Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 356

 

Д.Ж-д холбогдох эрүүгийн

                                                                          хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

          хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

          шүүгдэгч Д.Ж, түүний өмгөөлөгч Ц.Туяа,

          нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-н гаргасан давж заалдах гомдлоор Д.Ж-д холбогдох 1803 0073 90433 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Д-н Ж, 19... оны ... дугаар сарын ..-ны өдөр ........ аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, хүүгийн хамт ......... дүүргийн .. дугаар хороо, .......... дугаар гудамжны ...тоотод оршин суух бүртгэлтэй,

1960 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйл, 212 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ялаар,

1961 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 197 дугаар зүйл, 109 б дүгээр зүйлд зааснаар 2 жилийн хорих ялаар,

1968 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 б дүгэр зүйл, 157 дугаар зүйл, 153 дугаар зүйл, 73 дугаар зүйлүүдэд зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, /РД: ............./;

Д.Ж нь 2018 оны 9 дүгээр сарын 2-ноос 3-нд шилжих шөнийн 05 цаг 15 минутад Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Уранмандал” дэлгүүрийн баруун замд “Ноndа inspire”  загварын, 27-80 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т заасан “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараахь байдлаар асааж явна: а/ ...Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч С.Г-г мөргөн амь насыг хохироосон, мөн дүрмийн 2.5. “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.Ж-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Ж-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, мөн авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Д.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар Д.Ж-д оногдуулсан торгох ялыг тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Ж-д мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Ж-д шүүхээс оногдуулсан 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилж байгаа 35.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар Д.Ж-н 347438 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди, хавтаст хэргийн 92 дугаар хуудсанд үдэгдэж ирсэн “Ноndа inspire” загварын, 27-80 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд бамбайн хагархай хэсгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Учир нь:

1. Зам тээврийн осол гаргачихаад ослын газрыг орхин оргон зугтаж, 4 хоног хагасын дараа бидэнд мэдэгдсэн. Жолооч энэ хугацаанд машинд гарсан ул мөрийг арилгасан гэж үзэж байна.

2. Миний хүүг зам дээр хэвтэж байгаа хог гэж харсан, нохой ч юм уу гэж бодсон гэж доромжилсон. Хүү маань зам дээр хэвтэж байсан бол гэмтэл нь өөрөөр үүсэх байсан байх гэж бодож байна. Миний хүү том оврын автобусыг өнгөрөөж араар нь зам хөндлөн гарч яваад осолд өртсөн болов уу гэж бодогдохоор байгаа юм. Үүссэн гэмтэл босоо үед үйлдэгдсэн гэхээр санагдаж байгаа юм. Зам тээврийн ослын техникийн дүгнэлтэд уг машин 26,2 км/ц хурдтай явсан гэжээ. Ийм хурдтай машин мөргөхөд гавал ясны гэмтэл, хугарал, цууралт, цус харвалт үүсэх эсэх нь тодорхойгүй байна. Иймд тухайн машин нь хурдтай явж байсан гэж болохоор байна.

Хохирлыг тооцохдоо жолоочийн хохирлыг тооцсон байна. Талийгаач хүү маань үүрэг хүлээж, гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд ажлаа бүрэн дуусгаж чадалгүй нас барсан гэдэг үндэслэлээр авч чадаагүй цалин хөлсний тооцоог гарган, 35 сая төгрөгийг нэхэмжилсэн билээ. Гэтэл хүүгээ алдсан ар гэрт нөхөн олговрыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон олгох боломжийг шууд хааж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Миний хүү албан бус хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл тогтвортой төлж байгаагүй ч Монгол улсын иргэний хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тодорхой хугацааны нөхөн олговор авах эрхтэй гэж үзэж байгаа юм. Миний хүү барилгын инженер, багш дасгалжуулагчийн мэргэжилтэй, тэмцээн уралдаанд оролцож алт, мөнгө, хүрэл медалиудаар шагнагдаж байсан бөгөөд спортын мастер цолтой байсан. 1995 оноос спортын бэлтгэл сургуулилтийн зэрэгцээ барилгын инженерийн сургуульд суралцаж төгссөн юм. Энэ үеэс эхлэн барилгын инженерээр ажиллаж хүлээсэн үүрэг даалгавар, барилга байгууламжуудаа чанарын сайн дүнтэй улсын комисст хүлээлгэн өгч байсан ажилч хичээнгүй, хөдөлмөрч бүтээлч нэгэн байсан юм...

Анхан шатны шүүх хурал бүхэлдээ шүүгдэгч болох жолооч Ж-н талд анхаарлаа хандуулж, талийгаачийг гутаан доромжилж шуудайтай хог, золбин нохой мэттэй зүйрлэж, шударга бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Ж нь өмнө нь нэг бус гэмт хэрэг өдүүлж, шүүхээр ял шийтгүүлж байсан баримт хавтаст хэрэгт байсан. Гэрч Дөлгөөн гэгчийн мэдүүлгээс зөрүүтэй байдал тодорхой байсан. Хүү маань амьдрах ид халуун насандаа дэндүү харамсалтайгаар амиа алдлаа. Осолд өртсөн ч эмнэлгийн анхны тусламж ч авч чадалгүй нас барсанд эх миний сэтгэл харамсаад ч барахгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны шаардлага хангахгүй хэт нэг талыг барьж, хохирогчийн гомдол саналыг харгалзан үзэлгүй шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Ж-н үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хохирогч миний зүгээс Ж-д оногдуулсан ялыг хөнгөдсөн гэж үзэж байна. Мөн шүүхээр цаашид гарах зардлыг нээлттэй нэхэмжлэх эрхийг хязгаарласанд гомдолтой байна. ...” гэв.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-н өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 35.000.000 төгрөгийг хэрхэн хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ дүгнээгүй. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гражийн дотор болон гадна заслыг хийж байсан болох нь тогтоогдсон. Гэрээний ажлаа гүйцэтгэж дуусгаагүй зам тээврийн осолд орсон тул авах ёстой байсан цалин, хөлс болох 35.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх цаашид гарах зардлыг нээлттэй үлдээгээгүй шийдвэрлэсэн. Гэм хорын хохирол арилаагүй байхад шүүх Д.Ж-д ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-н гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

