Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар Н.Булганчимэг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Т.Солонго,

            Улсын яллагч Н.Булганчимэг,   

            Шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

            Шүүгдэгч, хохирогч  Т.С, түүний өмгөөлөгч П.Батбүрэн,

Хохирогч Т.Мөнхбаатар, П.Батбаяр, хохирогч Ж.Цэрэнчимэд, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар нарыг оролцуулан,       

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон Хиад Боржигин овогт Энхбаяржавхлангийн Түвшин-Эрдэнэ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигин овогт Тогтохын Сансар нарт холбогдох 2015 2503 1230 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1985 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 14 дүгээр гудамж, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Э-н Т (РД:хх000000),

2.Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1978 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, төрөөс авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овгийн Тогтохын Сансар (РД: хх000000)

Яллах дүгнэлтэд тэмдэглэснээр:

Нэг. Шүүгдэгч Э.Т нь

1.Хохирогч Н.Лхагвадоржоос 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “мөнгө зээлээч, 2 сарын хугацаатай хэрэглэж байгаад өгье” гэж хэлээд Баянгол дүүргийн нутагт зээлийн гэрээ байгуулж 15.000.000 төгрөгийг бэлнээр,

2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “мөнгө зээлээч, эргэлдүүлж байгаад өгье” гэж хэлээд Баянгол дүүргийн нутагт зээлийн гэрээ байгуулж 8.000.000 төгрөгийг бэлнээр, 2.000.000 төгрөгийг дансаар,

2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “манай хамаатны ах фермер ажиллуулдаг, зээлийн үлдэгдэлтэй болохоор тэрнийг хөөцөлдөж өгсний дараа дахиад зээл авахад өмнөх зээлсэн мөнгөтэйгөө нийлүүлээд бүгдийг нь өгье” гэж хэлээд Чингэлтэй дүүргийн нутаг Хүнсний-1 дэлгүүр ХААН банкинд 29.200.000 төгрөгийг дансаар, 800.000 төгрөгийг бэлнээр, нийт 55.000.000 төгрөгийг бэлнээр,

2.Хохирогч Т.С-аас “хашаа байшингаа барьцаанд тавьчих, дээд хэмжээгээр нь зээл гаргаж өгье, хамтарч ажиллая” гэж хэлээд 2013 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Т.С-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 4 дүгээр хэсэг сургуулийн гудамжны 1706 тоот хашаа байшинг Хас банкинд 27.000.000 төгрөгийн барьцаанд тавиулж, 2013 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутагт байрлах Цэргийн эмнэлгийн автомашины зогсоол дээр 10.000.000 төгрөгийг бэлнээр,

“хүнээс зээлсэн мөнгө хүүтэй нэхэгдээд байна, яаралтай мөнгө олоод өгөөч” гэж хэлээд 2014 оны 7 сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Бродвей ресторанд 8.800.000 төгрөгийг дансаар, нийт 18.800.000 төгрөгийг,

3.Хохирогч Ц.Батсүхээс “1 сарын хугацаатай хүүтэй мөнгө зээлүүлээч” гэж хэлээд 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Циркийн хойд талд 15.500.000 төгрөгийг бэлнээр,

4.Т.С-ын хамт “байраа барьцаалж мөнгө зээлж өгөөч, танд боломжийн хүү өгье” гэж хэлэн хохирогч Т.Мөнхбаатарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 22-25 тоот орон сууцыг 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Капитал банкинд 40.000.000 төгрөгийн барьцаанд тавиулж 40.000.000 төгрөгийг бэлнээр,

5. 2014 оны 8 дугаар сарын эхээр “ажлаасаа гарчихсан, банк, банк бус санхүүгийн байгууллага, ПС тогтлоомын газар ажиллуулж байгаа, та хамтарч ажиллах уу, та байраа барьцаалаад мөнгө зээлээч, сар бүр 500.000 төгрөг өгч байя” гэж хэлээд Ж.Цэрэнчимэдийн өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо 4 дүгээр хороолол 34-110 тоот орон сууцыг Капитал банкинд 32.000.00 төгрөгийн барьцаанд тавиулж, 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг Капитал банкны орчим бэлнээр 32.000.000 төгрөгийг,

6.Хохирогч П.Батбаяраас “зээл авах гэсэн юм, дансанд барьцаа хөрөнгө байрлуулахад мөнгө хэрэгтэй байна. 14 хоногийн хугацаатай хэрэглээд өгье” гэж хэлээд 2014 оны 4 дүгээр сарын сүүлээр Баянзүрх дүүргийн нутаг Офицеруудын ордны хажууд бэлнээр 6.000.000 төгрөгийг,

“нөгөө зээл маань бүтдэггүй, өөр банкинд арай их мөнгө зээлэх гэсэн юм. 10 сая төгрөг зээлчих” гэж хэлэхэд нь Говьсүмбэр аймгийн Чойр хотоос 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөгийг дансаар, 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 8.000.000 төгрөгийг дансаар, нийт 15.000.000 төгрөгийг,

 

7. “20 сая төгрөгийг 3 сарын хугацаатай зээлээч 26 сая төгрөг болгож өгье” гэж хэлээд хохирогч Б.Буянхишигийн өмчлөлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 15-278 тоот 227.16 мк.в газрыг Женерал Фенанс ББСБ-д 20.000.000 төгрөгийн барьцаанд тавиулан, 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг Ардын эрх  сонины байранд 20.000.000 төгрөгийг бэлнээр,

8. хохирогч Н.Цогтбаярт “хамтарч ломбард ажиллуулъя” гэж хэлээд 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 24 дүгээр байр 10 тоот орон сууцыг Баянзүрх дүүргийн нутагт байрлах Ариг банкны салбарт 30.000.000 төгрөгийн барьцаанд тавиулж, 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр уг мөнгөнөөс “яаралтай хэрэгтэй байна. 13,0 сая төгрөг өдрийн 1 хувийн хүүтэй сарын 10 хувийн хүүтэй зээлүүлээч” гэж хэлээд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 5 дугаар сургуулийн орчим 13.000.000 төгрөгийг бэлнээр тус тус хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад 209.300.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хоёр.Шүүгдэгч Т.С нь Э.Т-ийн хамт хохирогч Т.Мөнхбаатарт “байраа барьцаалж мөнгө зээлж өгөөч, танд боломжийн хүү өгье” гэж хэлэн хохирогч Т.Мөнхбаатарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 22-25 тоот орон сууцыг 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Капитал банкинд 40.000.000 төгрөгийн барьцаанд тавиулж 40.000.000 төгрөгийг бэлнээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүх хуралдаан дээр шүүгдэгч Э.Тэс мэдүүлэхдээ:-Лхагвадоржоос 2014 оны 3 дугаар сарын 28-нд 15,0 сая, 5 дугаар сарын 16-нд 8,0 сая, 7 дугаар сарын 24-нд 29,2 сая, 800.000, нийт 55,0 сая төгрөгийг хамтарч ажиллах гэж авсан. 15,0 сая, 20.0 сая төгрөгийг буцааж өгсөн. Би мөнгөө Тулгабаатар, Даваадулам нарт өгөөд алдсанаа мэдсэн. Лхагвадоржоос зээлсан мөнгөний асуудлыг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн иргэний шүүхийн шийдвэрээр шийдвэрлүүлсэн байгаа. Би “Ихбэл финанс” ББСБ байгуулж ажиллуулсан. Тулгабаатар, Даваадулам нарт холбогдох хэргийн хохирогчоор явж байгаа. Цэрэнчимэдийн нэрийн өмнөөс банкинд 3,0 гаруй сая төгрөгийн төлөлт хийсэн. Сансараас 2013 оны 8 дугаар сарын 24-нд 10,0 сая төгрөг авсан. Үүнийгээ Даваабаатарт өгөөд алдсан. 8,0 сая төгрөг би аваагүй. Сансарын дансаар 500,0 сая төгрөг ороод гарсан. Би Сансарт төлөх төлбөргүй. Би Батсүхээс 15,5 сая төгрөг аваагүй. Хишигнямын зээлийг хаах гээд Лхагвадоржид өгсөн. 4,5 сая төгрөгийг би төлсөн. 11,0 сая төгрөг төлөх эвлэрлийн гэрээ 2016 оны 5 дугаар сарын 14-нд хийсэн. 2014 оны 8 дугаар сард фото студи, ПС тоглоомын газар ажиллуулахаар Цэрэнчимэд эгчийн орон сууцыг барьцаалаад банкнаас зээл аваад, фото студид 15,0 сая, тоглоомын газарт 16,0 сая төгрөгийн хөрөнгө оруулаад Сайханбаатарт луйвардуулсан. Цэрэнчимэд эгчид орон сууц авч өгнө. Батбаряаас 10,0 сая төгрөг авсан. Энэ мөнгийг Мягмарсайханд өгсөн. Түүнийг хариуцагчаар татаад шүүхэд өгсөн байгаа. 10,0 сая төгрөгийг би төлнө. Цогтбаатараас 2014 оны 11 дүгээр сарын 12-нд 13,0 сая төгрөг авсан нь үнэн. Энэ мөнгийг буцааж өгнө. Сансартай хамт Түүний хүргэн ах Мөнхбаатарын байрыг банкинд барьцаалж 40,0 сая төгрөгийн зээл банкнаас авахад нь би тусалсан. Мөнгийг би гардаж аваагүй. Энэ мөнгөнөөс би 18,0 сая төгрөг авсан. Энэ мөнгийг буцааж төлөхөөр Мөнхбаатарын эхнэртэй эвлэрлийн гэрээ хийж шүүхээр шийдвэрлүүлсэн. 2014 оны 6 дугаар сарын 13-нд Буянхишигээс 20,0 сая төгрөг зээлж аваад, найзуудтайгаа хамтарч ажиллахаар бусдад өгөөд алдсан. Энэ мөнгийг төлнө. Гэм буруугаа ойлгож байна гэв.

