Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/227

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

            Улсын яллагч Д.Энх-Оргил,

            Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг,

            Шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон А овогт Ц-н Б, Г овогт Х-н Т нарт холбогдох 1711 0040 10067 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

            1.Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 31-нд Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж 2 дүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 00 тоотод оршин суудаг, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүхийн тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, хэрэг хариуцах чадвартай, А овогт Ц-н Б (РД:хх000000),

            2.Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ болон ахын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо 26-4-222 тоотод оршин суудаг, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г овогт Х-н Т (РД:хх0000000),

            нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 618 тоот хашааны гадна тавьсан байсан “БСБ-финанс” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй, иргэн, Л.Г-ийн эзэмшлийн 00-00 УНХ улсын дугаартай Тоёота Ист маркийн тээврийн хэрэгслийн арын салхины шилийг чулуугаар цохиж хагалсан, кузов буюу урд хойд хаалганы хэсгүүдэд өшиглөн гэмтээж нийт 1.076.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:-Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эрдэнэбат надад гар хүрсэн учир би чулуу шидсэн. Хохирлын 540.000 төгрөг төлсөн. Цаашид ажил хийж амьдарна гэв.

            Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “Би 2017 оны 8 дугаар сарын 11-ний орой найз охин Саранчимэгтэй утсаар яриад найз Гантогтох Эрдэнэбаяр нарын хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо ХГ-ийн гудамжинд түрээслэн амьдарч байгаа байшинд нь яваад очтол үл таних 3 залуу, Төгсөө, Саранчимэг нар архи уугаад сууж байсан. Би нөгөө залуусыг та нар согтуу байна, харьцгаа гэсэн чинь чадахгүй, чи хэн юм бэ өөрөө зайл гэж хэлээд би нөгөө залуутай жаахан муудалцсан. Гадаа гарцгааж замын 2 талд гэрч хэрэлдэж байгаад нөгөө залуус явчихсан. Гантогтох, Эрдэнэбаяр, Төгсөө, Саранчимэг бид нар эргэж Саранчимэгийн гэр рүү нь орж хөзөр тоглоод сууж байсан чинь гэнэт гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь цонхоор хартал маргалдаж байгаад явсан залуус 3-4 хүн дагуулчихсан эргэж орж ирээд, миний шанаа руу цохиход найзууд нь салгаад авч гарахаар нь би араас нь дагаж гараад хашаан дотор юм яриад зогсож байсан чинь нөгөө залуу намайг өшиглөхөөр нь зөрүүлээд цохилцоод хашаанаас гарсан чинь хажуугаас нэг нь орж ирээд намайг цамцаар боогоод унагчихаад 00-00 УНХ суудлын машинтай зугтацгаахаар нь би Төгсөөгийн хамт уурандаа нөгөө машины араас гүйж байгаад би газраас чулуу аваад шидтэл нөгөө машины ар талын цонхыг хагалчихаад гүйж очоод хаалгыг нь татсан чинь түгжээтэй байсан. Төгсөө тэр машины зүүн хойд крыло, хаалга хэсэг рүү хөлөөрөө 2 удаа өшиглөж хонхойлгосон. Бид хоёр нөгөө залуусыг алив буугаад ир, гараад ир гэж хашгирч байгаад би дахин газраас чулуу авч хойд талын гупер хэсэг рүү цохиж хонхойлгож гэмтээсэн. Түүний дараа нөгөө машинтай залуус зугтаагаад явчихсан ...Би тэр машины хойд хаалганы шил, хойд гупер, баруун ард талын крыло, баруун хойд хаалганы борооны хаалт зэргийг эвдэж гэмтээсэн” гэжээ.

            Шүүгдэгч Х.Т  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: -Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 70.000 төгрөг төлсөн. Үлдсэн төлбөрийг барагдуулна гэв.

