Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | П.Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 000/0000/0000/З |
Дугаар | 221/МА2014/0437 |
Огноо | 2014-11-18 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2014/0437
“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгч П.Б, гуравдагч этгээд Н.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Д нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 окы 8 дугаар сарын 19-ний өдрийн 360 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор,”Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
|
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/40 тоот захирамжийн “А” ХХК-д газар эзэмшүүлэхээр гаргасан хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “"Ц " ХХК нь хуучнаар авто засварын заводын хангамжийн хашаанд барьсан агуулахаа 14 жилийн турш ашиглах хугацаанд уг газрыг эзэмших талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй байна.
“Ц” ХХК нь Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 48.3-т зааснаар эзэмшигч компанитай харилцан тохиролцож газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах, бусдын газар дээгүүр дайран өнгөрөх боломжтой.
Иймд “Ц” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага дээр 2 хувь хүний асуудлууд яваад байна. Компани гэж тусдаа. Хувь эзэмшигчээсээ захирлыг томилоод уг захирал нь хувьцаа эзэмшигчийн өгсөн эрх хэмжээнийхээ хүрээнд л үйл ажиллагаа явуулдаг. Компани нь бүрэн эрх өгөөд энэ хүн газраа сунгуулаад 2012 онд А/40 дүгээр захирамжийг гаргуулж авсан байгаа нь хууль ёсны дагуу болсон асуудал юм. Нэхэмжлэгч П.Бийн агуулахын орц гарцыг нь 15-н жилийн хугацаа болтол эрхийг нь нээж өгчихвөл яасан юм гэсэн санал хэлэх гэсэн юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Анхан шатны шүүх шийдвэртээ: “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дүгээр зүйлийн 70.1, 70.2.9-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсүгэй” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “2014оны 8 сарын 19- ний өдрийн захиргааны хэргийн анхан шатны 20-р шүүхэд шүүхийн дугаар 360 шийдвэрт ”Ц” ХХК нь гомдолтой байна. Учир нь шүүх хэт нэг талын буюу хариуцагч талын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргаж, нэхэмжлэгч намайг хохироож байгаа нь доорх баримтаар нотлогдож байна. Үүнд:
“Ц” ХХК нь 1998 оноос уг маргалдаж байгаа газрыг ашиглаж эхэлсэн бөгөөд 2004 онд Д.Б нь уг газар эзэмших эрх авсны дараа бид мөн газраа ашиглах 15 жилийн хугацаатай гэрээ байгуулсан ба гэрээний хугацаа одоог хүртэл дуусаагүй /хавтас хэрэгт авагдсан/, Бумхүү нь одоог хүртэл өөрөө энэхүү гэрээгээ хүчин төгөлдөр гэж үздэг. Уг газар нь “А” ХХК-д хамааралгүй бөгөөд зөвхөн Д.Б-д уг газрыг захиран зарцуулах эрх нь байдаг гэдэг нь “А” ХХК-ний хөнгөн блокийн үйлдвэр байгуулах хурлаар баталсан байдаг./хавтас хэрэгт авагдсан “Ц” ХХК-ийн ашиглаж байгаа газар нь ямар ч хууль зөрчөөгүй газар ашиглах гэрээний дагуу газраа ашиглаж байгаа нь хангалттай нотлох баримтаар нотлогдож байгаа юм. Гэтэл шүүхээс дээрх нотлох баримтуудыг огт үнэлэлгүй хэний эзэмшилд өгөхийг хуулийн дагуу тодорхойлоогүй байна.
