Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2018/ШЦТ/157

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Т.Солонго,

            Улсын яллагч Б.Байгалмаа,

            Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч А.Нацагдорж,

Хохирогч Н.Жамсрангийн өмгөөлөгч Б.Тэнгис,

Шинжээч Д.Авидхүү нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдсон С.Б-д холбогдох 201201041295 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1962 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 51 дүгээр байрны 5 тоотод оршин суух, Монголын эсперанточ залуучуудын холбооны төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, Ногоон шугуй төрийн бус байгууллагад тэргүүнээр ажилладаг, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С.Б (РД:хх000000),

нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны 1 дүгээр салбарт хохирогч Н.Жамсранд Монголын Эсперанточ залуучуудын холбоо төрийн бус байгууллагын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 500 м/кв газрын 250 м/кв-ыг “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-гээр шилжүүлж, улмаар уг газар дээр хамтран барилга барина гэж 50.000 ам доллар, өөрийн эзэмшлийн Хандгайт дахь зуслангийн газраа зарна гэж 1.000 ам доллар, нийт 51.000 ам доллар буюу 60.501.302 төгрөгийг залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ: -2006 онд би Польш улсад очсон юм. Н.Жамсран Польшд 17 жил амьдарч байгаа гээд уулзаад юу хийж, яаж амьдарч байгаа талаараа ярилцсан юм. Тэр үед Улаанбаатар хотод газрын хувиарлалт ид явагдаж байсан үеийн талаар ярилцаад “хэрэв боломж байдаг бол Польш улсад хөрөнгө оруулалт хийх баян хүмүүс зөндөө байна. Би тийм хүмүүсийг эмчилдэг учраас би хөрөнгө оруулалт хийх хүн олъё” гэдэг зүйл ярьсан. 2007 оны 8 сард Польш улсаас Жамсран гэр бүлтэйгээ Монголд ирээд би зуслангийнхаа байшинд хүлээж авсан. Тухайн үед Жамсран эхнэртэйгээ манай зуслангийн газрыг сонирхсон. Би газар олж өгч болно, харин ханш нь ойролцоогоор 1.000 ам доллар байгаа гэж хэлсэн. Иймэрхүү яриа л болж өнгөрсөн юм. Мэдүүлэг дээр эхнэр, нөхөр, хүүхэдтэйгээ нийлж худлаа хэлж байх шиг байна. Тэрний дараагаар Жамсран “Би маш их мөнгөтэй болсон, одоо монголд юу хийвэл зүгээр вэ” гэж хэлсэн. Тухайн үед орон сууц үнэд орж, барилга ашигтай байсан. Урьд нь Монголын Эсперантогийн холбоо 2003 онд сургууль барихаар барилгын зураг зуруулж байсан. Тэр зургаар зураг төслөө батлуулж барилгаа барьж эхэлсэн. Түүнийг Жамсран хараад энэ барилга дээр нэмээд орон сууц бариулж болох уу гэдэг асуудал тавьсан. Хөрөнгө байвал болно. 1, 2, 3 дугаар давхрыг сургуулиар нь үлдээе, дээшээ хэдэн давхар барих боломжтойг шийдээд барилгын зургийг өөрчлөөд дахин батлуулъя гэж хэлсэн. Тэгээд хөрөнгө оруулах асуудал яригдсан. Гэр бүлийн найз, итгэлцэл дээр тогтож бид хоёр ямар ч гэрээ, хэлцэл хийлгүйгээр Жамсран миний данс руу 60.000.000 төгрөг хийсэн. Дараа нь Жамсран надад “ийм их мөнгө өгч байгаа юм чинь ямар нэгэн барьцаа юм уу, гэрээ хийе, эхнэр бас тэгж зөвлөсөн” гэж хэлэхээр нь би “болж байна, чи ямар барьцаа авч хөрөнгө оруулалт хийх юм бэ” гэж асуухад Жамсран “газрын 50 хувийг барьцаанд авъя” гэхээр нь би зөвшөөрөөд Жамсрангийн хэлснээр газрын эрх шилжүүлэх гэрээг хийсэн. Гэрээний гол нөхцөл нь 100 хувь барилгын хөрөнгө оруулалтыг Жамсран хийнэ гэсэн нөхцөлтэй байсан. Тэр гэрээ одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа. Тэгээд Жамсран Польш руу буцах болж “Польшоос хөрөнгө оруулагч олно, хөрөнгө оруулагч олохын тулд газрын гэрчилгээ надад эх хувиараа хэрэгтэй” гэж хэлсэн. “Эх хувийг өгч явуулж болохгүй, Монголд гэрчилгээний эх хувь байхгүй бол ажил бүтэхгүй, Польшуудад ядаж өнгөт хувийг үзүүлчих” гээд бид 2 хамт байж байгаад өнгөтөөр канондуулаад Жамсран өнгөт хувийг авч яваад эх хувь надад үлдсэн. Мөнгийг яасан бэ гэдэг асуудал гарч ирнэ. Газар авч, хашаа татаж, манаач цалинжуулдаг байсан. Тухайн үед Монголын Эсперанто холбоо маань бага зэрэг өртэй, дээр нь холбооны ажилчдаа цалинжуулдаг байсан. Тиймэрхүү зүйлд би мөнгийг зарцуулсан. 2017 оны 12 дугаар сарын 04-нд Польшийн хөрөнгө оруулагч Роман Лис гэх хүн дагуулж ирсэн. Гадаадын хөрөнгө оруулагч “бид хувь хүнд мөнгө өгөхгүй, компани байгуул” гэсэн шаардлага тавьснаар “БЖЛ-МП” гэсэн өөрсдийн нэрний эхний үсгээр эхэлсэн компани байгуулсан. Роман Лис нь “барилга жижигдэж байна, өөр том алтны газар байна уу” гэсэн. Тухайн үед алт, хайгуулын лицензтэй хүмүүс байсан. Тэрний дагуу би бүх үйлчилгээг нь хариуцаад Өвөрхангай, Төв аймагт нийт 6 алтны газар үзүүлэхээр дагуулж явсан. Барилга жижиг асуудал байна, алтны асуудал том байна гээд буцаад явсан. Ингээд 2008 оны 3 дугаар сард Жамсран ирсэн. Жамсранд газрынхаа зургийг зуруулъя гэдэг санал тавиад хоёр талаасаа мөнгө гаргаад Жамсрангийн эхнэр Отгонбаярын найз Эгэл компанийн Сэргэлэн гэх хүн дээр намайг дагуулан очсон. 35.000.000 төгрөгийн зураг зурах юм байна. 3 давхар барилга дээр 11 давхар орон сууцны барилга нэмж бариад нийт 14 давхар барилга барихаар болсон юм. Би Эсперанто холбоогоо төлөөлөөд доод талын 3 давхрыг олон улсын сургууль барина гэж авсан газар учраас тэр хэвээр нь үлдээнэ, тэрнээс дээшхи орон сууцыг Жамсрантай яриарай гэж хэлсэн. Тэгэхэд Сэргэлэн болох юм байна гээд хуучин 3 давхар барилгын зургийг өөрчлөөд шинээр 14 давхар барилгын зураг зурахаар болсон. Ингээд зураг төсөл 2008 онд хийгдэж дууссан. Жамсран бид хоёр хөрөнгө оруулалт дээр маргасан. Компани байгуулсан Роман Лис хааччихсан юм бэ, өвлийн улиралд барилгын материал хямд байгаа дээр бараа материалаа татъя гэдэг асуудлаар би шаардаж эхэлсэн. Барилгын техник нөхцөл гэрэл, дулаан гэх мэт хөөцөлдөх ажилтай байхад Жамсран барилгын зураг аваад явчихсан. Сэргэлэн дээр очтол Жамсран бүх зургийг аваад явчихсан. Чи хөрөнгө оруулагч олж чадахгүй байгаа бол би энд Япон, Солонгос хөрөнгө оруулах хүн байна, эдгээр хүмүүст би үзүүлье гэхэд зөвшөөрөөгүй. Ингэж саатсаар 2 жил өнгөрч газраа ашиглаагүй гээд хүчингүй болгочихсон. Ингээд би 3 шатны шүүхээр 2009, 2010, 2011 онд бүтэн явж байж газраа сэргээлгэж авсан. Жамсрангаас болж газраа алдаад арай гэж буцааж авлаа гэж хэлээд бид хоёр энэ асуудлаар жаахан маргасан. Энэ хооронд Жамсран ирж, газрын албаар явж, гэрчилгээ хуурамч үгүйг шалгуулж яваад 2011 онд газраа эргээд авсныг мэдсэн. 2012 оны Улсын Их Хурлын сонгуульд Жамсран нэр дэвшээд ялагдсан. 2012 оны намар намайг цагдаад өгч шалгуулна гээд цагдаагийн байгууллагад хандсан. Газрын эрх шилжүүлсэн гэрээг мөрдөн байцаагч дүр эсгэсэн гэрээ байна гэж хэлээд явж байсан. Би Жамсранд газар дээрээ барилгаа эхлүүлье үгүй бол чи газрын эрхийн эзэмшлээсээ татгалз, манай Монголын Эсперанто холбоо цаашдынхаа ажлыг бодъё гэдэг зүйл хэлэхэд үгүй гэсэн. 50.000 долларыг 125.000 доллар болгож өг гэсэн шаардлага надад хэлсэн. Түүнийгээ наашаа цаашаа эхнэр хүүхэдтэйгээ ирж очсон бүх зардлыг нийлүүлээд 210.000.000 төгрөг нэхэмжлэхээр нь би зөвшөөрөөгүй. Тэгээд цагдаагийн байгууллагаар хандаж мөнгөө гаргуулж авна гээд өнөөдрийн энэ байдалд хүрсэн. Газрын эзэмших эрх хэвээрээ байдаг. Зуслангийн газар өгнө гэж хууран мэхэлсэн асуудал яригддаг. Газрын гэрчилгээнүүдийг шалгаад миний нэр дээр байдаг гэдгийг мэдсэн. Би хүнээс мөнгө авчихаад өөр хүнд газраа зарсан асуудал болоогүй. Газрын тоо бүртгэлд Эсперантогийн холбооны газар дээр бид хоёр хамтран эзэмшигч гэдгээр гарын үсэг зураад явсан. Зуслангийн газрыг Жамсрангийнхан болилоо бид өөр газар, газар авахаар боллоо гэж хэлээд больсон. Эсперантогийн холбоо мөнгөний асуудалд ороод газраа зарахаар болоод би Жамсранд хэлж 150.000 доллараар зарах гэж байсан газрыг тал үнээр нь Жамсран авахаар болоод 75.000 доллароос 51.000 хасаад үлдэгдэл мөнгийг би Жамсрангаас нэхэхэд хамтарчихаад юун мөнгө нэхээд байгаа юм бэ гэдэг асуудлаас болж маргаж байсан. Одоогоор 141.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт дээрх газар дээр орсон байгаа. Үүнээс Жамсрангийн оруулсан 60.000.000 төгрөгийг хасвал миний зүгээс 81,0 сая орчим төгрөг хөрөнгө оруулсан байгаа. Барилгын зураг авч яваад намайг барилга бариулахгүй, өөрөө ч хөрөнгө оруулсан юмгүй, олон жил намайг шүүх, цагдаагийн хаалга татуулж хохироож байгаа асуудал болж байна гэв.

            Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Монголын Эсперанточ залуучуудын холбооны багш, ажилчдын орон сууц, сургалтын төв барих барилга угсралтын ажлын төсөв, зураг төсөлд нийтдээ 35.000.000 орчим төгрөг гарсан байх гэж бодож байна. Үүний бүх тооцоог Н.Жамсрангийн эхнэр Л.Отгонбаяр барьж байсан. Барилгын зураг төсөл хийж өгсөн Эгэл компанийхан Л.Отгонбаярын найзууд байгаа юм аа. Эгэл компанид манай холбооноос 18.000.000 төгрөг өгсөн. Энэ тухай баримт нь Л.Отгонбаярт байгаа. Надаас мөнгө гараагүй, харин Н.Жамсрангаас 17.000.000 төгрөг гаргасан санагдаж байна. Эгэл компаниас гаргаж өгсөн зураг төслийн тооцоог Н.Жамсран болон холбооны зүгээс 50, 50 хувиар гаргаж өгөхөөр тохирсон байсан. Төлбөрийг Эгэл зургийн компанид бэлнээр өгсөн. Нэр дор бүгдийг өгөөгүй, цувуулаад өгч байсан. ...Монголын Эсперанточ залуучуудын холбоо орлого байхгүй, байгаа ганц өмч нь газар байна. Хүнд 150.000 ам доллараар зарах гэж байгаа гэдгийг Н.Жамсранд хэлсэн. Тэгтэл тэр газраа зараад хэрэггүй, наадах чинь үнэд хүрэх газар байна. Би хөрөнгө оруулалт хийж газрын 50 хувийг эзэмшиж аваад 7 давхар барих гэж байгаа барилгыг 14 давхар болгон баръя, миний өгсөн мөнгөөр өр ширээ дараад газраа хадгалаад байж бай гэж хэлсэн. ...Холбооны газрын 50 хувийг Н.Жамсран эзэмшихээр Н.Жамсран бид хоёр харилцан итгэлцэж гэрээ байгуулаад нотариатаар баталгаажуулсан. Газрын гэрчилгээнд өөрчлөлт оруулж тэмдэглэл хийлгээгүй, Н.Жамсран ч өөрөө оруулъя гэж хүсэлт гаргаагүй, итгэлцлээрээ хамтран ажиллахаар тохирсон. Одоог болтол Н.Жамсран холбооны газрын 50 хувийг эзэмшиж байгаа бөгөөд бид ямар нэгэн өөрчлөлт гэрчилгээнд хийлгээгүй байна.

