Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2016/0520

 

Т.Жигмэддагвын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгч Т.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнх-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 333 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Т.Жигмэддагвын нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Үнэт цаасны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.8, 34 дүгээр зүйлийн 34.1.7 дэх заалтыг баримтлан Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 100, 2008 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 122, 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 124 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэгч Т.Жигмэддавгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Иргэн Т.Жигмэддагвын гаргасан Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох "Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 100, 2008 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 122, 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 124 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд гаргасныг тус шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 333 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч давж заалдах журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэр нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх төрийн онцгой үйл ажиллагааны эцсийн үр дүн бөгөөд зөрчигдсөн эрхийн хамгаалалтын илэрхийлэл болсон шүүхийн шийдвэрийг хууль хэрэглээний эрх зүйн актын хувьд хууль зүйн үндэслэлтэй, шударга ёсонд нийцсэн, процессийн болон материаллаг эрх зүйн зарчим, хэм хэмжээнд зохицсон агуулга, хэлбэртэй байх, захиргааны шүүн таслах ажиллагаанаас гарч байгаа бүх шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн, тусгайлан зохицуулсан хуулийн зохицуулалтыг нэг мөр, зөв ойлгож хэрэглэсэн, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр нь иргэн, хуулийн этгээдийн гаргасан нэхэмжлэл, хууль зөрчсөн этгээдийн үйлдэлийг зохих журмын дагуу шалгаж эцэслэн шийдвэрлэж, тухайн этгээдүүдэд зориулагдан заавал биелэгдэх шинжийг агуулан гарч буй эрх зүйн акт болохын хувьд ойлгомжтой, тодорхой, биелэгдэх боломж, биелүүлэх арга журмыг зааж маргаж буй үндэслэл, нэхэмжлэлийн шаардлага тус бүрт үндэслэл бүхий дүгнэлт өгч гаргасан байх шаардлагатай.

Нэг. Энэхүү шийдвэрийг гаргахдаа анхан шатны шүүхээс захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн н.Лхагвасүрэнг гэрчээр асуух, түүнийг шүүхэд албадан ирүүлэх тухай захирамж гаргасан атлаа ямар нэг байдлаар хэрэгжилтийг бүрэн хангаагүй, гэрчээр шүүх дээр асуугаагүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Хэдийгээр н.Лхагвасүрэн гэж хүнийг албадан ирүүлэх захирамжийн хүрээнд Тахарын албанаас холбогдох арга хэмжээг авч, түүний бичсэн гэх хүсэлтийг авч ирсэн боловч агуулгын хувьд зөрүүтэй, нэхэмжлэгчийн тодруулахыг хүссэн зүйлсийг тодорхой бичээгүй байгааг нэхэмжлэгчээс хүлээн зөвшөөрч гэрч асуулгах тухай хүсэлтээсээ татгалзаагүй, хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаан дээр энэ талаар хэлж сануулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Түүнчлэн яг энэхүү ажиллагаатай холбоотойгоор нотлогдох ёстой байсан Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнээр ажиллаж байх хугацаандаа "...Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 122 дугаар тогтоолыг гаргах хорооны хуралдааны тэмдэглэлд н.Лхагвасүрэн гишүүн оролцож ирц 4 гишүүн /нийт 7 гишүүнтэй/ оролцсон буюу Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д "Хорооны гишүүдийн олонхи нь оролцсоноор хуралдаан хүчин төгөлдөр болно" гэж заасны дагуу олонхи нь хуралдаанд оролцож уг маргаан бүхий актыг гаргасан гэх боловч бодит байдал дээр дээрх гишүүн оролцоогүй, тогтоолыг хэлэлцсэн хуралдааны тэмдэглэлд дараа нь гарын үсэг зурсан талаараа Эрүүгийн хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр нотлогддог ба үүнийг өөр журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу гэрчээр асуулгах, энэхүү асуудал болон бусад зүйлсийг тодруулах шаардлагатай тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн атлаа гэрчээр асууж хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг цуглуулж нотлоогүй атлаа шүүхийн шийдвэрт "...Санхүүгийн зохицуулах хороо нь ...2008 оны 122 дугаар тогтоолыг гаргахдаа Санхүүгийн зохицуулах хорооны Эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.8, 9 дүгээр зүйлийн 9.1, 34 дүгээр зүйлийн 34.1.7-д тус тус заасныг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн "...хуралдааны ирц хүрээгүй байхад 122 дугаар тогтоолыг гаргасан гэх" тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нотлох баримтаар нотлогдоогүй зүйлийг үндэслэл бүхий гэж дүгнэсэн нь хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

Хоёр. Нэхэмжлэгчээс Санхүүгийн зохицуулах хороо нь хуульд зааснаар үнэт цаасны зах зээлийн харилцаанд буюу үнэт цаас гаргах, бүртгүүлэх, худалдах, арилжих, хадгалах, түүгээр гэрчлэгдсэн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбогдсон харилцаанд оролцогчийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, үнэт цаасны зах зээлийн талаархи хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах буюу санхүүгийн зах зээлийн гол оролцогч болох үнэт цаас /хувьцаа/ гаргагч компани, зах зээлийн мэргэжилтнүүдийн хууль бус үйлдлээс хөрөнгө оруулагчид болон хувьцаа эзэмшигчдийн эрх, ашгийг, мөнгө хөрөнгийг нь хамгаалах зорилгоор төрөөс хяналт, зохицуулалт хийдэг, тэдгээрийг мэдээллээр хангах чиг үүрэг бүхий төрийн зохицуулагч эрх бүхий байгууллага нь Санхүүгийн Зохицуулах Хороо бөгөөд энэхүү үйл ажиллагаагаа хэрэгжүүлж маргаан бүхий тогтоолуудыг гаргахдаа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолын зөрчиж

