Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар Дугаар 153/ШШ2018/00094

 

 

 

2018 оны 02 сарын 28 өдөр

    Дугаар 153/ШШ2018/00094

                  Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багт оршин суух, Донгог овогт Тасангийн Гомбо /ПВ58112911/-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 153/2018/00053/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, хүсэлт гаргагч Т.Гомбо нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.Гомбо шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...1976 онд 8 дугаар анги төгсөж, Хөвсгөл аймгийн ТМС-д сурсан. 1979 онд цэрэгт татагдаж, 1982 онд цэргээс халагдаж ирсэн. 1982 оноос хойш Ховд аймгийн Буянт сумын Соёлт нэгдэлд зуны улиралд тууварт явж, үйлдвэр бригад зэрэгт ажиллаж байсан. Оногдуулсан ажил болгоныг хийж явсан....Одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэр дээр бичээгүй байна....Байгаа баримтынхаа хэмжээнд ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргасан. Намайг Ховд аймгийн Буянт сумын Соёлт нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тууварчин, үхэрчин, малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү....гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Т.Гомбо нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Т.Гомбо нь Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тууварчин, үхэрчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргажээ.

Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Т.Гомбо нь Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин /тууварчин, үхэрчин/-аар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дугаартай Лавлагаа хүргүүлэх тухай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Үйлдвэр болон 1 дүгээр бригадын 1983-1985, 1987-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, гэрч О.Санжаагийн ....Би 1978 онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар 1990 он хүртэл ажилласан....Т.Гомбо нь 1983 оноос-1990 он хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилчин, туувар тууж байсан. Соёл нэгдлийн 1, 2 дугаар бригадад малчин хийж байсан хүн.... гэх мэдүүлэг, гэрч Х.Буянбатын ....Би 1973-1990 он хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар байсан. Адуу, үхэр маллаж байлаа. Туувар тууж байлаа....Т.Гомбо нь 1983 оноос-1990 он хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад малчин байсан. Бид хоёр 3 жил хамт туувар туусан. Бид нэгдэл тарах хүртэл хамт ажилласан нь үнэн.... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн ....Миний нэрийг Гомбо гэдэг, хүмүүс дуудахдаа Гомбоо гэж дууддаг юм....Архиваас 1986 оны баримтыг шүүлгэхэд саальчин н.Гомбо гэж бичсэн баримт гарч ирсэн юм. Хийж байсан ажил чинь тохирохгүй өөр хүний баримт гарч ирлээ гээд архивын ажилтан өгөөгүй. Уг нь манай бригадад надаас өөр Гомбо нэртэй хүн ажиллаж байгаагүй юм.... гэх тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Хавтаст хэргийн 4,6 дугаар хуудсанд авагдсан иргэн Х.Буянбат, О.Санжаа нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 5, 7 дугаар хуудсанд авагдсан иргэн Х.Буянбат, О.Санжаа нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй байх тул нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Донгог овогт Тасангийн Гомбын Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин /тууварчин, үхэрчин/-аар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Т.Гомбын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянгахоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ОЮУНЖАРГАЛ