            ...Барилга хөрөнгө оруулалт хийхийн тулд 250 м2 газрыг Н.Жамсранд эзэмшүүлэх гэрээ хийгдсэний дараа нь буюу 2008 онд Польш улсын Лис Роман гэгчийг Н.Жамсран Монгол улсад дагуулан ирсэн. Тэгээд барилга, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийнэ гэж гадаадын хөрөнгө оруулалттай “БЖЛ-МП” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Үүнээс хойш тэд тодорхойгүй шалтгаанаар холбоо бариагүй бөгөөд 2009 он болоход холбооны эзэмшлийн газрыг 2 жилийн турш зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр газар эзэмших 0002650 тоот гэрчилгээг хүчингүй болгосон. Энэ тухай Н.Жамсранд удаа дараа амаар хэлж ярьж байхад холбоо бариагүй сураггүй алга болсон байсан. 2010 оноос газар эзэмших эрхийг сэргээхээр хөөцөлдөж олон улсын хэлний сургууль барих гэж байгаа гэдэг учраа хэлж 2010 оны 9 дүгээр сард санагдаж байна газар эзэмших эрхээ сэргээлгэж авсныхаа дараа Н.Жамсранд дахин хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх, үдэгдэл 24.000 ам.долларыг хэзээ өгөх вэ, нэг бол нотариатчаар баталгаажуулсан гэрээг цуцалж тооцоог дуусгая гэж асуудал тавихад ямар нэгэн тодорхой хариу өгөөгүй, 51.000 ам долларыг буцаан авъя гэж байсан. Ингээд тодорхой шийдвэрт хүрч чадаагүй учраас холбооны зүгээс хурлаар авч хэлэлцэж Н.Жамсрангаас газраа буцаан авч, мөнгийг нь түүнд холбооноос буцаан өгсний дараа энэ бүх асуудлыг шийдэх хүсэлт байна.

            ...Жамсран нь барилгын хөрөнгө оруулалтыг 100 хувь Польшоос оруулж ирнэ гэж гэрээ хийгдсэн. Ингээд 2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Жамсрангаас 60.000.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Энэ мөнгөөр нь газрын төлбөрт 4.000.000 орчим төгрөг, барилгын суурийн ухалтыг 9.000.000 төгрөг, барилгын зураг зуруулахад 12.500.000 төгрөг, манаачийн цалинд ойролцоогоор 5 жилийн хугацаанд 10.000.000 төгрөг, түүний дагуулж ирсэн гадаадын иргэн Польшуудыг хөдөө авч явж газар үзүүлэхэд 1.400.000 төгрөг, шүүхийн зардалд /газрын эрхийг сэргээхэд/ 1.000.000 төгрөг, геодезийн зураг хийлгэсэн. 1.200.000 зураг бусад зардлуудад зарцуулсан юм. ...Би өөрөөсөө 82.186.000 төгрөгний зардал гаргасан. Бид нийт 141.501.000 төгрөгний зардал гаргасан. 2014 онд Эсперанто холбооноос 46.815.000 төгрөгийг буцаан олгосон. Мөн Отгонбаярын дансанд 1000 ам долларыг буцаан олгосон” гэжээ.

Шүүх хуралдаан дээр шинжээч Д.Авидхүүгээс мэдүүлэхдээ: Шинжилгээнд анх ирүүлсэн өнгөтөөр канондуулсан гэрчилгээний харьцуулах загвараар ирүүлсэн Нийслэлийн өмчийн харилцааны газар хадгалагдаж байгаа гэх дугаартай газар эзэмших гэрчилгээнээс хуулбарлан шингэн хортой өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн хуурамч гэрчилгээ байна гэсэн дүгнэлтийг гаргасан. 2650 дугаартай архиваас ирсэн гэрчилгээ хуурамч биш. Хуулбарласан гэрчилгээ доторх гарын үсэг, огноо, тоог, эх хувиас өөрчилсөн хуурамчаар үйлдсэн асуудал байхгүй гэв.