- Төрийн  эрх бүхий  байгууллагаас  бүртгэсэн,   эрсдэлийн   шинжилгээ  хийсэн, хохиролгүй, санхүүгийн зах зээлийн оролцогч болох,

- Хуулийн хүрээнд явуулж буй үйл ажиллагааны оролцогч болох,

- Хөрөнгө оруулалт өөрийн өмч, хөрөнгөө хуулийн хүрээнд захиран зарцуулах,

- Захиргааны байгууллагын гаргасан шийдвэртэй холбогдуулж мэдээлэл авах, эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулах,

- Цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирохгүй байх зэрэг эрхүүд нь хөндөгдсөн гэж өөрийн эрхээ тодорхойлсон байдаг. Энэ нь дутуу байж болно.

Хариуцагч төрийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдэд чиглэсэн төрийн хяналт, хамгаалалтын чиг үүргийг хэрэгжүүлдэг эрх үүрэг бүхий байгууллага юм. Гэтэл шийдвэр гаргахдаа иргэн, хуулийн этгээдэд хохиролтой, хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн, гаргах эрх зүйн үндэслэл бүрдээгүй, холбогдох баримт бичиг дутуу байхад хууль бусаар захиргааны актуудыг гаргаж иргэд, хөрөнгө оруулагч нарыг эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн шийдвэрийг өөрт олгогдсон эрхээ ашиглан хууль зөрчиж гаргасан болохыг тогтоох эрх бүхий Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргасан болно.

Гэтэл шүүх шийдвэрээ гаргахдаа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөөгүй, ямар учраас зөрчөгдөөгүй талаар үндэслэлгүй дүгнэлт хийж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 Шүүх нь дараах эрхэм зорилготой, 4.1.1 хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, 4.1.2 Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндсэн хуульт байгууллагыг хамгаалах, 4.1.3 хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх, 4.1.4 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх"- гэж тус тус заасан эрхэм зорилготойгоо зөрчилдсөн шийдвэрийг гаргасан гэж үзэж байна.

2.1 Тодруулбал нэхэмжлэгчээс маргаан бүхий актуудыг угаасаа гарах эрх зүйн үндэслэл бүрдээгүй байхад хууль бусаар гаргасан буюу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасныг зөрчсөн гэж эрх зүйн үндэслэлээ тайлбарладаг ба үүнийг нотлосон хамгийн чухал нэг зүйл бол Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 100 дугаар тогтоолыг гаргахдаа хуулийг зөрчсөн байдал юм.

Үүнд: Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "Санхүүгийн зохицуулах хороо /цаашид "Хороо" гэх/ нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн" гэж заасан өөрийн байгууллагын үндсэн чиг үүргийг буюу хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, үнэт цаас гаргах, бүртгүүлэх, худалдах, арилжих, хадгалах, түүгээр гэрчлэгдсэн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбогдсон харилцаанд оролцогчийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, үнэт цаасны зах зээлийн талаарх хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалж, тэдгээрийг мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй,

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Хороо үйл ажиллагаандаа бие даасан, ил тод байх, бусдын нөлөөнд үл автах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг удирдлага болгоно", 6 дугаар зүйлийн 6.1.1-д "санхүүгийн үйлчилгээтэй холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих" гэж зааснаар үйл ажиллагаа нь бие даасан байх, бусдын нөлөөнд үл автах, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулах зарчмыг баримтлалгүйгээр хууль зөрчиж, өөрт олгогдсон эрх мэдлээ буруугаар ашигласан.

2.2 Шийдвэр гаргахад шаардлагатай баримт бичиг дутуу, процессийн ажиллагааг ноцтойгоор зөрчсөн: Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар "Хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна" гэж зааснаар дээрх тогтоолыг гаргахдаа хуралдаанаараа хэлэлцэн гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргадаг ба энэхүү шийдвэрийн хэлбэр нь тогтоол хэлбэртэйгээр гарч хорооны дарга гарын үсэг зурснаар баталгаажих бөгөөд гишүүдийн олонхийн саналыг баталгаажуулсан баримт бол тухайн шийдвэр гарах үйл явцыг нарийн тодорхойлон тусгасан хорооны хуралдааны тэмдэглэлд баталгаажин тусгагдах юм. Үүнийг мөн   хуулийн   7   дугаар   зүйлийн   7.6-д   "Хорооны   хуралдааны   явцыг   тэмдэглэлээр баталгаажуулах бөгөөд түүнд хуралдаанд оролцсон бүх гишүүд гарын үсэг зурна" хэмээн хуульчилж өгсөн ба энэхүү хуулийн заалтуудын дагуу баталгаажсан хуралдааны тэмдэглэлд 20 дугаар асуудал шийдвэрлэсэн нь: Анод банк ХХК-ийн нийтэд санал болгон гаргах хувьцааг бүртгэх асуудлыг гишүүд авч хэлэлцээд компанийн зүгээс материалаа бүрэн гүйцэд боловсруулан мэдүүлсэн үед эцэслэн шийдвэрлэхээс санал хурааж хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдэв. гэж шийдвэрлэгдсэн байдаг.

