Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2018/00147

 

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2018/00147

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч АС даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга МГ суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Хүслийн өргөө хотхон 100 дугаар байрны 31 тоотод оршин суух, эрэгтэй, 44 настай ЛГ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 58 дугаар байрны 91 тоотод оршин суух, эмэгтэй, 44 настай, ЦХ,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Шинэ өглөө 23 дугаар байрны 15 тоотод оршин суух, эрэгтэй, 36 настай, Боржигин ургийн овогт, ОУ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,372,000 /хоёр сая гурван зуун далан хоёр мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч БА, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ВМ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч БА шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Зээлдүүлэгч ЛГ нь зээлдэгч ЦХ болон ОУ нарт 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 2,600,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, 001 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээлүүлсэн. Зээл төлөгдөх эцсийн хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр байсан боловч өнөөдрийг хүртэл зээл, хүү, алдангиа бүрэн төлж дуусаагүй байна. Зээлдэгч нар нь ажилтай, орлоготой байж зээлээ төлөхгүй 1 жил 4 сар болох гэж байна. Зээл авсан өдрөөс хойш 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2,600,000 төгрөгийн үндсэн зээл төлөхөөс 1,000,000 төгрөг төлж, үндсэн зээлээс 1,600,000 төгрөг төлөөгүй байна. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 1,876,800 төгрөгийн хүү төлөхөөс 1,352,000 төгрөг хүүнд төлж, 524,400 төгрөгийн хүү төлөөгүй үлдсэн. Мөн зээл авсан өдрөөс хойш нийт 248,000 төгрөгийн алданги бодогдсоныг төлөөгүй байна.

Анх нэхэмжлэл гаргахад тооцоолол хийхдээ хариуцагч нарын төлсөн 92,000 төгрөгийг оруулалгүй тооцооллын алдаа гаргасан учраас хүүгийн төлбөрт шаардсан 524,000 төгрөгөөс уг мөнгийг хасч, энэ хэмжээгээр нэхэмжлэлээ багасган, хариуцагч ЦХ, ОУ нараас үндсэн зээлийн үлдэгдэл 1,600,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 432,600 төгрөг, алданги 248,000 төгрөг, нийт 2,280,600 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Хэдий гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан боловч хариуцагч нар нь гэрээгээ сунгая гэж хэлчихээд бичгээр баталгаажуулдаггүй байсан учраас албан ёсоор гэрээг сунгасан зүйл байхгүй. Мөнгө төлөхдөө гэрээний дагуу хүүгийн төлбөр гэж төлж байсан. Хугацаа хожиж, биднийг хохироосон учраас нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар хүүг тооцсон байгаа. Хугацаандаа төлөхгүй болохоор нь цагдаад гомдол гаргах гэсэн боловч Зээлийн гэрээ байгуулсан байгаа учраас иргэний журмаар шийдвэрлүүлнэ гээд цагдаа хүлээж аваагүй гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ВМ шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Иргэн ЛГ нь иргэн ЦХ, ОУ нарт холбогдуулан тус дүүргийн шүүхэд 2,372,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл гаргасан. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, Иргэний хуульд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Хариуцагч нар зээлийн хүүд 161,200 төгрөг, зээлийн үндсэн төлбөрт 2,283,000 төгрөг, төлсөн бөгөөд үлдэгдэл 317,000 төгрөг байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2,372,000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өдрийн 0,1 хувийн алданги тооцохоор тохиролцсон байна. Иргэний хуулийн 282.3 дахь хэсэгт заасны дагуу хүү тооцсон зээлийн гэрээг бичгээр хийсэн байх хэрэгтэй. Гэрээний сунгалтыг ч мөн адил. Гэтэл гэрээний хугацаа дууссанаас хойш бичгээр гэрээг сунгаагүй байхад зээлдэгч нарын төлсөн төлбөрийг хүүгийн төлбөр гэж тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ЛГ нь хариуцагч ЦХ, ОУ нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 2,372,600 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа 92,000 төгрөгөөр багасган, хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөр 1,600,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 432,600 төгрөг, алданги 248,000 төгрөг, нийт 2,280,600 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хариуцагч нар нь гэрээний дагуу төлвөл зохих зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлж, үндсэн зээлийн төлбөрөөс 317,000 төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс гэрээнд зааснаар болон хуульд нийцүүлэн алданги тооцох үндэслэлтэй хэмээн тайлбрлаж маргасан.