 

            Хохирогч Н.Жамсран мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “С.Б бол бага байхдаа нэг дүүрэгт хамт амьдарч байсан юм. Айхтар дотны найзууд биш ч зүгээр л хуучны танилууд юм. Гэтэл 2007 оны хавар байхаа Баяраагийн охин хуримаа хийгээд Баяраа Польш улсад ирсэн юм. Тэр үеэр бид хоёр уулзаад амралтаараа Монголдоо очно, тэгэхээр уулзана гэдгээ Баяраад хэлж байсан юм. Тэгээд би 2007 оны 7 дугаар сарын үед Монголдоо ирээд, Баяраа намайг Шарга морьтын зусландаа уриад би уулзахдаа түүнд гадаадад олон жил ажилласнаа хэлээд цаашид ер нь бол Монгол улсдаа ажиллаж амьдрах санаатай байдаг гэдгээ хэлсэн. Тэгсэн Баяраа надад миний энэ шарга морьт дахь газрын талыг авахгүй юу даа гэхээр би хэдэд өгөх юм гэсэн, 1000 ам долларт зарнаа гэсэн. Тэгэхээр нь би газрын бичиг баримт хэний нэр дээр хаана байдаг талаар асуухад миний хөгшөөн санаа зоволтгүй, миний нэр дээр байдаг юм чинь би чамд бичиг баримтыг нь аваад өгчихнөө гэсэн юм. Би Баяраад маш их итгэсэн. Багын танил болон Баяраагийн авгай нотариатч, мөн Баяраагийн охин манай охинтой хамт сурдаг болохоор итгэсэн юм. Энэ үед миний эхнэр Отгонбаяр, мөн Баяраагийн эхнэр Тунгалаг нар бид хоёрын хооронд дахь яриаг сонсож байсан. Ингээд Баяраатай уулзаад сууж байхад Баяраа надад Баянзүрх дүүрэгт газар байгаа, түүнийгээ зарах санаатай байгаа эсхүл зарахгүйгээр хоёулаа нийлээд энэ газар дээр барилга баръя гэсэн. Тэр үед би нас сүүдэр ч явлаа хүний газар олон жил боллоо, хүүхдүүдээ ч төвхнүүлмээр байна, байр саваа ч томруулмаар байна гэхэд, тэгэлгүй яах вэ, энэ газар дээр нийлээд барилга барихад нэг байтугай, хэд хэдэн байртай болно шүү дээ гэсэн юм. Тэгэхээр нь за зуслангийн газрыг чинь авъя, барилгын асуудлыг найз нь бодъё гэж хэлсэн юм. Ингэж ярьсны дараа би эхнэртэйгээ зөвлөхөд том газрынх нь бичиг баримтыг үзэх хэрэгтэй гэж байсан. Тэгээд би дараа нь Баяраатай уулзаж газрынх нь бичиг баримтыг үзэхэд Монголын Эсперанто холбоо гэх хэлний төвийн нэр дээр гэрчилгээ байхаар нь яагаад чинийх байхгүй байгаа талаар асуухад энэ манай холбоо байгаа юм аа, би энэ холбооны дарга нь байгаа юм гэж хэлсэн. Чи яаралтай хөрөнгө оруулбал эзэмшиж болноо, тэгээд явахаасаа өмнө чи мөнгөө оруулаарай гэж хэлсэн. Тэгээд гаргасан саналыг би дэмжээд 2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр би өөрийн Польш улсад байх мөнгийг Польш улсад байсан хүү Цэрэнбаатараар дамжуулан тагнуулын ерөнхий газрын өөдөөс харсан Голомт банкны нэгдүгээр салбарт 1000 ам доллар, хамтарч ажиллах газрын мөнгө болох 50.000 ам.доллар нийт 51.000 ам долларыг аваад Баяраад тэр дор нь өгөөд Баяраа авангуутаа өөр дансанд хийсэн. Мөнгөө өгөнгүүтээ би Баяраад чамд ингэж их хэмжээний мөнгө өгч байгаа юм чинь хоёулаа гэрээ байгуулъя гээд Чингэлтэй дүүргийн засаг даргын газрын байрны орчим л байх нотариатын газар очиж газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан юм. Ингэж явахдаа Баяраа, түүний эхнэр болон манай эхнэр хамт явж байсан. Ингээд би Польш улс руу явсан. Намайг явахад Баяраа бүх ажлаа хийгээд зураг төслөө гаргуулаад байж байя гэж хэлсэн. Ингээд би явснаасаа хойш хааяа Баяраатай холбогдоод юу болж байгаа талаар асуухад ажлаа хөөцөлдөөд л байна юмаа хийгээд л яваад байгаа гэж хэлж байсан. Үүнээс хойш яг нэг жилийн дараа би амраптаараа ирээд Баяраатай уулзахад ажлаа хөөцөлдөөд л байна бас мөнгө төгрөгийн асуудлаас болоод барилгын зураг хийгдэж чадахгүй байна, барилгын зураг хийхэд мөнгө төгрөг хэрэгтэй байнаа, танайх 6.000.000 төгрөг гаргаад манайх 6.000.000 төгрөг гаргаад нийт 12.000.000 төгрөгөөр барилгын зургаа хийлгэе гэсэн юм.

...Ингээд нэг жилийн дараа буюу 2009 оны зун амралтаараа ирээд Баяраатай уулзаад Шарга морьтын газраа авъя, хашаа татъя гэхэд би өөрийнхөө газрыг зарсан чиний газар байгаа гэхэд би нөгөө шарга морьт дахь зуслангийн газрын айл дээр нь очиж асуухад бүх газраа зарсан гэхээр нь надад зарчихаад яаж байгаа юм гэхэд би чамд өөр газар өгнөө найз нь мөнгөний хэрэг болоод зарчихсан юм гэсэн. Тэгээд ер нь миний итгэл буурсан. ...БЖЛМП ХХК нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Монголын Эсперанточ залуучуудын холбооны багш ажилчдын орон сууц барих барилгын ажилтай ямарч холбоогүй болно. Уг компани нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан. ...Баяраа нь хуурамч зураг ашиглаж надаар хөрөнгө оруулалт хийлгэсэн болгож намайг залилсан. Олон жил түүнд залилан мэхлүүлсэнд гомдолтой байна гэжээ.