Үүнийг хууль зөрчсөн гэдгийг шүүхээс хүлээн зөвшөөрч шийдвэртээ "...хариуцагч Санхүүгийн зохицуулах хороо нь 2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар тус компанийн нийтэд санал болгон гаргах хувьцааг бүртгэх асуудлыг хэлэлцээд "компанийн зүгээс материалаа бүрэн гүйцэд боловсруулан мэдүүлсэн үед эцэслэн шийдвэрлэх"-ээр олонхийн саналаар шийдвэрлэсэн атлаа мөн өдрөө 100 дугаар тогтоолыг гаргасан нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг зөрчсөн" гэж дүгнэсэн байдаг боловч маргаан бүхий актууд нь нэгэнт хэрэгжсэн тул энэхүү үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл болохгүй юм гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийн шаардлагад нийцээгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Энэхүү шийдвэрийн яг энэхүү дүгнэлтийг энгийн хуулийн тусгайлсан мэдлэггүй хүн уншиж ойлгоход иргэн, хуулийн этгээдэд холбоотой нэгэнт хэрэгжиж биелэгдсэн хууль зөрчсөн захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэжлэл гаргах хэрэггүй, шүүх угаасаа хэрэгжээд биелэгдсэн захиргааны актаас болж зөрчигдсөн эрхийг тань сэргээж, хамгаалах боломжгүй, тус актыг хууль бус гэж үзэн хүчингүй болгох үндэслэлгүй гэж ойлгогдохоор байна.

Шүүх ийм байдлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Учир нь шүүхээс хууль бус захиргааны акт гэдгийг хүлээн зөвшөөрсөн атлаа нэгэнт биелэгдсэн акт гэдэг энэхүү үндэслэлээр зөрчигдсөн эрхийг тань сэргээх боломжгүй, хамгаалах боломжгүй гэж хуульд заасан шүүх эрх мэдлийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа нь нэхэмжлэл гаргасан иргэнийг гомдоосон үйлдэл ба та тухайн актыг хэрэгжиж биелэгдэхээс өмнө манай шүүхэд хандсан бол бид эрхийг тань хамгаалж, сэргээж чадах байлаа гэж тайлбарлан дүгнэлт хийж байгаа нь ямар ч логик дараалалгүй, шүүх нь зөрчигдсөн эрхийг сэргээж чадахгүй юм бол иргэн, хуулийн этгээд түүнд хандаж нэхэмжлэлээ гаргах нь ямар ч хэрэггүй зүйл гэдэг нь энэхүү дүгнэлтээс тодорхой ойлгогдохоор байна.

Өөрөөр хэлбэл Анод банк ХХК-ийн олон нийтэд санал болгох замаар нээлттэй хувьцаа гаргахтай холбогдох чухал баримтууд дээрх өдрийн хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед байхгүй байсан болох нь хуралдааны тэмдэглэл болон тус тэмдэглэлд тусгагдсан гишүүдийн асуулт, Анод банк ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны хариулт болон, хувьцаа гаргахтай холбоотой баримт материалыг хүлээн авч, шалгаж байсан хорооны мэргэжилтэн, Үнэт цаасны газрын орлогч дарга нарын асуулт, тайлбар, хэлсэн үг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож, хариуцагч байгууллага нь өөрийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүйгээр илтэд худал баримт, бодит бус мэдээлэлийг хянаж шалгалгүйгээр олон мянган иргэдийг хохироох, хууль зөрчсөн аж ахуйн нэгжийг дэмжих байдалтайгаар иргэд, аж ахуйн нэгжийнхээ эрх, ашгийг хамгаалах ёстой төрийн байгууллагын үндсэн чиг үүрэг, зорилгоо буруугаар ашиглаж гарах ёсгүй захиргааны акт гаргасан үүнээс болж нэхэмжлэгч иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхад үүний талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Гурав. Шүүхийн шийдвэрт "...Хуулийн этгээд буюу компани нь олон нийтэд анх удаагаа хувьцаагаа санал болгох үйл ажиллагааг IPO буюу initial public Offering гэдэг нь хөрөнгийн анхдагч зах зээлд компанийн хувьцааг арилжаалж, улмаар санхүүжилт босгох процесс юм. Өөрөөр хэлбэл компани хувьцааныхаа тодорхой хэсгийг хөрөнгийн биржээр дамжуулан худалдаж, улмаар компани хөрөнгө оруулалт босгох, хөрөнгө оруулагчид компанийн ашгаас хувь хүртэх боломжийг нээсэн харилцан ашигтай харилцаа юм. Санхүүгийн зохицуулах хороо нь Анод банкнаас ирүүлсэн өргөдөл, танилцуулга, бусад баримт бичгийг хянан үзээд холбогдох нэмэлт тодруулгыг гарган авч, Анод банк ХХК-ийн нийтэд санал болгон гаргах хувьцааг бүртгэх тухай шийдвэрийг гаргасныг шүүх шууд буруутгах үндэслэлгүй" гэх дүгнэлтийг хийсэн байдаг.