Хуульд баримтлах нөхцөл журмыг баримтлалгүйгээр олгосон Нийслэлийн засаг даргын хууль бус захирамжийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд захиргааны байгууллагаас цаашид хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гартал маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ”Ц” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2012 оны 1 сарын 20-ны өдрийн А/40 дүгээр захирамжийн “А” ХХК-ийн эзэмшил газрын зарим хэсэг буюу өөрийн өмчлөлийн агуулахын барилгын доорх газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
“А” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжаар 4812 м.кв газрыг эзэмшиж байсан бөгөөд тухайн үеийн компанийн захирал Д.Б-гийн зөвшөөрлөөр 1998 онд нэхэмжлэгч ”Ц” ХХК нь маргаан бүхий газарт барилга барьж, одоог хүртэл тасралтгүй эзэмшиж, ашиглаж иржээ. Гэрч Д.Б-гийн “нэхэмжлэгч хуулийн этгээдээс мөнгө зээлж, оронд нь өөрийн газар дээр агуулах барихыг зөвшөөрсөн, уг барилгын доорх газрыг гэрээний хугацаа дуусахад нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохирсон” гэх мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч нь гуравдагч этгээдтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр бусдын газар дээр барилга барьжээ.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10, Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт зааснаар газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга нь газрын үндсэн бүрдэл хэсэг болж, газартай хамт ашиглагдах тул нэхэмжлэгчийн өмчлөлийн барилгын доорх газрыг гуравдагч этгээдэд Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/40 дүгээр захирамжаар эзэмшүүлснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байна.
Нэхэмжлэгч хуулийн этгээд нь агуулахын барилгад 2004 оны 3 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ авч, үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлж иржээ.
2005 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын протокол, уг хурлын хавсралт зэрэг баримтаас үзэхэд гуравдагч этгээд “А” ХХК-ийн захирал У.Баярсайхан нь агуулахын барилга, түүний доорх газрыг нэхэмжлэгч эзэмших эрхтэй болохыг мэдэж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд Компанийн тухай хуулийн 23.5-д зааснаар өмнөх захирлын үед хийгдсэн гэрээний үр дагавар, үүргийг гуравдагч этгээд хариуцах учиртай.
Гуравдагч этгээдээс “хувь хүмүүсийн хооронд хийсэн гэрээг үндэслэхгүй” гэж маргаж байгаа боловч Д.Б, П.Б нарын хооронд байгуулагдсан гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримт байна.
Мөн захиргааны байгууллагаас “нэхэмжлэгч нь газар эзэмших хүсэлт гаргаагүй” гэж маргаж байгаа боловч энэ байдал нь нэхэмжлэгчийн хууль ёсоо өмчлөн эзэмшиж байгаа агуулахын барилгыг өмчлөх эрхийг хөндөх хуульд заасан үндэслэл болохгүй. Уг маргаан бүхий газрыг бодит байдалд гуравдагч этгээд эзэмшээгүй, ашиглаагүй олон жил өнгөрсөн, бусдад ашиглуулахыг зөвшөөрч, өөрийн эзэмшлээс гаргасан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл байж болохоор байна.
Гэтэл захиргааны байгууллага энэ байдлыг шалгаж тогтоогоогүй, улмаар 2012 оны А/40 дүгээр захирамжаар гуравдагч этгээдийн эзэмшил газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэн өөрчилж, баталгаажуулахдаа маргаан бүхий газарт бусдын үл хөдлөх хөрөнгө байгаа болохыг, газар эзэмшигч “А” ХХК нь газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхийг тодруулаагүй, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 23 дугаар зүйлийн 23.4.3-д заасан үүргээ биелүүлээгүй буруутай байна.
Хариуцагчаас “агуулахын барилгатай холбоотой мэдсэн зүйл байхгүй” хэмээн шүүх хуралдаанд тайлбарласан байх тул хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж, гуравдагч этгээдийн бодитоор эзэмшиж байгаа газрын хил заагийг координатжуулж, нэхэмжлэгчийн өмчлөлийн агуулахын барилгын талбайн хэмжээ 160 м.кв, 209 м.кв хэмээн зөрүүтэй байгааг зөвтгөж, газар дээр нь хэмжилт хийж, орц гарцын асуудлыг шийдвэрлэх замаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн алины үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг хөндөхгүйгээр газар эзэмшүүлэх захирамж шинээр гаргахыг захиргааны байгууллагад даалгаж, маргаан бүхий захирамжийн холбогдох хэсгийг түдгэлзүүлж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 360 дугаар шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 34 дүгээр зүйлийн 34.10, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан хариуцагчаас хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж, дахин шинэ акт гартал Нийслэлийн Засаг даргын 2012 оны 1 сарын 20-ны өдрийн А/40 дүгээр захирамжийн “А” ХХК-ийн эзэмшил газрын зарим хэсэг буюу агуулахын барилгын доорх газарт холбогдох хэсгийг түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
С.МӨНХЖАРГАЛ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