Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2014/0438

 
М.А-ны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Эрдэнэ даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 6 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор М.А-ы нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1987 оноос хойш улсад ажилласан. Одоо улсад 27 жил ажиллаж байна. 1987-1989 оны хооронд 2 жил хугацаат цэргийн алба буюу Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.3-д заасны дагуу төрийн тусгай алба хаасан учир төрийн албанд ажилласан хугацаанд оруулах тухай өргөдлөө Аймгийн төрийн албаны салбар зөвлөл, мөн Төрийн албаны зөвлөлд тус тус өргөдлөө гаргасан. Гэтэл 2 албан бичигт Төрийн албанд ажилласанд тооцогдох боломжтой заалтуудыг тус тус дурдсан боловч хариу Төрийн албанд ажилласан хугацаанд тооцохгүй гэсэн албан тоот ирүүлснээр миний төрийн албанд ажилласан хугацаа нэмэгдэхгүй байна. Иймд албан тоотод ирүүлсэн шийдвэр үндэслэлгүй гэж үзэж байна.

Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 826 тоот албан бичгээр Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д /Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа.../ зааснаас үзэхэд төрийн албанд ажилласанд тооцогдох зориулалттай гэсэн байна. Миний бодлоор хугацаат цэрэг гэдэг нь Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг гэж ойлгож байна.

Өөрөөр хэлбэл зэвсэгт хүчин гэдэг ойлголтод цэргийн албан хаагч хамаарна гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасан заалтыг би ойлгохдоо үг бүрийн ард таслал байгаа учраас тус тусдаа ойлголт гэж бодож байна.

Гэтэл энэ заалтыг Төрийн албаны зөвлөл нь зэвсэгт хүчний байгууллагын офицер, ахлагч орно гэж тайлбарлаад байгааг миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй.

Иймээс Төрийн албаны салбар зөвлөлийн 91 тоот бичигт Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д төрийн тусгай, төрийн захиргааны албан хаагчийг төрийн жинхэнэ алба гэсэн учраас Төрийн захиргааны албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмын З.А.д заасан Төрийн албанд ажилласан хугацаанд орно гэж бодож байна. Мөн Засгийн газрын 2009 оны 164 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан төрийн жинхэнэ албан хаагчид буцалтгүй тусламж олгох журмын 4 дүгээр зүйлийн 1-д Төрийн албаны тухай хуулийн 6, 7, 8, 9 дугаар зүйлд заасан албан тушаалд ажилласан хугацаанд орно гэсэн. Мөн Төсөвт газар буюу сургууль цэцэрлэгт ажилласан хугацаа нь төрийн албанд ажилласан хугацаанд орж байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн сайд, Хүн амын хөгжил Нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/83, А/44 тоот тушаалаар улсад ажиллаагүй даатгуулагчийг ажилласнаар нөхөн тооцож, 1990-1995 оны хооронд дахь хугацааг нийт болон төрийн албанд ажилласан хугацаанд оруулж байна.

Эндээс үзэхэд төр гэртээ зүгээр сууж байсан хүмүүсийг төрийн албанд ажилласнаар тооцчихоод яагаад эх орноо хамгаалах цэргийн тусгай үүрэг гүйцэтгээд ирсэн хүмүүсийн энэ хугацааг төрийн тусгай албанд ажилласан жилд хамааруулж болохгүй гэж. Иймээс төрийн албаны хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.3-д заасны дагуу төрийн тусгай алба хугацаат цэргийн алба хаачхаад төрийн албаны ажилласан жилд оруулж чадахгүй байгаад гомдолтой байна. Мөн надтай адилхан олон төрийн албан хаагч байдаг.

Төрийн албаны зөвлөл нь төрийн албан хаагчийг ажилд томилох, зэрэг дэв олгох, нэмэгдүүлэх зэргээр төрийн албан хаагчийн тогтвор суурьшилтай ажиллах зэрэг асуудлыг хариуцдаг учраас аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийг хариуцагчаар татсан юм.