Нэхэмжлэгчээс ямар нэг байдлаар Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг шүүхээс буруутгаад өгөөч гэж хүсээгүй хууль бус захиргааны акт гаргасан болохыг тогтоолгохыг хүссэн гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ойлголгүйгээр ийнхүү дүгнэлт хийж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар холбогдуулж дүгнэлт өгөх, түүнээс бус шаардлагад хамаагүй асуудлаар дүгнэлт өгөхгүй байх шүүхийн шийдвэрийн шаардлагыг зөрсөн хууль бус шийдвэр болсон байна.

Маргаан бүхий актуудыг гаргахад чухал шаардалагатай бичиг баримт дутуу түүнийг авсны дараа хувьцааг нийтэд санал болгож бүртгэх шийдвэрээ гаргах талаар хэлэлцэн асуудлыг нээлттэй шийдвэрлэж орхисон байхад хуралдаанаар баталгаажсан шийдвэрээс өөр шийдвэрийг гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгааг шүүх тогтоосон атлаа бүх шаардлагатай баримтыг хянан үзэж, хууль зөрчилгүйгээгээр хариуцагч маргаан бүхий актуудыг гаргасан мэтээр зөрчилтэй дүгнэлт хийсэн.

Түүнчлэн хууль тогтоомжийг илтэд зөрчиж хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хорооны хуралдаанаараа асуудлыг нээлттэй орхиж, дутуу баримт бичиг бүрдсэний дараа дахин энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэсэн байхад үүнээс өөр шийдвэр гарсан, стратегийн хөрөнгө оруулагч нартай гэрээ байгуулагдаагүй, эдийн засгийн үзүүлэлт буруу, хууль зөрчиж ашиг хуваарилж дүрмийн сангаа нэмэгдүүлсэн, хорооны хуралдаан хууль бус ирцтэйгээр явагдаж шийдвэр гаргасан, Монгол банкнаас албан ёсны зөвшөөрөл аваагүй, хөрөнгө оруулагч, иргэдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалалгүйгээр, хууль бус мэдээллээр хангаж маргаан бүхий захиргааны актуудыг гаргасан байхад хувьцааг бүртгэх хуулийн зохицуулалттай байх бөгөөд "Анод банк" ХК-ийн нийтэд санал болгон гаргах хувьцааг бүртгэхээр шийдвэрлэсэн нь хууль тогтоомжийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна гэж төрийн эрхий бүхий байгууллагын нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа хууль бус үйлдлийг шүүх хамгаалах байдалтайгаар илт нэг талыг барин шийдвэрээ гаргасан.

Анод банк ХК нь татан буугдсан, банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болгосон, хувьцаа худалдан авсан хохирогч нарын хохирлыг эрүүгийн хэргийн шүүхийн журмаар нэгэнт шийдвэрлэж, шүүийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь маргаан бүхий дээрх тогтоолуудын улмаас зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй ба Эрүүгийн журмаар Анод банк ХК-ийн холбогдох албан тушаалтны гэм буруутай үйлдлийг тогтоосон болохоос бус маргаан бүхий захиргааны актуудын хууль бус эсэхийг хянан дүгнэлт хийн шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биш бөгөөд нэхэмжлэгч нь нэгэнт тогтоосон шүүхийн шийдвэрт дурдсан асуудлыг өөр шүүхээр хянуулахаар нэхэмжлэл гаргаагүй болох нь илэрхий тодорхой зүйл гэж ойлгож байгаа болно.

Энэхүү шүүхийн шийдвэрийг дүгнэн хэлэхэд процесс зөрчсөн маргаан бүхий актуудын хэрэгжилт нэгэнт хангагдсан нийтэд санал болгосон хувьцаа нь амжилттай болсон мэтээр тайлбарлан хариуцагч байгууллагын илт хууль бус үйлдэлийг өөхшүүлэх, иргэдийнхээ эрх, ашгийн төлөө үйл ажиллагаа нь явагдах ёстой чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй байдлыг анхаараагүй, зорилго нь биелэгдсэн гэдэг зүйлээр маргаан бүхий актуудыг хууль ёсны гарсан, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж үзэх боломжгүй ба хуулийг хэрэгжүүлэхдээ тухайн асуудлыг зохицуулсан зохицуулалт бүрт заасан үг, өгүүлбэрийг нэг мөр ойлгож үйл ажиллагаагаа явуулах ёстой.