            Шүүгдэгч Х.Т мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “Би 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо ХГ-628 тоотод байрлах манай хашаа байшинг түрээслэн амьдарч байгаа Саранчимэгээс түрээсийн мөнгөө авах гэж очсон ба Саранчимэг нь одоо надад мөнгө байхгүй байна би мөнгийг чинь орой өгье гэхээр нь за би хүлээж байя гээд сууж байсан чинь Саранчимэгийн 2 найз нь ирсэн. Орой 21 цаг өнгөрч байхад гаднаас Саранчимэгийн найз гэх 3 залуу орж ирсэн ба Саранчимэг 1 залуутай нь хамт дэлгүүр рүү явж Соёрхол гэх нэртэй 0.75 литрийн архи Боргио нэртэй пиво 1 том лаазтай авч орж ирээд задлаад бид нар хувааж уугаад сууж байсан чинь Билэгт, Эрка нар гаднаас орж ирж сууж мөн архинаас ууж сууж байгаад Эрка гэх залуу Билэгттэй маргалдаж байснаа гарч яваад удалгүй 23 цаг өнгөрч бараг 00 цаг болж байх үед Эрка гэх залуу гаднаас орж ирээд Билэгтийг цохиж аваад алив гаръя гэтэл Билэгт дагаад гарахаар нь би ч бас хамт гарах үед хашааны гадна 1 жижиг машин гадна нь 10 залуу зогсож байсан ба хоорондоо маргалдаж байснаа за болъё гэж байснаа Эрка нь манай хашаа руу орж ирээд Билэгтийг зодсон байсан. Нөгөө Эрка гарч зугтах үед намайг 1 удаа цохиж авчихаад гараад машинд суугаад зугтацгаах үед нь Билэгт бид 2 араас нь хөөж гүйж байгаад чулуу шидэхэд тус машины гупер хэсэгт онох үед нөгөө машин зогсоод дотор нь байсан хүмүүс бууж ирэх гэснээ больчихоод дахин цааш хөдлөөд явахаар нь Билэгт араас нь очиж гартаа барьж байсан чулуугаар хойд талын цонхыг нь хагалахаар нь би хөлөөрөө хаалга болон бусад хэсэгт нь өшиглөж тус автомашинд гэмтэл учруулсан.” гэжээ.

            Хохирогч Л.Г- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:-Тухайн машин нь минийх боловч банкны нэр дээр байдаг. Зээл авахдаа банкны барьцаанд тавьсан. Хохиролоо төлж барагдуулвал гомдол санал байхгүй гэв.

            Хохирогч Л.Г- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тус машин нь миний эзэмшилд байдаг машин байгаа. Би 2016 оны 9 дүгээр сард БСБ финанс банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр шилжүүлсэн. Тус газраас 5.000.000 төгрөгний зээл авч байсан юм. Миний автомашины хойд талын цонх хагарсан, 4 хаалга хойд гупер жолоочийн эсрэг талын крыло, бороо усны хамгаалалт зэрэг нилээн эвдрэл гэмтэлтэй байгаа. Би үнэлгээний газрын гаргасан үнэлгээтэй санал нийлж байна. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй.” гэжээ.

Хохирогч Я.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Уг 00-00 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1504 тоот автомашин худалдан авах зорилгоор буюу 44-75 УБЧ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг худалдан авахад зориулсан бөгөөд уг зээлийн барьцаанд нэмэлтээр хохирол учирсан гэх 00-00 УНХ улсын дугаартай автомашиныг нэмэлтээр барьцаалж манай компаний нэр дээр шилжүүлсэн. ...Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч Л.Г- нь барьцаа хөрөнгийн чанар аюулгүй байдлаа хангах үүрэгтэй бөгөөд элдэв гэмтэл учирсан тохиолдолд Л.Г- нь манай компанид мэдэгдэх ёстой. Одоо манай компаний зүгээс зохих буруутай этгээдээс хохирол мөнгийг гаргуулах саналтай байна.” гэжээ.