            Шүүх хуралдаанд Т.С шүүгдэгч, хохирогчоор мэдүүлэхдээ:- Би Түвшин-Эрдэнэтэй хамтарч ажиллаж байгаагүй. Түвшин-Эрдэнэ надад өртэй байсан. 2014 оны 02 дугаар сард Түвшин-Эрдэнэ мөнгө олъё гэсэн. Тэгэхээр нь Мөнхбаатар ахад хэлэхэд ах үгүй гэсэн. Түвшин-Эрдэнийг дагуулж ах дээр очоод хамт уулзсан. Мөнхбаатар ах над дээр зээл гарах болов уу гэсэн. 40,0 сая төгрөгийн зээл ахын нэр дээр гарсан. Би орж мөнгийг авч гарч ирээд Түвшин-Эрдэнэ 16,0 сая төгрөгийг ХААН банкаар дамжуулж, өдрийн 2 хувийн хүүтэй авсан. Би Мөнхбаатар ахад сар бүр 4,0 сая төгрөг, нийт 28,0 сая төгрөг өгсөн. Түвшин-Эрдэнэ зээл авснаас хойш алга болохоор нь Мөнхбаатар ахад хэлээд, цагдаад өгсөн. Би ахыг залилаагүй, авсан мөнгөө өгсөн. Би Түвшин-Эрдэнэд хашаа байшингаа барьцаалж 10,0 сая төгрөг өгсөн. 2014 оны 7 дугаар сарын 28-нд 8,8 сая төгрөг өгсөн. Одоо түүнээс 18,8 сая төгрөг нэхэмжилнэ гэв. Чиний дансаар мөнгө оруулаад авъя гээд надаас нийт 28.800.000 төгрөг авсан. Бидний хооронд мөнгө өгсөн авсан баримт байхгүй. Мөнхбаатар нь миний хүргэн ах юм. Түвшин-Эрдэнэ хөрөнгө оруулагч хэрэгтэй гэхээр нь танилцуулсан. Надад мөнгө байхгүй байсан тул Мөнхбаатар ахын мөнгийг надаар дамжуулж авсан. Би Түвшин-Эрдэнэд мөнгө зээлүүлж буцааж авсан тул миний итгэлийг олсон. Одоо 18.800.000 төгрөгөө нэхэмжилнэ гэв.

Т.С-аас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Би анх 2013 оны 6 сард Түвшин-Эрдэнийн ажиллаж байсан Хас банкинд өөрийн БЗД-ийн 23 дугаар хороо сургуулийн 4-1706 тоотод байрлах хашаагаа 7 сая төгрөгийн барьцаанд тавихаар танилцаж байсан. Энэ үед манай байшингийн гэрчилгээ гараагүй байсан тул дан хашаагаа барьцаалж байсан. Үүнээс хойш 2013 ондоо 2-3 удаа бага хэмжээний хүүтэй мөнгө зээлж аваад буцаагаад өгч байсан. Ингээд бага хэмжээний мөнгө зээлж аваад надад ч ашигтай байсан тул боломжийн санагдсан мөн итгэл төрсөн. Тэгээд байшингийнхаа гэрчилгээг гаргачих юм бол гайгүй өндөр хэмжээний зээл гарах уу гэж асуухад болно гэж хэлсэний дагуу би байшингийн гэрчилгээг гаргуулж аваад 27.000.000 төгрөгийн зээл авсан, үүнээс өмнө банкны зээл болох 7 сая төгрөгийг төлөөд гар дээр бэлнээр 20 сая төгрөгийг авсан. Тэгээд тэр өдрөө буюу 2013 оны 8 сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн автобусны буудлын хойд талд Түвшин-Эрдэнэ, Даваасүрэн нартай уулзаад Түвшин-Эрдэнэд ямар нэг хүү, хугацаа тохироогүй 10 сая төгрөгийг, Даваасүрэнд 10 сая төгрөгийг 1 жилийн хугацаатай 20 сая төгрөгөөр буцааж олгохоор амаар тохиролцон бэлнээр зээлдүүлсэн. Тэрнээс хойш Түвшин-Эрдэнэ надад мөнгө өгөөгүй. 2014 оны 3 сарын 26-ны өдөр Түвшин-Эрдэнэ надад мөнгө өсгөх ажил байна, хамтарч ажиллая мөнгө олооч гэж хэлэхээр нь хүргэн ах болох Мөнхбаатараас гуйгаад байрыг нь 40 сая төгрөгийн  барьцаанд тавиулж Мөнхбаатар ахаас  39.600.000 төгрөгийг би өөрөө гар дээрээ авсан. Тэгээд Түвшин-Эрдэнэ хэд хоногийн дараа мөнгө эргүүлчмээр байна, мөнгө зээлчих гэж хэлээд 16.000.000 төгрөгийг авсан, тэгээд үлдсэн 23 сая 600 мянган төгрөг нь надад байсан бөгөөд 2014 оны 3 сарын 31-ний өдөр Даваасүрэн эгч нь банкны зээл төлөх гэсэн юм 2 сая төгрөг зээлчих гэж хэлж авсан, түүнээс хойш хагас сар орчмын дараа нэг ажил байна, өдрийн 2 хувийн хүүтэй 21 сая төгрөг зээлдүүлчих гэж гуйгаад зээлж авсан. Тэгээд Түвшин-Эрдэнэ нь ямар нэг холбоогүй болсон бөгөөд Мөнхбаатар ахын байрны зээлийн мөнгө нэхэгдээд байсан тул араас нь хөөцөлдөж байж 6 сая төгрөгийг 2 хувааж авсан. 2014 оны 05 сараас 09 сар хүртэлх хугацааны банкны зээлийг би өөрөөсөө төлсөн. 2014 оны 7 сард Түвшин-Эрдэнэтэй хамт явж байхад хүнээс зээлсэн мөнгө хүүтэйгээ нэхэгдээд байна яаралтай 8.900.000 төгрөг олоод өгөөч гэж гуйсны дагуу Түвшин-Эрдэний хэлсэн данс руу нь хийж байсан, тэгээд надад олдохгүй болсон тул цагдаагийн байгууллагад хандсан. Би Түвшин-Эрдэнэтэй хамтран хүнд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэж байгаад ажил бүтээгүй. Анх Болортуяагийн зээлийг нь гаргаж өгөх гэж байгаад л танилцаж байсан. Тэгээд Болортуяатай хамааралтай Гэсэр сүмийн зурхайч хийдэг хүнтэй л уулзаад яваад байдаг байсан, надад юу хийж байгаа, яах гэж байгаагаа хэлж байгаагүй, нэг удаа сонирхоод хамт очиж байснаас өөр мэдэх зүйл байхгүй. Түвшин-Эрдэнэ надаас мөнгө авахад Болортуяа хамт байсан удаа байхгүй, эхлээд мөнгө авахад Түвшин-Эрдэнэ Болортуяатай танилцаа ч үгүй байсан. Би хашаа байшингаа барьцаалж 27 сая төгрөгийн зээл авсаны дараа  сар болгоны зээлийг төлдөг байсан. 1 сард төлөх зээлийн хэмжээ 1.900.000 орчим төгрөг байсан тэгээд 9 сарын зээлийг төлсөн. Сүүлд ХАС банкнаас мэдэгдэл ирэхэд 13.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэсэн байсан тэгэхээр бусад мөнгийг нь Түвшин-Эрдэнэ өгсөн гэсэн үг юм. Түвшин-Эрдэнэд өгсөн гэх 8.900.000 төгрөг нь хүнээс авч хэрэглэчихээд буцааж төлөх ёстой байсан мөнгө юм. Миний дансанд байсан тухайн үед данснаасаа шууд шилжүүлсэн. Түвшин-Эрдэнэ банк бус санхүүгийн байгууллага байгуулна гэж ярьж байсан, тэгээд яг ямар ажил хэрхэн хийх талаар нарийн зүйл надад ярьдаггүй, олсон ашгаасаа тодорхой хувийг өгнө гэж ярьж байсан, би бүрдүүлсэн гэх бичиг баримтыг нь үзээгүй. Түвшин-Эрдэнэ урьд банкны эдийн засагч хийж байсан мөн хэлж ярьж байгаа нь үнэмшилтэй байдаг байсан учраас итгэсэн. Түвшин-Эрдэнэ миний хашаа байшингийн зээлийг 9 сарын турш төлсөн, ойролцоогоор 10 гаран сая төгрөг болсон гэжээ.

