Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
Хэргийн индекс | 102/2018/00044/И |
Дугаар | 102/ШШ2018/00608 |
Огноо | 2018-02-23 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2018/00608
2018 оны 2 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2018/00608 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.С даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Уийг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Их Дарь-Эхийн 3 дугаар гудамжны 42 тоотод оршин суух, эрэгтэй, 28 настай, Сутай хаан овогт ББ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 22 дугаар хороо, 16 дугаар гудамжны 5 тоотод түр оршин суух хаягтай, үндсэн харъяалал Дорнод аймгийн Хэрлэн сум, 7 дугаар баг 27 дугаар байрны 46 тоотод оршин суух бүртгэлтэй, эмэгтэй, 24 настай, Халх овогт ЭХ холбогдох,
Зээлийн төлбөрт 4,118,452 /дөрвөн сая нэг зуун арван найман мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч БН, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ММ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ББ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. 2016 оны 5 дугаар сараас хариуцагч Э.Хтай найзалж, нөхөрлөж байсан. Тэрээр гэр бүлийг минь үймүүлж, надаар эдийн засгаа хангуулах туйлын зорилготой байсан учраас би түүнд зээлүүлж өгч байсан мөнгө, эд зүйлийг дараахь байдлаар нэхэмжилж байна. Үүнд: 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 14-ний хооронд Э.Хгийн Хаан банкны 5429094577 тоот дансанд шилжүүлж өгсөн бүгд 1,342,752 төгрөг, Э.Хд 3 дугаар хорооллын Тумбааш дэлгүүрт маникюрын ширээ, шүүгээ хийж өгөхөд ажлын хөлс 200,000 төгрөг, материалын үнэ 400,000 төгрөг, бүгд 600,000 төгрөг, Э.Хгийн сургалтын төлбөрт бэлнээр 1,200,000 төгрөг. Энэ мөнгийг төрсөн дүү Баяраагийн Наранбилэг нь хугацаатай хадгаламжийн дансаа гаргаж өгсөн. Э.Хгаас миний монетон гинжийг 2017 оны 8 дугаар сарын 13-нд “Good” ломбардад 367,200 төгрөгөөр тавьсныг миний бие өөрөө авсан бөгөөд энэ төлбөр 367,200 төгрөг, Э.Х мөн 2017 оны 10 дугаар сард Тоёота Приус-20 маркийн 72-88 УБЗ дугаартай машины салхины шилийг хагалсан бөгөөд 110,000 шинээр хийлгэсэн, үүнийг манай хамт ажилладаг хүмүүс нотлон хэлнэ. Ингээд бүгд 4,118,452 төгрөгийг Э.Хгаас нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлахдаа:
Б.Б нь 2016 оны 5 дугаар сард Э.Хтай танилцаж, өөрийн гэр бүлээс гадуур найзласан байдаг. Энэ хугацаанд Э.Х нь Б.Бгаас мөнгө авч байсан. Дансаар 1,342,752 төгрөг шилжүүлсэн. Мөн Э.Хг ажил хиймээр байна гэхэд нь Тумбааш төвд газар олж, маникюрын ширээ хүнээр хийлгэж өгсний зардал 600,000 төгрөг болсон. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцдог. Э.Х Б.Б нар гэр бүл биш тул дундын хөрөнгийн асуудал яригдах боломжгүй. Б.Бг 2 хүүхэдтэй, гэр бүлтэй гэдгийг нь мэдсээр байж Э.Х өөрийн эдийн засгийн хэрэгцээгээ хангуулчхаад ингэж ярьж болохгүй. Тохиролцсон болоод Б.Б Э.Хд удаа дараа мөнгө шилжүүлсэн. Э.Х мөнгө авснаа өөрөө хэлэх байх гэж бодож байлаа. Гинжний хувьд нотлох баримт байхгүй ч гэсэн Э.Х тогтмол мөнгө авдаг байсан. Э.Х нь Б.Бгийн сэтгэл санаагаар тоглосон. Бэлэглэсэн байсан ч шаардах эрхтэй гэв.