Иймээс аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 91 тоот албан бичгийн шийдвэрийг хүчингүй болгож, 1987-1989 оны хооронд хугацаат цэргийн алба хаасан хугацааг төрийн тусгай албанд ажилласан хугацаанд оруулахыг Төрийн албаны салбар зөвлөлийн даргад даалгаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Төрийн албаны салбар зөвлөлийн дарга О.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Сайнцагаан сумын иргэн М.А-ы нэхэмжилсэн асуудлаар бид өөрт нь 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 91 тоотоор хариу тайлбар өгсөн. Энэ тайлбараас өөр тайлбар байхгүй. Учир нь Төрийн албаны салбар зөвлөл нь төрийн албан хаагчийн төрд ажилласан жилийг бие даан шийдвэрлэдэггүй, Зөвхөн Монгол улсын хуулийг хэрэгжүүлдэг байгууллага юм.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасан заалтыг монгол хэлний өгүүлбэр зүйн найруулгын хувьд ойлгохдоо төрийн тусгай албан хаагч гэдэгт зэвсэгт хүчний байгууллага, хилийн цэргийн офицер, ахлагч орно гэж ойлгогдохоор байна. Манай аймаг болон бусад аймгуудад хүмүүс цэргийн алба хаасан хугацаагаа улсад ажилласан жилд тооцуулаад л явдаг.

Монгол Улсын Хөдөлмөрийн сайд, Хүн амын хөгжил Нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/80, А/44 тоот тушаалаар 1990-1995 онуудад улсад ажиллаагүй даатгуулагчийг ажилласнаар нөхөн тооцож, энэ хугацааг нь улсад ажилласан жилд оруулсан. Энэ нөхцөлд хамрагдсан иргэдийн зарим нэг нь энэ хугацаагаа төрийн албанд ажилласан жилд оруулж болох уу гэж асуудаг ба манай байгууллага боломжгүй гэдэг. Энэ нь төрийн алба хаасан хугацаанд тооцогддоггүй зөвхөн улсад ажилласан жилд орж явдаг юм.

Мөн төрийн албаны зөвлөл нь төрийн албанд ажилласан хугацааг тогтоодог байгууллага биш. Иймээс дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхийн 9 дүгээр сарын 29-ний өдрийн 6 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасныг баримтлан “Дундговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 91 тоот албан бичгийн шийдвэрийг хүчингүй болгож, 1987-1989 оны хооронд хугацаат цэргийн алба хаасан хугацааг төрийн тусгай албанд ажилласан хугацаанд оруулахыг Төрийн албаны салбар зөвлөлийн даргад даалгаж өгөх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “М.А миний бие 1987 оноос хойш улсад ажилласан. Одоо улсад 27 жил ажиллаж байна. 1987-1989 оны хооронд 2 жил хугацаат цэргийн алба буюу Төрийн албаны хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.3-д заасны дагуу төрийн тусгай алба хаасан учир төрийн албанд ажилласан хугацаанд оруулах тухай өргөдлөө Аймгийн төрийн албаны салбар зөвлөл, мөн Монгол улсын Төрийн албаны зөвлөлд тус тус өргөдлөө гаргасан. Гэтэл албан бичигт Төрийн албанд ажилласан тооцогдох боломжтой заалтуудыг тус тус дурдсан боловч харин Төрийн албанд ажилласан хугацаанд тооцохгүй гэсэн албан тоот, шийдвэр ирүүлснээр миний бие Төрийн албанд ажилласан хугацаа нэмэгдэхгүй байгаад Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхэд хандсан боловч Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 06 тоот шийдвэрээр миний нэхэмжлэхийг хэрэгсэхгүй болгосон тул дахин гомдол гаргаж байна.

Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 826 тоот албан бичиг, Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн өдрийн 06 тоот шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8.Д /Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа.../ зааснаас үзэхэд төрийн албанд ажилласанд тооцогдох зориулалттай гэсэн байна .

Миний бодлоор хугацаат цэрэг гэдэг нь Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг гэж ойлгож байгаа ба хугацаат цэргийн албыг ямар алба вэ гэж шүүх хурал дээр төрийн албаны төлөөллөөс асуухад хэлж өгч чадахгүй байгаа миний бодлоор хугацаат цэрэг төрийн алба /Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д /Зэвсэгт хүчин. хилийн ба дотоодын цэрэг/ эх орноо хамгаалах тангараг өргөсөн төрийн алба өөр ямар алба гэх юм бэ, шүүхийн шийдвэрт энэ талаар дурдсангүй.

Төрийн албаны хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д төрийн тусгай, төрийн захиргааны албан хаагчийг төрийн жинхэнэ алба гэсэн учраас Төрийн захиргааны албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмын З.4.д заасан Төрийн албанд ажилласан хугацаанд орно гэж бодож байна.

