа” гаргасан байгааг тэмдэглэж, харин тус хэргийг прокурорт буцаахгүйгээр тус хэргийн хэмжээ хязгаарын хүрээнд шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч Д.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

  1. Хохирол, хор уршиг:   

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын талаар баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч хохирогчид эмчилгээний төлбөрт нийтдээ 300.000 төгрөгийг төлж барагдуулсан /шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирогч гомдол саналгүй тухай мэдүүлсэн байх тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 2, хувьдаа тээврийн хэрэгсэлтэй, түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-20-21, 35-40, 41-45, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.   

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.  

 

  1. Бусад асуудал

 

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь : 

 

1. Шүүгдэгч Д.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.            

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.           

5. Шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГАНБААТАР