Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | П.Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 000/0000/0000/З |
Дугаар | 221/МА2014/0439 |
Огноо | 2014-11-19 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2014/0439
“О” ТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “О” ТББ-ын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “О” ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Газар эзэмших эрх шилжүүлэх үндэслэл нь тус сан болон "Ховд аймгийн Зураач урчуудын холбоо" хооронд байгуулсан газар эзэмших эрхийг 20 сая төгрөгөөр худалдан авах тухай буюу эрх шилжүүлэх гэрээ юм.
Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/73 дугаар захирамж, 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/75 дугаар захирамжийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ховд аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/73 дугаар захирамжаар "Оюуны гэгээ сан" төрийн бус байгууллагад эзэмшүүлсэн газрын 0227631 дугаар эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлүүдийг баримталсан.
Нэхэмжлэгч дээрх үндэслэлийг үгүйсгэх нотолгоо, баримт гаргаагүй буюу газрын төлбөрөө төлөөгүй, мөн тухайн газрыг 2 жил гаруйн хугацаанд ашиглаагүй болох нь манай газрын асуудал хариуцсан байгууллагаас ирүүлсэн баримтуудаар батлагдаж байна гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаарсарын 02-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Оюуны гэгээ сан төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/73 дугаар, 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/75 дугаартай захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлүүд:
Харин “О” ТББ-ын маргаж буй Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 02 сарын 25-ны өдөр А/73 дугаар, 2014 оны 02 сарын 26-ны өдөр А/75 дугаар захирамжуудын хууль зүйн үндэслэлийн талаар нотлох баримтад тулгуурлан үнэлж, дүгнээгүй байна.
Захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэлийн шаардлага болсон захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй эсэх маргааныг хянан шийдвэрлэхээр байхад нэхэмжлэгч хуулийн этгээд зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 зүйлийн 72.4-т заасантай нийцэхгүй болжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ нэхэмжлэгч “О” ТББ нь газрын төлбөр төлөөгүй, газрыг ашиглаагүй зөрчил гаргасан гэж дүгнэхдээ гэрч Б.Н, М.Б, Л.Э, Б.Н, Ховд аймгийн Татварын хэлтсийн албан бичиг, Ус цаг орчны шинжилгээний албаны албан бичиг зэрэг нотлох баримтуудад тулгуурлажээ.
Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаагүй байна. /Шүүх хуралдааны тэмдэглэл/
Зөвхөн өмгөөлөгч Ж.Э миний дурдсан прокурорын тогтоол, Засаг даргын захирамжууд, үзлэг хийсэн тэмдэглэл, хариуцагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг шүүх шинжлэн судалсан гэж үзэхээр байна. Иймд, анхан шатны шүүх, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаагүй нотлох баримтад үндэслэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 зүйлийн 70.3-т хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна" гэснийг зөрчжээ.
Нэхэмжлэгч “О” ТББ нь нэхэмжлэлийн зүйл болсон Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 02 сарын 25-ны өдөр А/73 дугаар, 2014 оны 02 сарын 26-ны өдөр А/75 дугаар захирамжууд хуульд нийцсэн эсэхийг захиргааны хэргийн шүүхээр шалган тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн анхан шатны шүүхийн дээрх алдаа нь шүүхээс нэхэмжлэлийн зүйл болсон захиргааны акт нь хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийж, шүүхээс шийдвэр гаргахад нөлөөлөхөөр байна.
Ховд аймгийн Газрын албанаас 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 0227631 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг “О” ТББ-д олгосноос үзвэл энэ өдөр газар эзэмших эрх үүсжээ.
Гэтэл хариуцагч Ховд аймгийн Засаг дарга нь 2014 оны 02 сарын 25-ны өдрийн А/73 дугаар захирамжаар 0227631 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 зүйлийн 40.1.6 дахь хэсэгт “тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэж зааснаас үзвэл уг заалтыг баримтлан захиргааны акт гаргахдаа хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг судлан тодруулаагүй бөгөөд тодруулах нь хариуцагчийн үүрэг гэж үзэхээр байна.
Газар эзэмших эрх шилжүүлэх үндэслэл нь “О” ТББ болон Ховд аймгийн Зураач урчуудын холбоо” хооронд байгуулсан газар эзэмших эрхийг 20 сая төгрөгөөр худалдан авах тухай буюу газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ юм. Энэ гэрээнээс татгалзаж, бидэнд 20 сая төгрөгийг буцаан олгон, газраа буцаан авахыг хүссэн мэдэгдэл саналыг "Ховд аймгийн Зураач урчуудын холбоо"-с удаа дараа нэхэмжлэгчид тавьсан боловч төлбөрөө буцаан шилжүүлэхгүй байсан тул газар эзэмших эрхийг бид шилжүүлээгүй.
"Ховд аймгийн Зураач урчуудын холбоо" нь Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/240 дүгээр захирамжийн 8 дахь заалтыг хүчингүй болгуулахаар 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлд шүүхээс захиргааны хэрэг үүсгэснээр газар эзэмших эрх шилжүүлсэн харилцаа нь хууль ёсны эсэхийг шүүхээр хянан шийдвэрлүүлэх шаардлагатай болсон.