Шүүх хуралдаан дээр хохирогч нараас мэдүүлэхдээ:

1.Т.Мөнхбаатараас :-Сансар 2014 оны 2 дугаар сард надтай ирж уулзаад хөрөнгө оруулах мөнгө хэрэгтэй гэсэн. Би яг ямар үйл ажиллагаа вэ гэхэд гадаадын хөрөнгө оруулалттай гэсэн. Бүх юмыг Сансараар дамжуулан хийнэ гэсэн. Тэгээд 40,0 сая төгрөгийн зээл гаргуулсан. 2,0 сая төгрөгийг банкны ажилтанд өгнө гээд Сансарт өгүүлсэн. Үлдэхийг үйл ажиллагаандаа зарцуулна гэсэн. Би энэ хүний үгээр л явж байсан. Манай гэрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хүн ирсэн. Би орох оронгүй болсон. Капитал банкнаас дуудлага худалдаа явуулсан. Түвшин-Эрдэнээс 18,0 сая төгрөг нэхэмжилнэ. Сансараас 26,0 сая төгрөг авсан тул түүнээс нэхэмжлэх зүйлгүй, түүнд гомдолгүй гэв. 

Т.Мөнхбаатараас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Манай эхнэрийн дүү Сансар нь 2012 оны үеэс эхлэн тэрэг зараад хувийн бизнес хийж эхэлсэн, миний хувьд Сансарын хувийн бизнес нь одоогоор амжилттай явагдаж байгаа гэсэн ойлголтой байгаа.Тэгэхдээ хэнтэй нийлж яг ямар бизнес яаж хийдэг талаар би сайн мэдэхгүй. Сансар 2014 оны 3 сарын дундуур манай гэрт ирээд бизнес хийх гэтэл мөнгөний хэрэг гараад байна, та байраа барьцаанд тавиад мөнгийг нь зээлчих бид нар буцаагаад таньд сард 4 саяар төлөөд дуусгана, та тэр 4 саяасаа өөрөө банкны зээлээ төлөөд яваад бай гэж хэлсэн. Би өөрийн байраа барьцаанд тавьж байгаа болохоор санаа зовоод “Та нар хууль бус юм хийхгүй биздээ юу хийх гэж байгаа юм бэ” гэж асуухад Сансар хууль бус юм хийхгүй, манай компани Гадаадын хөрөнгө оруулалттай санаа зоволтгүй гэж хэлсэн, яг ямар үйл ажиллагаа явуулдаг зэргээ огт хэлээгүй. Тэрнээс 5-6 хоногийн дараа Сансар намайг Сүхбаатар дүүргийн замын эсрэг талд байрлах Капитал банкинд дуудсаны дагуу очиход Түвшин-Эрдэнэ гэх хүнтэй танилцуулаад надтай хамтарч бизнес хийдэг залуу, өмнө нь Хас банкинд ажиллаж байсан, зээлийг чинь хурдан бүтээж өгнө гэж хэлээд тэр хоёр нийлээд банкинд бүрдүүлэх материалыг бүрдүүлээд маргааш нь гэхэд зээл авахаар болсон. Манай байрыг банк 40 сая төгрөгөөр үнэлсэн. Тэгээд банкнаас гар дээр 39.600.000 төгрөг авсан, тэрнээс 2 сая төгрөгийг зээл хурдан гаргаж өгсөн Буянхишиг гэдэг хүнд өгнө гэсэн, үлдсэн мөнгийг нь буюу 37.600.000 төгрөгийг Сансар, Түвшин-Эрдэнэ хоёр авсан. Тэрнээс хойш 4,5,6,7,8,9 саруудад надад сар болгон 4 сая төгрөг өгсөн, би тэрнээс 1.500.000 төгрөгийг нь  банкинд тушаадаг байсан. Тэгээд 9 сард төлөлт хийснээс хойш Түвшин-Эрдэнэ алга болчихсон. Сансараас асуухаар одоо зээл нь бүтэх гэж байгаа, гадны хөрөнгө  оруулалт орж ирэх гээд хүлээгээд байна, гарын үсэг зурагдаал болоо та санаа зоволтгүй, банкны өрөө өөрөө төлөөд явж бай, нөхөөд өгчихнө гэж хэлсэн. Би өөрөө банкны хүүг төлөөд дууссан, одоо үндсэн мөнгө нь нэхэгдээд байгаа. Сансар хэлэхдээ надтай цуг бизнес эрхэлдэг өмнө банкинд ажиллаж байсан мэдлэг боловсрол сайтай залуу байгаа гэж тухайн үед хэлсэн. Манай компани гадаадын хөрөнгө оруулалттай гэж хэлсэн. Сүүлд сонсохнээ мөнгө хүүлэгч гэж нэрлэдэг буюу хүний мөнгийг хүүтэй чөлөөлдөг ажил хийдэг байсан юм шиг байна лээ. Би ямар нэг гэрээ хэлэлцээр хийгээгүй, ямар хөрөнгийн эх үүсвэрээс яаж буцааж төлөхөө ч хэлээгүй. Сансар нь манай эхнэрийн төрсөн дүү учраас өөрийн дүү шигээ бодоод итгээд өгсөн. Сүүлд бодоход банкны ажилтан Буянхишиг нь  зээл олгохдоо намайг хөрөнгийн эх үүсвэрээс хэрхэн яаж буцааж төлөх зэргийг огт асууж шалгаагүй, юунд зарцуулах гэж байгаа талаар ч асуугаагүй шууд л зээл гаргаад өгсөн зэргээс харахад хамтарч ажилладаг л байсан юм шиг байна лээ. Би одоо Сансар Түвшин-Эрдэнэ нараас банкны нэхэмжилсэн байрны мөнгөө гаргуулж авмаар байна. Би тухайн үед Сансараас ямар нэг ашиг, хонжоо, хүү хараагүй дүүгээ хөлжөөд аваг л гэж бодсон гэжээ.