Гэтэл энэхүү Санхүүгийн зохицуулах хороо гэж байгууллага хуулийг буруугаар тайлбарлаж, хуулийг зөрчсөн үйлдэлээрээ нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн барьж буй хуулийн чухал заалтуудад дүгнэлт өгөөгүй, асуудлыг нарийвчлан зохицуулсан зохицуулалтыг хэрэглээгүй, материаллаг хууль болон процессын тухай хуулиудаар зохицуулсан хэм хэмжээнд нийцүүлж шийдвэрийг гаргаагүй, зөвхөн ерөнхий байдлаар тус байгууллага нь нийтэд санал болгох хувьцааг бүртгэх эрхтэй гэдэг ганцхан зүйлээр үүсэн бий болсон маргааныг дүгнэн, энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ ямар байдлаар хэрэгжүүлэх, маргаан бүхий акт нь хууль ёсоор гарч хэрэгжсэн эсэх талаар бүрэн, бодитой ганц ч дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэрийн хамгийн гол шаардлага болох хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангаагүй шийдвэр гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 333 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Иргэн Т.******* миний "Санхүүгийн Зохицуулах Хороо"-нд холбогдох "СЗХ-ны 2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 100, 2008 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 122, 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 124 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг "Нийслэл дэх Захиргааны Хэргийн Анхан Шатны Шүүх" 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 333-р шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Шүүхийн Шийдвэрт хууль хэрэглээний эрх зүйн актын хувьд хууль зүйн үндэслэлтэй, хуулийн шаардлагад нийцсэн, тусгайлан зохицуулсан хуулийн зохицуулалтыг нэг мөр, зөв ойлгож хэрэглэсэн, маргаж буй үндэслэл, нэхэмжлэлийн шаардлага тус бүрт үндэслэл бүхий дүгнэлт өгсөн байх ёстой.

Шүүхийн энэ өдрийн хуралдааны эхлэл, хуралдааны явц, хуралдааны тэмдэглэл болон нэхэмжлэгч талын тайлбарыг шүүхийн шийдвэрт бүрэн тусгаагүй орхигдуулж дүгнэсэн, хавтаст хэрэгт авагтсан нотлох баримтыг судлан шинжлэх явцад тухайн хавтаст хэрэгт үдэгдэж амжаагүй баримтуудыг судлан шинжлүүлээгүй, хавтаст хэрэгт авагтсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн 2016 оны 02-р сарын 25-ны өдөр хүргүүлсэн 43 хуудас бүхий тайлбарыг хуралдааны явцад судлах цаг хугацааны боломжгүй болгож шүүгч: "ажлын цаг дууслаа, 18 цаг болчихлоо, хурлыг яаравчлах хэрэгтэй байна" хэмээн шүүх хуралдааны явцад гаргаж байсан үйлдэлүүд, тухайлбал хэргийн материалтай урьдчилан бүрэн гүйцэт танилцаагүй нь илт мэдэгдэж байсан нь, мөн шүүх хариуцагч талд СЗХ-ны тогтоолууд нь процедурын олон алдаатайг, ялангуяа 100-р тогтоол нь: "хуралд хэлэлцэгдсэн материалыг бүрэн гүйцэт боловсруулахыг зөвхөн даалгасан тогтоол байна, түүнээс хувьцаа гаргахыг зөвшөөрөөгүй тогтоол байна" хэмээн дүгнэж байсан мөртлөө 333-р тоот шүүхийн шийдвэрийг гаргасан нь энэхүү шүүхийн шийдвэрийг урьдчилан дүгнэсэн, түүнийгээ батлах замаар нэг талыг барьж шийдвэртээ тусгаж давтан эс үйлдэхүйг гаргасан гэж үзэж байна.

Учир нь: 2015 оны 03-р сарын 03-ны өдрийн ЗХАШ-ны 20-р Шүүхийн СЗХ-ны 2008 оны 04-р сарын 18-ны өдрийн 100-р тогтоол, 2008 оны 05-р сарын 19-ний өдрийн 122-р тогтоол, 2008 оны 05-р сарын 27-ны өдрийн 124-р тогтоолуудыг хэлэлцэж "Хүчингүй болгуулах тухай" нэхэмжлэгчийн маргааныг шийдвэрлэхийг даалгасан 108 тоот шийдвэрийн дагуу 2015 оны 04-р сарын 20-ны өдөр СЗХ-ны Хяналтын Зөвлөлийн хурал нь гомдолыг хэлэлцэлгүй, хурлын тэмдэглэлд ХЗ-ийн гишүүдээс хамааралгүйгээр шүүх нь шийдвэрлэг гэсэн утгаар өмнө нь хоёр удаа ирүүлж байсан, хуулийг буруу тайлбарласан тогтоолуудын хэлбэрээ өөрчлөлгүй яг тэр хэвээр нь дахин СЗХ-ны ХЗ-ийн 02-р тогтоолыг гаргасныг эс зөвшөөрч ЗХАШ-ны 20-р шүүхэд дээрхи тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2015 оны 05-р сарын 28-ны өдөр гаргасан.

2014 оны 07-р сарын 04-ний өдөр Захиргааны Хэргийн Анхан Шатны 20-р шүүхийн шүүгчийн 3563 тоот захирамжаар СЗХ-ны дэргэдэх ХЗ-ийн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн атал 2015 оны 08-р сарын 24-ний өдөр хуралдсан Нийслэл дэх Захиргааны Хэргийн Анхан Шатны Шүүхийн шүүгч: "СЗХ-ны 2008 оны 100, 122, 124-р тогтоолуудыг хүчингүй болгуулахаар 2015 онд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хэдийгээр нэхэмжлэгч нь тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2015 оны 03-р сарын 03-ны өдрийн 108-р шийдвэр гарсан байх боловч энэ нь СЗХ нь дээрхи тогтоолуудын талаар хуралдахгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой байх тул хөөн хэлэлцэх хугацааг энэ үеэс тооцох үндэслэлгүй байна" гэсэн хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг ойлгоогүй мэт 6161 тоот захирамжийг гаргаж "Захиргааны Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хууль"-ийн 3-р зүйлийн 3.1.6-р заалтыг зөрчин эс үйлдэхүйг гаргаж байсан.