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчүүдээс мэдүүлэхдээ:

            1.Л.Отгонбаяраас: ...тэр үеэр бид хоёр Баяраатай уулзаад амралтаараа манай нөхөр Монголдоо очноо, тэгэхээр нь уулзана гэдгээ Баяраад хэлж байсан. Тэгээд 2007 оны 7 сарын үед манай нөхөр Жамсран бид хоёр хамт Монголдоо ирээд Баяраа биднийг шарга морьт дахь зусландаа уриад бид уулзалдаад Баярааг надад миний энэ шарга морьт дахь газрын талыг авахгүй юу даа гээд 1000 ам долларт авахаар болсон. Тэр үед манай нөхөр газрын бичиг баримтыг нь аваад өгчихнөө гэж хэлж байсан. Мөн Баяраатай уулзаад сууж байхад Баяраа манай нөхөрт Баянзүрх дүүрэгт надад газар байгаа, түүнийгээ зарах санаатай эсхүл зарахгүйгээр хоёулаа нийлээд энэ газар дээр барипга баръя гэсэн. Тэгэхэд нь би хэрэггүй ээ, яах юм гэхэд л Баяраа энэ эмэгтэй хүмүүс ухаан богино шүү, энэ тэр гээд л янз бүрийн юм ярьж байсан. Тэгээд манай нөхөр дараа нь Баяраатай уулзаж газрынх нь бичиг баримтыг үзэхэд Монголын эспөранточ холбоо гэх хэлний төв дээрх гэрчилгээ байсан гэсэн. Тэгээд Баяраатай газар дээр нь барилга бариулахаар манай нөхөр тохироод л газрын төлбөр болох 50.000 ам доллар, мөн Шарга морьт дахь Баяраагийн газрын талыг худалдаж авч байгаа, 1000 ам долларын хамт Голомт банкны нэгдүгээр салбар дээрээс Польш улсаас хүүгийн шилжүүлсэн 51.000 ам долларыг аваад тэр банкин дотор Баяраад тэр дор нь өгөөд Баяраа авангуутаа өөрийн дансанд хийсэн...” гэжээ.

            2.М.Цэлмэгээс: “...Би 2000 оны 05 дугаар сараас 2004 оны 07 дугаар cap хүртэл Нийслэлийн хот байгуулалт газрын харилцааны дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитектороор ажиллаж байсан. Монголын Эсперанточ залуучуудын холбооны сургалтын төв, багш, ажилчдын орон сууцны 2003 оны ажлын зураг болон эксиз зурагтай бүрэн танилцлаа. Миний хувьд яг хэзээ баталсанг мэдэхгүй байна. Зургаас харахад 2003 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэсэн байна. Энгийн нүдээр харахад миний гарын үсэг мөн байна аа. 2 зураг дээр гарын үсэг зурагдсан байдлыг харахад аль нэгнээс нь монтажлаж авсан юм шиг байна. Яагаад гэхээр тасалдал, хэм хэмжээ даралт зэргийг харахад мэдэгдэж байна. Эксиз зураг нь ажлын зургаасаа хамгийн багаар тооцоход нэг сарын өмнө батлагдсны дараа ажлын зураг боловсруулагдаж батлагддаг. Тэгэхээр энэ хоёр нэг өдөр батлагдсан байгаа нь аль нэг нь хуурамч бүр эсхүл өөр газраас монтажлаад авсан ч байж мэдэх юм... Хоёр зургийн нүүр хуудсыг ажиглахад миний болон С.Сэргэлэн, Е.Тунгалаг, Бумцэнд, Нацагдорж нарын гарын үсэг мөн адилхан монтажлан хийсэн мэт харагдаж байна. Мөн эскиз зургийн нүүр хуудас стандарт бус байна. Бичиглэлийн хэвлэмэл байдал зөрүүтэй харагдаж байна. Хоёр зургийн 2 дахь хуудас бага зэргийн засвар хийгдсэн нэг зураг байна. Мөн гарын үсгүүд монтажлагдсан харагдаж байна. Эскиз зураг бол хот байгуулалтын газрын хэмжээнд хянагдаж зөвшөөрөгдөх зураг, ажлын зураг бол техникийн бичиг баримт гэсэн үг. Ажлын зураг нь баригдах барилгын талбай дээр ашиглагдах зураг юм. Хэрэв батласан бол ажлын болон эксиз зургийн аль аль нь архивт хадгалагдсан байх ёстой.”  гэжээ.

            3.Ц.Сэржмядагаас: “... би 2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг 397 дугаарт бүртгэж гэрчилсэн. Тухайн гэрээг үйлчлүүлэгчийн иргэний үнэмлэхээр хувийн байдлыг тогтоож эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн гэрээг гэрчилсэн. Гэрээнд хөрөнгө оруулалт хавсралт нэгээр хийгдэнэ гэж ирээдүй цаг дээр бичигдсэн байх бөгөөд тэд гэрээний хавсралт 1-ийг бичиж авч ирээгүй, хавсралт 1 гэдэг баримтыг над дээр барьж орж ирээгүй учраас би хараагүй, гэрчлээгүй мэдэхгүй, байна. Хэн хэн хэдэн төгрөг гаргах, хэн хэндээ өгөх тухай мэдэхгүй, өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын гэрээ биш эрх шилжүүлэх гэрээ юм. гэжээ.

