Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар Дугаар 153/ШШ2018/00093

 

 

2018 оны 02 сарын 28 өдөр

     Дугаар 153/ШШ2018/00093

                   Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багт оршин суух, Төнхөн овогт Рийбуянгийн Булганбай /ПЙ59021074/-н хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 153/2018/00037/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, хүсэлт гаргагч Р.Булганбай нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Р.Булганбайгийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1959 онд төрсөн. 4 анги төгсөөд эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1977 онд цэргийн албанд татагдаад 1980 онд цэргийн албанаас халагдаж ирээд мөн мал малласан. Би дандаа үржлийн хонь маллаж байсан. 1992 онд нэгдэл тарж компани гэж байгуулагдахад тэнд 3 жил ажиллаж байгаад компани тараад хувиараа мал малласан....Хүмүүс миний нэрийг хэллэгээрээ янз бүрээр бичээд байдаг. Уг нь Булганбаа гэдэг юм. Иргэний үнэмлэх дээр Булганбай гэж байгаа....Намайг 1974 оны 06 сараас 1977 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Хаг бригадад малчнаар, 1980 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгддийн Хаг бригадад болон Мөнх-Оргил ББХК-д хоньчин, малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоож өгнө үү....гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Р.Булганбай нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Р.Булганбай нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Хаг бригадад 1974 оны 6 сараас 1977 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгддийн Хаг бригадад болон Мөнх-Оргил ББХК-д 1980 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хоньчин, малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Хүсэлт гаргагч Р.Булганбай нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Хаг бригадад 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Хаг бригад болон Мөнх-Оргил ББХК-д 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дуустал хугацаанд тус тус малчин /хоньчин/-аар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 51 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн хөлсний түүвэр, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 80 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Хаг бригадын 1975-1977, 1980-1993 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, гэрч В.Гэрэлчулуун ....Би 1975 онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажилд ороод 1992 он хүртэл ажилласан. 1992 нэгдэл тараад Мөнх-Оргил ХКомпани болсон....Р.Булганбай нь цэргээс халагдаж ирээд 1980 оны 7 сараас 1992 он хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Дандаа хонь маллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Харин хүсэлт гаргагч Р.Булганбай нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Хаг бригадад 1974 оны 6 сараас 1974 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Мөнх-Оргил ББХК-д 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээлээ.

Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэл нь 1992 оны 02 сард Мөнх-Оргил ББХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаартай лавлагаараар тогтоогдсон болохыг дурдав.

Хүсэлт гаргагч Р.Булганбай нь Батлан хамгаалах яамны сайдын 1977 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн н/122 дугаар тушаалаар 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, Батлан хамгаалах яамны сайдын 1980 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн н/162 дугаар тушаалаар 1980 оны 6 дугаар сарын 22-ны өдөр цэргийн албанаас халагдсан тухай бичилттэй Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын албан бичгийнхуулбар, хүсэлт гаргагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1995-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагдсан болно.

Хавтаст хэргийн 4-7 дугаар хуудсанд авагдсан иргэн Н.Батбаяр, В.Гэрэлчулуун нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, иргэн Н.Батбаяр, В.Гэрэлчулуун нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Төнхөн овогт Рийбуянгийн Булганбайгийн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Хаг бригадад 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Хаг бригад болон Мөнх-Оргил ББХК-д 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дуустал хугацаанд малчин /хоньчин/-аар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Хаг бригадад 1974 оны 6 сараас 1974 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Мөнх-Оргил ББХК-д 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Р.Булганбайгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНЖАРГАЛ