| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2018/00295/И |
| Дугаар | 0502 |
| Огноо | 2018-02-12 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 0502
| 2018 оны 02 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2018/00502 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Б/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: УБТ холбогдох,
сахилгын шийтгэл хүчингүй болгуулж, сахилгын шийтгэл буруу ногдуулснаас учирсан хохирол 576,400 төгрөг гаргуулах, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.Биндэръяа нь УБТЗ-д 1989 оноос одоог хүртэл 28 дахь жилдээ тасралтгүй ажиллаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнчээр сахин биелүүлсээр ирсэн. 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Зорчигч тээврийн албаны дарга Д.Нарантуяа нь УБЗҮТБ-ын удирдлагууд 9 дүгээр сарын 23-ны өдөр тусгай 44 дүгээр галт тэрэг аялах үед ажилдаа хариуцлагагүй хандсан талаар шуурхай хурлыг хийж надад ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулах шийдвэрийг гаргасан. Энэхүү шуурхай хурлын шийдвэрийг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Б-И-250 дугаар тушаалыг УБТЗ-ын дарга гаргасан. Би хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй бөгөөд тухайн асуудалд сахилгын шийтгэлийг надад хүлээлгэх хуулийн болоод бодит үндэслэл байхгүй байхад сахилгын шийтгэл ногдуулж, хууль ёсны эрх ашгийг маань хохироосонд гомдолтой байна. Улаанбаатар-Эрээн чиглэлд 44 дүгээр галт тэрэг аялахад НЗД Л.Халтар даргын УПР НР 240А цахилгааны дагуу холбогдох ажилтнуудад мэдэгдэж, зааварчилгаагаар хангаж, зарлан мэдээлэх, авто зогсоолоор зорчигч, төлөөлөгчдийн авто машиныг саадгүй нэвтрүүлэх зэрэг ажлыг зохион байгуулсан. Уг цахилгаанд “VIР” тусгай өрөөг үйлчилгээнд бэлдэх, зочид төлөөлөгчид үйлчлүүлэх тухай дурьдаагүй бөгөөд харин тухайн өдөр “VIР” өрөөгөөр үйлчлүүлэхээр 6 зорчигч хүсэлт тавьсныг хариуцлагатай жижүүрээр ажиллаж байсан технологи-сургалт хариуцсан инженер Г.Болдбаатар утсаар надад мэдэгдэж, миний бие холбогдох зааварчилгаагаар ханган үйлчлэх ажлыг шуурхай зохион байгуулах арга хэмжээ авч, тэдгээр зорчигчдыг сэтгэл хангалуун байдалтайгаар үдсэн. Тухайн өдөр нь 2017 оны 9 дүгээр сарын 23-ны бямба гариг амралтын өдөр байсан бөгөөд би Сэлэнгэ аймгийн Шаамар суманд садангийн хүний бие гэнэт муудаж гэр бүлийн хамт яаралтай явсан байсан. Энэ тухайгаа Зорчигч тээвэрийн албаны ахлах байцаагч Х.Байгальмаа, албаны орлогч дарга Н.Баттулгад тус тус мэдэгдсэн. Тухайн өдөр аялсан Улаанбаатар-Эрээн чиглэлийн 44 дүгээр галт тэрэгний зорчигчдоос гомдол гараагүй, “VIР” өрөөгөөр үйлчлүүлсэн үйлчлүүлэгчид сэтгэл ханамжтай үдүүлж, галт тэрэг цагтаа аялсан байдаг. Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б-П-250 дугаар тушаал хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн талаар: Уг тушаалын эрх зүйн үндэслэл нь хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дах заалт байдаг. Миний гаргасан сахилгын зөрчлийг “Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн байдаг. 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр УБТЗ-ын даргатай хөдөлмөрийн гэрээгээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээг байгуулахад ажлын байрны тодорхойлолтыг танилцуулаагүй, “боловсруулж байгаа удахгүй өгнө” гэж Хүний нөөцийн албаны инженер н.Уугантуул хэлсэн. Ингээд ажлын байрны тодорхойлолтоо шаардсаар байсан боловч өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Харин надад огт өгөөгүй ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан тул энэхүү тушаал нь хуулийн болоод бодит үндэслэлгүй боллоо. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр энэ асуудлыг судалж үзээд шийдвэрлэж өгнө үү хэмээн Хүний нөөцийн албаны дарга В.Отгондэмбэрэлд хандсан боловч тодорхой хариу өгөөгүй харъяалах шүүхэд хандана уу гэсэн. Надад хуулийн болоод бодит үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулснаар үндсэн цалин 2 сар 20 хувиар буурч 576,400 төгрөг /10, 11 дүгээр сар/ олгогдохгүй болж хохироод байна. Иймд сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулж, сахилгын шийтгэл буруу ногдуулснаас учирсан хохирол 576,400 төгрөгийг гаргуулах, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагыг шүүхэд гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Хариуцагч 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Б-2-250 дугаар тушаалыг үндэслэлгүйгээр гаргаж нэхэмжлэгчид сахилгын арга хэмжээг авсан. Нэхэмжлэгчид ажлын байрны тодорхойлолтыг сахилгын арга хэмжээг авах үедээ танилцуулаагүй байсан мөртлөө “ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж арга хэмжээ авсан нь хууль зөрчсөн. Ажлын байрны тодорхойлолтыг бүр сүүлд 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр танилцуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.2 дахь хэсгийг хариуцагч тал өөрөө зөрчсөн байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Улаанбаатар Зорчигч үйлчилгээний төв буудлын дарга Л.