2.Шүүх хуралдаан дээр хохирогч Ж.Цэрэнчимэдээс мэдүүлэхдээ:-Түвшин-Эрдэнэ манай хажуугийн өрөөг түрээсэлж амьдарч байсан. 2014 онд өөрийгөө ББСБ ажиллуулж байгаа, хүүхдийг чинь ажиллуулж болно гэсэн. Болортуяа 4 хоног дагаж явсан. Хүний мөнгө чөлөөлдөг хүн гэж ойлгосон. Өөрийгөө фото шоп, барилга гэх мэт олон төрлийн ажил хийж байгаа гэсэн. Хөрөнгө оруулалт хэрэгтэй, байрыг чинь барьцаалж, зээл авъя гэсэн. Намайг Капитал банкны эдийн засагч гэх Буянхишиг гэх залуу дээр дагуулж орсон. Түвшин-Эрдэнэ нь эргэн төлөлтийг би хийнэ, сар бүр таньд 500.000 төгрөг нэмж өгнө гэсэн. Би “эгч нь туслах маягаар зээл авч өгье” гэсэн. Энэ хүн Нийслэлийн шүүхийн санхүүд ажилладаг, авгай нь ХАС банкинд ажилладаг болохоор нь би итгэсэн. Би банкнаас авсан 32,0 сая төгрөгийн зээлийг Түвшин-Эрдэнэд өгсөн. Тэгээд Түвшин-Эрдэнэ алга болсон. 2016 оны 9 дүгээр сард манай байрыг зарах анхны дуудлага худалдаа болсон. 10 дугаар сарын 12-нд байрнаас албадан гаргасан. Би одоо сарын 230.000 төгрөгөөр айлын байр түрээсэлж амьдарч байгаа. Түрээс, улсын тэмдэгтийн хураамж төлсөн зардал зэргийг нэмээд нийт 42.235.000 төгрөг нэхэмжилнэ. Одоо нэг өрөө байраа нэхэмжилнэ. 1 өрөө байрны зах зээлийн ханш 50,0-55,0 сая төгрөг байгаа гэв.

Ж.Цэрэнчимэдээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-2014 оны 8 сард Түвшин-Эрдэнэ нь банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж байгаа их олон хүнтэй хамтарч ажилладаг, мөн давхар РС тоглоомын газар ажиллуулж байгаа, фото студийн газар худалдаж авах гэсэн чинь 30 орчим сая төгрөг хэрэгтэй байна, байраа барьцаалаад надад мөнгө зээлээч ээ би 1 жилийн дотор таны банкны зээлийн төлөлтийг сар болгон хийгээд, мөн таньд бэлнээр 500.000 төгрөг өгч байя гэж гуйгаад байхаар нь итгээд л 3 өдөр хамт зээл хөөцөлдөж байгаад байраа Капитал банкны барьцаанд тавиад бэлнээр 32 сая төгрөгийг Түвшин-Эрдэнэд төв Капитал банкны замын эсрэг талд өгсөн боловч Түвшин-Эрдэнэ алга болчихсон. Би банкин дээр очиж асуухад 3 сая төгрөгийн төлөлт хийсэн байсан. Би эхнэр нь болох Нансалмаа гэх хүнтэй уулзахад бид хоёр салчихсан ямар ч холбоогүй, одоо над дээр ирэх хэрэггүй гэж хэлсэн. Би Түвшин-Эрдэнэтэй ямар нэг гэрээ хэлэлцээр хийгээгүй, мөнгө өгсөн тухай ямар нэг баримт байхгүй. Мөнгө Капитал банкны төв салбараас авч гараад бэлнээр өгсөн, тэгээд нотариат орж баталгаажуулах бодолтой байсан ч чадаагүй. Миний санаж байгаагаар Буянхишиг, Болортуяа өөр бас хэдэн нэр хэлж байсан, нийлээд ажиллаж байгаа, ажил гайгүй бүтэж байгаа удахгүй корпораци байгуулна гэсэн. Надаас авсан мөнгө үндсэн хөрөнгө болгож эргэлтэнд оруулаад буцаад 6 сарын дотор л миний мөнгийг өгчих юм ярьсан. Мөнгө өгөхөд Болортуяа байсан яг хэдэн төгрөг өгсөн гэдгийг ч Болортуяа мэдэж байгаа, хамт тоолоод Түвшин-Эрдэнэ нь авсан гэжээ.

3.Шүүх хуралдаан дээр хохирогч П.Батбаяраас мэдүүлэхдээ:-Би Түвшин-Эрдэнийн аавыг нь таньдаг байсан. 2014 онд аав нь намайг Түвшин-Эрдэнэтэй танилцуулсан. Би 2014 оны 4 дүгээр сард 6.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Дараа нь 1.000.000 төгрөг мобайлаар шилжүүлж өгсөн. 2014 оны 7 дугаар сарын 02-нд 2.000.000 төгрөг дансаар, 6.000.000 төгрөгийг ХААН банкаар дамжуулж өгсөн. Лангууны түрээсийн мөнгө нэхэгдээд 250.000 төгрөг авсан. Өөр зүйл аваагүй. Үлдэхийг нэхэмжлнэ. Өөрийгөө тоосгоны үйлдвэр ажиллуулна гээд яриад л яваад байсан. Байраа тавиад зээл гарангуут мөнгийг чинь өгнө гэж байсан. 14.750.000 төгрөг нэхэмжилнэ гэв.

