Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2020/0533

 

2020 оны 08 сарын 26 өдөр         Дугаар 128/ШШ2020/0533             Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “*******” ХНН

Хариуцагч: Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагч А.С, Ч.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагч А.С, Ч.Б нарын 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн “*******” ХНН-ийн Р***ком төвд холбогдох Нийгмийн даатгалын шимтгэл, алдангийг төлүүлэх тухай актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, Б.Н, Ж.М, хариуцагч А.С, Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Цолмонгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч А.С, Ч.Б нарын 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн “*******” ХНН-ийн Р***ком төвд холбогдох нийгмийн даатгалын шимтгэл, алдангийг төлүүлэх тухай актыг эс зөвшөөрч 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ... албан тоотоор хандахад Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст чиглэлийн хариу болгон ирүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1/655 албан тоотыг ирүүлсэн.

Уг албан тоотын хариуг “*******” ХНН-ийн Р***ком төвд 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гардаж аваад эс зөвшөөрч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дээд шатны байгууллага болох Нийгмийн даатгалын ерөнхий газарт 04 дүгээр сарын 22-ны өдрийн 41/39 тоот албан бичгээр гомдлоо гаргасан.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 6/830 тоот албан бичгээр гомдлыг шийдвэрлэх боломжгүй шүүхэд хандах тухай хариуг ирүүлснээр хуулийн хугацаанд дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.

  1. Тухайн улсын байцаагчийн актад актын дугаар бичигдээгүй, мөн захиргааны актыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээдийг дурдаагүй зэрэг Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дэх хэсэгт заасан бичгээр гаргасан захиргааны актын шаардлагыг хангаагүй нь хууль зөрчсөн,
  2. Нийгмийн даатгалын шимтгэлд алданги тооцохдоо Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хууль үйлчлэх цаг хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөрт тооцож буй алдангийг өршөөлд хамруулаагүй,
  3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд албан журмаар даатгуулна” гэж албан журмаар даатгуулах нийгмийн даатгалын хамрах хүрээг хуульчилсан,

Үүнээс үзэхэд Хөдөлмөрийн гэрээнээс гадна ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлсийг хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого гэж үзэж нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр байтал Тээвэрлэлтийн гэрээгээр гүйцэтгэсэн хөлснөөс нийгмийн даатгалын нөхөн шимтгэл, алданги тооцсон нь хуулийн үндэслэлгүй байна.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах боломжтой иргэдэд олгосон мөнгөн дүнгээс нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, алданги тооцсон нь буруу байна.

Иймд 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн “*******” ХНН-ийн Р***ком төвд холбогдох нийгмийн даатгалын шимтгэл, алдангийг төлүүлэх тухай актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэг. Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын баталсан 2019 онд хийх хяналт шалгалтын ажлын удирдамжийн дагуу “*******” Р***ком төв”-ийн 2010-2018 онуудад Ажил олгогч байгууллагын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон ногдуулах шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлж байгаа эсэх, даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтрийн хөтлөлт, баталгаажуулалт, тэтгэмжийг хэрхэн тооцон олгож буйг хянан шалгахад дараах заалтуудыг зөрчсөн зөрчил илэрсэн. Үүнд:

1.1 “*******” Р***ком төв” нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-ын 1/ “Нийгмийн даатгалд дор дурдсан ажилтан албан журмаар даатгуулна:1/өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1-ийн 1/ “Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ: 1/ хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, мөн нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт” 1/ дараах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна 1.1/ хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цалин хөлс.... дугаар зүйлд заасан олговор, 1.2/ “Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээгээр заасан хөлс” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-ийн 1/ “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид дараахь хариуцлага хүлээлгэнэ: 1/ ажил олгогч шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нуусан буюу бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна;” гэсэн заалтыг үндэслэн дутуу төлөгдсөн 2 710 689 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлэх, шимтгэлийн дүнгээс 1 355 345 төгрөгийн алданги тооцож, бүгд 4 066 034 төгрөгийг төлүүлэх тухай Улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 25/00020 тоот акт тавигдсан.

