Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 385

 

  Г.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Г.Эрдэнэ,

хохирогч Б.О,

яллагдагч Г.А,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 636 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Сайнбаярын бичсэн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 45 дугаартай эсэргүүцлээр Г.А-д холбогдох эрүүгийн 1906 0002 60252 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн Г-н А, 19... оны .. дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “К...” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ......... дүүргийн .. дүгээр хороо, ....... дүгээр гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................/;

Г.А нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х...” авто засварын газарт иргэн Б.О-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Г.А-д холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан уг хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх боломжгүй байна. Хавтаст хэргийн 13 дугаар талд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 447 дугаартай дүгнэлтэд “Г.А-н биед зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ. Шүүх яллагдагч Г.А-н биед зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо гэсэн атлаа гэмтлийн зэрэг тогтоогоогүй нь эргэлзээтэй гэж үзэж, хавтаст хэргийн материалаар дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагатай гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Г.А нь цагдаагийн байгууллагад 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өгсөн өргөдөлдөө Б.О-т 400.000 төгрөгийг өгсөн талаар гомдол гаргасан байна. Тухайн хэргийн хохирогч гэх Б.О нь шүүгдэгч Г.А-с автомашиныг нь засна гэж урьдчилгаа болгон өгсөн 400.000 төгрөгийг авсан атлаа автомашиныг нь засаагүй талаар хавтаст хэрэгт дурджээ. Иймд Б.О-н авсан гэх 400.000 төгрөгийг ямар санаа сэдэлтээр авсан, уг үйлдэлд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, Г.А-н цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь буруу байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Г.А-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Прокурор А.Сайнбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “... Г.А-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тус тус заасны дагуу 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 447 дугаартай дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд “Г.А-н биед зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ.

Энэ нь шинжээч хуульд заасан эрх үүргийнхээ хүрээнд буюу Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн А/216/422 дугаар тушаалаар батлагдсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дугаар зүйлд “Шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг зовиур эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, мөн цус хуралт, зулгаралт үүсээгүй, зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй ба шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал, түүнийг үүсгэсэн хүчин зүйл, хугацааг тодорхойлно.” гэж заасныг үндэслэн дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж дүгнэсэн тохиолдолд дахин шинжилгээ хийлгэх эрх хуулиар олгогдсон. Гэвч тэрхүү бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүйгээр дахин шинжээч томилох ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

2. Мөн иргэн Б.О нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст “бусдад зодуулсан” гэх бүртгэлийн 8175 дугаартай гомдол гаргасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллагдагч Г.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Өөрөөр хэлбэл эрүүгийн 1906000260252 дугаартай хэрэгт яллагдагч Г.А нь “Ханмандал” авто засварын газарт иргэн Б.О-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримтыг шалгасан бөгөөд хэрэгт цугларсан бичгийн болон бусад баримтуудаар дээрх үйл баримт нь хангалттай тогтоогдсон гэж үзэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгчийн захирамжид дурдагдсан дээрх хэргийн хохирогч гэх Б.О нь шүүгдэгч Г.А-с автомашиныг нь засна гэж урьдчилгаа болгон өгсөн 400.000 төгрөгийг авсан боловч автомашиныг нь засаагүй, тус 400.000 төгрөгийг ямар санаа сэдэлтээр авсан тус үйлдэлд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэх нь яллагдагч Г.А-д холбогдох эрүүгийн 1906000260252 дугаартай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолгүйн дээр хууль зүйн боломжгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 636 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Прокурор Г.Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурор А.Сайнбаярын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дахин шинжээч томилох боломжтой байсан. Мөн О-н үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах ажиллагаа нь Г.А-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолгүй. Харин машин засаагүй гэсэн нь энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан гэж үзэж байна. Ажил гүйцэтгэлтэй холбоотой асуудал нь иргэний журмаар шийдвэрлүүлэх асуудал юм. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... А нь урьдчилгаа болгож 800.000 төгрөг өгөх байсан. Гэтэл 400.000 төгрөг эхэлж өгөөд үлдсэнийг нь өгөөгүй. Ажлын 70-80 хувийг хийж гүйцэтгэсэн. Хэргийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

Яллагдагч Г.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй. О нь эхлээд намайг барьж авч мөргөсөн. Үүний улмаас шүдээ гэмтээсэн. Миний араас труба бариад хөөхөд нь би гражаас гарах гэхэд миний ард труба унасан. Мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн. Надтай хамт манайд ажиллаж байсан хоёр засварчин байсан. Эдгээр хүмүүсээс мэдүүлэг аваагүй. Тухайн үед тэр хоёрыг олж өгч чадаагүй. Би одоог хүртэл машинаа засуулаагүй байж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Г.А-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Г.А-н биед гэмтэл учирсан эсэхэд дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулах, Б.О-н үйлдэлд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа хийх, Г.А-н цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь буруу гэсэн үндэслэлүүдээр Г.А-д холбогдох хэргийг прокурорт буцаажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон тогтоогдсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Хэрэв анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг эргэлзээ бүхий байна гэж үзвэл шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж болохоос гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд зааснаар дахин шинжилгээ хийлгэх эрхтэйг тэмдэглэж байна.

Иймд прокурор А.Сайнбаярын бичсэн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 45 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.А-д холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.