П.Батбаяраас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Түвшин-Эрдэнийн аав Энхбаяржавхлан нь Дэнжийн-1000-н зах дээр мах зардаг бөгөөд би мах нийлүүлж хамтран ажилладаг байсан юм, тэгээд Түвшин-Эрдэнийг хүүхэд нь гэж мэддэг болсон. Тэрнээс хойш 2014 онд Түвшин-Эрдэнээс 3-4 удаа 1 хувийн хүүтэй 2-3 хоногийн хугацаатай мөнгө  зээлээд буцааж өгч байсан. Түвшин-Эрдэнэ надаас  4-5 удаа мөнгө зээлээд буцаагаад өгч байсан, миний хувьд Түвшин-Эрдэнэ найдвартай юм байна гэж итгэл төрсөн. 2014 оны 4 сард зээл авах гэсэн юм, дансанд барьцаа хөрөнгө байршуулахад мөнгө хэрэгтэй байна, 14 хоногийн хугацаатай надад 6.000.000 төгрөг зээлчих гэж хэлээд Баянзүрх дүүрэг офицерүүдийн ордны автобусны зогсоол дээр бэлнээр авсан, энэ асуудлыг бид хоёроос өөр мэдэх хүн байхгүй. Мөн 2014 оны 6 сарын 27-ны өдөр Түвшин-Эрдэнэ нь утсаар яриад нөгөө зээл маань бүтдэггүй өөр банкинд арай их мөнгө зээлэх гэсэн юм, 10 сая төгрөг зээлчих гэхээр нь  9 сая төгрөг л байна гэж хэлсэн. тэгтэл хамаагүй зээлчих гэхээр нь тэр өдрөө 1 сая төгрөгийг 07 сарын 02-ны өдөр данс руу нь өөрийн 5720942797 данстай 89701759 дугаарын утастай мобайл банкаар шилжүүлсэн, үлдсэн 8 сая төгрөгийг Говьсүмбэр аймгийн Хаан банкнааас Түвшин-Эрдэний данс руу шилжүүлсэн баримт байгаа. Тэгээд наадмаар олон хоног амарчихлаа ажил цуглахаар больё гэж хэлээд эргэж мөнгө өгөөгүй таг болсон. Түвшин-Эрдэнийг Чингэлтэй дүүргийн прокурор дээр байгаа гэж сонсоод прокурорт гомдол гаргасан юм. Түвшин-эрдэнэ тухайн үед банкны эдийн засагч хийдэг байсан тул надаас зугтана гэсэн ямар ч бодол төрөөгүй, итгэсэн. 5 сая төгрөгийг банкнаас зээлсэн, 10 сая төгрөг нь малынхаа ноолуур, мах арьс ширийг зарж борлуулан олсон мөнгө байсан юм. Түвшин-Эрдэнэ нь гэрээ хийхээсээ өмнө хоёулаа хамтарч тоосгоны үйлдвэр барья, би зураг төслийг нь гаргасан гээд надад харуулсан тэгээд би гэрээ хийсэн, тэгэхдээ яг мөнгө авахынхаа өмнө банкнаас зээл авах гэж байна гэж хэлж байгаад мөнгө зээлсэн гэжээ.

Мөрдөн байцаалтад хохирогч нараас мэдүүлэхдээ:

1.Н.Лхагвадоржоос:-Би Түвшин-Эрдэнэ гэх хүнийг 2013 оноос хойш банкинд ажилладаг гээд танилцаж байсан. Түвшин-Эрдэнэ надаас 2014 оны 3 сараас хойш “мөнгө түр зээлээч би эргэлдүүлж байгаад өгье” гэж хэлээд увуулж цувуулаад 25 сая төгрөг, “манай аавын дүү банкнаас зээл авах гэсэн юм, өмнөх зээлийг чөлөөлөх гэсэн юм, 30 сая төгрөг зээлчих дараагийнхаа зээлийг аваад  өгнө” гэж хэлээд 30 сая төгрөг, нийт 55 сая төгрөг авсан. Надаас “мөнгө өгөх зээлэх хүн байна уу?, бэлэн мөнгө байвал зээл чөлөөлөх гэсэн юм” гэж хэлэхээр нь найз Батсүх, Чимэддорж, Мөнх-Эрдэнэ нарыг уулзуулж мөнгө зээлдүүлсэн. Батсүхийн 15.500.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Хаан банкинд Түвшин-Эрдэнэтэй уулзаад энэ хүнд зээлчих, би эрсдэлийг нь даана гэж хэлээд шууд Түвшин-Эрдэний данс руу хийлгэсэн. Чимэддоржийн 8 сая төгрөгийг миний данс руу хийгээд би Түвшин-Эрдэнэд өгсөн, сүүлд хооронд нь уулзуулаад гэрээ хийлгэсэн. Мөнх-Эрдэнийг би Түвшин-Эрдэнэтэй танилцуулж өгсөн, өөрсдөө хоорондоо мөнгө төгрөгөө өгөлцөж авалцсан. 2014 оны 3 сарын 28-ны өдөр 15 сая төгрөгийг Баянгол дүүргийн нотариат дээр зээлийн гэрээ хийж өгсөн. 2014 оны 5 сарын 16-ны өдөр 10 сая төгрөгийг зээлийн гэрээ байгуулж өгсөн,сүүлд 2014 оны 7 сарын 24-ны өдөр 30 сая төгрөгийг хүнсний 1 дэлгүүрийн Хаан банкинд гараар авсан өгсөн тухай баримт үйлдэж өгсөн гэжээ.

2.Ц.Батсүхээс:-2014 оны 5 сард манай найз Лхагвадорж нь утсаар яриад байраа зарсан мөнгөнөөсөө 15 сая 500 мянган төгрөг зээлчих гэж хэлээд Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн урд талд байрлах Хаан банкинд дуудаад Түвшин-Эрдэнэ гэдэг хүнийг танилцуулаад энэ манай хуурай дүү байгаа юм, банкинд эдийн засагч хийдэг байсан, одоо зээл чөлөөлдөг найдвартай хүн байгаа чи 15 сая 500 мянган төгрөг зээлдүүлчих гэхээр нь зээлдүүлсэн. Тэгтэл сүүлд хүү гэж хэлээд 2 саяыг, дараа нь 2 сая төгрөгийг, тэгээд дахиад 500 мянган төгрөгийг өгч байгаад Түвшин-Эрдэнэ нь алга болчихсон. Мөнгө өгөх үед Түвшин-Эрдэнэ, Лхагвадорж хоёр хамт байж байгаад Лхагвадорж одоо энэ хүний данс руу хийчих гэж хэлээд Түвшин-Эрдэнийн данс руу хийлгэсэн. Тухайн үед гэрээ хэлэлцээр хийгээгүй. Тэгээд мөнгөө өгөхгүй байсан болохоор сүүлд 2014 оны 6 сард уулзаад 20 сая төгрөгийн гэрээ нөхөж байгуулсан гэжээ.

3.Н.Цогтбаяраас:-Би Түвшин-Эрдэнэ гэх хүнтэй 2014 оны намар Буянхишигтэй уулзаад явж байгаад танилцаж байсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа хамтраад автоломбард нээж ажиллуулъя гэж ярилцсан, тэгж ярихдаа Түвшин-Эрдэнэ ажил бүтвэл 100 сая төгрөг гаргана гэж ярьж байсан. Би ээжийн хамт амьдардаг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороололт 24-10 тоот байрыг Ариг банкны салбарт байрлах 30 сая төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгтэл Түвшин-Эрдэнийн мөнгө нь бүтээгүй гээд ломбард нээх ажил хойшлогдсон. Тэгээд мөнгө хадгалаад байж байх үед Түвшин-Эрдэнэ нь надаас яаралтай хэрэгтэй байна, 13 сая төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлүүлээч гэж хэлээд гараар баримт үйлдэн Чингэлтэй дүүргийн нутагт 5 дугаар сургуулийн замын урд машины зогсоол дээр машин дотор өгсөн, тэр үед Буянхишиг хажууд байсан. Миний хувьд Буянхишигтэй багын найзууд, Түвшин-Эрдэнэ Буянхишигтэй гайгүй найзууд шиг байхаар нь итгэсэн гэжээ.

              4.Б.Буянхишигээс :-2014 оны 02 дугаар сард Түвшин-Эрдэнэтэй уулзаж байсан. 2014 оны 6 дугаар сарын 10-нд Женерал финанс ББСБ-д өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 15-278 тоотод орших өмчлөх эрхийн газраа барьцаалаад 20,0 сая төгрөгийг ББСБ-аас авч, Түвшин-Эрдэнэд зээлүүлсэн. Тэр өдрөөс хойш Түвшин-Эрдэнэ хүүгээ төлчихөөд надаас асууж хугацааг нь сунгасан юм. 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрээний хугацаа дуусах байсан, тэр хооронд төлөлт хийгээгүй байсан. 2015 оны 3 дугаар сард банк бусаас над руу залгаж, шүүх рүү шилжиж байгаа талаар мэдэгдсэн. Түвшин-Эрдэнэ надад чи шүүх дээр эвлэрчих, би чамайг хохиролгүй болгож өгнө гэхээр нь би шүүх дээр эвлэрсэн. Түүнээс хойш Түвшин-Эрдэнэ олдоогүй алга болсон. 2015 оны 7 сарын сүүлээс эхэлж ШШГА-аас Ариунболор гэдэг хүн дуудаж уулзсан. 2016 оны 3 дугаар сард би газраа ШШГА-д хураалгасан. Би гомдолтой байна гэжээ.  

