| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2017/00326/И |
| Дугаар | 00033 |
| Огноо | 2018-01-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 00033
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1969 онд төрсөн, 49 настай, эрэгтэй, * тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /*, утас:*/ Харчин овогт Цэндийн Цын нэхэмжлэлтэй
Хариуцагч: * тоотод оршин суух, 1969 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 49 настай, эмэгтэй, /*/ Найман овогт Гүндвайн Кд холбогдох
Г.Кгийн хууль бус эзэмшлээс FORD ECONOLINE 0 маркийн “52-44” УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа, хариуцагч Г.К, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Цэдэн, гэрч С.Чулуунбаатар, Л.Дэлгэрцэцэг, Д.Дамдиндорж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Ариунсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ... 2016 оны 11 сард Д.Дамдиндорж над дээр ирээд хүнээс мөнгө зээлээд самранд явъя гэсэн. Гэвч барьцаанд тавих юм байхгүй байна та туслаач гэхээр нь би машинаа өгч барьцаанд тавиулж Д.Дамдиндорж мөнгө авсан. Сарын дараа зээлсэн мөнгөө төлөөд таны мөнгийг гаргуулж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл машиныг минь авч өгөлгүй жил болчихлоо. Одоо би энэ хүнээс машинаа гаргуулж авмаар байна. Мөнгө зээлсэн хүмүүс нь эвлэрүүлэн зуучлалаар орж мөнгийг төлж барагдуулна гэдгээ илэрхийлж гэрээ байгуулж шүүгчийн захирамж гарсан байна лээ. Одоо бол надад ямар ч хамааралгүй тул Г.Кгаас миний машиныг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.К шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Д.Дамдиндорж над дээр ирээд самранд явах гэсэн юм мөнгө төгрөг хэрэгтэй байна. Би хадам аав, ээждээ Зил-131 маркийн машин авч өгөх гэсэн чинь мөнгө дутаад байна, та надад хэдэн төгрөг өгөөч гэхэд би надад зав алга, мөн машин тэрэг барьцаанд авахгүй та нар яв гэсэн. Тухайн үед би хашаандаа малаа янзалж байсан. Тэгээд Д.Дамдиндорж, хадам аав, ээжтэйгээ дахиж ирээд 2 хоног мөнгө хайлаа юу ч олдсонгүй, таныг таньдгаар нь машинаа барьцаанд тавъя гэхээр нь би за за хүргэн чинь та хоёрыг машинтай болгож байгаа юм бол би тусалъя гээд 3 сая төгрөгийг дансаар өгч, 2 сая 500 гаран мянган төгрөгний хүнс өгсөн. Тэгээд надад 5542700 төгрөгний өртэй болсон. Д.Дамдиндоржоос машин барьцаанд авахдаа бичиг баримт шаардахад Ц гэсэн бичиг баримт өгөхөөр нь энэ яагаад Ц гэдэг нэртэй байгаа юм бэ гэхэд эгчээ намайг Ц гэдэг би иргэний үнэмлэхээ гэртээ үлдээсэн байна. Та манай хадам ээжийг таньж байгаа юм чинь өгчихөөч дээ гэсэн. Тэгээд би машиныг нь барьцаанд авч, мөнгө зээлсэн. Би энэ Ц гэдэг хүнийг урд нь ерөөсөө хараагүй, түрүүчийн шүүх хурал дээр л харсан. Бүтэн жилийн хугацаа болж байхад надаас нэг ч удаа машинаа асууж яриагүй, нэг ч төгрөг өгөөгүй. Ц, Дамдиндорж гэдэг хүмүүс өөр хүмүүсийн машиныг барьцаанд тавьж иймэрхүү байдлаар мөнгө авч залилдаг юм шиг байгаа юм. Би мөнгөө авчихвал одоо ч хамаагүй машиныг нь өгөхөд татгалзах зүйлгүй гэв.
Гэрч Д.Дамдиндорж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: … Би Г.К гэдэг хүнд машин барьцаанд тавьж мөнгө зээлсэн нь үнэн. Гэвч Г.К нь энэ мөнгөний асуудалд намайг болон миний өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр манай хадам аав, ээжтэй тохиролцоод эвлэрлийн гэрээ байгуулж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байгаа. Тэгэхээр энэ асуудал одоо дууссан гэж үзэж байна гэв.