Биндэръяагийн гаргасан ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулж, сахилгын шийтгэл буруу ногдуулснаас учирсан хохирол 576,400 төгрөгийг гаргуулах, түүнд ногдох нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй дараах тайлбарыг гаргаж байна. УБТЗ-ын даргын 2017 онй 10 дугаар сарын 16-ны өдрийн Б-И-250 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй. Л.Биндэръяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйл ажилтны хүлээх үүргийн 4.1, 4.2-т ажлын байрны тодорхойлолтын дагуу хариуцсан ажлаа чанартай хийж, бүрэн гүйцэтгэнэ, төмөр замын ажилтны сахилгын тусгай журмыг мөрдөж, хөдөлмөрийн сахилгын зөрчилгүй ажиллана гэж заасан байдаг. Засгийн газрын 1997 оны 09 дүгээр тогтоолоор батлагдсан Төмөр замын ажилтны сахилгын тусгай дүрмийн 3 дугаар зүйлийн 3.5-ийн е/-д галт тэрэгний хөдөлгөөнийг оновчтой, шуурхай зохион байгуулж, төмөр замын тээврийн хэвийн ажиллагааг хангахтай холбогдсон тушаал, захирамжийг заавал биелүүлэх, з/-д хариуцсан ажилтай нь холбогдуулан бүх шатны удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хугацаанд нь биөлүүлж, тухай бүр эргэж илтгэж байх гэсэн үүргийг ажилтан хүлээдэг. Мөн уг дүрмийн 3-р зүйлийн 3.7-ийн а/-д хөдөлмөрийн бүтээмж, ажлын чанар, үр ашгийг дээшлүүлэхэд хамт олныг зохион байгуулах, д/-д дээд байгууллага болон хамт олны өмнө тогтоосон журмын дагуу ажлаа тайлагнах гэж заасан нэмэлт үүргийг удирдах ажилтан хүлээдэг. Гэтэл Л.Биндэръяа нь Замын орлогч даргын 240 А тоот цахилгаанаар өгсөн үүргийн дагуу ажлаа зохион байгуулаагүй, ажлын гүйцэтгэлийг шууд удирдах албаны даргад илтгээгүй учраас тухайн асуудлыг Зорчигч үйлчилгээний албаны даргын 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн шуурхай хурлаар авч хэлэлцээд Зорчигч үйлчилгээний төв буудлын даргыг ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж үндсэн цалинг нь 2 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд Л.Биндэръяагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Биндэръяа нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замд холбогдуулж сахилгын шийтгэл хүчингүй болгуулж, сахилгын шийтгэл буруу ногдуулснаас учирсан хохирол 576,400 төгрөг гаргуулах, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж шүүхэд ханджээ.
Талуудын хооронд 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр ажилтан Л.Биндэръяа нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын “Улаанбаатар зорчигч үйлчилгээний төв буудлын дарга”-ын ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байх ба хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан байна. Зохигчид уг гэрээ болон гэрээний дагуу хөдөлмөрлөсөн үйл баримтын талаар маргаагүй ба тэдний хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсчээ.
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б-2-250 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн “а”, “и” заалт, Зорчигч тээврийн албаны дарга Д.Нарантуяагийн удирдан хийсэн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ажилтан Л.Биндэръяаг “Ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж үзэн түүний үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Нэхэмжлэгч нь дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба ийнхүү гаргахдаа мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
Хариуцагч “...Л.Биндэръяа нь ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу хариуцсан ажлаа чанартай, бүрэн гүйцэтгээгүй буюу замын орлогч даргын 240 А тоот цахилгаанаар өгсөн үүргийн дагуу ажлаа зохион байгуулаагүй, ажлын гүйцэтгэлийг шууд удирдах албаны даргад илтгээгүй учраас түүнд сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй” гэж өөрийн татгалзлыг тайлбарлав.
Хөдөлмөрийн гэрээний харилцааг хэвийн, үр ашигтай байлгах үүднээс ажил олгогч зөрчил гаргасан этгээдэд сахилгын арга хэмжээ авах эрхтэй. Харин уг арга хэмжээ нь хууль ёсны, үндэслэл бүхий байх учиртай байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.3.2 дахь хэсгүүдэд зааснаар ажил олгогч нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн орон тооны ажлын байрны тодорхойлолтыг гаргаж тухайн ажилтанд танилцуулах үүрэгтэй.
Гэтэл “Улаанбаатар зорчигч үйлчилгээний төв буудлын дарга”-ын ажлын байрны тодорхойлолтыг хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Л.Биндэръяад 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр танилцуулсан атлаа Л.Биндэръяаг “Ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж үзэн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тушаалаар түүний үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь өөрөө үндэслэлгүй болжээ.
Иймд шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б-2-250 дугаар тушаалыг хүчингүй болгож, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замаас 576,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Биндэръяад олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Л.Биндэръяагийн дээрх олговроос нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг тооцон авч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замд даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замаас 17,942 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