Талуудын хооронд 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу зээлдүүлэгч ЛГ нь 2,600,000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаагаар, зээлийн хугацаанд сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлж, эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 9,000 төгрөгийн алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тусгаж, зээлийн барьцаанд зээлдэгч ЦХгийн цалинг барьцаалахаар тохиролцжээ. /хх 4/

Зохигчдын байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан үндэслэлд нийцсэн, хуульд заагдсан хэлбэрээр хийгдэж, талууд хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд зээлдүүлэгч ЛГ нь зээлийн гэрээний дагуу 2,600,000 төгрөгийг зээлдэгч ЦХ, ОУ нарт хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч ЛГ нь зээлийн гэрээний зүйл болох 2,600,000 төгрөгийг зээлдэгч ЦХгийн Төрийн банк дахь дансанд шилжүүлж, энэ талаар зээлийн гэрээнд тэмдэглэсэн байх бөгөөд, хариуцагч нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасны дагуу хариуцагч ЦХ, ОУ нараас шаардах эрхтэй.

2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч нар нь гэрээний дагуу үндсэн зээл 2,600,000 төгрөг, зээлийн хүү 156,000 төгрөг, бүгд 2,756,000 төгрөг төлөх үүрэг хүлээснээс 161,200 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төлж, тийнхүү гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 1,156,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 635,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 192,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 300,000 төгрөг, нийт 2,444,200 төгрөгийг төлжээ. /хх 21-23, 25,32/

Талууд зээлийн гэрээний хугацааг сунгаагүй, хүү тооцох талаар бичгээр дахин гэрээ байгуулаагүй боловч хариуцагчийн зүгээс эргэн төлөлтөө зээлийн хүүгийн төлбөр хэмээн төлж, гэрээний хугацаа сунгасан талаар бичгээр баталгаажуулах талаар зээлдүүлэгчийг сануулахад уулздаггүй байсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлах боловч, тэдний амаар хийсэн гэх тохиролцоо нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт ... хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасантай нийцээгүй байна.

Иймд хариуцагч нарын хүү төлөв гэх утгатайгаар төлсөн мөнгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасч тооцон, Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл болон хүүгийн хамт нийт 2,756,000 төгрөг төлөхөөс зээлдэгч нарын төлсөн 2,444,200 төгрөгийг хасч, үлдэх 311,800 төгрөгийг нэхэмжлэгч ЛГ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ЦХ, ОУ нараас шаардах эрхтэй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн, маргаан бүхий зээлийн гэрээний 6 дахь заалт болон, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш зээлдүүлэгч ЛГийн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны алдангийг тооцвол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн, алдангийг нийт гүйцэтгээгүй үүрэг болох 311,800 төгрөгийн 50 хувиар тооцон 155,900 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Дээрхийг үндэслэн хариуцагч ЦХ, ОУ нараас үндсэн зээлийн үлдэгдэл 311,800 төгрөг, алданги 155,900 төгрөг, нийт 467,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЛГд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 1,812,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Талууд зээлийн гэрээний 5 дахь заалтаар зээлдэгч ЦХгийн цалинг барьцаалсан гэх боловч нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар шаардлага гаргаагүй бөгөөд, зохигчид энэ талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЦХ, ОУ нараас зээлийн гэрээний үүрэгт 467,700 /дөрвөн зуун жаран долоон мянга долоон зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЛГд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,812,900 /нэг сая найман зуун арван хоёр мянга есөн зуун/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52,912 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 14,681 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                АС