Гэрч С.Чулуунбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: … Анх манай хүргэн Д.Дамдиндорж Г.Кд машин барьцаанд тавьж мөнгө зээлсэн нь үнэн. Ингээд эхнэр бид хоёр хүргэнийхээ өмнөөс уг мөнгө төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрүүлэн зуучлалаар орж эвлэрийн гэрээ байгуулсан. Шүүгчийн захирамж гарсан байгаа. Одоо боломж байхгүйн улмаас мөнгөө төлж чадахгүй байна гэв.
Гэрч Л.Дэлгэрцэцэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: … Бид нар хүргэнтэйгээ ярилцан тохиролцоод нэг машин худалдаж авахаар болсон. Ц.Ц манай хүргэнтэй ах дүүгийн харилцаатай хүмүүс юм шиг байна лээ. Тэгээд машиныг нь Г.К эгчид барьцаанд тавиад мөнгө зээлж самранд явахаар болсон. Миний бодож байгаагаар тухайн үед самарнаас ирээд Г.К эгчид 1 сая төгрөг өгөх боломж байсан байх, гэвч яагаад өгөөгүй шалтгааныг мэдэхгүй байна. Дараа нь нөхөр бид хоёр хүргэнээ хүлээлгүйгээр өөрсдөө ч гэсэн хүний машинтай самранд яваад өрнөөсөө бага ч болов төлж барагдуулъя гээд явсан боловч ашиг олж чадаагүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ц нь Г.Кгийн хууль бус эзэмшлээс FORD ECONOLINE 0 маркийн “52-44” УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г.К нь Д.Дамдиндорж түүний хадам аав С.Чулуунбаатар, хадам ээж Л.Дэлгэрцэцэг нараас зээлсэн мөнгөө авчихвал Ц.Цын машиныг чөлөөлөхөд татгалзах зүйлгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Маргааны зүйл болох FORD ECONOLINE 0 маркийн “52-44” УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Харчин овогт Цэндийн Цын өмч мөн болох нь №01219351 дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээний эх хувь, 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Тээврийн хэрэгсэл бэлэглэх” гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Д.Дамдиндоржийн шүүх хуралдаан дээр гаргасан ... Би Г.К гэдэг хүнд Ц.Ц ахын эзэмшлийн тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж мөнгө зээлсэн нь үнэн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Зохигч уг автомашины өмчлөлийн талаар маргаагүй бөгөөд өмчлөгч нь өөрийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.
Хариуцагч Г.К нь 2016 оны 11 дүгээр сард Д.Дамдиндорж түүний хадам аав С.Чулуунбаатар, хадам ээж Л.Дэлгэрцэцэг нартай харилцан тохиролцож 3000000 төгрөгийг бэлэн мөнгөөр, 1722000 төгрөгний үнэ бүхий хүнсний бараа, 800000 төгрөгний үнэ бүхий эр шүдлэн үхэр, шүдлэн үрээг тэдэнд зээлдүүлж, зээлдэгч нь уг зээлийн барьцаанд Ц.Цын эзэмшлийн FORD ECONOLINE 0 маркийн “52-44” УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан боловч дээрхи зээлийн төлбөр болох нийт 6000000 төгрөгийг Г.К нь С.Чулуунбаатар, Л.Дэлгэрцэцэг нараас авахаар харилцан тохиролцож тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрлийн гэрээ байгуулсан байх ба Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №959 дугаартай шүүгчийн захирамжаар гэрээг баталгаажуулсан байна. Шүүхийн энэ шийдвэр хүчин төгөлдөр байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Г.Кгийн хууль бус эзэмшлээс FORD ECONOLINE 0 маркийн “52-44” УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг чөлөөлж нэхэмжлэгч Ц.Цт олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Г.Кгийн эзэмшлээс /арлын дугаар 1FDEE14Y5SHA, FORD ECONOLINE 0 маркийн “52-44” УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг чөлөөлж нэхэмжлэгч Ц.Цт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Цын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94950 төгрөг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Кгаас 94950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Цт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.