Мөрдөн байцаалтад гэрчүүдээс мэдүүлэхдээ:

1.Б.Буянхишигээс:-Иргэн Т.Мөнхбаатар нь манай банкинд хандан өргөдөл гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 2 дугаар 40 мянгат 22-25 тоот хаягт бүртгэлтэй орон сууцыг барьцаалж зээл олгосон. Зээл олгохдоо зохих журмын дагуу судалж бүтээгдэхүүний шуурхай зээл гэсэн төрлөөр буюу үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж тухай үеийн зах зээлийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээгээр богино хугацаанд буюу ажлын 8 цагт багтаан зээл олгосон.  Уг байрны зах зээлийн үнэ 80 сая төгрөгөөр үнэлэгдээд 40 сая төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай сарын  3 хувийн хүүтэйгээр олгосон. Би Түвшин-Эрдэнэ гэх хүнийг танина. 2014 оны 02 сард надаас Банк бус санхүүгийн байгууллагын талаар мэдээлэл солилцох улмаар хамтран ажиллаж болох талаар асууж ирснээр танилцаж байсан. Өөрийгөө Хас банкинд ажиллаж байсан, одоо Банк бус санхүүгийн байгууллага байгуулах санаа зорилготой байна гэж хэлж байсан. Сансар гэх хүнийг бол сайн танихгүй, зээл авах үед Мөнхбаатар гэдэг хүний дүү гэж танилцуулаад машиныг нь барьчихсан ирж байсан. Би зохих журмын дагуу зээлийг гаргаж өгсөн. Мөнхбаатар гэх хүнээс мөнгө авсан асуудал байхгүй. Түвшин-Эрдэнэ зээл авдаг өдрөө манай ажил дээр ирээд танайх шуурхай зээл өдөртөө гардаг гэсэн, манай найзын ах зээл авах гээд байгаа юм энэ байрыг барьцаалаад зээл гарах боломжтойг судлаад боломжтой бол зээл гаргаад өгөөч гэж хэлсэн. Түвшин-Эрдэнэ нь 2014 оны 7 сард манай эгч байраа 40 сая төгрөгийн барьцаанд тавих гэсэн юм гээд Цэрэнчимэд гэх хүнийг над дээр дагуулж ирж байсан. Мөнхбаатар, Цэрэнчимэд гэх хүмүүсийн байрны зээл төлөгдөж байгаад зээл доголдож, зээлийн хугацаа дуусч шүүх рүү шилжүүлсэн байгаа гэжээ.

2.А.Занахүүгээс:-2015 оны 4 дүгээр сарын орчимд Буянхишиг нь найзаа 5.000.000 төгрөг олоод өг найз нь эргэлдүүлж байгаад эргүүлээд 3 сарын дотор 10 хувийн хүүтэй нь өгье гэж хэлэхээр нь ББСБ-аас 4 хувийн хүүтэй зээлж авч өгсөн. Тэгээд 3 сарын хугацаа болоод мөнгөө нэхэхэд Түвшин-Эрдэнэ гэдэг хүнд мөнгөө өгөөд залилуулчихлаа найз нь олоод удахгүй аваад өгчихнө гэж хэлсэн, тэгээд хоног хугацаа өнгөрсөөр саяхан холбоо барихад одоо цагдаад баригдсан байгаа асуудал нь шийдэгдэх байх гэж хэлсэн гэжээ.

3.Ц.Мянган-Эрдэнээс:-2015 оны 4 дүгээр сар надад “банкинд газар тавиад хүнд мөнгийг нь өгчихсөн чинь буцааж өгдөггүй мөнгөний асуудалтай байна” гэж хэлээд 2.500.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бэлнээр авсан тэгээд их удаагаагүй 1 сар орчимын дараа буцаагаад дансар явуулсан. Одоо бид хоёрын дунд ямар нэг өр шир байхгүй гэжээ.

4.Г.Болортуяагаас:-Би Түвшин-Эрдэнэ гэх хүнийг танина. 2013 онд танилцаж байсан, найзууд болсон. 2014 оны 7 сарын орчимд Түвшин-Эрдэнэ банк бус санхүүгийн байгууллага байгуулах гэж байна гээд би хотод засал хийлгэдэг байсан зурхайч Энхжаргал, Мандахцэцэг гэдэг хүмүүст очиж учир байдлаа хэлээд ажил эхэлбэл яах талаар асуухад дээр нэр дурьдсан 2 эгч “бид хоёр хөрөнгө оруулалт хийе хамтарч ажил хийе” гэж хэлсний дагуу бид хоёр хүлээгээд өнөөдрийг хүргэж байна. Түвшин-Эрдэнэ 2014 оны 7 сард надтай нийлээд Банк бус санхүүгийн байгууллага байгуулъя гэж ярихдаа “Би хүнээс хүүтэй мөнгө зээлээд хүнд өгчихсөн чинь нөгөө хүмүүс нь мөнгийг маань өгөхгүй  би өөр хүнээс хүүтэй зээлээд нөгөө хүндээ өгөөд дахин өөр хүнээс хүүтэй зээлээд дараагийнхаа хүнд өгсөөр байгаад баларлаа, надаас мөнгө авсан хүмүүс нь өгөхгүй юм гэж ярьж байсан. Надтай нийлээд ажил хөөцөлдөж байх хугацаанд Лхагвадорж, Сансар, Буянаа, Цээгий гэх эгч, Батсүх, Мөнх-Эрдэнэ гэх хүмүүсээс мөнгө авсан гэж ярьж байсан. Надад ярьж байснаар бол Лхагвадоржид хүү алдангитайгаа нийлээд 60 сая төгрөг өгөхөөр болчихлоо, Сансарт мөнгөнийхөө оронд машин тэргээ өгчихсөн, одоо бараг мөнгө өгөх ёсгүй, Батсүх, Мөнх-Эрдэнэ гэх хүмүүсийн аль нэгэнд нь 10 сая төгрөгийн өртэй байж байгаад авлагатай байсан хүнээсээ хашаа байшинг нь аваад өрөө хаачихсан, Буянаа гэх хүнд 10 билүү 20 сая төгрөг өгөх ёстой, Цээгий гэх хүнээс мөнгө аваад нэгнийхийг дарсан юм шиг ярьж байсан. хэдэн төгрөг авсан, хэнд өгсөн гэдгийг нь мэдэхгүй. Түвшин-Эрдэнэ дээрх хүмүүсээс мөнгө авахад нь уулзахад би машинтайгаа хүргэж өгдөг байсан, тэгээд машинаас бууж уулзчихаад л ирдэг байсан. хүнээс мөнгө авсан, өгсөн талаараа хааяа л надад хэлдэг байсан. Тэрнээс би мөнгө өгч авалцахад нь хажууд нь хараад зогсож байсан асуудал байхгүй. Сүүлд 2014 оны 10 билүү 11 сард Түвшин-Эрдэнэ Лхагвадоржоос 3 сая төгрөг авахад нь хамт байсан. Бид 2 хамт ажил хийхээр хөөцөлдөж байсан, тэгээд Түвшин-Эрдэнэ машинтайгаа хамт яваад өгөөч гэж гуйдаг байсан болохоор нь хамт явж өгдөг байсан. Би яриан дундаас нь ойлгохдоо Лхагвадоржоос мөнгө аваад Сансарт өгөөд, Сансараас мөнгө зээлээд Лхагвадоржид өгдөг, хэн нэгнээс нь 10 сая төгрөг аваад авлагатай хүнийхээ газрыг нь чөлөөлөөд өөр нэг өртэй хүнийхээ өрөнд тэр хашаа байшинг өгсөн, Цээгий гэх эгчээс мөнгө зээлээд бас нэг хүүнд нь өгсөн гэж ойлгосон тэрнээс нарийн асуудлыг нь огт мэдэхгүй надад ярьдаггүй байсан гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх баримтуудыг дүгнэн үзвэл:

Нэг.Прокуророос шүүгдэгч Т.С-ыг Э.Т-ийн хамт хохирогч Т.Мөнхбаатарт “байраа барьцаалж мөнгө зээлж өгөөч, танд боломжийн хүү өгье” гэж хэлэн хохирогч Т.Мөнхбаатарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 22-25 тоот орон сууцыг 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Капитал банкинд 40.000.000 төгрөгийн барьцаанд тавиулж 40.000.000 төгрөгийг бэлнээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн түүнд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтуудаар шүүгдэгч Т.С-ын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна. Тухайлбал, Т.С-, Э.Т нар нь хохирогч Т.Мөнхбаатартай харилцан тохиролцож, түүний өмчлөлийн орон сууцыг барьцаалуулж, Капитал банкнаас түүний нэрээр 40,0 сая төгрөгийн зээл авахуулж, уг мөнгөнөөс Т.С 37.600.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээл нэрээр авч, уг зээлээс 16,0 сая төгрөгийг Э.Тд өгсөн болох нь шүүх хуралдаанаад шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг, Т.С-ын Т.Мөнхбаатараас 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 37.600.000 төгрөгийг сарын 10 хуувийн хүүтэй зээлж авсан бичгийн  баримт /1-р хх 53 х/-аар нотлогдон тогтоогдож байна. Улмаар Т.С 2014 оны 4-11 дүгээр саруудын хооронд сар бүр 4,0 сая төгрөг, нийт 28,0 сая төгрөгийг Т.Мөнхбаатарт эргүүлэн өгч байсан болох нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогдож байх ба хохирогч Т.Мөнхбаатар нь шүүх хуралдаан дээр шүүгдэгч Т.С-аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэжээ. Шүүгдэгч Э.Т нь хохирогч Т.Мөнхбаатараас авсан 16,0 сая төгрөгийг өгөлгүй, зугтаасан шалтгаанаар хохирогч Т.Мөнхбаатар цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр түүнийг хохирогчоор тогтоож, байцаалт авсан байна.

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд шүүгдэгч Т.С хохирогч Т.Мөнхбаатартай тохиролцсоны дагуу 2014 оны 3 дугаар сард авсан 21,6 сая төгрөгийг мөн оныхоо 11 сар хүртэл хугацаанд цувуулан буцааж өгсөн буюу хохирогч Т.Мөнхбаатарт гэмт хэргийн хохирлын үр дагавар шууд учраагүй, өөрөөр хэлбэл гэмт хэргийн шинжгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хоёр: Прокуророос шүүгдэгч Э.Т-ийг хохирогч Н.Лхагвадоржоос 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “мөнгө зээлээч, 2 сарын хугацаатай хэрэглэж байгаад өгье” гэж хэлээд Баянгол дүүргийн нутагт зээлийн гэрээ байгуулж 15.000.000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “мөнгө зээлээч, эргэлдүүлж байгаад өгье” гэж хэлээд Баянгол дүүргийн нутагт зээлийн гэрээ байгуулж 8.000.000 төгрөгийг бэлнээр, 2.000.000 төгрөгийг дансаар, 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “манай хамаатны ах фермер ажиллуулдаг, зээлийн үлдэгдэлтэй болохоор тэрнийг хөөцөлдөж өгсний дараа дахиад зээл авахад өмнөх зээлсэн мөнгөтэйгөө нийлүүлээд бүгдийг нь өгье” гэж хэлээд Чингэлтэй дүүргийн нутаг Хүнсний-1 дэлгүүр ХААН банкинд 29.200.000 төгрөгийг дансаар, 800.000 төгрөгийг бэлнээр, нийт 55.000.000 төгрөгийг, Т.С-ын хамт “байраа барьцаалж мөнгө зээлж өгөөч, танд боломжийн хүү өгье” гэж хэлэн хохирогч Т.Мөнхбаатарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 22-25 тоот орон сууцыг 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Капитал банкинд 40.000.000 төгрөгийн барьцаанд тавиулж 40.000.000 төгрөгийг бэлнээр, хохирогч Ц.Батсүхээс “1 сарын хугацаатай хүүтэй мөнгө зээлүүлээч” гэж хэлээд 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Циркийн хойд талд 15.500.000 төгрөгийг бэлнээр тус тус авч залилсан хэмээн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч

Н.Лхагвадоржийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 30.000.000 төгрөгийг Э.Тд зээлдүүлсэн гэх нэхэмжлэлтэй, 50.000.000 төгрөгийг Э.Тэс гаргуулж, Н.Лхагвадоржид олгох тухай Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 102/Ш32016/17029 дүгээр захирамж /5-р хх 211х/

Н.Лхагвадоржийн 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 15.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөг 10 хувийн хүүтэй Э.Тд тус тус зээлдүүлсэн гэх нэхэмжлэлтэй, 35.000.000 төгрөгийг Э.Тэс гаргуулж Н.Лхагвадоржид олгох тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 184/Ш32016/00358 дугаар захирамж /5-р хх 209х/,

Ц.Батсүх 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээгээр Э.Тд 20.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй өгсөн, үлдэх 14.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 102/Ш32016/16888 дугаар захирамж /5-р хх 207х/,

Т.Сонинбаяр /хохирогч Т.Мөнхбаатарын эхнэр/ 2014 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 16.000.000 төгрөгийг Э.Тд өгсөн, 18.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, Э.Тэс 18.000.000 төгрөгийг төлөхөөр тохирч эвлэрсэн тухай Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 102/Ш32016/17148 дугаар захирамж /5-р хх 206х/ зэрэг нь хэрэгт авагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг шүүх дахин шинжлэн судлахаас татгалзаж, шүүгдэгч Э.Т-ийн үйлдлээс хохирогч Н.Лхагвадорж, Ц.Батсүх, Т.Мөнхбаатар нарыг залилж 110.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.    

Гурав: Шүүгдэгч Э.Т нь өөрийн хөрөнгийн эх үүсвэргүй, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах хууль ёсны эрх олгогдсон аж ахуйн нэгжгүй, тийм үйл ажиллагаа явуулаагүй атлаа бусдын итгэл эвдэх, хууран мэхлэх аргаар, яаралтай мөнгөний хэрэг болоод байна, хүүтэй мөнгө зээлдүүлээч, удахгүй мөнгөтэй болно, банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж байгаа, гаднаас хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа, зээл өгсөн хариуд сар бүр 500.000 төгрөг өгнө, мөнгийг чинь өсгөж өгнө хэмээн Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрт

2013 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Т.С-аас “хашаа байшингаа барьцаанд тавьчих, дээд хэмжээгээр нь зээл гаргаж өгье, хамтарч ажиллая” гэж хэлээд түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 4 дүгээр хэсэг сургуулийн гудамжны 1706 тоот хашаа байшинг Хас банкинд 27.000.000 төгрөгийн барьцаанд тавиулж, 2013 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 10.000.000 төгрөгийг бэлнээр, “хүнээс зээлсэн мөнгө хүүтэй нэхэгдээд байна, яаралтай мөнгө олоод өгөөч” гэж хэлээд 2014 оны 7 сарын 28-ны өдөр 8.800.000 төгрөгийг дансаар, нийт 18.800.000 төгрөгийг,