Хариуцагч Э.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие нэхэмжлэгч Б.Бтай 2016 оны 5 дугаар сарын 01-нд танилцаж найзын харилцаатай болсон. Тухайн үед найзын хувиар уулздаг байхдаа эхнэр 2 хүүхэдтэй гэдгийг нь мэддэг болсон. Тиймээс түүнтэй дотносохыг хүсэхгүй байгаагаа хэлсэн ч өдөр бүр гэр, сургуулийн үүдэнд ирж, байнга дарамталж зоддог болсон. Б.Б надад гар хүрч, намайг гомдоосныхоо дараа “таксидаад харь, хоол авч идээрэй” гээд миний Хаан банкан дахь 5429094577 тоот данс руу 20,000 30,000 төгрөг шилжүүлдэг байсан. 2017 оны 10 дугаар сарын 01-нд Б.Б надад гэрлэх санал тавьж, хамтран амьдарч эхэлсэн. 2017 оны 11 дүгээр сард би 2 сартай жирэмсэн болсон байсан ба, хамтран амьдарч эхэлснээс хойш давхар биетэй байхад зодож дарамталдаг байсан тул хамтран амьдрахаа больсон. 2017 оны 11 дүгээр сарын 09-нд Б.Б хүүхдээ авахуул гээд 200,000 төгрөг, 110,000 төгрөгийг шилжүүлж, би хүүхдээ авахуулсан. Түүнээс хойш Б.Б манай ээжийг болон намайг байнга мессежеээр дарамталж, ажлын гадаа ирж “чамайг амьдралгүй болгоно, чамайг санхүүгийн дарамтад оруулна” гэж сүрдүүлдэг болсон. 2017 оны 12 дугаар сарын 03-нд Б.Б 3,4 дүгээр хороололд манай ажлын гадаа ирж, намайг үсдэж зодсон тул би аргагүйн эрхэнд цагдаад өргөдөл өгсөн. Б.Б өөрийг нь цагдаад өгсөн гэдгийг мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулган дээр байгаа шилжүүлсэн мөнгөнүүд хамтдаа гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулсан мөнгөнүүд бөгөөд бэлэглэж байна гэж өгдөг байсан. Б.Б надад сургалтын төлбөр гэж мөнгө огт өгч байгаагүй, монетон гинжийг барьцаанд тавьсан мөнгийг бид хамтдаа ахуйн хэрэглээндээ ашигласан. Тэрний машины шилийг би хагалж байгаагүй бөгөөд хаана, хэзээ, хэрхэн хагарсныг мэдэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлахдаа:
Э.Хгийн Хаан банкны дансаар мөнгө зээлснийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээ байгуулсан гэж үзэхийн тулд нэг талаас зээл өгөөч гэсэн санал, нөгөө талаас зөвшөөрөл буюу талууд харилцан тохиролцсон байх ёстой. Э.Х Б.Бтай 2016 оны 5 дугаар сард танилцаж, уулзаж эхэлсэн бөгөөд Э.Х Б.Бг гэр бүлтэй гэдгийг нь мэдээд уулзахаас татгалзахад Б.Б машинтайгаа ирж зодож, дарамталж хүнд хэлэх юм бол “чамайг ална шүү” гэх зэргээр айлгаж, жирэмсэн болгосон бөгөөд гэрлэх санал тавьж, хамт амьдарсан. Э.Хг 2 сартай жирэмсэн байхад нь зодсон учраас Э.Х харьцаагаа бүр мөсөн таслахаар болсон. Тэр үед Б.Б нь Э.Хг “Чи надаас салах юм бол би чамайг амьдралгүй болгоно, чамд өгч байсан мөнгөө бүгдийг нь буцааж авна” гэж байсан учраас энэ нэхэмжлэлийг гаргасан байна. Найзалж, үерхэж байгаа, хамт амьдарч байгаа хүмүүс нэг нэгэндээ мөнгө шилжүүлэх, санхүүгийн асуудал нь нэг байж болдог. Мөнгө зээлүүлж байгаа гэсэн утгаараа биш гэр бүлийн харилцаатай хүндээ мөнгө шилжүүлж байна гэж ойлгохоор байна. Б.Б нь Э.Хг зодчихоод дараа нь “таксидаад хариарай, хоол авч идээрэй” гэх зэргээр мөнгө шилжүүлж байсан нь дансны хуулгаас харагдана. Гүйлгээний утгаас харахад мөнгө зээлж байгаа шинж харагдахгүй тул 1.342.752 төгрөгийг зээлсэн үндэслэл байхгүй. Маникюрын ширээ сандлыг Э.Х Б.Б нар хамтдаа явж хийлгэсэн байдаг. Э.Х маникюрын ширээ сандлыг хийлгэхдээ ломбардад өөрийн ээмэг бөгжийг барьцаалж, өөрийн мөнгөөр хийлгэсэн бөгөөд Б.Бтай хамт явж хийлгэсэн байдаг. Сургалтын төлбөр 1.200.000 төгрөгийг зээлсэн юм бол Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар мөнгө болон эд зүйлийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлснээр байх ёстой. Гэвч 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Б.Наранбилэг нь 1.200.000 төгрөгийг аваад дансаа хаалгасан баримт л байгаа боловч Э.Хд бэлнээр болон дансаар хүлээлгэж өгсөн баримт огт байхгүй. Ломбардны баримтанд Э.Х монетан гинж барьцаалсан тухай гарын үсэг зурсан байхаас биш үнэт зүйлийг хэн хүлээж авсан, мөнгийг хэн шилжүүлсэн, хэний гинж, гэдэг нь тодорхойгүй, нотлох баримтаас ч харагдахгүй байна. Э.Х Б.Бгийн хүүхдийг тээж байсны хувьд мөнгө гуйж аваагүй бөгөөд 200.000, 300.000 төгрөг шилжүүлсэн байсан нь нийтээр хүлээх зөвшөөрөх заншлын хэм хэмжээгээр зээлсэн гэж үзэх боломжгүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүй хөрөнгөжих гэдэг нь мөнгө болон эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд гэрээгээр хүлээсэн үүрэг болон тэр хүний өмнө хүлээсэн үндэслэл бүхий үүргийг биелүүлж байна гэж бодож мөнгө төгрөгийг шилжүүлсэн байх ёстой. Гэтэл Э.Х Б.Б нар гэрээ байгуулаагүй, хоорондоо хамт ажилласан зүйл байхгүй Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Э.Хд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,118,452 /дөрвөн сая нэг зуун арван найман мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас 110,000 төгрөгийг хасч, нэхэмжлэлийг 4,008,452 төгрөг болгон багасгажээ.