            4.О.Даваасүрэнгээс: “...С.Б бид хоёр хамтран ажилладаг, өөрөөр хэлбэл Монголын Эсперанточ Залуучуудын холбооны тэргүүн нь Баяраа, би гүйцэтгэх захирал, Жамсран нь С.Б-гийн багын найз гэсэн. 2002 оноос Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутагт манай холбоо 500м2 газрыг эзэмшиж эхэлсэн. Тухайн үед холбоо мөнгө муутай учраас эзэмшлийн газар дээрээ тодорхой үйл ажиллагаа явуулж чадаагүй, ерөнхийдөө өөрсдөө болон гишүүдийн бололцоог ашиглан зээл авч ажиллаж байсан. 2007 онд газрыг хураалгаж шүүхийн журмаар 2011 онд дахин сэргээлгэсэн. Манай эзэмшлийн газарт 14 давхар барилга барих талаар С.Б Н.Жамсрантай холбогдож гэрээ байгуулан нотриатаар орсон гэдэг. Газрын 50 хувь буюу 250 м2 газрыг Жамсрангийн нэр дээр шилжүүлсэн. Жамсран 51000 ам долларыг хөрөнгө оруулалт хийснээс Н.Жамсранд 11.000.000 төгрөгийг барилгын зураг хийлгэнэ гэж өгсөн гэж С.Б хэлсэн. Үлдэгдэл мөнгийг холбооны газрын төлбөр, харуул хамгаалалт, үйл ажиллагаанд зарцуулсан. гэжээ.

            5.С.Сэргэлэнгээс:“...Н.Жамсрангийн найз бидний танил Очирбатаар дамжуулан зураг төсөл хийж өгөөч гэж танилцсан. Түүнээс биш би тэдний хэн хэнтэй урдын танил найз нөхдийн холбоо байхгүй. С.Б нь Баянзүрх дүүрэгт газартай, уг газартаа барилга барих зорилготой хоёр талаасаа нийлж зураг төслийг манай компаниар хийлгэх болсон. Бүхэл бүтэн 35.000.000 төгрөгийн зураг төслийг 25.000.000 төгрөг болгон багасгаж надаар зураг төслөө хийлгэсэн. Тэд нийт Монголын эсперанточ залуучуудын холбооны 12 давхар орон сууц, 3 давхар сургалтын байрны зургийг хийлгэсэн. Зураг төсөл бэлэн болоход захиалагч тал буюу С.Б, Н.Жамсран нар өөрсдөө хотын захиргааны зураг төслийн хурлаар оруулж баталгаажуулдаг. Бид зураг төсөл хийж өгснөөрөө зураг төслийг хурлаар оруулж баталгаажуулдаггүй юм. Манай компани барипгын эксиз зураг, ажлын зургийг иж бүрнээр нь буюу 100 хувь хийж өгсөн. Өөрөөр хэлбэл, С.Б, Н.Жамсран нарын зургийн даалгаврын захиалгаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт МЭЗХ-ны 12 давхар орон сууц, 3 давхар сургалтын байрны эксиз зураг төсөл, ажлын зургийг иж бүрнээр нь хийж өгсөн. Эксиз зураг, ажлын зургийг үргэлжлүүлэн улсын экспертизийн газраар оруулж хянуулах учраас С.Б авч явж, тухайн үеийн Улаанбаатар хотын ерөнхий архитектор М.Цэлмэгээр батлуулж надад авч ирж өгсөн. С.Б эксиз зургийг баталгаажуулж ирэхэд нь ажлын зургийг нь хийж егсөн. С.Б нь техникийн нөхцөл авна гээд авсан үгүйг мэдэхгүй, дахин холбогдож ажпаа уялдуулаагүй. Н.Жамсран, С.Б нарын хооронд маргаан үүсээд Н.Жамсран надаас эксиз зураг, ажлын зураг бүгдийг нь аваад явсан... гэжээ.

            6.Д.Оюунчимэгээс: “...С.Б-г Н.Жамсран дагуулж барилгын зураг төсөл хийлгэнэ гэж ярилцаад гэрээ байгуулан 35.000.000 төгрөгийн зургийг 25.000.000 төгрөг болгож хямдруулаад манай нөхөр Сэргэлэн зураг төслийг боловсруулж хийсэн. С.Б, Н.Жамсран 2 зураг төслийн төлбөрийг 50, 50 хувиар хувааж төлнө гэж байсан тэд мөнгөө хэрхэн яаж өгсөнг мэдэхгүй, өөрөөр хэлбэл хэнийх нь мөнгө үү, хоёулаа нийлж өгсөн мөнгө үү гэдгийг мэдэхгүй. Ямар барилгын зураг төсөл хийлгэсэн болохыг санахгүй байна. Гэрээгээр 50 хувийн урьдчилгаа төлбөр, ажпын явцад 30 хувийн төлбөр, зураг дуусаад хүлээлгэн өгөхөд 20 хувийн төлбөрийг төлөх ёстой. Урьдчилгааны 50 хувийг С.Б, Н.Жамсран нар хувааж төлсөн, ажлын явцын 30 хувийг Н.Жамсрангийн талаас өгсөн. 20 хувийг төлбөрийг огт өгөөгүй алга болсон...” гэжээ.

            7.Ё.Тунгалагаас: “...Би зургийг зурсан, бүтэн зурж дууссаныхаа дараа захирал хянаад гарын үсэг зураад уг зураг дуусдаг...” гэжээ.

            Иргэний хариуцагч С.Сэргэлэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Манай эгэл ХХК нь 1996 оноос би захирал хийж байгаа. Манай эгэл ХХК нь 7 давхар хүртэл барилгын зураг төсөл хийх тусгай зөвшөөрөлтэй байсан...” гэжээ.

            Шинжээчийн дүгнэлтүүд:

            -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ¹517 тоот шинжээчийн дүгнэлтэд:

            1.Шинжилгээнд ирүүлсэн “0002650” дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” нь хуурамч байна.

            2. Үзлэг ба шинжилгээний хэсгээс харна уу.

            3. Жинхэнэ гэрчилгээнээс хэвлэлийн технологиороо өөр байна гэжээ. 

            - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2013 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ¹2562 тоот шинжээчийн дүгнэлтэд:

            1.Шинжилгээнд ирүүлсэн баримтууд нь хар цагаан хуулбарлан олшруулах төхөөрөмж болон өнгөт хэвлэх төхөөрөмж зэргийг ашигласан байгаа нь “Шүүхийн шинжилгээний тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.4.1, 10.4.2-т заасан “шинжилгээний обьект нь шинжилгээ хийхэд шаардагдах тоо хэмжээ, чанарын үзүүлэлтийг хангасан байх”, “эх хувь буюу биет байдлаар эсхүл шинжилгээний шаардлага хангахуйц бусад хэлбэртэй байх” гэсэн шаардлагыг хангахгүй тул шинжилгээнд тэнцэхгүй.

