Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар Дугаар 153/ШШ2018/00096

 

 

 

2018 оны 02 сарын 28 өдөр

    Дугаар 153/ШШ2018/00096

                    Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт оршин суух, Бошго овогт Цэндсүрэнгийн Тэрбиш /ПЗ62031210/-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 153/2018/00066/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, хүсэлт гаргагч Ц.Тэрбиш нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Тэрбиш шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1976 оноос эхэлж эцэг маань өвчтэй байсан учраас мал маллаж эхэлсэн бөгөөд 1994 он хүртэл мал малласан. Эцэг маань өвчтэй байсан учраас цэрэгт явж чадаагүй. Би хамгийн том нь гээд 2-р ангид сурч байгаад гарсан. Манай эх олон өнчин дүү нарын хамт байдаг байсан. Би 15-16 настайгаасаа эхэлж мал маллаж эхэлсэн. Би 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад болон Давшилт ХКомпанид малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба энэ хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....1986 онд сумын аварга болж байсан. 1988 онд малчин залуучуудын чуулганд явж байсан....1991 онд нэгдэл тараад давшилт ХКомпани болсон....гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.Тэрбиш нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Ц.Тэрбиш нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад болон Давшилт ХКомпанид 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Хүсэлт гаргагч Ц.Тэрбиш нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 123 дугаартай албан бичгээр ирүүлсэн 70 дугаар дансны хуулбарууд, Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадын малчин Ц.Тэрбиш 1983-1984 оны өвөл, хаврын хүнд нөхцөлд 600 хурга, ишиг маллан хорогдолгүй онд оруулж чадсан юм. Одоо энэ залуу 500 хурга, 129 ишиг хүлээн аваад оторлон таргалуулж амжилтаа бататгахаар мэрийн хөдөлмөрлөж байна. Ж.Моломын авсан фото зураг гэх бичвэртэй сонины хайчилбар, 1985 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн Сайшаалын үнэмлэх, 1988 оны 12 сарын 14-ний өдрийн Сайшаалын үнэмлэх, 1986 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн Баярын бичиг, 1984 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Баярын бичиг, 1986 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн Баярын бичиг, гэрч Г.Цэдэнбалын ....Би 1964 онд 4 дүгээр анги төсгөөд аав, ээжийн гар дээр мал маллаж эхэлсэн. 1970 онд цэрэгт яваад 1973 онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад бог мал маллаж эхлээд нэгдэл тартал ажилласан.....Ц.Тэрбиш нь 1978 оноос эхэлж аав, ээжтэй хамт Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад бог мал маллаж эхлээд 1980 онд аав Цэндсүрэн нь нас барсны дараагаас бие дааж ээж Т.Лхагвын хамт үргэлжүүлэн тус нэгдэлдээ мал маллаад нэгдэл тартал малчнаар ажилласан байсан. Одоо ч мал маллаад амьдарч байна.... гэх мэдүүлэг, гэрч О.Чулууны ....Би 1977 онд цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригад буюу Цагаанбулан бригадад нягтлан бодогчоор 1984 он хүртэл ажилласан. 1984 оноос нэгдэл тартал буюу 1991 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд нягтлан бодогчоор ажилласан.... Би 1977 оны 7 сард цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригад буюу Цагаанбулан бригадад нягтлан бодогчоор ажиллаж эхлэхэд Ц.Тэрбиш нь тус бригадад бог мал маллаж, бид хамт намар нь хадлан хадаж байсан. Ц.Тэрбишийг яг хэзээнээс тус нэгдэлд орж ажилласныг бол мэдэхгүй. Ц.Тэрбиш нь улсын аварга малчин Бямбажавын шавь малчин байсан бөгөөд цэргийн алба хаагаагүй. 1988 онд байх Бямбажавын охин Долгортой гэр бүл болсон. 1991 оны 4 сарын 01-ний өдөр Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэл тараад Ургац ХК, Давшилт ХК, Чандмань ХК зэрэг компаниуд болсон....Ц.Тэрбишийн эцгийг Хандсүрэнгийн Цэндсүрэн, эхийг нь Тая овогтой Лхагва гэдэг байсан. Аав нь 1980 онд нас барсан.... гэх мэдүүлэгзэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Харин хүсэлт гаргагч Ц.Тэрбиш нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул түүний Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригад болон Давшилт ХКомпанид 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хавтаст хэргийн 4, 6 дугаар хуудсанд авагдсан иргэн Г.Цэдэнбал, О.Чулуун нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 5, 7 дугаар хуудсанд авагдсан иргэн Г.Цэдэнбал, О.Чулуун нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бошго овогт Цэндсүрэнгийн Тэрбишийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригад болон Давшилт ХКомпанид 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Тэрбишийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянгахоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     С.ОЮУНЖАРГАЛ