Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2018/00190

 

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2018/00190

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч АС даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга МГ суулган, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, СББ ХХК-ийн байранд байрлах СББТ ХХК-ийн,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, АОС 71/1 байрны 4 тоотод оршин суух, эмэгтэй, 30 настай, Хөөрөгт овогт ЗС холбогдох,

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,470,000 /нэг сая дөрвөн зуун далан мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ВА оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч СББТ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ВА шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

СББТ ХХК нь Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Seo Bar-ыг түрээслэн ажиллуулдаг иргэн ЗСтэй зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулан өөрсдийн бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Гэрээний дагуу 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 11,000,000 төгрөгийн бүтээгдэхүүнийг нийлүүлсэн байна. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу бүтээгдэхүүний төлбөрийг сар бүрийн 30-ны дотор төлөх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлэхгүй үлдэгдэл төлбөр 1,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл манай компанид төлөөгүй байна. Зээлдэгч нь худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээний 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасны дагуу алданги төлөх үүргийг хүлээсэн. ЗС нь 2017 оны 5 дугаар сарын 20-ны дотор төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул өнөөдрийг хүртэл 94 хоногийн алданги 470,000 төгрөг /нэг өдрийн 5,000 төгрөг/, үндсэн төлбөр 1,000,000 төгрөг, нийт 1,470,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Хариуцагчийн зүгээс эвлэрэх хугацаа олгохыг хүссэн боловч холбоо барилгүй өнөөдрийг хүрлээ. Тийм учраас хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч СББТ ХХК нь хариуцагч ЗСд холбогдуулан Зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний төлбөр 1,470,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ЗС нь тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШЗ2017/16485 дугаар Хариуцагчийг албадан ирүүлэх тухай шүүгчийн захирамжийн дагуу шүүхэд ирүүлснээр нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гардан авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. /хх 24-26, 35/

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Зохигчдын хооронд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 17/08 тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч нь чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг худалдан авагчийн захиалсан тоо хэмжээгээр, хүү тооцохгүйгээр нийлүүлэх, худалдан авагч нь бүтээгдэхүүний төлбөрийг заасан хугацаанд төлөх үүрэг тус тус хүлээж, гэрээний хугацаа 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр байхаар хугацаа тогтоон, худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүй нөхцөлд гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх үүрэг хүлээхээр харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн, хүчин төгөлдөр гэрээ байна. /хх 6-7/

Дээрх гэрээгээр талууд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд зааснаар зохицуулагдах зээлээр худалдах, худалдан авах гэрээний гол зүйл буюу хүү тооцохоор тохиролцоогүй байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ-ний харилцаа үүссэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч СББТ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцагч ЗСд нийт 11,000,000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн нийлүүлж, хариуцагч гэрээний дагуу төлбөр төлөх үүргийн заримыг буюу 10,000,000 төгрөгийн төлбөрийг төлж, 1,000,000 төгрөгийн бүтээгдэхүүний төлбөрийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбар болон талуудын хооронд хийгдсэн тооцоо нийлсэн акт, З.Сэлэнгийн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан өргөдөл зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь уг төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй. /хх 9, 10/

Түүнчлэн, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.5 болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар, хариуцагч ЗС нь талуудын хооронд хийгдсэн Тооцоо нийлсэн акт-ын дагуу 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учир энэ хугацаанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны 94 хоногийг гүйцэтгээгүй үүрэг болох 1,000,000 төгрөгийн 0,5 хувийн алданги 5,000 төгрөгт тооцон, нийт 470,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь хуульд нийцсэн байх тул хариуцагч ЗСэс мөн шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,470 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 38,470 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЗСэс 1,470,000 /нэг сая дөрвөн зуун далан мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч СББТ ХХК-д олгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,470 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 38,470 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах шатны журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        АС