            2.Эскиз зураг гэх баримтууд нь өнгөт хэвлэх төхөөрөмж болон хар цагаан хуулбарлан олшруулах төхөөрөмжүүд ашигласан байгаа нь жинхэнэ эх хувь биш байна гэсэн дүгнэлт өгөх үндэс болж байна.

            3.Шинжлэгдэж буй тэмдэгний дардсуудыг ердийн өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн байна.

            4.М.Цэнгэлийн гэх гарын үсэг нь хуулбар хувь байх тул адилтгалын шинжилгээ хийх боломжгүй гэжээ. /2хх 55-58/,

            -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015-04-09-ний өдрийн ¹1624 тоот шинжээчийн дүгнэлтэд:

            1.Шинжилгээнд ирүүлсэн “Эгэл” ХХК-ийн гүйцэтгэсэн гэх барилгын ажлын зургууд дахь шинжилж буй гарын үсгүүд нь ердийн хэвлэх төхөөрөмжөөр хэвлэгдсэн хуулбар гарын үсгүүд байна. Шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн CD-нд хадгалагдаж буй баримтуудад ямар нэгэн гарын үсэг байхгүй байна.

            2.Шинжилж буй Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь харьцуулах загвараар ирүүлсэн Нийслэлийн өмчийн харилцааны газарт хадгалагдаж байгаа гэх 0002650 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээнээс хуулбарлан шингэн хортой ердийн өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн хуурамч гэрчилгээ байна.

            3.Харьцуулах загвараар ирүүлсэн CD-н дэх “01.ESPERANTO-SKETCH-JPG” хавтасны /фолдер/ “1”, “2” нэртэй файл, “03.ARCHITECTURE-AZ-PDF” нэртэй хавтасны /фолдерийн/ “ARCHITECTURE-AZ-1” нэртэй файл зэрэгт хадгалагдаж буй зургууд нь шинжилгээнд ирүүлсэн Барилгын ажлын зургуудын шинжилж буй гарын үсэг бүхий хуудсуудтай ерөнхий агуулгаараа төсөөтэй боловч бүтэц, загвараараа ялгаатай байна гэжээ. /3хх 125-129/,

             

Шүүх дээрх баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч С.Б нь 2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Голомт банкны 1 дүгээр салбар дотор хохирогч Н.Жамсранд Шарга морьтод байгаа  зуслангийн газраа зарна гэж түүнээс 1.000 ам долларыг итгэл эвдэх аргаар олж авсан болох нь хохирогч Н.Жамсрангийн “Баяраа надад миний энэ шарга морьт дахь газрын талыг авахгүй юу даа гэхээр би хэдэд өгөх юм гэсэн, 1000 ам долларт зарнаа гэсэн. Тэгэхээр нь би газрын бичиг баримт хэний нэр дээр хаана байдаг талаар асуухад миний хөгшөөн санаа зоволтгүй, миний нэр дээр байдаг юм чинь би чамд бичиг баримтыг нь аваад өгчихнөө гэсэн юм. Тэгэхээр нь за зуслангийн газрыг чинь авъя, барилгын асуудлыг найз нь бодъё гэж хэлсэн юм. 2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр би өөрийн Польш улсад байх мөнгийг Польш улсад байсан хүү Цэрэнбаатараар дамжуулан Голомт банкны нэгдүгээр салбарт 1000 ам доллар, хамтарч ажиллах газрын мөнгө болох 50.000 ам.доллар нийт 51.000 ам долларыг аваад Баяраад тэр дор нь өгөөд Баяраа авангуутаа өөр дансанд хийсэн. 2009 оны зун амралтаараа ирээд Баяраатай уулзаад Шарга морьтын газраа авъя, хашаа татая гэхэд би өөрийнхөө газрыг зарсан чиний газар байгаа гэхэд би нөгөө Шарга морьт дахь зуслангийн газрын айл дээр нь очиж асуухад бүх газраа зарсан гэхээр нь надад зарчихаад яаж байгаа юм гэхэд би чамд өөр газар өгнөө найз нь мөнгөний хэрэг болоод зарчихсан юм гэсэн.” гэх мэдүүлэг,  гэрч Л.Отгонбаярын “Баяраа биднийг шарга морьт дахь зусландаа уриад бид уулзалдаад Баярааг надад миний энэ шарга морьт дахь газрын талыг авахгүй юу даа гээд 1000 ам долларт авахаар болсон. Тэр үед манай нөхөр газрын бичиг баримтыг нь аваад өгчихнөө гэж хэлж байсан. Шарга морьт дахь Баяраагийн газрын талыг худалдаж авч байгаа, 1000 ам долларын хамт Голомт банкны нэгдүгээр салбар дээрээс Польш улсаас хүүгийн шилжүүлсэн 51.000 ам долларыг аваад тэр банкин дотор Баяраад тэр дор нь өгөөд Баяраа авангуутаа өөрийн дансанд хийсэн...” гэх мэдүүлэг, 2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр С.Б-гийн Голомт банк дахь дансанд 51.000 ам.доллар орсон тухай дансны хуулга /1хх-10-11х/, 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Өмч газрын харилцааны албаны “С.Б-гийн нэр дээр Хандгайтын богины зуслан дахь газрын эрхийн тухай” 1727 дугаартай албан бичиг /хх-ын 4-р 94х/, 1.000 ам.долларыг 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Н.Жамсрангийн эхнэр Л.Отгонбаярын Голомт банкны дансанд буцааж шилжүүлсэн мөнгөний баримтын хуулбар /xx-3-ын 41х/, банкны ханшийн мэдээ, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Харин прокуророос шүүгдэгч С.Б-г бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны 1 дүгээр салбарт хохирогч Н.Жамсранд Монголын Эсперанточ залуучуудын холбоо төрийн бус байгууллагын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 500 м/кв газрын 250 м/кв-ыг “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-гээр шилжүүлж, улмаар уг газар дээр хамтран барилга барина гэж 50.000 ам доллар залилж их хэмжээний хохирол учруулсан хэмээн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч С.Б-гийн уг үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна.

