| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2018/0612/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/156 |
| Огноо | 2018-02-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2018/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Т.Солонго,
Улсын яллагч Б.Байгалмаа,
Шүүгдэгч Г.П, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт Г-ын П-д холбогдох 1711008760240 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдрах, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамж, 00 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г-ын П (РД: хх0000000)
нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 15-16 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамж 946 тоотод оршин суух хохирогч Ц.Г-гийн байшинд хууль бусаар нэвтэрч “Делл” маркийн нөтбүүкийг хулгайлж 760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-“Найзтайгаа уулзах гээд очиход найз маань байгаагүй. Түлхүүр нь үүдний амбаарынх нь довжоон доогуур байсан. Тэгээд хаалгыг нь онгойлгож ороод нөүтбүүкийг нь аваад явсан. Эргэж ирээд Соронзонболдод тайлбарлаж хэлэх гэтэл цагдаа дуудчихсан байсан юм. Дахин гэмт хэрэг хийхгүй, гэмшиж харамсаж байна.” гэв.
Г.П мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 11-12 цагийн үед Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо Булгийн 19 дүгээр гудамжны 946 тоот зүс таних Болдоотой уулзах гээд хаалгыг нь тогшсон юм. Тэгсэн хаалгаа тайлаагүй ба довжоон доор нуусан байсан түлхүүр нь хөлд мэдэгдэж, гайхаад хартал түлхүүр байхаар нь аваад хаалгыг нь онгойлгон дотогшоо орсон. Ингээд зочны өрөөний ширээн дээр байсан нөүтбүүк, хар өнгийн эрэгтэй хүний хагас богино савхин куртик байхаар нь аваад хаалгыг нь буцааж цоожлоод түлхүүрийг нь довжоон доогуур нь хийсэн. Ингээд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бат-Амжилт” нэртэй ломбарданд өөрийн бичиг баримтаар 300.000 төгрөгөнд тавьсан. ...Би одоо болтол Болдоогийн гэрт орж хулгай хийснээ маш их гайхдаг.” гэжээ.
Хохирогч Ц.Г- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19 дүгээр гудамж 946 тоотод байрлах гэрээсээ гараад хичээлдээ яваад 15 цагийн орчимд буцаад ирэхэд манай гэрийн хаалга түгжээтэй байсан. Манайх түлхүүрээ амбаарын дрожны доод талд тавьдаг байсан. Тэгээд би түлхүүрээ аваад хаалгаа онгойлгоод хоол цайгаа ууж сууж байгаад зөөврийн компьютероороо юм хийх гээд хайтал алга болсон байсан. Тэгээд би манай дүү Соронзонболд аваад явсан байж магадгүй гэж бодоод дүүгээ ирэхийг хүлээсэн. Манай дүү утасгүй. Тэгээд Соронзонболд хичээлээ тараад гэрт ирэхээр нь би зөөврийн компьютероо асуутал мэдэхгүй байсан. Тэгээд би гэрийнхнээсээ асуугаад мэдэх хүн байхгүй болохоор гэрт хулгай орсон байна гэж бодоод хажуу айлын Пүрэвдаваа гэх залууг сэжиглэсэн. Учир нь Пүрэвдаваа манай гэрийн түлхүүр хаана байдгыг мэддэг ба манай гэрт заримдаа орж ирдэг байсан. Тэгээд би Пүрэвдаваагийн гэрт ороход Пүрэвдаваа гэртээ байхгүй дүү нь гэртээ байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагын ажилчдыг дуудаж Пүрэвдавааг шалгуулахад Пүрэвдаваа миний зөөврийн компьютерийг манай гэрийн түлхүүрээр онгойлгон орж хулгайлан аваад “Бат-Амжилт” нэрт ломбарданд 300.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан. ...Манай гэрээс “Делл” маркийн Ай-5 үзүүлэлттэй хар өнгийн зөөврийн компьютер алдагдсан. Уг зөөврийн компьютерийг 1 жилийн өмнө 1.200.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 800.000 төгрөгөөр үнэлж байна. ...Бид хоёр нэг гудамжинд байдаг нэг нэгнээ хальт танина. Би Пүрэвдаваад зөөврийн компьютероо өгсөн асуудал байхгүй. ...Би гомдолтой байна.” гэжээ.
Иргэний нэхэмжлэгч Б.Сандуйжав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би ломбардан дээрээ ажиллаж байсан үед Ганзоригийн Пүрэвдаваа өөрийнхөө иргэний үнэмлэхээр “Делл” маркийн зөөврийн компьютероо 300.000 төгрөгний барьцаанд 14 хоногийн хугацаатай тавьсан. Тухайн үедээ хөдөө явах ажилтай байна гэж хэлж байсан. ...Тухайн нөүтбүүк хэнийх болохыг би өөрөөс нь асуусан. Тэгэхэд манай эгчийн нөүтбүүк байгаа юмаа гэж хэлж байсан. ...Манай ломбарданд учирсан хохирол байхгүй.” гэжээ.
Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл, шүүгдэгч Г.П нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 15-16 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамж 946 тоотод оршин суух Ц.Г-гийн байшинд хууль бусаар нэвтэрч “Делл” маркийн нөтбүүк хулгайлж 760.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчээс өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Г-гийн “…Тэгээд би цагдаагийн байгууллагын ажилчдыг дуудаж Пүрэвдавааг шалгуулахад Пүрэвдаваа миний зөөврийн компьютерийг манай гэрийн түлхүүрээр онгойлгон орж хулгайлан аваад “Бат-Амжилт” нэрт ломбарданд 300.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан.” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Сандуйжавын “...Тухайн үед Ганзоригийн Пүрэвдаваа өөрийнхөө иргэний үнэмлэхээр “Делл” маркийн зөөврийн компьютероо 300.000 төгрөгний барьцаанд 14 хоногийн хугацаатай тавьсан” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгийн үнэлгээ, барьцаат зээлийн гэрээг эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Б овогт Г-ын П-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгчээс хохирогчид эд зүйл буцаан өгсөн, иргэний нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б овогт Г-ын П-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйл хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.П-г 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.П-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
5.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