Хоёр. 1. “*******” Р***ком төв”-ийн нягтлан бодогчид Улсын байцаагчийн актыг гардуулан өгөөд 14 хоногийн дараа акт авахаар очиход “Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-н хуулийн албанд хянуулахаар өгсөн хүлээж байгаач гэсэн хариу өгсөн. “*******” Р***ком төв”-ийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 41/17 тоот гомдол ирсэн. Гомдолтой танилцаад Нийгмийн даатгалын Ерөнхий газрын хяналт шалгалтын газарт 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 50 тоот хүсэлтээр чиглэл авсан. Уг чиглэлийн хариу Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1/655 тоот хариуг хүлээн авч тухайн ажил олгогчид хүргэж өгсөн. ******* ХНН-ийн Р***ком төв нь хариуг эс зөвшөөрч дээд шатны байгууллагад гомдол гаргасан тухай мэдэгдсэн Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2020 оны 05 дүгээр сарын 04-ний өдрийн 6/830 тоот хариуг тус тус хүргүүлсэн болно.

2. Уг актын хэрэгжилтийг хуулийн хугацаанд хангуулах талаар удаа дараа шаардсан. Гэвч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “*******”-ын хуулийн албанаас Улсын байцаагчийн актыг эс зөвшөөрсөн тул нийгмийн даатгалын шимтгэл, алдангийг төлөөгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн зүгээс тус шүүхэд Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч А.С, Ч.Б нарын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл, алдангийг төлүүлэх тухай актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “улсын байцаагчийн акт дугааргүй, 2019 онд хяналт шалгалт хийх удирдамжид заасан хугацаа хэтэрсэн, зарим зөрчлийг өршөөлд хамруулаагүй, тээвэрлэлтийн гэрээгээр гүйцэтгэсэн хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл, алданги тооцсон нь үндэслэлгүй” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Анх 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.У-ийн баталсан удирдамжийн дагуу хариуцагч байцаагчид “Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн /цаашид “*******” ХНН гэх/ Р***ком төвийн 2013-2019 он хүртэлх хугацааны санхүүгийн баримт материал болон бусад холбогдох баримтыг үндэслэн Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжилтийг шалгасан байх бөгөөд 2020 онд хяналт шалгалтын ажил үргэлжилсэн тул 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “2020 онд Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс хийх хяналт шалгалтын ажлын удирдамж”-ийг баталсны хавсралтад нэхэмжлэгч хамрагдсан байна.

Хариуцагч нар нь “*******” ХНН-д хяналт шалгалт хийхдээ Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны А/186 дугаар тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын байгууллагын хяналт шалгалтын нэгдсэн заавар”-ыг хэрэгжүүлж ажилласан болох нь хэрэгт авагдсан хяналт шалгалт томилолт, удирдамж, гадуур ажилласан талаарх цагийн бүртгэл зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “...хяналт шалгалтын удирдамжид заасан хугацаа хэтэрсэн..” гэх тайлбар үндэслэлгүй.

Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.6.1-д “Акт нь ерөнхий, тэмдэглэх, тогтоох” гэсэн 3 хэсгээс бүрдэнэ: ерөнхий хэсэгт шалгагдаж байгаа ажил олгогчийн нэр, акт үйлдсэн газрын нэр, акт тогтоосон он, сар, өдөр, дугаар, шалгалтын утга, хамрагдсан хугацаа, үндэслэлийг тодорхой заана” гэж заасны дагуу хариуцагчийн зүгээс 2 хуудас актыг 2 хувийг нэхэмжлэгчид гардуулсантай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, Б.Н нар маргаагүй, тэрхүү 2 хуудас 2 хувь актын 1 хувийн эхний хуудсанд дугаар бичигдээгүй боловч тэрхүү актын 2 дахь хуудсанд актын 25/00020 гэх дугаар бичигдсэн, нэг хувь нэхэмжлэгчид мөн үлдсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1-д “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна: захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр, хаяг, тамга, тэмдэг болон гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, захиргааны актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх” гэж заасныг нэхэмжлэгчид гардуулсан актын 1 хувь нь хангахгүй байх хэдий ч хэргийн оролцогчдын тайлбараас дүгнэхэд энэ нь актыг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ”, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “.Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ: хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3-д “Төр, аж ахуйн нэгж, байгууллагаас дараахь хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно: хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй байсан хугацаа” гэж заасныг зөрчсөн гэж үзэн “*******” ХНН-ийн Р***ком төвийг 15,847,902 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 2,710,689 төгрөгийн шимтгэл, 1,355,345 төгрөгийн алданги ногдуулсан байна.

