Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/228

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

            Улсын яллагч Д.Энх-Оргил,

            Шүүгдэгч П.М, түүний өмгөөлөгч Б.Галхүү,

Хохирогч Ц.М нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Э овогт П-ийн М-т холбогдох 1811003390150 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, бүргэдэй, партизан 6 дугаар гудамж 00 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй,

2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын 20 дугаар шүүхийн 26 дугаар тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял оногдуулж, ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон, хэрэг хариуцах чадвартай, Э овогт П-ийн М (РД:хх0000000),

нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 00 тоотод байрлах нийтийн байранд иргэн Ц.М-ийн баруун хавирга руу цохиж гэмтээн, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.М мэдүүлэхдээ:-Би 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр эхнэр Лхагважавын ах Батсуурийнд очоод гэр рүүгээ явах замдаа эхнэртэйгээ нэг нэг пиво уусан. Лхагважав над руу уурлаад чамайг байрны эгч хүчин хийсэн гэж байна. Юу болоод байгаа юм бэ гэсэн. Би юу болдог юм тийм юм байхгүй гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр байрны эгч болох Мөнхцэцэгийн гэр рүү орсон. Тухайн үед 23 цаг болж байсан. Би эхнэрээ авах гээд байрны эгчийн гэр рүү орох гэхэд намайг оруулахгүй байсан. Удалгүй цагдаа ирээд намайг авч явсан. Цагдаа намайг чиний архи бага байна, чи хариад унтчих, гэр орон байгаа юу гэхэд нь байхгүй гэхэд цагдаа намайг авч яваад эрүүлжүүлэхэд хонуулсан. Маргааш нь надаас мэдүүлэг авсан гэв.

П.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Шар хаданд байх найзтайгаа уулзчихаад орой 21.00 цагийн үед гэртээ ирсэн. Би эхнэр хүүхдүүдийн хамт Дэнжийн 1000-д байр хөлслөн амьдардаг. Манай гэрт танил дүү Анхбаяр ирчихсэн байсан. Манай эхнэр бид гурав гэрээс гараад “Аялгуу” нэртэй нийтийн караокед орж хүний 2, 2 шил пиво уусан. Тэгээд би гэр рүүгээ явж байх замдаа эхнэртэйгээ маргалдсан. Гэтэл манай эхнэр гэр рүүгээ оролгүй байрны жижүүрийн өрөө рүү орчихсон. Тэгээд би араас нь орсон чинь жижүүр ах намайг мангар бацаан минь зүгээр байгаарай, гар пизда минь гээд миний дух руу гараараа нэг цохьсон. Тэгээд би тэр ахтай муудалцсан чинь тэр ахын эхнэр цагдаа дуудна гээд орилоод байсан. Тэгээд намайг цагдаа нар эрүүлжүүлэх байранд авч ирсэн. Манай эхнэр өөрийнхөө гар утсыг унтраачихаад асаахгүй байсан. Тэгээд яагаад асаахгүй байгаа талаар нь асуухад маргааш өглөө асаана гээд байсан. Тэгээд би эхнэрийгээ хардаад маргалдсан. Би эхнэрээ цохисон асуудал байхгүй. Би тэр эмэгтэйд гар хүрсэн асуудал байхгүй. Тэр хүний нөхөр нь муу бацаан гээд хэл амаар доромжлоод байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.М мэдүүлэхдээ:-2018 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө намайг гэртээ амарч байхад хаалга нүдсэн. Би хаалгаа нээхэд Лхагважав орж ирээд хаалгаа түгж гэсэн. Гэтэл араас нь хаалга нүдэж, хэд хэд өшиглөсөн. Бүргэд хаалганы цоож хичнээн гацдаг байсан ч Мөнгөнчөдөр согтуугаараа дайрч манайд орж ирээд эхнэрээ авч гарна гэсэн. Эхнэр нь манай гэр бүлийн хүн болох Энхтөрийн ард зогссон байсан. Тухайн үед нөхөр маань хагалгаанд ороод удаагүй байсан тул би Мөнгөнчөдөрөөс нөхрөө хамгаалж урдуур нь орсон. Гэтэл Мөнгөнчөдөр намайг түлхэж унагаасан. Эмчилгээний зардлын 313.080 төгрөгийн баримт өгсөн. Үүн дээр хаалганы үнэ 120.000 төгрөг нэхэмжилнэ гэв.

