| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2017/00397/И |
| Дугаар | 00068 |
| Огноо | 2018-03-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 00068
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 9-р хороо 7-р хороолол 78-35 тоотод байрлах /ХТО0022 1052608/ Хот байгуулалтын мэдээлэл, судалгааны төвийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг 7-р хороо Жаргалантын 23-р гудамжны №554 тоотод оршин суух албан ёсны хаягын бүртгэлтэй* тоотод оршин суух, /*/ Өөлд овогт Очирхүүгийн Тт холбогдох 6908000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Хариуцагч О.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хот байгуулалтын мэдээлэл, судалгааны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Тус байгууллага нь Түнхэл тосгоны Хуримтлалын бүлгийн холбоо ТББ-ын дэргэдэх “Түнхэлийн хөгжил” хуримтлалын бүлгийн гишүүдийн хүсэлтээр анх 2009 оны 9 дүгээр сард Азийн ядуу буурай орнуудыг дэмжих АССА сангаас 56 сая төгрөгийг 1 жилийн хугацаатай 1%-ийн хүүтэй авч нийт 16 өрхийн орон байрны нөхцлийг сайжруулж шинээр байшин барьж өгч зээлээ 5 жилийн хугацаанд эргэн төлөх гэрээ хийсэн билээ. Хариуцагч О.Тт гэрээнд тусгасны дагуу хугацаандаа эргэн төлөлт хийхийг удаа дараа шаардаж хугацаагаа 3 жил сунгаж нийт 8 жил болж байгаа боловч О.Т нь тавьсан шаардлагыг үл тоон гадаад, дотоодын байгууллагуудын үйл ажиллагаанд хохирол учруулж байна. Иймд О.Таас үндсэн зээлийн төлбөр 6380000 төгрөг, хүүгийн төлбөр 528000 төгрөг нийт 6908000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: ... Манай төрийн бус байгууллага нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд байрлах мод бэлтгэлийн аж ахуйн хуучнаар найман шар гэдэг байшинд амьдардаг байсан 16 айлын нурж унах шахсан орон сууцыг бид тэнд амьдарч байсан хүмүүсийн хүсэлтээр шинэчилж бариулах төсөл оруулж өгсөн. Түнхэл тосгоны ард түмэн бүгд мэдэж байгаа. О.Ттай уг гэрээг 2009 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан. Бид нар энэ байшинг тухайн оны 09 дүгээр сараас эхлээд өмнө нь ярилцаж тохирч байгаад төсөлд хамрагдъя гэдэг үндэслэл хүсэлтийг нь хүлээж аваад 2009 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр бид 16 айлын байшинг буулгаж нураагаад хогийг нь зөөгөөд ачаад барилгыг нь барьсан. Нэг байшин 2 талаараа хаалгатай 2 айл оруулахаар 5 байшин бариулсан. 10 айлыг нь тэнд оруулаад 6 айлыг нь өөр газар хашаа байшин авч өгч гаргасан. Байшингаа бариад дууссаны дараа бид эдгээр хүмүүстэй гэрээ хийсэн байгаа. Тэр үед энэ хүн нөхөртэйгээ амьдарч байхдаа зөвшөөрч 5 жилийн гэрээгээ хийж гарынхаа үсгийг зураад зөвшөөрсөн. Үнэхээр байшингийнхаа чанар шаардлагыг хангахгүй гэж үзсэн бол энэ гэрээг бидэнтэй хийхгүй байж болох байсан. Гэрээгээ хийчихээд 5 жил эдгээр хүмүүсийг мөнгөө төлөөч гэж шаарддаг, шаардлагыг хүлээж авч гарын үсэг зурдаг байсан. Хариуцагчид гомдож явсан зүйл нь бусад айлуудынхаа зээлийн эргэн төлөлтийг төлүүлэхгүйгээр болиулж байсан. Үүнийг битгий төл, гадаадын зээл тусламжаар эргэн төлөлтгүй олгож байгаа зээл учраас бид нар энэ мөнгийг төлөхгүй байж болно гэж бусдыгаа уруу татаж олон хүмүүсийг чирэгдүүлж одоо асуудалд оруулчихсан байгаа. Зээлийн мөнгөө төлөөгүй 3 айл байгаа. Нөгөө хоёр нь эвлэрүүлэн зуучлахаар ороод төлөхөөр болоод гараад хэлтэл бас битгий төл гэж хэлсэн байгаа юм. Бид тэр хоёр хүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн байгаа. Энэ хүнээс одоо төлбөрөө төлөхийг шаардахад төлөхгүй хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь зохисгүй гэж бодож байна. Тэр үедээ энэ хүн бид нартай гэрээ хийгээгүй бол бид тэр үед өөр хүнд уг байшинг бараг бэлэн мөнгөөр нь өгчих боломж байсан. Эсвэл тухайн үедээ байшин барьж дууссаны дараа шаардлага хангахгүй гэж үзэж гэрээ хийгээгүй байсан бол тухайн үед асуудал шийдэгдчих байсан. Тэгэхээр бүхэл бүтэн 9 жилийн дараа ийм зүйл яриад сууж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо шүүхэд хандаж нэхэмжлэлээр шаардсан 6908000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна. ...Өмнө нь энэ асуудлаар тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах төвд хандсан боловч амжилтгүй болсон, мөн 2017 оны 04 сард шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч хүлээн авахаас татгалзсан... гэжээ.