Харин Захиргааны Хэргийн Давж Заалдах Шатны Шүүхийн 2015 оны 09-р сарын 24-ны өдрийн 482-р тогтоолд: "Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан байхад нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх "ЗХХШТухай" Хуулийн 34-р зүйлийн 34.1.8-р заалтаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь нэгэнт шүүхээс дүгнэлт өгсөн асуудалд дахин дүгнэлт өгсөн нь буруу байна, хуулийн 34.1.3 дахь заалтыг дурьдсан нь ойлгомжгүй" талаар дурьдаж НЗХАШШ-ийн 6161 тоот захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг дахин хэлэлцэж байна. /ХМ-ын 1-р XX, 75-77-р хуу, 101-102-р хуу/

Ийнхүү СЗХ-ны илт хууль бус дээрхи Тогтоолуудыг хүчингүй болгож, хамгийн гол нь шударга ёсыг тогтоох, нэхэмжлэгч эрхээ сэргээлгэх хугацааг энэхүү эс үйлдэхүйгээрээ удаашруулж байсан нь 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааныг шүүгч үнэн зөв шийдвэрлэх эсэхэд нэхэмжлэгч тал   эргэлзэж байсан...

Иймд 2016 оны 05-р сарын 05-ны НЗХАШШ-ийн 333-р тоот шийдвэрт тусгагдсан нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл, шийдвэртэй холбогдуулан дараах гомдлуудыг гаргаж байна.

  1. Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт: "Нэхэмжлэгч Т.*******, өмгөөлөгч А.Мөнх-Өлзий нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа..." хэмээн нэхэмжлэгч талын тайлбарыг шүүхийн шийдвэрт тусгаж дурьдахдаа дуу хураагуур, хурлын тэмдэглэлээр баталгаажиж, нэхэмжлэлийн шаардлага, 2016 оны 02-р сарын 25-ны өдөр 109 тоотоор шүүхэд хүргүүлсэн нэмэлт тайлбарыг хамтад нь эхний хэсгийг танилцуулж байхад болон Шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбарын: "Анод хувийн банкыг олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлж хувьцаат компани болгохдоо МУ-ын Үндсэн хууль, Иргэний Хууль, ҮЦЗЗТухай хууль, СЗХЭЗБТухай хууль, НББ-ийн тухай хууль, Компаний тухай хууль, Банкны тухай хууль, СЗХ-ны "Нийтэд санал болгон гаргах үнэт цаасыг бүртгэх тухай журам", бусад холбогдох салбарын хууль тогтоомжуудын тодорхой заалтууд"-ыг илт зөрчин СЗХ-ны 100, 122, 124-р тогтоолуудыг гаргасан тухай өгүүлсэн, хамгийн гол дээрх хуулийн заалтуудыг нэг бүрчлэн дурьдсаныг шийдвэртээ тусгаагүй орхигдуулсан байдаг.

Харин хариуцагчийн тайлбарт гарч байсан ганц нэг "ҮЦЗЗТухай хууль"-ийн 7-р зүйлийн 7.1, 7.3, 7.8, 7.10, "Банкны тухай хууль"-ийн 30-р зүйлийн 30.1-р заалтыг дурьдан шүүгч "ҮЦЗЗТухай хууль"-ийн 5.1, 7.8, 9.1, 34.1.7-р заалт, "СЭЗБТухай хууль"-ийн 8.2, "ЗХШХШТухай хууль"-ийн 3.1.7-р заалтыг дурьдан нэхэмжлэгч миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болгожээ.

"ҮЦЗЗТухай Хууль"-ийн 2-р зүйлийн 2.1-р заалт: Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Компаний тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

"СЗХ-ны Эрх Зүйн Байдлын Тухай Хууль"-ийн 2-р зүйлийн 2.1-р заалт: СЗХ-ны ЭЗБТХууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бүсад актаас бүрдэнэ.

"Банкны тухай хууль"-ийн 2-р зүйлийн 2.1-р заалт: Банкны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

Ийнхүү МУ-ын бүхий л хууль, тогтоомжууд нь өөр хоорондоо хамаарал бүхий уялдаатай нь илэрхий байхад ямарваа нэг зохигч талуудын маргаантай холбогдолтой хуулийн бүхий л заалтуудыг нягтлан шинжилж, шүүхийн шийдвэр нь шударга ёсонд нийцсэн, процессын болон материаллаг эрх зүйн зарчим, хэм хэмжээнд зохицуулан аль нэг талыг баримтлалгүй, хууль ёсны үндэслэл бүхий шийдвэрийг шүүх гаргах үүрэгтэй.