Уг захиргааны хэрэгт хариуцагчаар Ховд аймгийн Засаг дарга, гуравдагч этгээдээр “О” ТББ татагдан оролцож, шүүхээр маргаан эцэслэн шийдвэрлэгдэхийг хүлээж, 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шүүх хуралдааны тов зарлагдсан байхад түүнээс өмнө бидэнд мэдэгдэлгүйгээр 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр А/73 дугаар захирамж гарсан.
Эрх бүхий байгууллагын шийдвэр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолд зааснаар нэхэмжлэгч хуулийн этгээдээс үл хамаарах гэнэтийн давагдашгүй хүчний зүйл тул хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдох учиртай.
Эдгээр нөхцөл байдал нь “О” ТББ-аас үл шалтгаалах гэнэтийн давагдашгүй нөхцөл байдал байхад үүнийг Ховд аймгийн Засаг дарга хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг судлан тодруулалгүйгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 40 зүйлийн 40.1.6-т заасантай нийцэхгүй байна.
Түүнчлэн шүүхээс гэрчээр байцаагдсан “Ховд аймгийн Зураач урчуудын холбооны” гүйцэтгэх захирал Х.Б Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 1 дүгээр цэцэрлэгийн ард байрлах газрын төлбөрийг одоог хүртэл төлж байгаа талаар мэдүүлжээ. Газрын төлбөрийг 2014 оныг дуустал төлсөн баримтууд нь урьд шийдвэрлэгдсэн “Ховд аймгийн Зураач урчуудын холбооны” нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт авагдсан байгаа болно.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтуудыг цуглуулах үүрэгтэй байхад газрын төлбөр төлсөн санхүүгийн баримтуудыг хэрэгт хавсаргаагүй зөвхөн Ховд аймгийн Татварын хэлтсийн албан бичигт хөтлөгдөн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн зөв гэж тогтоогдсон нотлох баримт байж болохгүй талаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 зүйлийн 40.3-т заасантай нийцээгүй.
Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 02 сарын 26-ны өдрийн А/75 дугаар захирамждаа Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг үндэслэл болгосон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Хуулийн заалтуудад газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлийг зааснаас бус Засаг дарга өөрийн гаргасан захирамжаа хүчингүй болгох тухай заагаагүй байна.
Хэрвээ Засаг дарга захирамждаа хууль тогтоомжид нийцээгүй гэж үзэж байгаа бол хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн талаар 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/75 дугаар захирамжид дурдах үүрэгтэй.
Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т "...шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээнэ" гэж заасны дагуу хариуцагч Д.Цэвээнравдан өмнөх захирамжийн хууль зүйн үндэслэл, хариуцлагыг хүлээх байтал дээрх маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэхийг хүлээж, шүүх хуралдааны тов зарлагдсан 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр А/75 дугаар захирамж гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Хариуцагч Засаг дарга нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсон, газар эзэмших эрх шилжүүлсэн захирамжийнхаа холбогдох хэсгийг хүчингүй болгох агуулгатай захирамжуудыг нэг өдөр гаргасан нь хоорондоо зөрчилтэй, утга агуулгын алдаатай гэж үзэхээр байна.
Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт зөвхөн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр А/75 дугаар захирамжийг гаргасан талаар дүгнэлт өгснөөс биш уг захиргааны акт гаргах болсон нөхцөл байдлыг судлан тодруулаагүй, хуулийг зөв хэрэглэсэн эсэх, газар эзэмших эрх шилжүүлснийг хүчингүйд тооцсон нь хуульд нийцсэн эсэх асуудал үнэлэлт дүгнэлт хийгээгүй.
Үүний улмаас эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны актын талаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж, маргаж буй захиргааны акт нь хуульд нийцсэн эсэх талаар захиргааны хэргийн шүүхээс хариу авсангүй. Харин нэхэмжлэгч “О” ТББ нь зөрчил гаргасан талаар хариу авлаа.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Нэхэмжлэгч “О” ТББас Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/73 дугаар захирамж, 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/75 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч хуулийн этгээдийг “гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан газрыг ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй” гэсэн үндэслэлүүдээр газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/240 дүгээр захирамжийн дагуу шилжүүлж авсан бөгөөд 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар газар эзэмшигч нь газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй бол захиргааны байгууллагаас газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь тухайн эзэмшиж байгаа газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, зориулалтын дагуу ашиглаагүй болох нь гэрч Б.Н-ын “Зураач урчуудын холбоонд анх тус газрыг олгоход дээр нь уурын зуухны дээвэр нурсан барилга байсан ба одоо ч тэр дээвэр нь нурсан барилга хэвээрээ байгаа юм” гэх мэдүүлэг[1], шүүхийн маргаан бүхий газарт 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл[2] зэргээр тогтоогдож байна. Ийм учраас энэхүү захиргааны акт нь хуулийн дагуу гарсан байна.