Хариуцагч О.Т шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ... 2007 онд энэ газар дээрх хашаа байшинг аав маань эгч бид хоёрт авч өгсөн. Аав маань Түнхэлд амьдаръя гэсэн хүслээр авсан. Тэр үед аав маань очих гэхээр зүг буруу байна цагаан сар өнгөрөөд очъё гэж хэлсэн боловч бие нь муу байж байгаад өнгөрчихсөн. Манай эгч одоо Чех улсад амьдардаг нуруу муутай группэд орчихсон байгаа нөхрийнхөө хамт Монголдоо ирж Түнхэлдээ амьдрах сонирхолтой байгаа. Тэгэхээр би эгчдээ газрын өртэй болчихож байгаа юм. Манайх хуучин найман шар гэдэг хашаа байшинг албан ёсоор хуулийн дагуу худалдаж авсан. Бид өөрсдөө 8х8 хэмжээтэй байшин барих гээд суурь цутгасан байсан. Тэгэхэд тэр үеийн засаг дарга төслөөр байшин баригдах гэж байгаа шүү битгий байшингаа бариарай гэж хэлж байсан. Тэгээд төслийн байшин ороод ирлээ гэхээр нь бид нар төслөөр байшин бариулмааргүй байна бид хувийн байшингаа бариулаад орчихвол ядаж дэлгүүр хоршоо нээгээд амьжиргаанд маань хэрэгтэй тэр байшингийнхаа мөнгийг бид нарт зүгээр өгчихөж болдоггүй юм уу гэхэд тэгвэл төсөл төсөл биш болчихно шүү дээ гэж хэлж байсан. Тэгэхээр нь тэр үед бид оролцоогүй. Тэгээд би тэр үед жирэмсэн байсан болохоор илүү дутуу юманд нь оролцож чадалгүй Улаанбаатар хот руу түр хугацаагаар явсан. Одоо нэхэмжлэгч талын яриад байгаа бидний амьдарч байсан муу байшин үнэхээр сайн байшин байсан юм байна одоогийх шиг мөөгөнцөрддөггүй байсан, хажуу айл хаалгаа онгойлгоход сонсогддоггүй байсан. Хамгийн гол нь энэ байшинг барьж байхад би нялх 3 сартай хүүхдээ тэврээд удаа дараа энэ хүн чинь байшинг барьж чадахгүй байна шүү дээ тэр барьж байсан хүн нь архи уугаад алга болоод хоёр чадахгүй хүнээр бариулж байна гэж хэлж байсан. Тэр хоёр хүн нь хадаас хаана яаж хадахаа мэдэхгүй хажуудах хүнээсээ хүртэл яаж хаддагийг хэлээд өгөөч гэж хүртэл явж байсан. Танайд 5 кг хадаас ордог бол тал нь орж байгаа шүү гэж хэлж байсан. Мөн бүтэн палк мод орох байсан бол жижиг палкнууд манай өөрийн талд ч байгаа 2 айлын голд жижиг жижиг палкны үзүүр нь гарчихсан байгаа. Дуу тусгаарлах асуудал ерөөсөө байхгүй. Агааржуулагч байхгүй. Хамгийн гол нь амьдрах нөхцөл байхгүй эрүүл мэндээрээ хохирох зүйлд байна. Насан туршдаа амьдарна гэж байшинд ордог гэтэл би хэдхэн жил болоод засвар хийж байна би Б эгчийг дуудаад хүртэл харуулж байсан. Би байнга ингээд янзлаад байх юм уу мөн дээрээс нь би өвчин олж байгаа миний хоёр хүүхэд өвчин олж байгаа. Насан туршдаа бид эдгэх өвчингүй эдгэхийн аргагүй өвчтэй болчихвол хамгийн хэцүү нь тэр. Тэгсэн дор би гэр бариад суувал надад хамаагүй дээр. Бас би өөрийгөө турхирч байсанг мэдэхгүй. Байшинг би чанаргүй баригдаж байгаа талаар хүүхдээ тэврээд зөндөө гуйхад өөрсдөө надад туслаагүй мөртлөө одоо болохоор гэрээ хийгээд авчихсан гэж байгаатай санал нийлэхгүй. Хүн амьдрахад хэцүү байшин учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...Т.Луубат нь манай хоёр хүүхдийн аав нь юм одоо бид нар тусдаа амьдарч байгаа... гэжээ.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, талуудын гаргасан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хот байгуулалтын мэдээлэл, судалгааны төв нь хариуцагч О.Тт холбогдуулан “зээлд 6380000 төгрөг, хүүнд 528000 төгрөг, нийт 6908000 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч О.Т уг зээлийн гэрээний дагуу барьсан байшин нь чанаргүй баригдсан, мөөгөнцөрдсөн гэх үндэслэл зааж нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Хот байгуулалтын мэдээлэл, судалгааны төв нь 2009 оны 11 дүгээр сарын 26-ний өдөр хариуцагч О.Т, түүний нөхөр Т.Луубаттай харилцан тохиролцож 5000000 төгрөгийг орон сууц барих зориулалтаар, 60 сарын хугацаагаар, сарын 1 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, 2009 оны 11 дүгээр сарын 26-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр /ХХ-н 4-5-р тал/ тогтоогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.3-т “хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана”, 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.
Гэрээний дагуу зээлдүүлэгч тал болох Хот байгуулалтын мэдээлэл, судалгааны төв нь зээлдэгч О.Тт орон сууц барьж шилжүүлэн өгсөн болох нь зохигчийн тайлбар, АССА хөтөлбөрөөр орон сууцны нөхцлөө сайжруулах том төсөлд хамрагдсан “Түнхэлийн-Хөгжил” ХБ-ийн гишүүн Т.Луубатын зээл төлөлтийн хуваарь /ХХ-н 6-р тал/, “Хот байгуулалт мэдээлэл судалгааны төв” ТББ-ын О.Тт хүргүүлсэн мэдэгдэл /ХХ-н 8-р тал/, “Хот байгуулалт мэдээлэл судалгааны төв” ТББ-ын 2012 оны 09-р сарын 20-ны 12/43 дугаартай мэдэгдэл /ХХ-н 9-р тал/, Мэдэгдэх хуудас хүлээн авсан хүмүүсийн нэрсийн жагсаалт /ХХ-н 10-р тал/, “Хот байгуулалт мэдээлэл судалгааны төв” ТББ-ын мэдэгдэл /ХХ-н 11-р тал/, зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч тал “... зээлийн гэрээний дагуу барьсан байшин нь чанаргүй баригдсан, мөөгөнцөрдсөн, эрүүл мэндэд хохирол учируулж өвчинтэй болгосон ...” гэх боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбараа нотолж чадахгүй байна.
Хариуцагч талаас шүүх хуралдааны үед шинээр гэрэл зураг гаргаж хэрэгт нотлох баримтаар хавсаргасан боловч 6-н кадр бүхий зураг нь хэзээ, хаана авсан гэрэл зураг нь тодорхойгүй, гэрэл зураг дээрх байдал хэзээ үүссэн, уг зургаар нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байгаа эсэх, хариуцагчийн тайлбар үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байна.
Иймд зээлийн гэрээгээр тохирсон үндсэн төлбөр 6380000 төгрөг, хүүгийн төлбөр 528000 төгрөг нийт 6908000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Таас 6908000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хот байгуулалт мэдээлэл судалгааны төвд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хот байгуулалт мэдээлэл судалгааны төвдийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 125478 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Таас 125478 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хот байгуулалт мэдээлэл судалгааны төвд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.