Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/240

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн даргаТ.Солонго,

            Улсын яллагч Ж.Энхжаргал,

            Шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч С.Дондов,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхзул, түүний өмгөөлөгч С.Даваасүрэн нарыг оролцуулан,

            Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт О-ын А-т холбогдох 1803 0000 10071 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1996 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, илчит тэрэгний засварчин мэргэжилтэй, Улаанбаатар татах хэсэг, Зүтгүүрийн депод засварчин ажилтай, ам бүл 3, ээж дүүгийн хамт, Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, Дэнжийн 00 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт О-ын А /РД:хх00000/,

нь 2017 оны 8 дугаар сарын 20-ны шөнө 01 цаг 10 минутын үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын Их дэлгүүрийн урд замд Тоёота Приус маркийн   УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлэг. Тээврийн хэрэгслийн хурд: 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан сонгож явна”, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ хэтрүүлэхгүйгээр сонгож явна” 9.3 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км-ээс ... хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Т-ыг мөргөж амь насыг нь хохироосонгэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-2017 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө би машин жолоодоод, Их дэлгүүрийн урд замд явж байхад гэрлэн дохио өнгөрөөд, юу ч харагдаагүй, тоормос гишгээд зогссон. Дахиад цааш хөдлөхөд ийм зүйл болсон байсан. Миний хувьд 82 км.цагийн хурдтай яваагүй, 56-57 км.цагийн хурдтай л явж байсан. Тэр шөнө бороотой байсан. Миний буруу. Гэм буруугийн асуудалд маргахгүй. Маш их гэмшиж байна. Шинжээч нарын дүгнэлтэд маргахгүй, зөвшөөрч байна. Оршуулгын зардалд 7.748.000 төгрөг төлсөн. Өмгөөлөгчийн зардал, 2 хүүхдэд тэтгэмж нийт 8.601.000 төгрөг нэхэмжилснээс 5.000.000 төгрөг төлсөн. Үлдэхийг 6 дугаар сарын 05-ны дотор төлнө гэж тохирсон байгаа гэв.

            Шүүгдэгч О.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-2017 оны 8 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө 01 цагийн үед би 00-00 УБО улсын дугаартай Т.Приус-20 маркийн автомашин жолоодоод Натур худалдааны төвөөс 3, 4 дүгээр хороолол орох гээд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй 2 дугаар эгнээнд явж байгаад Их дэлгүүрийн урд талын явган хүний гарц өнгөрөөд явж байтал замын урд талаас нэг хүн машины урдуур орж ирээд мөргүүлсэн. Би явган зорчигчийг мөргөөд зогссон гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхзул мэдүүлэхдээ:-Би талийгаачийн хууль ёсны төлөөлөгч Мөнхзул гэж хүн байна. Би нөхөртэйгөө 2010 оноос хойш гэр бүл болон амьдарсан. Бид хоёр 4-6 насны 2 хүүхэдтэй. Охин маань 2011 онд, хүү маань 2013 онд төрсөн. Осол болохоос өмнө нөхөр маань “Ханза сервис” гээд туслан гүйцэтгэх компанид сарын 1.040.000 төгрөгийн цалинтай операторын ажил хийдэг байсан. Нөхөр маань ар гэрээ тэжээж, авч явдаг хүн нь байсан. Талийгаач 1986 оны 10 дугаар сарын 03-нд төрсөн, 31 настай байсан. Одоо би 2 хүүхэдтэйгээ тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж 251.000 төгрөгөөр амьдарч байна. Миний хувьд 2 хүүхэд жаахан болохоор ажил хийх боломжгүй байна. Оршуулгын баримттай хохирол нь 7.748.000 төгрөг гарсан. Үүнийг 2018 оны 02 дугаар сарын 13-ний дотор О.А-ын зүгээс өгч дуусгасан. Цалин тэтгэмжийн зөрүү 3 сар хүртэл 8.600.000 төгрөг болсны 5.000.000 төгрөгийг өгчигдөр өгсөн. Өмгөөлөгчийн зардал 1.500.000 төгрөг болсон. Одоо үлдэгдэл 3.600.000 төгрөгийг 2 сарын дотор харилцан тохиролцоод өгье гэсэн. Цалин тэтгэмжийн зөрүү 789.000 төгрөгийг авах хүсэлтэй байгаа бөгөөд эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэж өгнө үүгэв.

            Иргэний хариуцагч Р.Батхишигээс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-Уг тээврийн хэрэгслийг 2016 оны 11 дүгээр сард би Төрийн банкны лизингээр хүү О.А-т авч өгч байсан. Яг авах үедээ 5.000.000 төгрөг урьдчилгаатөлөөд түүнээс хойш сар бүр 430 000 төгрөг төлөөд, одоо 4.845.271 төгрөг үлдээд байгаа. ...одоогоор 5 000 000 төгрөг гаргаж өгөөд байгаа, гарсан зардлыгбүрэн барагдуулнагэжээ.

Мөрдөн байцаалтад гэрчүүдээс мэдүүлэхдээ:

1.Насанд хүрээгүй гэрч Э.Отгонсувдаас:-Бид гурав Анхбаярын найзтай уулзахаар болоод Улсын Их дэлгүүрийн урд замд явж байтал явган зорчигч машины урдуур гэнэт гарч ирээд мөргүүлсэн. Би хойд талын суудалд суугаад явж байсан болохоор явган зорчигч зам гарч байхыг хараагүй, бид 3 машинаас буугаад явган зорчигч дээр очтол өмд нь өвдөг хүртлээ шувтарсан, өрөөсөн гутал нь байхгүй, замын хажууд 1 дүгээр эгнээнд хажуу тийшээ харсан байдалтай, нүд нь хөхөрсөн, дух нь шалбарсан, ухаантай хэвтэж байсангэжээ.

2.Насанд хүрээгүй гэрч Э.Намуунаас:-2017 оны 8 дугаар сарын 19-ний шөнө 24 цаг өнгөрч байхад эгч Намуунтай дэлгүүр орох гээд гартал эгчийн найз Анхбаяр залгаад 3 дугаар хороолол руу найзтайгаа уулзахаар явж байна, хамт яваад буцаад хүргээд өгье гэж хэлээд хамт явсан. Анхбаяр жолооны ард суугаад бид 2 хойд талын суудалд суугаад Улсын их дэлгүүрийн урд замд явж байтал машин гэнэт юм мөргөх чимээ гарч, цонх хагарсан, тэгээд Анхбаяр шууд машинаа зогсоогоод бид 3 буугаад хартал машинаас нилээн хойно явган зорчигч мөргүүлсэн байдалтай газар хэвтэж байсан. Явган зорчигч дээр очтол өмд нь өвдөг хүртлээ шувтарсан өрөөсөн гутал нь байхгүй, хөл нь шалбарчихсан гадуур хувцас нь шалбааг дээр, толгойноос нь цус гарчихсан, дух нь шилээр жижиг зүсэгдсэн байдалтай хэвтэж байсан. Анхбаяр түргэн тусламж руу залгаж дуудлага өгсөн. Удалгүй түргэн тусламжийн автомашин ирж явган зорчигчтой Намуунаа эгч, ослыг харсан гэх 1 эгч бид 3 хамт явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод 20 минутын дараа явган зорчигчтой хамт явсан гэх 2 хүн ирсэн гэжээ.

3.Гэрч З.Чинбатаас:-2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Оюунтолгойн туслах гэрээгээр ажилладаг усны багийн гишүүд 13 хүн Циркийн зогсоол дээрээс шугамын том автобус хөлслөөд Тэрэлжид байрлах амралтын газар очиж амарсан. Амралтнаас 21 цаг өнгөрч байхад гараад замдаа Ургахнаран хороололд автобус саатаад хотод циркийн зогсоол дээр ирэхэд шөнийн 01 цаг болж байсан, чиглэл чиглэлээрээ хуваагдаад талийгаач, Загараа бид 3 баруун тийш явах болоод Улсын Их дэлгүүрээс такси барихаар усан оргилуурын зүүн талаар хойшоо алхаж явж байгаад гарцаар зам гарахаар хойшоо чиглэлийн урсгалаар зам гараад явсан. Загарзүсэм бид 2 юм яриад талийгаачаас 2, 3 алхамын хойно явж байсан. Их дэлгүүрийн урд талын явган хүний гарцан дээр ирэхэд талийгаач бид хоёрыг хүлээж байгаад гарцан дээр ирэхэд түрүүлээд явган хүний гарцан дээгүүр бид хоёроос 2, 3 алхамын урд гараад явж байсан. Явган хүний гарцан дээр талийгаач бид гурваас гадна 2 хүн хамт зам гарч байсан. Загараа бид 2 эхний урсгалаар зам гараад 2 дугаар эгнээнд явж байтал машин юм мөргөх чимээ гарсан. Намайг хальт харахад юм мөргөсөн автомашин маш хурдтай явж байсан. Би Загараа руу хартал сая хайрцаг мөргөчихсөн үү гэж хэлсэн. Бид хоёрын урд явж байсан залуу тэр машиныг өнгөрөөгөөд гүйсэн, бид 2 араас нь алхаад зам гарсан.Гараад баруун тийш явж байгаад хартал хүн мөргүүлчихсэн газар хэвтэж байсан. Талийгаачийг байж магадгүй гэж бодоод хартал жолооч талийгаачийн толгойг тэвэрчихсэн нүүр нь хавдчихсан танигдахын аргагүй, өмд нь, цамц тайлагдчихсан эмэгтэй хүн шиг харагдаж байхаар биш байна гээд явсан. Жолооч ахаа түргэн тусламж дуудаач гэхээр нь залгатал утас нь сүлжээгүй байсан. Намайг харахад хүн шавчихсан бас дуудлага өгч байхаар нь явчихсан юмгэжээ.