Монголын эсперанточ залуучуудын холбоонд Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 тоот шийдвэрээр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 500 м.кв газрыг 5 жилийн хугацаатай, сургууль барих зориулалтаар эзэмших 0002650 тоот эрхийн гэрчилгээ олгожээ. Тус холбооны тэргүүн С.Баяр эзэмшил газрынхаа газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг 2009 оны 02 дугаар сарын 05-нд Нийслэлийн газрын албанд, 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Захиргааны хэргийн шүүхэд тус тус гаргасан байх ба Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 141 дүгээр шийдвэрээр “Монголын эсперанточ залуучуудын холбоо“ ТББ-ын Нийслэлийн газрын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, газар эзэмших эрхийг сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Засаг даргад уламжлахыг Нийслэлийн Газрын албанд даалгаж шийдвэрлэж байжээ. /4-р хх 01-15х/   

Дээрх баримтуудаас үзэхэд Монголын эсперанточ залуучуудын холбоонд олгогдсон 0002650 дугаарын газар эзэмших эрхийн гэрчилгээг Захиргааны хэргийн шүүх хууль бус, хуурамч гэж дүгнээгүй ба 2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г нэг талаас Монголын Эсперанточ залуучуудын холбоог төлөөлж С.Б, эрх хүлээн авагч талыг төлөөлж Н.Жамсран нар гарын үсэг зурж, нотариатаар гарчлүүлжээ. Гэрээнд “Эрх шилжүүлэгч тал өөрийн өмчлөлд байгаа Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах 500 м2 талбай бүхий газрын 250 м2 газрыг эрх шилжүүлэн авагчид шилжүүлнэ. Газрыг эрх шилжүүлэгч тал, эрх шилжүүлэн авагч тал газарт хөрөнгө оруулалт хийж, хамтран барилгын ажил хариуцан дуусгана” гэжээ. /3-р хх 135-137х/

Уг гэрээний дагуу 500 м.кв газрыг Н.Жамсран хамтран эзэмшиж байсан болох нь 2008 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудаст Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 0002650 гэрчилгээний дугаартай, 500 м.кв газрын хамтран эзэмшигч нь Харчууд овгийн Самбуу Баяраа /РД ХГ:62011176/, Тайжтан овогт Норовдондогийн Жамсран /РД:ЧМ61051671/ гэх бүртгэл /1-р хх 30х/-ээр нотлогдож байна.

“Газрын тухай” Монгол улсын хуулийн 34, 38 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, уг гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн байх, газрыг дундаа эзэмшиж байгаа тохиолдолд газар эзэмших нэг гэрээтэй байж болохоор тус тус заажээ.

Иймд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, Монголын Эсперанточ залуучуудын холбооны тэргүүн С.Б нь газрыг Н.Жамсрантай хамтран эзэмшихээр улсын бүртгэлд бүртгүүлсэн, улмаар С.Б нь газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах асуудлыг 2009-2011 онуудад Газрын алба, Захиргааны хэргийн шүүхээр зохих журмын дагуу шийдвэрлүүлсэн зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүгдэгч С.Б-г газар эзэмших эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн, газар эзэмших эрхгүй атлаа 250 м.кв газрыг шилжүүлж өгөх нэрээр хохирогч Н.Жамсрангаас 50.000 ам.доллар залилж авсан гэх гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байсан эсэх нь нотлогдон тогтоогдохгүй байх ба гэмт хэргийн шинжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох 201201041295 дугаартай эрүүгийн хэргээс бусдын 50.000 ам доллар буюу 59.315.000 төгрөгийг залилсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон буюу оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байхаар заасан тул шүүгдэгч С.Б-гийн 2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх аргаар олж авч, 1.000 ам.долларын буюу 1.186.302 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан 2008 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт хамаарч байна.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг журамлан Шинэчлэн найруулсан 2008 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ. 

Уг гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн тул шүүгдэгч С.Б-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдож байна.

Шүүх хохирлын хэмжээг тодорхойлохдоо 2002 оны Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 69.000 төгрөгийг нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, гадаад валютын ханшийг гэмт хэрэг үйлдсэн өдрийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тус тус тооцсон болно. 

Хуулийн хүчин төгөлдөр болсон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт 0002650 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг нотлох баримтаар үнэлсэн байх тул энэ хэрэгт авагдсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ¹517 тоот шинжээчийн дүгнэлт, 2013 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ¹2562 тоот шинжээчийн дүгнэлт, 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн ¹1624 тоот шинжээчийн дүгнэлт, шинжээч Д.Авидхүүгийн тайлбар, гэрч М.Цэнгэл, С.Сэргэлэн, Д.Оюунчимэг, Ё.Тунгалаг нарын мэдүүлгүүдэд шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох 201201041295 дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгч С.Б-г бусдын 50.000 ам доллар буюу 59.315.000 төгрөгийг залилсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг журамлан Шинэчлэн найруулсан 2008 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

3.Шүүгдэгч С.Б-г Шинэчлэн найруулсан 2008 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх аргаар олж авсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй тус тус дурдсугай.

            6. 80-92 УБЛ улсын дугаартай RС000225 арлын дугаартай Киа бонго маркийн, 6936 УБР улсын дугаартай V24740130A арлын дугаартай Мицүбиши Пажеро маркийн автомашин, 9046 УБЧ улсын дугаартай KMFXKS7APTU011847 арлын дугаартай Хьюндай портер маркийн автомашин, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201000266 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол 9 дүгээр байрны 140 тоот орон сууцны байр тус тус битүүмжилсэн, С.Б-гийн Худалдаа хөгжлийн банк дахь 470000282, 740000283 тоот данс, Хаан банк дахь 5031025762 тоот данс. Хадгаламж банк дахь 10330017291 данс, Голомт банк дахь 1102969838, 1501017150, 2010005858 тоот данснуудын зарлагын гүйлгээний захиран зарцуулах эрхийг хязгаарласан мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

           

7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