Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 581

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Батсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/00153 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Батсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мөнхтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр Ц.Батсайханаас 45 156 172 төгрөг гаргуулж М.Цэнгэлмаад олгохоор шийдвэрлэсэн. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, эрхийн улсын Y-2205020267 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол, Төмөр замын 54 дүгээр байрны 11 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шинжээч томилуулан 82 000 000 төгрөгөөр үнэлгээ хийлгэсэн үнэлгээний мэдэгдлийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан.

Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь орон сууцыг хэрхэн үнэлгээ хийлгэсэн талаар мэдэгдээгүй бөгөөд үнэлгээний тайлантай танилцуулаагүй.

М.Цэнгэлмаа нь орон сууцанд 1 ч төгрөг оруулаагүй мөртлөө гэрлэлт цуцалсан гэх үндэслэлээр орон сууцны тодорхой хувийг авахаар шүүхийн шийдвэр гаргуулсан. Бид чадах ядахаараа орон сууцны мөнгийг цувуулж төлсөөр байхад орон сууцыг дуудлага худалдаагаар зарах гээд байгаад маш их гомдолтой байна. Өнөөдрийн байдлаар М.Цэнгэлмаад өгөх мөнгөний 50 хувийг төлсөн байгаа.

Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол, Төмөр замын 54 дүгээр байрны 11 тоот 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны одоогийн зах зээлийн бодит ханш нь 99 000 000 төгрөгнөөс 102 000 000 төгрөгөөр худалдагдаж байгаа. Гэтэл орон сууцыг үнэгүйдүүлж 82 000 000 төгрөгөөр үнэлсэн байна. Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэ болох 82 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасны дагуу орон сууцны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 3425 дугаар шийдвэрээр Ц.Батсайханаас нэг хүүхдийн тэтгэлэг, 45 156 172 төгрөгийг тус тус гаргуулж М.Цэнгэлмаад олгохоор шийдвэрлэжээ. Тус төлбөрт хураагдсан төлбөр төлөгч Ц.Батсайханы хамтран өмчлөлийн Ү-2205020267 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ТЗ-ын 54 дүгээр байрны 11 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 3/44695 дугаар албан бичгээр төлбөр төлөгч болон хамтран өмчлөгч нарыг үнийн санал өгөх тухай хугацаатай мэдэгдлийг өгсөн.

Тогтоосон хугацаанд хамтран өмчлөгч Ц.Саранцэцэг нь хөдөө байгаа ирэх боломжгүй гэсэн үндэслэлээр үнийн санал өгөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, 37.2.4-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг топгоолгохоор 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 06 тоот "Шинжээч томилох тогтоол"-оор "Арвижих-Эстимейт" ХХК-ийг томилж, "Арвижих-Эстимейт" ХХК нь орон сууцны зах зээлийн үнэлгээг 82 000 000 төгрөгөөр тогтоосон. Үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар Б.Батсайханы Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол 54 байрны 11 тоот 2 өрөө орон сууцыг 82 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Батсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 3425 дугаар шийдвэрээр надаас 45 156 172 төгрөгийг гаргуулж М.Цэнгэлмаад олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба миний өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол Төмөр замын 54 дүгээр байрны 11 тоот 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг шинжээч томилуулан үнэлгээ хийлгэхэд 82 000 000 төгрөгөөр үнэлсэнг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь хотын А зэрэглэлийн бүсэд оршдог бөгөөд зах зээлийн ханш нь 102 000 000 төгрөг байдаг. Бидний орон сууцыг үнэгүйдүүлж 82 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж анхан шатны шүүхэд хандсан. Гэтэл шүүх бидний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шийдвэр гүйцэтгэх алба нь шинжээч томилж үнэлүүлсэн гэх боловч 1 м.кв талбайг хэдэн төгрөгөөр үнэлсэн нь тодорхой бус байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Батсайхан нь хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2778/Б дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 247 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 298 дугаар тогтоолоор  Ц.Батсайханаас 44 704 500 төгрөг гаргуулж М.Цэнгэлмаад олгохоор шийдвэрлэсэн ба гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн хариуцагч байгууллага нь 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 739 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 54 дүгээр байрны 11 тоот 2 өрөө орон сууцыг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр битүүмжилж, 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хураан авсан ба энэ ажиллагаанд гомдол гараагүй, шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хүчинтэй байна.

Хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 3/4469 тоот албан мэдэгдлээр үл хөдлөх эд хөрөнгийн төлбөр төлөгч Ц.Батсайхан, Ц.Сарантуяа нарт үнийн санал авах тухай мэдэгдлийг хүргүүлэхэд 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Ц.Батсайхан нь 200 000 000 төгрөг, өмчлөгч Ц.Сарантуяа нь 180 000 000 төгрөгөөр, төлбөр авагч М.Цэнгэлмаа 70 000 000 төгрөгөөр тус тус үнийн санал ирүүлсэн тул дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар тохиролцоогүй гэж үзнэ.

 

Албадан дуудлага худалдаагаар худалдах, үл хөдлөх эд хөрөнгийг санал болгох доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч харилцан тохиролцоогүй тохиолдолд шинжээч томилж зах зээлийн үнийг тогтоолгох тул шийдвэр гүйцэтгэгч нь 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Арвижих-Эстимейт” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт нийцжээ./хх 44/

 

“Арвижих-Эстимейт” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн үнэлгээний тайлангаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол, Төмөр замын 54 дүгээр байрны 11 тоот 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 82 000 000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгч уг орон сууцны зах зээлийн үнэ 99 000 000 төгрөгөөс 102 000 000 төгрөг болох талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. 

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болсон шүүхийн шийдвэрийн огноо, дугаарыг буруу бичсэнийг техникийн алдаанд тооцлоо.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/00153 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Батсайханаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД                                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                       Э.ЗОЛЗАЯА