4.Гэрч Б.Загирзүсэмээс:-Бид 3 баруун тийшээ 1 зүг явах учир такси барихаар урдаасаа хойшоо зам гарах гэж байсан. Явган хүнийгарцан дээр ирэхэд талийгаач байсан эсэхийг санахгүй байна. Чинбат бид 2 явган хүний гарцаар зам гараад замын голд байрлах үргэлжилсэн шугам руу дөхөж байхад 1 машин юм мөргөх чимээ гарахаар нь хартал цайвар ногоон өнгийн приус маркийн автомашин юм мөргөөд зогсохгүй явж байгаад их дэлгүүрийн баруун талаас гарч нилээн өнгөрөөд зогссон. Бид 2 зам гарсан хойноо юу мөргүүлсэн юм бол гэж бодоод холоос хартал цэнхэр өнгийн турсиктэй хүн харагдаж байхаар нь эмэгтэй хүн мөргүүлж гэж бодоод түргэн тусламж руу Чинбат залгахад ачаалалтай байсан болохоор холбогдож чадаагүй. Мөргүүлсэн хүнийг хараад буцаад явж байтал талийгаачийн барьж явсан хайрцагтай зүйл явган хүний гарцнаас 3-4 метрийн зайтай байсан. Тэгэхэд нь бид хоёр мөргүүлсэн юм болов уу, эсвэл хайрцагтай юмаа хаяад зам гарсан юм болов уу гэж бодоод замын хойно байрлах бургасан дундуур хайж байгаад гарч иртэл мөргүүлсэн хүнийг түргэн тусламжийн автомашин авч явж байсан гэжээ.

5.Гэрч Э.Болорчулуунаас:-2017 оны 8 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө би 3,4-р хорооллын кино театрын хойно өөрийн машинтайгаа байж байхад Анхбаяр 01 цаг өнгөрч байхад надруу залгаад Их дэлгүүрийн урд хурдан хүрээд ир гэсэн. Намайг яваад оч, Анхбаяр Их дэлгүүрийн баруун урд төв зам дээр 2-р эгнээнд Анхбаярын автомашин аваараа татаад зогссон байсан ба яваад очиход Анхбаяр хүн дайрчихлаа утсаа өг гээд миний утсаар 102 руу дуудлага өгсөн. Намайг очиход мөргүүлсэн хүн нь газар байхгүй байсан ба түргэн тусламж аваад явсан байсан. Тэгээд би Анхбаяртай байж байгаад замын цагдаагийн бүрэлдэхүүн ослын газар үзлэг хийхэд нь хамт байсан гэжээ.