СЗХ-ны илт хууль бус 100,122,124-р тогтоолуудыг хүчингүй болгох үндэслэлийн талаар нэхэмжлэгч талаас СЗХ нь өөрийн хуулиар олгогдсон төрийн эрх бүхий дээд байгууллагын үүргээ гүйцэтгээгүй, доорх хуулиудыг зөрчсөнийг НЗХАШШ-д хүргүүлж байсан тайлбар, мөн шүүхийн хурлын явцад тодорхой дурьдаж байсан. Тухайлбал:

1. "СЗХ-ны Эрх Зүйн Байдлын Тухай Хууль"-ын:

2-р зүйлийн 2.2-р заалт: "МУ-ын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалт"-ыг СЗХ нь зөрчсөн...

  • Анод хувийн банкыг олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлж хувьцаат компани болгох үйл ажиллагааг "Нобелийн шагналт эдийн засагт Уилиам Викерийн Ореп IPO гэж нэрлэгдсэн анхдагч зах зээл дээр битүүмжилсэн дуудлага худалдаа явуулах аргаар татан төвлөрүүлэхээр СЗХ нь 2008 оны 100-р тогтоолын 3-р хэсэгт дурьдсан байдаг.

Гэвч энэхүү зарчмаа ноцтой зөрчсөн, энэ үйлдпийн тухай ХМ-ын 1-р ХХ-ийн 25, 26-р хуу, 5-р ХХ-ийн 148-193-р хуудасны 2016 оны 02-р сарын 25-ны өдөр 109 тоотоор шүүхэд нотлох баримтын хүрээнд хүргүүлсэн нэмэлт тайлбарын 33, 34, 35-р хуудас буюу 124-р тогтоолын II дахь хэсэгээс тодорхой ойлгогдоно.

"4-р зүйлийн 4.1-р заалт: СЗХ нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэнд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн.

5-р зүйлийн 5.1-р заалт: Хороо үйл ажиллагаандаа бие даасан, ил тод байх, бусдын нөлөөнд үл автах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг удирдлага болгоно" гэсэн зарчмыг СЗХ нь Анод хувийн банкыг олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлж хувьцаат компани болгох бүхий л цаг хугацаанд зөрчсөн. Тухайлбал:

  • Хорооны 100-р тогтоолд дурьдсанаар Анод банкинд стратегийн хөрөнгө оруулагчаар Шинань банк болж байгаад иргэд, хөрөнгө оруулагчид итгэн 2008 оны 05-р сарын 19-21-ний өдрийн хооронд маш эрчимтэй захиалга өгч Анод банкны хувьцааг худалдан авсан байдаг. Гэтэл иргэд захиалгаа өгсөн өдөр буюу 2008 оны 05-р сарын 19-ний өдөр БНСУ-ын ЭСЯ-аас Шинань банк нь: "энэхүү Анод банкны тендерт оролцохгүй, энэ нь ор үндэслэлгүй худал бөгөөд иймд болзошгүй эрсдэлээс сэргийлж хөрөнгө орүүлагчидаа яаралтай мэдээлэх тухай мэдэгдэл"-ийг ирүүлсээр байтал үүнтэй холбогдуулан СЗХ нь 2008 оны 05-р сарын 19-ний өдөр СЗХ-ны гишүүдийн хурлыг хуралдуулсан мэтээр 122-р тогтоолыг нөхөн гаргасан нь УМБГ-т хууль сануулан өгсөн СЗХ-ны гишүүн Б.Лхагвасүрэнгийн мэдүүлэг, НЗХАШШ-д гаргаж өгсөн хавтаст хэрэгт авагтсан тайлбар, хүсэлтээр нотлогддог.

Энэхүү тогтоолоор 100-р тогтоолд тусгагдсан Шинань банкыг өөрчлөн хэнд ч танигдаагүй, ямар ч компани нь мэдэгдэхгүй, гэрээ хэлцлийг Анод банктай хийгээгүй байхад Анодын стратегийн хөрөнгө оруулагчаар БНСУ-ын хоёр компанийг шинэчлэн оруулж дээрх хуулийн болон бусад хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн.

Энэ үйлдлийн тухай ХМ-ын 1-р ХХ-ийн 222-223-р хуу, 3-р ХХ-ийн 52а-р хуу, доороосоо 1,2-р мөр, 53-р хуу дээрээсээ 1,2-р мөр, 53а-р хуу дээрээсээ 6,7-р мөр 5-р ХХ-ийн 140-р хуу, 5-р ХХ-ийн 149-193-р хуудсанд байгаа 2016 оны 02-р сарын 25-ны өдөр 109 тоотоор шүүхэд нотлох баримтын хүрээнд хүргүүлсэн нэмэлт тайлбарын бүхий л хэсэг хамаарагдана.

7-р зүйлийн 7.1-р заалт: Хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

7-р зүйлийн 7.4-р заалт: Хорооны гишүүдийн олонхи нь оролцсоноор хуралдаан хүчин төгөлдөр болно.

7-р зүйлийн 7.6-р заалт: Хорооны хуралдааны явцыг тэмдэглэлээр баталгаажуулах бөгөөд түүнд хуралдаанд оролцсон бүх гишүүд гарын үсэг зурна.