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл, 2017 оны 8 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-618 тоот хашааны гадна талд шүүгдэгч Ц.Б, Х.Т нар нь Ж.Эрдэнэ-Од нартай маргалдаж, улмаар түүний суусан, Х.Баасандоржийн жолоодож явсан 00-00 УНХ улсын дугаартай Тоёота Ист маркийн суудлын автомашин руу чулуу шидэж, өшиглөж гэмтээснээс уг автомашин эзэмшигч Л.Г-т 1.076.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ц.Б-ийн “...гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь цонхоор хартал маргалдаж байгаад явсан залуус 3-4 хүн дагуулчихсан эргэж орж ирээд, миний шанаа руу цохиход найзууд нь салгаад авч гарахаар нь би араас нь дагаж гараад хашаан дотор юм яриад зогсож байсан чинь нөгөө залуу намайг өшиглөхөөр нь зөрүүлээд цохилцоод хашаанаас гарсан чинь хажуугаас нэг нь орж ирээд намайг цамцаар боогоод унагчихаад 00-00 УНХ суудлын машинтай зугтацгаахаар нь би Төгсөөгийн хамт уурандаа нөгөө машины араас гүйж байгаад би газраас чулуу аваад шидтэл нөгөө машины ар талын цонхыг хагалчихаад гүйж очоод хаалгыг нь татсан чинь түгжээтэй байсан. Төгсөө тэр машины зүүн хойд крыло, хаалга хэсэг рүү хөлөөрөө 2 удаа өшиглөж хонхойлгосон. Бид хоёр нөгөө залуусыг алив буугаад ир, гараад ир гэж хашгирч байгаад би дахин газраас чулуу авч хойд талын гупер хэсэг рүү цохиж хонхойлгож гэмтээсэн“ гэх мэдүүлэг, шүүгдэгч Х.Т-гийн “... мөн архинаас ууж сууж байгаад Эрка гэх залуу Билэгттэй маргалдаж байснаа гарч яваад удалгүй 23 цаг өнгөрч бараг 00 цаг болж байх үед Эрка гэх залуу гаднаас орж ирээд Билэгтийг цохиж аваад алив гаръя гэтэл Билэгт дагаад гарахаар нь би ч бас хамт гарах үед хашааны гадна 1 жижиг машин гадна нь 10 залуу зогсож байсан ба хоорондоо маргалдаж байснаа за болъё гэж байснаа Эрка нь манай хашаа руу орж ирээд Билэгтийг зодсон байсан. Нөгөө Эрка гарч зугтах үед намайг 1 удаа цохиж авчихаад гараад машинд суугаад зугтацгаах үед нь Билэгт бид 2 араас нь хөөж гүйж байгаад чулуу шидэхэд тус машины гупер хэсэгт онох үед нөгөө машин зогсоод дотор нь байсан хүмүүс бууж ирэх гэснээ больчихоод дахин цааш хөдлөөд явахаар нь Билэгт араас нь очиж гартаа барьж байсан чулуугаар хойд талын цонхыг нь хагалахаар нь би хөлөөрөө хаалга болон бусад хэсэгт нь өшиглөж тус автомашинд гэмтэл учруулсан.” гэх мэдүүлэг, хохирогч Л.Г-ийн “Миний автомашины хойд талын цонх хагарсан, 4 хаалга хойд гупер жолоочийн эсрэг талын крыло, бороо усны хамгаалалт зэрэг нилээн эвдрэл гэмтэлтэй байгаа. Би үнэлгээний газрын гаргасан үнэлгээтэй санал нийлж байна” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ тогтоосон Мөрдөгчийн магадлагаа, хөрөнгийн үнэлгээний “Ухаа Шүрт Консалтинг” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, Авто тээврийн Үндэсний төвийн лавлагаа, БСБ ФИНАНС банк бус санхүүгийн байгууллагын итгэмжилсэн төлөөлөгч томилсон тухай тогтоол болон бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд А овогт Ц-н Б, Г овогт Х-н Т нарыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн хохирлоос Ц.Б 540.000 төгрөг, Х.Т 70.000 төгрөг тус тус төлснийг, үлдэх 470.000 төгрөгийг шүүгдэгч Х.Т төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. 

Шүүх шүүгдэгч Х.Т-д ял оногдуулахдаа улсын яллагчийн дүгнэлт болон хохирогчийн саналыг тус тус харгалзсан болно. Харин шүүгдэгч Ц.Б-эд торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, торгох ялын нэг нэгжийг 1.000 төгрөгтэй тэнцүү байхаар тооцов. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, эдлэх ялаас хасч тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.   

Хохирогчид учирсан нийт хохирлоос шүүгдэгч Ц.Б 540.000 төгрөг, шүүгдэгч Х.Т  70.000 төлсөн тул үлдэх 470.000 төгрөгийг шүүгдэгч Х.Т-гөөс гаргуулж, хохирогч Л.Г-т олгуулахаар шийдвэрлэлээ.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч А овогт Ц-н Б, Г овогт Х-н Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 (найман зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Х.Т-г 300 (гурван зуун) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийн цагдан хоригдсон 58 хоногийг эдлэх ялд оруулан (58 хоног х 15.000 төгрөг = 870.000 төгрөг) тооцож, түүнийг ял эдэлж  дууссанд тооцсугай.

4.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5.Шүүгдэгч Х.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.Т-гөөс 470.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Г (хх0000000)-т тус олгож, шүүгдэгч Ц.Б бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

7.Хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

8.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ц.Б-эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

9.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