Хохирогч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: -2018 оны 01 дүгээр сарын 18-19-ны шилжих шөнө 01 цагийн үед байх унтаж байтал авраарай туслаарай гээд эмэгтэй хүн хаалга цохихоор нь босоод онгойлготол нийтийн байрны 3 номерт амьдардаг Лхагважав гэдэг эмэгтэй орж ирээд хаалгаа түгжээрэй эгчээ гэсэн. Тэгтэл манай нөхөр Энхтөр хэн юу болоод байнаа гээд босоод иртэл Лхагважавын нөхөр Мөнгөнчөдөр хаалга түлхээд согтуу ороод ирсэн. Тэгээд эр эмийн хооронд хөгшин хошногонууд яах гээд байгаа юм гээд эхнэрээ татаад авч гарах гээд байхаар нь чи болиоч ээ, гар гээд хөөтөл, чамд хамаагүй гээд намайг түлхсэн. Энэ үед манай нөхөр цөсний хагалгаанд ороод удаагүй байсан тул хагархай гэдэс рүү нь цохьчих вий гэж бодоод би урдуур нь ортол намайг хана руу түлхчихсэн. Мөнгөнчөдөр намайг хана руу түлхэхэд нь хананд мөргөж унаад гэмтчихсэн юм. Тэгээд маргааш нь хөдөлж чадахгүй болохоор нь эмнэлэгт үзүүлтэл хуучин гэмтсэн байсан хавирганы хавьд хөхөрчихсөн байсан юм. Ингээд шүүх эмнэлэгт үзүүлсэн. Мөнгөнчөдөр нилээн согтолттой байсан. Мөнгөнчөдөр, Энхтөр хоёр зодолдоогүй, барьцалдаж авсан байх үед нь Энхтөрийн араар Мөнгөнчөдөр Лхагважавыг авч гарах гэхэд нь бид хоёр гаргахгүй гээд ийм асуудал болсон. ...Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Мөн манай хаалгыг өшиглөөд хонхойлгоод, цоожийг нь угз татаад эвдчихсэн, тэрнийгээ төлүүлнэ гэжээ.

Гэрч Т.Лхагважав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: -2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 22.00 цагт гэрээсээ гараад манай нийтийн байрны ойролцоо байдаг “Их хаад” караокед нэг найзтайгаа пиво ууж байгаад орой 01.00 цагийн үед орж ирсэн ба манай нөхөр намайг хардаад одоо ажиллаж байгаа ажилд маань ажиллуулахгүй гээд байсан. Тэгэхээр нь би дургүйцсэн чинь манай нөхөр уурлаад над руу дайраад байхаар нь би нийтийн байрны 1 тоотод байх Энхтөр, Мөнхцэцэг гэх ах нараас тусламж гуйх гээд хаалгыг нь тогшоод орсон ба намайг орсны дараа манай нөхөр Мөнгөнчөдөр орж ирээд намайг авч явах гээд байсан. Тэгээд нөгөө ах эгч хоёр цагдаа дуудлаа гэсэн чинь манай нөхөр гарч явсан ба өрөөндөө байж байхад цагдаа нар ирээд аваад явсан. Мөнхцэцэг гэх хүнийг цохиж зодож байхыг хараагүй. Тэр эгч хаалгаа өөрөө савж байсан гэжээ.

Гэрч Ц.Энхтөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-2018 оны 01 дүгээр сарын 18-19-ны шилжих шөнө 01 цагийн үед манай хаалгыг эмэгтэй хүн туслаарай гээд цохихоор нь хаалгаа онгойлготол 3 номерт амьдардаг охин, намайг гудамжинд манай нөхөр зодох гээд байна гээд ороод ирсэн, тэгтэл араас нь нөхөр нь хөгшин баньд минь та нар хүний амьдралд оролцохгүй шүү гээд хаалга нүдээд угз татаад цоож эвдлээд ороод ирсэн. Тэгтэл эхнэр нь миний араар ороод зогсчихсон чинь эхнэрийгээ авч гарах гээд дайраад байхаар нь Мөнхцэцэг, та нар яах гээд байгаа юм гар гээд хөөсөн чинь Мөнхцэцэгийг хана руу түлхээд унагаачихсан юм тэгээд цагдаа дуудсан гэжээ.

Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.01.22-ны өдрийн ¹1701 тоот шинжээчийн дүгнэлтэд:

            1.Ц.М-ийн биед цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

            3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хөнгөн гэмтэлд хамаарна.

            4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч П.М нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр согтуурсан үедээ Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 11-81 тоотод байрлах нийтийн байрны жижүүрийн өрөөнд орсон эхнэрийнхээ араас хөөж ороод, түүнийг өмөөрсөн Ц.М-ийн баруун хавирга руу цохьсоноос хохирогчийн биед цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь

шүүгдэгчийн “...би гэр рүүгээ явж байх замдаа эхнэртэйгээ маргалдсан. Гэтэл манай эхнэр гэр рүүгээ оролгүй байрны жижүүрийн өрөө рүү орчихсон. Тэгээд би араас нь орсон чинь жижүүр ах намайг мангар бацаан минь зүгээр байгаарай, гар пизда минь гээд миний дух руу гараараа нэг цохьсон. Тэгээд би тэр ахтай муудалцсан чинь тэр ахын эхнэр цагдаа дуудна гээд орилоод байсан” гэх мэдүүлэг,

хохирогч Ц.М-ийн “2018 оны 01 дүгээр сарын 18-19-ны шилжих шөнө 01 цагийн үед байх унтаж байтал авраарай туслаарай гээд эмэгтэй хүн хаалга цохихоор нь босоод онгойлготол нийтийн байрны 3 номерт амьдардаг Лхагважав гэдэг эмэгтэй орж ирээд хаалгаа түгжээрэй эгчээ гэсэн. Лхагважавын нөхөр Мөнгөнчөдөр хаалга түлхээд согтуу ороод ирсэн. Тэгээд эр эмийн хооронд хөгшин хошногонууд яах гээд байгаа юм гээд эхнэрээ татаад авч гарах гээд байхаар нь чи болиоч ээ, гар гээд хөөтөл, чамд хамаагүй гээд намайг түлхсэн. Мөнгөнчөдөр намайг хана руу түлхэхэд нь хананд мөргөж унаад гэмтчихсэн юм” гэх мэдүүлэг,

гэрч Ц.Энхтөрийн “... хаалгаа онгойлготол 3 номерт амьдардаг охин, намайг гудамжинд манай нөхөр зодох гээд байна гээд ороод ирсэн, тэгтэл араас нь нөхөр нь хөгшин баньд минь та нар хүний амьдралд оролцохгүй шүү гээд хаалга нүдээд угз татаад цоож эвдлээд ороод ирсэн. Тэгтэл эхнэр нь миний араар ороод зогсчихсон чинь эхнэрийгээ авч гарах гээд дайраад байхаар нь Мөнхцэцэг, та нар яах гээд байгаа юм гар гээд хөөсөн чинь Мөнхцэцэгийг хана руу түлхээд унагаачихсан” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.01.22-ны өдрийн ¹1701 тоот шинжээчийн дүгнэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Э овогт П-ийн М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан боловч шүүгдэгч нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сарын 300.000 төгрөгийн орлоготой, бага насны буюу 5-9 насны гурван хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг нь харгалзан, түүнд торгох ял оногдуулах, уг ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв. Торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцсон болно.

Хохирогчоос хуульд заасан шаардлага хангасан 313.080 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргасан тул уг зардлыг шүүгдэгчээс нөхөн гаргуулах нь зүйтэй. Харин хохирогч нь гэрийн хаалга засварлах зардал 120.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаар шалгаж нотолсон баримт хэрэгт авагдаагүй боловч шүүгдэгч П.М нь хохирогч Ц.М-ийн гэрийн хаалгыг засварлаж өгнө гэснийг дурдаж байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Э овогт П-ийн М-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-ийн торгох ялыг 2019 оны 3 дугаар сарын 29-ний дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч П.М-өөс 313.080 (гурван зуун арван гурван мянга наян) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.М (РД:хх0000000)-т олгосугай. 

7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.БУЯННЭМЭХ