1. Шалгалтаар илэрсэн төлбөр, зөрчлийн жагсаалтын 1, 2, 3, 18, 19 дугаарт бичигдсэн *******, *******, ******* нар нь 2010 онд, *******, ******* нар нь 2015 онд тус тус хүүхэд асрах чөлөөтэй байсан нь нэхэмжлэгчээс ирүүлсэн тушаалын хуулбар, цалингийн хүснэгт, Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн нийгмийн даатгалын лавлагаа зэргээр тогтоогдож байх тул тэдгээр ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийг зөрчсөн гэж үзсэн хариуцагч нарын акт үндэслэлтэй байна.

2. Шалгалтаар илэрсэн төлбөр, зөрчлийн жагсаалтын 4-17, 26, 45-48, 50-51 дугаарт бичигдсэн иргэдийн хувьд нэхэмжлэгчийн зүгээс Ажил гүйцэтгэлийн гэрээ байгуулан нэг удаагийн шинжтэй тээвэрлэлт хийлгэсэн, 4, 5, 7, 13 дугаарт бичигдсэн иргэдэд түлшний зардал тусад нь тооцож өгсөн хэдий ч энэ нь Улсын Дээд шүүхийн 2008 оны 47 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.8-д “ “… хөдөлмөрийн хөлстэй адилтгах орлого” гэж цалин хөлснөөс гадна Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд тодорхойлсноор ажил олгогчоос олгож байгаа байнгын шинжтэй орлогыг хэлнэ” гэж заасанд хамаарахааргүй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д “Нийгмийн даатгалд дор дурьдсан ажилтан албан журмаар даатгуулна: өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн;” гэж заасан хэдий ч ажил олгогчийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэл тооцон төлөхөд хуульд заасан дараахь нөхцлүүд хангагдсан байх учиртай.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Ажилтан нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, өөрөө болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэх, хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т “Нийгмийн даатгалд дор дурьдсан ажилтан албан журмаар даатгуулна” гэж тус тус заасан байх бөгөөд дээрх иргэдийн байгуулсан гэрээний агуулгаас үзвэл “*******” ХНН-тэй хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэхээргүй, хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй байхад тэдгээрт олгосон нэг удаагийн шинжтэй ажлын хөлснөөс шимтгэл тооцон төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

3.Шалгалтаар илэрсэн төлбөр, зөрчлийн жагсаалтын 20-25, 28-29, 36, 39 дүгээрт бичигдсэн иргэдэд олгосон шагналын хувьд Улсын Дээд шүүхийн 2007 оны “Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар 1 дэх хэсгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 22 дугаар тогтоолд “Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан “…хөдөлмөрийн хөлс...” гэдэгт төрийн албан хаагчийн хувьд төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т зааснаар төрөөс олгож буй цалин хөлсийг ойлгоно. Харин хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтанд ажил олгогчоос олгож буй “хөдөлмөрийн хөлс” гэдэгт үндсэн цалин, ажлын үр дүнгээр олгосон нэмэгдэл хөлс, ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг биелүүлсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан тохиолдолд үндсэн цалингаас нь тооцож олгосон нэмэгдэл хөлснөөс гадна мэргэжлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцөлийн болон бусад нэмэгдэл хамаарна” гэж заасныг дагуу тэдгээр иргэдэд олгосон шагнал нь цалин хөлсний бүрэлдэхүүнд багтахаар байх тул уг хэсэгт акт тогтоосон нь үндэслэлтэй байна.

