Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар Дугаар 153/ШШ2018/00095

 

 

2018 оны 02 сарын 28 өдөр

     Дугаар 153/ШШ2018/00095

                        Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын *******в багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /*******/-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 153/2018/*******/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, хүсэлт гаргагч Ч.******* нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1961 онд ******* суманд төрсөн. 1970 онд ******* сумын бүрэн дунд сургуульд орж суралцаад 8 анги төгссөн. 18 нас хүртэл эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1979 онд цэргийн албанд татагдаад Эрдэнэт хотод 3 жилийн цэргийн албыг хаагаад 1982 оны 06 сард цэргээс халагдаж ирээд эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1984 онд гэр бүлтэй болоод эхнэрийн хамт 2000 хүртэл Ховд аймгийн ******* суманд мал маллаж амьдарсан....Намайг Ховд аймгийн ******* сумын нэгдэлд 1977 оны 06 сарын 20-ны өдрөөс 1979 оны 06 сарын 20-ны өдрийг дуустал малчнаар, 1982 оны 06 сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Би эцэг, эхийн хамт мал маллаж байсан. Гэтэл эцэг, эх тэтгэвэрт гарчихсан байсан учраас миний нэр дээр хөдөлмөрийн дэвтрийг нээлгэж, мал маллаж байсан байдаг....гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Ч.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Ч.******* нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа Ховд аймгийн ******* сумын нэгдэлд 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал, 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Хүсэлт гаргагч Ч.******* нь Ховд аймгийн ******* сумын нэгдэлд 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал, 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын нэгдлийн 2 дугаар бригадын 1977, 1979, 1984-1990 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэр эх хувиар, гэрч Ш.гийн ....Би 1976-1995 он хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдлийн 2 дугаар бригадад малчинаар ажилласан....Манай суманд ******* гэж хүн байсан 8 хүүхэдтэй. ******* нь 5 дахь хүүхэд нь байгаа юм. Ч.******* нь 1977 оноос 1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдлийн 2 дугаар бригадад малчин байсан.... гэх мэдүүлэг, гэрч Ж.Гаадангийн ....Би 1956-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдлийн 2 дугаар бригадад малчинаар ажиллаж байсан....Ч.******* нь 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн ******* сумын нэгдлийн 2 дугаар бригадад малчинаар ажилласан. Цэрэгт явсан тэгээд ирээд нэгдэлдээ малчинаар ажилласан.1990 он хүртэл нэгдэлд ажилласан. Нас өндөр оныг нь сайн мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн ....Би эцэг, эхийн хамт мал маллаж байсан. Гэтэл эцэг, эх тэтгэвэрт гарчихсан байсан учраас миний нэр дээр хөдөлмөрийн дэвтрийг нээлгэж, мал маллаж байсан байдаг.... Миний эх одоо 95 настай. Миний эцэг эхээс маань 4 насаар ах байсан....1976 онд хамгийн бага эгч тусдаа гарчихсан байсан. Бусад нь сургуульд сурч байсан. Тэр үед би эцэг, эх, дүү нарын хамт байдаг байсан. Дүү нар сургуульд сурдаг байсан.... гэх тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Харин хүсэлт гаргагч Ч.******* нь Ховд аймгийн ******* сумын нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээлээ.

******* нь Чимэгзул гэх нэртэй байсан болох нь овог, эцгийн нэр, нэр өөрчилсний гэрчилгээний нотариараар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн Төрсний гэрчилгээн дээр ******* гэж байдаг. Нутгийн хүмүүс намайг Чимэгзул гэж дуудсаар байгаад Чимэгзул болчихсон байсан. Тэгээд хүүхдүүд сургууль төгсөхөд бичиг баримтын зөрчилтэй болоод бүгдийг нь засуулж, бүх бичиг баримтаа солиулсан гэх тайлбар, гэрч Ж.Гаадангийн ....*******ыг Зулаа гэж дууддаг байсан. Нэр зөрүүтэй байна гээд яваад байх шиг байлаа.... гэх мэдүүлэг, гэрч Ш.гийн ....*******ынд *******аас өөр Чимэг гэсэн үг орсон хүүхэд байгаагүй. *******ыг бид Зулаа гэж дууддаг байсан.... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн Чимэгзул, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын нэгдлийн 2 дугаар бригадын 1984-1990 онуудын 70 дугаар дансанд Чимэгзул гэж бичигдсэн баримтуудыг хүсэлт гаргагчийн ажилласан жилд хамааралтай нотлох баримт гэж үзэн үнэлэв.

Хүсэлт гаргагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1991-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хэрэгт авагдсан болно.

Хавтаст хэргийн 5, 7 дугаар хуудсанд авагдсан иргэн Ш., Ж.Гаадан нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан иргэн Ж.Гаадангийн иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй байх тул нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******ын Ховд аймгийн ******* сумын нэгдэлд 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал, 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн ******* сумын нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ч.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     С.ОЮУНЖАРГАЛ