6.Гэрч О.Дөлгөөнөөс:-Би уг ослыг нүдээрээ харсан, тэгээд 103 дугаарын утсанд дуудлага өгсөн байгаа. Тухайн өдөр яг хэдний өдөр байсныг санахгүй байна, 8 дугаар сарын сүүлээр бороотой шөнө байсан. Би шөнө 01 цагийн үед гэрэлт гудамжны тэндээс Т.Приус-20 маркийн автомашин жолоодоод найз Чингүүн, Пүрэв-Очир, Намхайдагва нарын хамт Их дэлгүүрийн урд зогсоол дээр очих гээд Цэцэг төвийн уулзвараас Их дэлгүүрийн чиглэлд явж байтал нэг Т.Приус-20 маркийн автомашин миний хажуугаар гүйцэж түрүүлж орж ирээд надаас 20-30 метр зайд явж байсан. Би Их дэлгүүрийн урд талын явган хүний гарцны зүүн талд машин зогсоол руу баруун гар тийш дараад зогстол түс хийх нилээн чанга чимээ гарсан, юу болов гээд хартал миний урд явж байсан Т.Приус маркийн машин нэг хүнийг мөргөөд нөгөө хүн мөргүүлээд агаар дээр эргэлдээд шидэгдээд унасан. ...явган зорчигч машинд мөргүүлэх үед харсан ба явган хүний гарцны баруун талд автомашинд мөргүүлсэн гэжээ.

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017.8.31-ний ¹1651 тоот дүгнэлтэд:

1.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр Авто осол: Хавсарсан гэмтэл, гавал тархи, цээж, хэвлий, аарцгийн битүү гэмтэл: Гавлын баруун нүдний ухархайн дээд ханын цөмөрсөн хугарал, их, бага тархины зөөлөн бүрхүүлийн доорхи голомтлог цус хуралт, духны суурийн тархины эдийн няцрал, духны хуйхны цус хуралт, баруун уушигны эдийн няцрал, цус хуралт, давсагны задрал, урагдал, цус хуралт, зүүн бөөрний эд, үүдэвч, өөхөн эд, аарцгийн зөөлөн эд, булчингийн тархмал цус хуралт, аарцаг ясны хугарал, хэвлийн хагалгааны дараах байдал, дотор эрхтнүүдийн цус дүүрэлт, тархи уушигны хаван, нүүр мөчдийн зулгаралт, зүүн шаант ясны хугарал гэмтлүүд тогтоогдлоо.

2.Учирсан гэмтлүүд нь тухайн болсон хэргийн нөхцөлд, мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, амь насанд аюултай, гэмтэл авсан дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй, шинэ гэмтлүүд байна.

3.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4.Талийгаач нь дээрхи авто ослын үед үүссэн хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ.

5.Талийгаач нь Цусны ABO системээр А 2-р бүлгийн цустай байна.

6.Талийгаач нь 2017.8.20-ны 19:40 минутанд нас баржээ гэжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Гэрэл зураг, дүрс бичлэг-дүр зургийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2017.12.26-ны ¹165 тоот дүгнэлтэд:

1.Шинжилгээнд ирүүлсэн “ch5_20170820011110.mp4”, “ch25_20170820011240.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгт дүрс бичлэгийн цагаар 01:12:46 секундээс 01:12:48 секундын хооронд зам хөндлөн гарч буй явган зорчигч нь хяналтын камерын тусгалаас алсад дүрслэгдсэн, орчны гэрлийн нөлөөлөлтэй (resolution noise) байх бөгөөд явган зорчигч гарцын тэмдэглэгээтэй газраар зам хөндлөн гарч байгаа эсэхийг тодруулах боломжгүй байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн “ch5_20170820011110.mp4”, “ch25_20170820011240.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгт дүрс бичлэгийн цагаар 01:12:46 секундээс 01:12:48 секундэд дүрслэгдэх явган зорчигч автомашины зорчих хэсгийн 3-р эгнээнээс 2-р эгнээ руу чиглэлтэй явж байгаад автомашинд мөргөгдөж байна.

            Шинжилгээнд ирүүлсэн “ch5_20170820011110.mp4”, “ch25_20170820011240.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгт дүрс бичлэгийн цагаар 01:12:46 секундээс 01:12:48 секундын хооронд дүрслэгдэх Тoyota Prius 20 маркийн автомашин нь “А” цэгээс “Б” цэгийн хоорондох замыг ойролцоогоор 82.3 км/цаг хурдтай туулж өнгөрсөн байна гэжээ.

Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2017.10.09-ний өдрийн дүгнэлтэд:

“Төрийн банк” ХХК-ийн эзэмшлийн Тоуоtа маркийн Рrius 20 загварын, цайвар ногоон өнгөтэй, Япон улсад 2008 онд үйлдвэрлэсэн, 1669УБО улсын дугаартай, NHW203259169 арлын дугаартай, баруун гар талдаа жолооны хүрдтэй, энгийн их гэрэлтэй суудлын автомашиныг 2017 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн 1250 цагаас 1320 цаг хүртэл МNS4598:2011 "Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага" стандартыг шалгуур болгон МNS5011:2003 "Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар" стандартыг мөрдлөг болгон шалгаж үзэхэд уг автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Урд салхины шил үйрч цөмөрч хагарсан, урд буфер хагарсан, урд стек хагарсан, копуд их хэмжээгээр хонхойсон, урд талын улсын дугаар хуниралдсан, гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн бус (улсын дугаарын хоёр гэрлийн чийдэн асахгүй, урд оврын гэрлийн хоёр чийдэн ногоон өнгөтэй), иж бүрдэл байхгүй /эмийн сан, гал унтраагуур гэх мэт/ зэрэг эвдрэл, гэмтэлтэй байлаа.

Уг тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -2,5 мм, урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,70кН, баруун талдаа 2,90кН, зөрүү нь 6,9% (стандарт <20%), хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,80кН, баруун талдаа 1,60кН, зөрүү нь 11,11% (стандарт <30%) буюу тоормосны хүчний зөрүү стандартын шаардлагад нийцэж байна. Зогсоолын тоормос зогссон. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 7300 сd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 4700 сd (стандарт 10.000-225.000 сd) байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. Зүүн ба баруун гар талын их гэрлийн тусгал ойр дээрээ тохиргоо алдагдсан байлаа.

Автомашиныг суваг дээр STENHOJ Микро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан үзлэг хийхэд тос гоожилт байхгүй, явах анги, жолооны механизмын эд ангиуд эвдрэл, гэмтэлгүй байна. Дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд 3,0-4,0мм (стандарт суудлын автомашины дугуйн хээнийгүн газарт тулах хэсгээрээ 1.6мм-ээс багагүй байх) буюу дугуйнуудын хээний гүний хэмжээний стандартын шаардлага хангаж байна. Нэг тэнхлэг дээрхи дугуйнуудын марк, дугуйн хэмжээ, хээ ижил байна гэжээ.

Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018.1.11-ний №15 тоот дүгнэлтэд:

1.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны дугаар 165 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Тоёота Приус-20 маркийн 00-00 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 82.3 км/цаг хурд тогтоогдож байгаа нь тухайн үед жолоодож явсан жолооч О.А Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлэг Тээврийн хэрэгслийн хурд: 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хзтрүүлэхгүйгээр сонгож явна.9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.9.3. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Харин дараахь тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохино: гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 8002 дугаартай шинжилгээний дүгнэлтээр явган зорчигч Элдэв овогтой Түмэнбаатар ньМонгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг Явган зорчигчийн үүрэг: 3.9 Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: 3.9а/явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах; 3.9г/ өөрийгөө хянаж. жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна гэжээ.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл, шүүгдэгч О.А нь 2017 оны 8 дугаар сарын 20-ны шөнө 01 цаг 10 минутын үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын Их дэлгүүрийн урд замд Тоёота Приус маркийн 00-00 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2, 9.3-т заасныг зөрчиж, дүрэмд заасан хурд хэтрүүлж, хөдөлгөөнд аюул саад бий болоход тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйгээс зам хөндлөн гарч явсан явган зорчигч Э.Т-ыг мөргөснөөс, хохирогчийн амь насхохирсон болох нь