Харин шалгалтаар илэрсэн төлбөр, зөрчлийн 27, 30-35, 37-38, 40-44 дүгээрт бичигдсэн иргэдэд олгосон шагналын хувьд “*******” ХНН-ийн бүтцийн онцлогоос хамаарч “*******” ХНН-ийн даргын 2013 оны А-177 дугаар тушаалаар батлагдсан “*******” хэмжээнд хөдөлмөрийн уралдаан зохион байгуулах, дүгнэх журам”-ын дагуу олгогдсон, ажлын үр дүнг тооцож олгосон шагнал гэж үзэхээргүй байна. Өөрөө хэлбэл Улсын Дээд шүүхийн 2007 оны “Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар 1 дэх хэсгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 22 дугаар тогтоолд “Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан “…хөдөлмөрийн хөлс...” гэдэгт хамаарахааргүй байх тул акт тогтоосон нь үндэслэлгүй байна.

4. Шалгалтаар илэрсэн төлбөр, зөрчлийн жагсаалтын 49, 52 дугаар бичигдсэн Д.Түмэндэмбэрэлийн хувьд түүний нэхэмжлэлтэй, “*******” ХНН-д Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн холбогдох 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 953 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1225 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаар тогтоолоор “*******” Р***ком төвийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 38, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 47 дугаартай “Д.Т-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, цалин хөлсний зөрүү 906,505 төгрөгийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас гаргуулан нэхэмжлэгч Д.Т-д олгож, 906,505 төгрөгт ногдох хэмжээгээр нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “*******” ХНН-д даалгаж шийдвэрлэсэн байна.

Уг шүүхийн шийдвэрийн дагуу Д.Т-д холбогдох хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлэж нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож төлөхийг “*******” ХНН-д даалгасан байх тул Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн акт тогтоосон нь үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана: төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах” гэж заасны дагуу Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагч А.С, Ч.Б нарын 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн “*******” ХНН-ийн Р***ком төвд холбогдох Нийгмийн даатгалын шимтгэл, алдангийг төлүүлэх тухай актаар тогтоосон “Нийгмийн даатгалын шимтгэл дутуу төлсөн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан 2,710,689 /хоёр сая долоон зуун арван мянга зургаан зуун наян ес/ төгрөгийн шимтгэл, 1,355,345 төгрөгийн алдангийн хэмжээг бууруулж шийдвэрлэлээ.

Үүнд шалгалтаар илэрсэн төлбөр зөрчлийн жагсаалтын 1-3, 18-25, 28-29, 36, 39, 49, 52 дугаарт бичигдсэн 889,787 төгрөгийн шимтгэл алдангийг хэвээр үлдээж, үүнээс 1-3, 18-22 дугаарт бичигдсэн шимтгэлд ногдуулсан алданги болох 88,464 төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг баримтлан өршөөн хэлтрүүлж, үлдэх 4-17, 26-27, 30-35, 37-38, 40-48, 50-51 дугаар бичигдсэн зөрчилд холбогдох 3,176,247 төгрөгийн шимтгэл, алдангийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6, 106.3.13 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******”  хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагч А.С, Ч.Б нарын 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн “*******” ХНН-ийн Р***ком төвд холбогдох Нийгмийн даатгалын шимтгэл, алдангийг төлүүлэх тухай актаар тогтоосон 4,066,034 /дөрвөн сая жаран зургаан мянга гучин дөрөв/ төгрөгийн төлбөрийн хэмжээг 3,176,247 /гурван сая нэг зуун далан зургаан мянга хоёр зуун дөчин долоо/ төгрөгөөр багасгаж, үлдэх 889,787 /найман зуун наян есөн мянга долоон зуун наян долоо/ төлбөрийг хэвээр үлдээсүгэй.
  2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг баримтлан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагч А.С, Ч.Б нарын 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн “*******” ХНН-ийн Р***ком төвд холбогдох Нийгмийн даатгалын шимтгэл, алдангийг төлүүлэх тухай актаар тогтоосон төлбөрөөс 88,464 /наян найман мянга, дөрвөн зуун жаран дөрөв/ төгрөгийг өршөөн хэлтрүүлсүгэй.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                         Ц.ОДМАА