Нэхэмжлэгчээс “захиргааны байгууллага хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг шалгаагүй” гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгчээс ямар хүндэтгэн үзэх шалтгаан байсан талаар тодорхой тайлбарлаагүй холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч захиргааны шийдвэр яагаад хууль бус байсан, энэ нь нэхэмжлэгчийн эрхийг хэрхэн зөрчсөн, нэхэмжлэгч нь эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаж байсан эсэх, эсхүл ашиглаагүй бол ямар хүндэтгэн үзэх шалтгаан байснаа тодорхой тайлбарлаж, мэтгэлцэх ёстой.
Нэхэмжлэгчээс “газар эзэмших эрхийг 20 сая төгрөгөөр худалдан авсан, төлбөрийг буцаан шилжүүлэхгүй байсан тул бид газар эзэмших эрхийг нь шилжүүлээгүй” гэжээ. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлэхээр заасан байх тул газрыг төлбөртэй авсан тухай тайлбар нь энэхүү хэрэгт хамааралгүй, иргэний журмаар шийдвэрлэх асуудал байна.
Нэхэмжлэгчийн “нэхэмжлэгч хуулийн этгээдээс үл хамаарах гэнэтийн давагдашгүй хүчний зүйл байсан, хүндэтгэн үзэх шалтгаантай, шүүхэд маргаан хэлэлцэж байхад захирамж гаргасан нь хууль бус” гэх гомдол үндэслэлгүй байна. Учир нь Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр шүүгчийн захирамжаар Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/240 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянасан, энэ нь уг маргаантай хамааралгүй, хэргийн нөхцөл байдал өөр байгаа тул захиргааны байгууллагаас захирамж шинээр гаргасныг буруутгах үндэслэлгүй.
Уг маргаан нь “газар эзэмших эрх шилжүүлсэн үйл ажиллагааг хянасан” ба энэ тохиолдолд “захиргаанаас газрыг зориулалтын дагуу ашиглаагүй” гэсэн өөр үндэслэлээр захиргааны акт гарсан тул хүндэтгэн үзэх шалтгаанд тооцохгүй.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар газар эзэмшигч нь газрын төлбөрөө төлөөгүй болох нь гэрч Б.Наранзул, М.Б, Л.Э нар нь “нэхэмжлэгч газрын төлбөрөө төлсөн эсэхийг аймгийн Татварын хэлтэс, төрийн сангаас шүүж үзэхэд ямар нэгэн баримт байхгүй байсан, газрын төлбөр төлөөгүй” гэх мэдүүлгээр[3] тогтоогдож байна.
Нэхэмжлэгчээс “газрын төлбөрийг 2014 оныг дуустал төлсөн баримт нь Ховд аймгийн Зураач урчуудын холбооны нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт авагдсан” гэж маргаж байгаа боловч гэрч Х.Б-ын мэдүүлгээс үзэхэд[4] Зураач урчуудын холбооны нэр дээр газрын төлбөрийг төлж байсан үйл баримтыг нотолж байгаа болохоос нэхэмжлэгч “О” ТББ “газрын төлбөр төлсөн” гэдгийг нотлохгүй байна.
Нэхэмжлэгчийн гомдлын үндэслэлд “маргаан бүхий захиргааны актуудын хууль зүйн үндэслэлийн талаар нотлох баримтад тулгуурлан үнэлж дүгнээгүй, шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаагүй” гэх боловч шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүх нотлох баримтыг шинжилж судалсан, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нотлох баримт хүсэлт гаргасан, шүүх энэ дагуу ажиллагаа явуулсан болох нь тогтоогдож байх тул дээрх гомдол үндэслэлгүй.
Мөн гомдолдоо “захиргааны акт хууль зөрчсөн эсэхийг дүгнэх ёстой байтал нэхэмжлэгч хуулийн этгээд зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт хийсэн” гэх гомдлын тухайд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь хууль бус актын улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах ба захиргааны байгууллагын акт хуулийн дагуу гарсан болох нь дээрх баримтаар тогтоогдож, харин нэхэмжлэгч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчид газар эзэмших эрх зохих журмын дагуу үүсээгүй, “Ховд аймгийн зураач урчуудын холбоо”-ны захирал Х.Б нь удирдах зөвлөл болон бусад гишүүддээ мэдэгдэлгүй газар эзэмших эрхийг “О” ТББ-д хууль бусаар шилжүүлсэн, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх хөндөгдсөн байх нөхцөл үүсээгүй байна.
“О” ТББ-аас “үл шалтгаалах гэнэтийн давагдашгүй нөхцөл байдал байсан” гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй, хүний үйл ажиллагаанаас үл хамаарах газрыг эзэмшиж ашиглаж болохооргүй нөхцөл байдал үүсээгүй болно.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.3захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН
ШҮҮГЧИД Э.ЗОРИГТБААТАР
Д.БАТБААТАР
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
|