Мөн Засгийн газрын 2009 оны 164 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан, Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 4 дүгээр зүйлийн 1-д Төрийн албаны тухай хуулийн 6,7,8,9 дүгээр зүйлд заасан албан тушаалд ажилласан хугацаанд орно гэж заасан байдаг.

Төрийн үйлчилгээний албанд буюу төсөвт байгууллага сургууль цэцэрлэгт ажилласан хугацаа нь төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцож байгаа гэтэл төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д /Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа... заасны дагуу төрийн тусгай алба хаасан нь яагаад төрийн албанд оруулахгүй байгаад ойлгомжгүй байна.

Төрийн албаны хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.3-д заасны дагуу төрийн тусгай алба хугацаат цэргийн алба хаачхаад төрийн албаны ажилласан жилд оруулж чадахгүй байгаад гомдолтой байна. Мөн надтай адилхан олон төрийн албан хаагч байдаг.

Иймээс Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 826 тоот албан бичиг, Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 06 тоот шийдвэрийг хүчингүй болгож Цэргийн алба хаасан хугацааг Төрийн албанд ажилласан хугацаанд оруулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Төрийн албаны тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.А-ы гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д “зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагчийн албан тушаал нь төрийн тусгай албан тушаалд хамаарахаар заасан бөгөөд нэхэмжлэгч М.А нь нэхэмжлэлийн агуулгадаа “уг хуулийн заалтад “зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг,” гэж “цэрэг” гэдэг үгийн ард таслалтай байх тул хугацаат цэргийн алба нь төрийн тусгай албанд хамаарна, иймд цэргийн алба хаасан хугацаа нь төрийн албанд ажилласан хугацаанд орно” гэж маргажээ.

Дээрх хуулийн заалтыг хэл зүйн үүднээс тайлбарлавал, “зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын офицер, ахлагч,” гэсэн хэсэг нь өгүүлбэрийн доторх зэрэгцсэн гишүүдийг нэг үгэнд холбодог монгол хэлний өгүүлбэр зүйн дүрмийн дагуу бүтээгдсэн, өөрөөр хэлбэл “зэвсэгт хүчний байгууллага, хилийн ба дотоодын цэргийн байгууллага, тагнуулын байгууллага, цагдаагийн байгууллага” гэсэн зэрэгцсэн гишүүдийг “байгууллага” гэдэг нэг үгэнд холбосон байх тул “цэрэг” гэсний ард таслал тавьснаар “офицер, ахлагч” гэдэг үгтэй зэрэгцсэн гишүүн болохгүй.

Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван долоодугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 4-т “Монгол Улсын иргэн эх орноо хамгаалах, цэргийн алба хаах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ” гэж, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Цэргийн алба нь төрийн албаны онцлог төрөл бөгөөд цэргийн жинхэнэ болон бэлтгэл албанаас бүрдэнэ”, мөн зүйлийн 2-т “Монгол Улсын иргэн Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд цэргийн үүрэг гүйцэтгэхийг цэргийн жинхэнэ алба гэнэ. Цэргийн жинхэнэ алба нь байлдагч, түрүүчийн алба, ахлагчийн болон офицерын албанаас бүрдэнэ” гэж тус тус заажээ.

Харин Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн алба гэнэ”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн албаны тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн алба хаагч гэнэ” гэж тус тус зааснаас үзвэл цэргийн алба нь төрийн албаны онцлог нэг төрөл мөн боловч Монгол Улсын иргэн Үндсэн хуульд заасан цэргийн алба хаах үүргээ гүйцэтгэснийг төрийн албанд ажилласан гэж үзэх үндэслэлгүй. Учир нь хугацаат цэргийн албыг /байлдагч, түрүүчээр/ хаах нь иргэний үндсэн үүргээ гүйцэтгэж байгаа хэрэг бөгөөд харин төрийн албанд ажиллах гэдэг нь тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж түүнийхээ төлөө цалин хөлс авах тухай ойлголт юм.

Иймд цэргийн алба хаах үүргээ гүйцэтгэсэн хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд оруулах үндэслэлгүй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.А-ы гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                 ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                     ШҮҮГЧИД                                      П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                             Э.ЗОРИГТБААТАР

                                                                              С.МӨНХЖАРГАЛ