Хариуцагч Э.Х, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Б.Бгаас огт мөнгө зээлж байгаагүй учир төлбөр төлөх үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Э.Хд түүний Хаан банк дахь данс руу бүгд 1,342,752 төгрөг шилжүүлж, маникюрын ширээ, шүүгээ хийлгүүлж өгсний зардал 600,000 төгрөг, сургалтын төлбөр 1,200,000 төгрөг, монетон гинжийг ломбардад тавьсныг буцааж авахад зарцуулсан 367,200 төгрөг, нийт 4,008,452 төгрөгийг шаардаж, өөрийн Хаан банк дахь харилцах дансны хуулга, ширээ болон шүүгээ хийснийг хүлээлцсэн баталгаа, “Гүүд” ломбардны баримт, Б.Наранбилэг гэгчийн Хаан банк дахь дансны хуулга зэргийг нотлох баримтаар гарган, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг үндэслэн зээлийн гэрээ байгуулагдсан гэж тайлбарлана.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан байна.
Хуулийн дээрх заалтыг дүгнэвэл зээлдэгч мөнгө болон төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг хүлээн авсан байх нь гэрээ байгуулагдсан гэж үзэх гол үндэслэл болох боловч, зохигчдын тайлбар болон Б.Бгаас Э.Хгийн данс руу шилжүүлэхдээ “... хариач ... RJ … мессеж блокоо гарга ... хоол авч идээрэй ... DF, HGF, Хулан ... Бадраагаас ... уулзъя гуйж байна бадраа ... холбогдооч бадраа ... нимгэн курткатай битгий алхаарай, бадраа ...” гэх зэрэг гүйлгээний утгатайгаар шилжүүлснийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Э.Хд зээлдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Учир нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл (эс үйлдэхүй)-г хэлцэл гэх бөгөөд, тэрхүү хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.
Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, гар утасны мессежэнд хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зургууд, Б.Бгийн Хаан банк дахь харилцах дансны хуулга, гэрч О.Мөрөнгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна гэж дүгнэлээ.
Түүнчлэн, Э.Хд зориулж маникюрын ширээ хийлгэсний зардал 600,000 төгрөг зээлдүүлсэн гэж тайлбарлах боловч Б.Б, Б.Очирбаатар нарын хооронд хийгдсэн Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг тухайн гэрээнд оролцоогүй Э.Х хариуцах үндэслэлгүй юм. Тодруулбал: дээрх 600,000 төгрөгийг Б.Бгаас зээлж авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Э.Хгийн сургалтын төлбөрт төлсөн гэх 1,200,000 төгрөгийг, мөн түүний ломбардад барьцаалсан монетон гинжийг буцаан авахад төлөгдсөн гэх 367,200 төгрөгийг тус тус зээлдүүлсэн гэж тайлбарлан шаардах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй, өөрөөр хэлбэл: Б.Наранбилэг гэгчийн Хаан банкны дансны хуулгаар сургалтын төлбөр төлөгдсөн гэх байдал тогтоогдохгүй байх бөгөөд, “Гүүд” ломбардны баримт нь гарын үсэг, тамга тэмдэггүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр Э.Хгаас зээлийн гэрээний үүрэгт 4,008,452 төгрөг гаргуулах тухай Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Хгаас зээлийн гэрээний үүрэгт 4,008,452 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.С