          Шүүгдэгч Д.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Насны эцэст ийм зүйлд холбогдлоо. Хурц гэрэлтэй автобус өөдөөс ирж байсан. Автобусны жолооч ухарсаар байгаад ирсэн. Нэг юм тор гээд дуугарах шиг болсон. Буугаад харахад юм харагдаагүй. Хийсэн үйлдлээ буруутай гэдгийг ойлгож байгаа. ...” гэв. 

          Шүүгдэгч Д.Ж-н өмгөөлөгч Ц.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхээс талийгаачид хүндэтгэлгүй хандсан асуудал байхгүй. Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 35.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, Иргэний хуулийн 508 дугаар зүйлд хохирогч нас барснаас учирсан гэм хорын хохиролд гэрээний дагуу хийх ёстой байсан ажлын хөлсийг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж заагаагүй. Гэрч Дөлгөөний мэдүүлэгт зөрүүтэй байдал тогтоогдоогүй. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ж-н хувийн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал зэргийг харгалзан хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Оршуулгын зардлыг Д.Ж нь өөрт байсан бүх зүйлээ зарж борлуулан төлж барагдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

          Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Зам тээврийн осол гарах үед талийгаач нь хүнд зэргийн согтолттой, замын зорчих хэсгийн голд хөлөө жийгээд сууж байсан болох нь камерийн бичлэг болон гэрч Дөлгөөний мэдүүлгээр тогтоогддог. Тэгэхээр явган зорчигч хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн буруутай. Нөгөө талаас тээврийн хэрэгслийн жолооч нь аюултай байдал бий болсон буюу урд нь сууж байгаа хүнийг харалгүй явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон буруутай үйлдэл байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 35.000.000 төгрөгийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. ...” гэв. 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Д.Ж нь 2018 оны 9 дүгээр сарын 2-ноос 3-нд шилжих шөнийн 05 цаг 15 минутад Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Уранмандал” дэлгүүрийн баруун замд “Ноndа inspire”  загварын, 27-80 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т заасан “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараахь байдлаар асааж явна: а/ ...Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч С.Г-г мөргөн амь насыг хохироосон, мөн дүрмийн 2.5. “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог, нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Б.Д /хх 66/, С.Г /хх 67/, Д.С /хх 70/ болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О /хх 38-39/ нарын мэдүүлгүүд,

зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-18/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 31-32/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаач нэр, хаяггүй цогцост суурийн хонхороос 2 талын дагз хэсэг рүү салаалж дагзны зүүн төвгөрөөр зүүн чамархай руу үргэлжилсэн нийлмэл шугаман хугарал, бага тархи, суурь хэсэг, 2 талын чамархайн тархмал аалзан бүрхүүлийн цус харвалт, тархины эдийн няцрал, 2 талын чамархайн булчин, дагз, зулайн хуйханд цус хуралт, хэвлий, зүүн мөр, зүүн гарын дунд хуруу, зүүн гуя, шилбэ, баруун гуянд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хүний хүчин зүйлээс давсан хүчний үйлчлэлээр буюу зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ... Талийгаач нь дээрх авто ослын улмаас үүссэн гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. ...” гэх 1954 дугаартай дүгнэлт /хх 75-76/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... шинжилгээнд ирүүлсэн бусад хувцаснуудад гогодолт, ханзралт, урагдалт, цооролт, сэмрэлт хатуу гадаргуутай зүйлийн харилцан үйлчлэлээр шинээр гарсан байна...” гэх криминалистикийн шинжээчийн 5215 дугаартай дүгнэлт /хх 84-85/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... шинжилгээнд ирүүлсэн 1+2+3+11 гэж дугаарласан нэг бүхэл хэсэг, “14” гэж дугаарласан хэсэг нь шинжилгээнд ирүүлсэн “Honda inspire” маркийн 27-80 УБА улсын дугаартай автомашины бамбааны урд талд гарсан, зураг №10-т харуулсан ховхорч унасан хэсэгтэй тохирч, нэг бүхлийг үүсгэж байна. ...” гэх 5438 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 95-97/,

Техникийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 679 дугаартай дүгнэлт /хх 120-121/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ж-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, зам тээврийн осол хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ж-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Мөн шүүгдэгч Д.Ж-д анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ял оногдуулахгүйгээр тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Д.Ж-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-с “... Анхан шатны шүүх талийгаачийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу олох ёстой байсан орлого 35.000.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, шүүхээр цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, мөн Д.Ж-д оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзэх байх тул үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.  

Учир нь, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж тус тус заасныг үндэслэн 35.000.000 нэхэмжилснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Ж-н хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, оршуулгын зардалд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд 6.257.500 төгрөг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.350.000 төгрөгөөр торгох ял шийтгэснийг шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-н гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.