            шүүгдэгч О.А-ын “-би 00-00 УБО улсын дугаартай Т.Приус-20 маркийн автомашин жолоодоод Их дэлгүүрийн урд талын явган хүний гарц өнгөрөөд явж байтал замын урд талаас нэг хүн машины урдуур орж ирээд мөргүүлсэн. Би явган зорчигчийг мөргөөд зогссон” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхзулын “Би нөхөртэйгөө 2010 оноос хойш гэр бүл болон амьдарсан. Бид хоёр 4-6 насны 2 хүүхэдтэй. Осол болохоос өмнө нөхөр маань “Ханза сервис” гээд туслан гүйцэтгэх компанид сарын 1.040.000 төгрөгийн цалинтай операторын ажил хийдэг байсан” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Э.Отгонсувдын “Бид гурав Анхбаярын найзтай уулзахаар болоод Улсын Их дэлгүүрийн урд замд явж байтал явган зорчигч машины урдуур гэнэт гарч ирээд мөргүүлсэн. ... бид 3 машинаас буугаад явган зорчигч дээр очтол өмд нь өвдөг хүртлээ шувтарсан, өрөөсөн гутал нь байхгүй, замын хажууд 1 дүгээр эгнээнд хажуу тийшээ харсан байдалтай, нүд нь хөхөрсөн, дух нь шалбарсан, ухаантай хэвтэж байсан” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Э.Намууны “Анхбаяр жолооны ард суугаад бид 2 хойд талын суудалд суугаад Улсын их дэлгүүрийн урд замд явж байтал машин гэнэт юм мөргөх чимээ гарч, цонх хагарсан, тэгээд Анхбаяр шууд машинаа зогсоогоод бид 3 буугаад хартал машинаас нилээн хойно явган зорчигч мөргүүлсэн байдалтай газар хэвтэж байсан. Явган зорчигч дээр очтол өмд нь өвдөг хүртлээ шувтарсан өрөөсөн гутал нь байхгүй, хөл нь шалбарчихсан гадуур хувцас нь шалбааг дээр, толгойноос нь цус гарчихсан, дух нь шилээр жижиг зүсэгдсэн байдалтай хэвтэж байсан” гэх мэдүүлэг, гэрч З.Чинбатын “...гарцаар зам гарахаар хойшоо чиглэлийн урсгалаар зам гараад явсан. Загарзүсэм бид 2 юм яриад талийгаачаас 2, 3 алхамын хойно явж байсан. Их дэлгүүрийн урд талын явган хүний гарцан дээр ирэхэд талийгаач бид хоёрыг хүлээж байгаад гарцан дээр ирэхэд түрүүлээд явган хүний гарцан дээгүүр бид хоёроос 2, 3 алхамын урд гараад явж байсан. Загараа бид 2 эхний урсгалаар зам гараад 2 дугаар эгнээнд явж байтал машин юм мөргөх чимээ гарсан. Намайг хальт харахад юм мөргөсөн автомашин маш хурдтай явж байсан. Би Загараа руу хартал сая хайрцаг мөргөчихсөн үү гэж хэлсэн. Бид хоёрын урд явж байсан залуу тэр машиныг өнгөрөөгөөд гүйсэн, бид 2 араас нь алхаад зам гарсан.Гараад баруун тийш явж байгаад хартал хүн мөргүүлчихсэн газар хэвтэж байсан” гэх мэдүүлэг,гэрч Б.Загирзүсэмийн “Чинбат бид 2 явган хүний гарцаар зам гараад замын голд байрлах үргэлжилсэн шугам руу дөхөж байхад 1 машин юм мөргөх чимээ гарахаар нь хартал цайвар ногоон өнгийн приус маркийн автомашин юм мөргөөд зогсохгүй явж байгаад их дэлгүүрийн баруун талаас гарч нилээн өнгөрөөд зогссон. Мөргүүлсэн хүнийг хараад буцаад явж байтал талийгаачийн барьж явсан хайрцагтай зүйл явган хүний гарцнаас 3-4 метрийн зайтай байсан” гэх мэдүүлэг, гэрч Э.Болорчулууны “... яваад очиход Анхбаяр хүн дайрчихлаа утсаа өг гээд миний утсаар 102 руу дуудлага өгсөн” гэх мэдүүлэг, гэрч О.Дөлгөөний “... Их дэлгүүрийн чиглэлд явж байтал нэг Т.Приус-20 маркийн автомашин миний хажуугаар гүйцэж түрүүлж орж ирээд надаас 20-30 метр зайд явж байсан. ...миний урд явж байсан Т.Приус маркийн машин нэг хүнийг мөргөөд, нөгөө хүн мөргүүлээд агаар дээр эргэлдээд шидэгдээд унасан. ...явган зорчигч машинд мөргүүлэх үед явган хүний гарцны баруун талд автомашинд мөргүүлсэн” гэх мэдүүлэг, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017.8.31-ний ¹1651 тоот дүгнэлт, “...явган зорчигч автомашины зорчих хэсгийн 3-р эгнээнээс 2-р эгнээ руу чиглэлтэй явж байгаад автомашинд мөргөгдөж байна. Тoyota Prius 20 маркийн автомашин нь “А” цэгээс “Б” цэгийн хоорондох замыг ойролцоогоор 82.3 км/цаг хурдтай туулж өнгөрсөн байна” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Гэрэл зураг, дүрс бичлэг-дүр зургийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2017.12.26-ны ¹165 тоот дүгнэлт, тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэл тогтоосон Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2017-10-09-ний өдрийн дүгнэлт, “...жолооч О.А Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1. 9.2. 9.3. заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтй байна. ...явган зорчигч Элдэв овогтой Түмэнбаатар ньМонгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.9, 3.9а, 3.9гзаалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна..” гэх Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018.1.11-ний №15 тоот дүгнэлт, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч схем зураг, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд гэмт хэргийн талаар дуудлага өгсөн хүний дуудлагын лавлагааны хуудас, хохирогчийн өвчний түүх, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт болон бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Б овогт О-ын А-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дэхь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэхнөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын саналыг тус тус харгалзсан болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхзулын нэхэмжилсэн оршуудгын зардал 7.748.000, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөгийг тус тус шүүгдэгч нөхөн төлсөн байна.