2014 оны 8 дугаар сарын эхээр “ажлаасаа гарчихсан, банк, банк бус санхүүгийн байгууллага, ПС тогтлоомын газар ажиллуулж байгаа, та хамтарч ажиллах уу, та байраа барьцаалаад мөнгө зээлээч, сар бүр 500.000 төгрөг өгч байя” гэж хэлээд хохирогч Ж.Цэрэнчимэдийн өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо 4 дүгээр хороолол 34-110 тоот орон сууцыг Капитал банкинд 32.000.00 төгрөгийн барьцаанд тавиулж, 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдөр түүнээс бэлнээр 32.000.000 төгрөгийг,

2014 оны 4 дүгээр сарын сүүлээр хохирогч П.Батбаяраас “зээл авах гэсэн юм, дансанд барьцаа хөрөнгө байрлуулахад мөнгө хэрэгтэй байна. 14 хоногийн хугацаатай хэрэглээд өгье” гэж хэлээд бэлнээр 6.000.000 төгрөгийг, 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөгийг дансаар, 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 8.000.000 төгрөгийг дансаар, нийт 15.000.000 төгрөгийг,

2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Б.Буянхишигт “20 сая төгрөгийг 3 сарын хугацаатай зээлээч 26 сая төгрөг болгож өгье” гэж хэлээд түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 15-278 тоот 227.16 мк.в газрыг Женерал Фенанс ББСБ-д барьцаанд тавиулан, 20.000.000 төгрөгийг бэлнээр,

2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Н.Цогтбаярт “хамтарч ломбард ажиллуулъя” гэж хэлээд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 24 дүгээр байр 10 тоот орон сууцыг Баянзүрх дүүргийн нутагт байрлах Ариг банкны салбарт 30.000.000 төгрөгийн барьцаанд тавиулж, уг мөнгөнөөс “өдрийн 1 хувийн хүүтэй сарын 10 хувийн хүүтэй зээлүүлээч” гэж хэлээд 13.000.000 төгрөгийг бэлнээр тус тус хуурч, залилж авснаас бусдад нийт 98.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч нараас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, Хасбанк, Т.С нарын хооронд хийсэн барьцаат зээлийн гэрээ, Капитал банк Ж.Цэрэнчимэд нарын  хооронд хийсэн зээл, барьцааны гэрээ, зээл төлөх тухай Э.Тэс гаргасан тайлбар, Капитал банкны нэхэмжлэлтэй, Ж.Цэрэнчимэдэд холбогдох иргэний хэргийн шүүхийн шийдвэр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой баримтууд, Женерал финанс ББСБ, Б.Буянхишиг нарын хооронд хийсэн зээл, барьцааны гэрээ, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  

Иймд шүүгдэгч Х овогт Э-н Т-ийг бусдын эд хөрөнгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилж авснаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Т нь 2013, 2014 онуудад бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн боловч 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэж болохоор заасан тул түүнд прокуророос мөн оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Харин шүүгдэгч Э.Т нь нэр бүхий 5 хохирогчийн 98.800.000 төгрөгийн эд хөрөнгийг хуурч, залилан авсан гэмт хэрэг үйлдсэн нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шинжтэй боловч гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуульд дээрх хүндрүүлэх шинжийг заагаагүй байсан тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй болно.  

Шүүх хохирлын хэмжээг тодорхойлохдоо 2015 оны Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000.000 төгрөгөөс дээш их хэмжээний хохиролд тооцлоо.   

Шүүгдэгч Э.Тэс хохирогч П.Батбаярт 250.000 төгрөг буцаан төлсөн тул үлдэхийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ. Харин Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 102\ШШ2015\04049 дугаартай шийдвэрээр Ж.Цэрэнчимэдээс улсын тэмдэгтийн хураамж болон төлбөрт нийт 38.973.440 төгрөг гаргуулж Капитал банкинд, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 102\ШШ2015\02421 дугаартай захирамжаар Б.Буянхишигээс 25.000.000 төгрөг гаргуулж Женерал финанс ХХК-д олгуулахаар  шийдвэрлэсэн байх ба шүүгдэгч Э.Т нь дээрх хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлөөгүйн улмаас тэдгээрийн зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө хураагдсан тул хохирогч нараас төлүүлэхээр шийдвэрлэсэн иргэний хэргийн шүүхийн шийдвэрт заасан зээлийн хүү, алданги, тэмдэгтийн хураамжийг гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирол гэж үзэж, шүүгдэгчээс нөхөн гаргуулах нь зүйтэй. Шүүх хуралдааны үед шүүгдэгчээс хохирогч Б.Буянхишигт 25,0 сая төгрөг төлсөн нь баримтаар нотлогдож байна. Хохирогч Ж.Цэрэнчимэдэд шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөр дээр түрээсийн зардал, тэмдэгтийн хураамж зэрэг зардлуудыг нэмж, нийт 42.235.000 төгрөг нөхөн гаргуулахаар шийдвэрлэв.

            Шүүгдэгч нь “Огч” ХХК-ийн нэрээр Т.С-, Н.Лхагвадорж нартай хамтран үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан зээл чөлөөлөх ажил хийж байсан, мөн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлж байсан гэх боловч тэрээр хууль ёсоор дээрх ажил үйлчилгээ эрхэлж байсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт байгаа бусад баримтаар нотлогдохгүй байна. Харин ч шүүгдэгч нь өөрөө хөрөнгийн эх үүсвэргүй атлаа бусдын үл хөдлөх эд хөрөнгийг банк, санхүүгийн байгууллагуудад барьцаалуулж, өмчлөгчийнх нь нэр дээр зээл авахуулж, улмаар тэдгээрээс авсан мөнгө буюу зээлийг нь эргүүлэн төлөхгүйгээр зугтааснаас Ж.Цэрэнчимэд, Б.Буянхишиг нар өөрсдийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ  алдсан байна. Түүнчлэн дээрх хохирогч нараар банк, санхүүгийн байгууллагуудаас зээл авахуулж, уг мөнгийг нь өөртөө авсан хэрнээ төлөхгүй зугтааж, тэдгээрийг иргэний шүүхэд хариуцагчаар татагдсан үед нь “эвлэрчих, би удахгүй төлнө” хэмээн шүүх дээр эвлэрүүлэх зэргээр дахин дахин хуурч мэхлэж байсан байна. Мөн хохирогч нарт хохирлоо төлөлгүй хугацааг нь сунжруулж, эвлэрлийн гэрээ гэгчээр халхавчилж тэдгээрийг хуурч байжээ.

            Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.  Шүүгчдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй тул хувийн байдлыг нь харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.      

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2015 2503 1230 дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгч Э.Т-ийг бусдыг залилж хохирогч Н.Лхагвадоржид 55,0 сая төгрөгийн, хохирогч Ц.Батсүхэд 15,5 сая төгрөгийн, хохирогч Т.Мөнхбаатарт 40,0 сая төгрөгийн, нийт 110,5 сая төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.С-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

3.Шүүгдэгч Х овогт Э-н Т-ийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдын эд хөрөнгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилж авснаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4.Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Т-ийг 5 (тав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Т-ийн цагдан хоригдсон нийт 268 (хоёр зуун жаран найм) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

7.Хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эл хөрөнгө битүүмжлээгүйг дурдсугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Т-эс 88.785.000 (наян найман сая долоон зуун наян таван мянга) төгрөг гаргуулж, хохирогч Т.Сансарт 18.800.000 төгрөг, Ж.Цэрэнчимэдэд 42.235.000 төгрөг, П.Батбаярт 14.750.000 төгрөг, Н.Цогтбаярт 13.000.000 төгрөг тус тус олгосугай.

9.Шүүгдэгч Т.С цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

10.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Э.Т-д урвьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

11.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