Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/175

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга С.Сүхжаргал,

            Улсын яллагч Ш.Хосбаяр,

            Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон С овогт Г-н Г-д холбогдох 1811001260164 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 1-4 насны хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо, Сансарын 7 дугаар гудамж, 00 тоотод оршин суух,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 354 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

мөн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацагаар  хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, төрөөс авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Г-н Г- /РД:хх0000000/,

Г.Г нь 2017 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Заяа” хүнсний дэлгүүрийн гадаа согтуурсан үедээ Ж.Б-ийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч Г.Г нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: “Миний буруу, үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Тухайн үед 4-5-уулаа 0.75 гр-ын Соёрхол нэртэй 4 шил архи хувааж уусан байсан. Хохирогчид хохирлын 500.000 төгрөг төлсөн” гэв.

Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “…Цагаан өнгийн приус 30 маркийн машинд суусан тэгэхээр нь би араас нь очоод машиных нь хаалгыг онгойлгоод чи яаж байгаа юм бэ тэр цагдаагаа зохицуул наадах чинь Очироод сүүлд нь хэцүү болно гээд уурлангуу хэлсэн чинь Санаа нь бууж ирэхгүй суугаад байсан ба цаад талд сууж байсан 2 хүүхэн чи юу гээд байгаа юм зайл гээд миний өөдөөс хэрүүл хийхээр нь би машиных нь хаалгыг чанга саваад хаачихсан юм. Тэгсэн чинь уг машины жолооч Билгүүн нь уурлаад цонхоо онгойлгоод намайг машины хаалга чанга хаалаа гээд маргалдаад би Билгүүнийг цонхоор нь гараа оруулаад 2 удаа нүүр рүү нь цохьчихсон юм. Тэгсэн чинь л нөгөө дэлгүүр рүү орсон 2 цагдаа гарч ирээд намайг зодоон хийсэн гээд эрүүлжүүлэхэд хийсэн юм... Санаад уурласан уурандаа Билгүүнтэй маргалдаад бас машиных нь хаалгыг чанга хааснаас болж Билгүүн уурлаад тэрнээс л болж маргалдсан... Билгүүн машин барьж явсан учраас архи хэрэглээгүй байсан байх. Би найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэж явсан учраас уучихсан юм.” гэжээ.

Хохирогч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Приус 30 маркийн машинтай халтуур хийхээр гадуур явсан. Шөнийн 02 цагийн орчим Чоко нэртэй баарны гаднаас 2 эрэгтэй 2 эмэгтэй хүнийг авахад хойшоо Баруун салаа явъя гээд суугаад явсан. Явж байхад зурагтын эсрэг талын Заяа нэртэй дэлгүүрийг нэг залуу заагаад миний таньдаг дэлгүүр байгаа юм, орж архи авъя гэхээр нь тийшээ очсон. Би уг дэлгүүрийн гадна ирээд зогсоход нэг залуу буугаад дэлгүүрийн хаалга тогшоод дотогшоо нь орсон. Яг хаалга онгойлгохтой зэрэгцээд хөдөлгөөнтийн алаг тэрэг хүрч ирээд хаалгыг татаад хамт орчихсон юм. 3 минутын дараа шахуу дэлгүүр дотроос гурав дөрвөн залуу гарч ирээд гайтай гөлөг энэ тэр гээд л ярьцгаагаад муудалцаад байсан. Миний машинаас буусан залуу буцаад миний машины хойд талд суусан тэр үед сүүлд нэрийг нь мэдсэн Г.Г гээд залуу хүрч ирээд хойд талын хаалга онгойлгоод машинаас буусан залууд хандан гайтай гөлөг дахиж битгий ирээрэй гээд хаалга савсан. Ингээд байж байхад хойно сууж байсан хүмүүс одоо явъя хурдан явъя гэхээр нь машиныхаа цонхыг доош болгож онгойлгоод ухрах гэж байсан чинь Г.Г гээд залуу миний талаар хүрч ирснээ шууд гараараа нүд рүү, толгой руу цохихоор нь доошоо болоод гуравдах дээр нь өөрийн рефлекс үйлдлээрээ урд нь хугарч байсан гараараа хамгаалсан чинь гар сонин болчихсон ингээд байж байхад цагдаа нар хүрч ирээд Г.Г гээд залууг авч явсан юм... Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Урьд нь гар хугараад хагалгаанд орж эмчилгээ хийлгэж байсан юм тийм учраас хугарсан гэмтэлтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.01.05-ны өдрийн ¹816 тоот шинжээчийн дүгнэлтэд:

            1.Ж.Б-ий биед зовхинд цус хугаралт, тохойн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

            3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн хэрэгт хамаарна.

            4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй.

            5.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байх ба зүүн богтос ясны доод булууны гадна хэсгийн бороололт үүсээгүй хугарал гэмтэл нь хэзээ үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй байна гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Г.Г нь 2017 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Заяа” хүнсний дэлгүүрийн орчим согтуурсан үедээ Ж.Б-ийг зодож, түүний биед зовхинд цус хугаралт, тохойн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Б-ий “…шууд гараараа нүд рүү, толгой руу цохихоор нь доошоо болоод гуравдах дээр нь өөрийн рефлекс үйлдлээрээ урд нь хугарч байсан гараараа хамгаалсан чинь гар сонин болчихсон” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.01.05-ны өдрийн ¹816 тоот шинжээчийн дүгнэлт, хохирогчийн гомдол саналгүй, хоорондоо эвлэрсэн гэх хүсэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч С овогт Г-н Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогчоос эмчилгээний зардалд гарсан 541.200 төгрөгийн баримт ирүүлсэн ба шүүгдэгчээс түүнд 500.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч нь нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмчилгээний зардал 500.000 төгрөг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Г.Г-ийн торгох ялыг 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч С овогт Г-н Г-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийн торгох ялыг 2018 оны 9 дүгээр сарын 05-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.БУЯННЭМЭХ