 

Иргэний хуулийн 508 дугаар зүйлд “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна. ... бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл; ... нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд-ийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин, хөлс, орлогогүй нас барагчийн эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэгэнд түүний нас, хөдөлмөрийн чадварыг харгалзахгүйгээр уг хүүхдийг найман нас хүртэл хугацаанд нөхөн төлөх”-өөр заажээ.

 

Hас барсан хохирогч нь сарын 1.040.000 төгрөгийн цалинтай байх Хөдөлмөрийн гэрээ, цалингийн тодорхойлолт хэрэгт хавсаргасан боловч тэрээр 2017 оны 6 дугаар сард 1.085.000, 7 дугаар сард 830.000 төгрөгийн цалин авч, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болох нь 0069974 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хх-054)-аар, түүний бага насны хоёр хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж сард 251.000 төгрөгөөр тогтоогдсон болох нь тэтгэврийн 0368858 дугаартай дэвтрийн хуулбар (хх-055)-аар нотлогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн дээрх заалтад зааснаар цалингийн дундаж 957.500 ((1.085.000 + 830.000)):2) төгрөгийг хоёр хүүхдэд оногдох хэсэг нь сарын 478.750 ((957.500₮ : 4 ам бүл) х 2 хүүхэд) төгрөг болж байгаа ба зөрүү 227.750 (478.750-251.000) төгрөгийг 2017 оны 8 дугаар сараас хойш сар бүр олгох хууль зүйн үндэслэлтэй байна. Ингэхдээ 2017 оны 8 дугаар сарын зөрүү 62.422((478.750₮ :30 хоног х 10 хоног)-97.161)төгрөг, 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 11 дүгээр сарыг дуустал хугацааны 3.416.250 (227.750 х 15 сар) төгрөг, нийт 3.478.672 (62.422+3.415.250) төгрөг олгохоор тооцогдож байгаа боловч шүүгдэгчээс хохирогчид 3.500.000 төгрөг төлсөн тул 2018 оны 12 сараас хойш сар бүр 227.750. төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, 2011, 2013 онд төрсөн хүүхдүүдэд 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл хугацаанд олгохоор шийдвэрлэв.

 

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхзул нь хөдөлмөр эрхэлдэггүй, орлогогүй талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4-т заасан төлбөрийг иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хөдөлмөр эрхэлдэг гэх хувийн байдал болон шүүгдэгчээс нотлох баримтын дагуу хохирлын мөнгө нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх боломжтой гэж шүүх үзлээ.

Хэрэв шүүгдэгч О.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх энэхүү шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулж болохыг түүнд сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч О.А-т тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овогт О-ын А-ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4(дөрөв) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-т шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол энэ тогтоолыг хүчингүй болгож, ял оногдуулж болохыг сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.4-т зааснаар шүүгдэгч О.А-аас 2018 оны 12 дугаар сараас эхлэн хохирогчийн хүүхдүүд болох 2011 оны 8 дугаар сарын 24-нд төрсөн Түмэнбаатарын Болор-Эрдэнэ, 2013 оны 5 дугаар сарын 08-нд төрсөн Түмэнбаатарын Ган-Эрдэнэ нарт сар бүр 227.450 гаргуулж, арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл олгосугай.

6.Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4-т зааснаар хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч Д.М нь байнгын цалин хөлс, орлогогүй болохыг нотолсон баримтаа бүрдүүлж, нас барагчийн хүүхдүүдийг найман нас хүртэл хугацаанд асран хамгаалах тэтгэвэр тэтгэмжийн асуудлаа иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

8.Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн бичлэг бүхий СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

9.Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч О.А-ын эзэмшлийн ¹000000 дугаартай жолоочийн үнэмлэхийг зохих журмын дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан лицензийн төвд хүргүүлсүгэй.

10.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