8-р зүйлийн 8.1-р заалт: Хороо хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргах бөгөөд түүнд хорооны дарга гарын үсэг зурна"

  • 2008 оны 04-р сарын 18-ний өдөр "Анод Банк" ХХК-ийг нийтэд санал болгон гаргах хувьцааг бүртгэх тухай" 100-р тогтоолыг гаргах СЗХ-ны гишүүдийн хурлын эцсийн шийдвэр нь: "Анод Банк" ХХК-ийн нийтэд санал болгон гаргах хүвьцааг бүртгэх асуудлыг гишүүд авч хэлэлцээд компанийн зүгээс материалаа бүрэн гүйцэд боловсруулан мэдүүлсэн үед эцэслэн шийдвэрлэхээр санал хурааж хуралдаанд оролцсон Хорооны гишүүдийн 100 хувийн саналаар шийдэв" гэсэн байдаг.

Энэхүү  хуралдааны шийдвэр, хурлын протокол, тэмдэглэл(7-р XX, 31-37-р хуу)-ээс харахад: "Компанийн зүгээс хүралд хэлэлцэгдсэн 2008 оны 01-р улирлын ашгийн хуваарилалтаа албан ёсоор баталгаажуулж, санхүүгийн тайлангаа цэгцлэн хурлын тэмдэглэлд тусгагдсан материалүүдын шаардлагуудыг хэзээ, эсвэл тодорхой цаг хугацааны дараа бүрдүүлсэн үед л, ялангуяа Шинань банктай гэрээ хэлцлийг хийсэн нөхцөлд Анод банкинд IPO (хүвьцаа) гаргахыг   зөвшөөрье" гэдэгт гишүүдийн нэгдсэн шийдвэр юм.                                                                            

Дээрх СЗХ-ны гишүүдийн хурлын 100 хувийн саналын шийдвэрийн эсрэг СЗХ-ны 100-р тогтоолыг гаргасан байдаг бөгөөд үүнийг хууль зөрчсөн гэдгийг шүүхээс хүлээн зөвшөөрч 2016 оны 05-р сарын 05-ны өдрийн 333-р тоот шийдвэрт: ...хариуцагч СЗХ нь 2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар тус компанийн нийтэд санал болгон гаргах хувьцааг бүртгэх асуудлыг хэлэлцээд "компанийн зүгээс материалаа бүрэн гүйцэд боловсруулан мэдүүлсэн үед эцэслэн шийдвэрлэх"-ээр олонхийн саналаар шийдвэрлэсэн атлаа мөн өдрөө 100 дугаар тогтоолыг гаргасан нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг зөрчсөн" гэдгийг шүүх 333-р тоот шийдвэртээ бүрэн хүлээн зөвшөөрсөн.

Харин энэхүү хууль зөрчсөн үйлдэл нь маргаан бүхий актууд нэгэнт хэрэгжсэн тул энэхүү үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь дээр дурьдагдсан МУ-ын бусад бүхий л хуулийн заалтуудтай уялдуулалгүй шүүхийн шийдвэрийн шаардлагад нийцэхгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна.

Энэ үйлдлийн тухай ХМ-ын 1-р ХХ-ийн 25-38-р хуу, 2-р ХХ-ийн 44-45-р хуу, 5-р ХХ-ийн 149-193-р хуудсанд байгаа 2016 оны 02-р сарын 25-ны өдөр 109 тоотоор шүүхэд нотлох баримтын хүрээнд хүргүүлсэн нэмэлт тайлбарын 1-13-р хуудсанд...

10-р зүйлийн 10.1-р заалт: Хороо санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, түүнийг..., зохицуулах, хяналт тавих чиглэлээр өөр хоорондоо уялдсан үйл ажиллагаа явуулах, үр ашгийг нь нэмэгдүүлэх зорилгоор Монгол Банк, санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах гурван талт харилцан ойлголцлын санамж бичиг үйлдэнэ.

10-р зүйлийн 10.2-р заалт: Санамж бичигт Хорооны хүлээх үүрэг, харилцан солилцох мэдээлэл зэрэг бусад асуудлыг тусгана.

10-р зүйлийн 10.3-р заалт: Хороо Монгол Банк, санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай харилцахдаа энэ хуулийн 10.1-д заасан санамж бичгийг удирдлага болгоно."

  • Нэхэмжлэгч талаас УИХ-д хандан: " 2008 оны 12-р сарын 22-ны өдрийн УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын гишүүн Ц.Сэдваанчигаар ахлуулсан ажлын хэсэг томилогдож СЗХ-ны үйл ажиллагаа үнэт цаасны арилжаа, тухайн үед үүсч байсан нийтэд санал болгон хувьцаа гаргагч компаниудын үйл ажиллагаа нь хуулийн хүрээнд явагдсан эсэхэд шалгалт хийсэн нууцлалын зэрэглэлтэй 2009 оны 01-р сарын 12-ны өдрийн   дүгнэлт"-ийг ирүүлснийг миний бие нь НЗХАШШ-д хүргүүлсэн.

УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн шалгалтын дүгнэлтийн:

2-рт: СЗХ-ны Анод Хувийн Банкыг Хувьцаат Компани болгох үйл ажиллагаа нь цаг хугацааны хувьд нарийн шалгах боломжгүй байжээ.      

3-рт: Хувьцааны үнэлгээ, олон түмнээс татан төвлөрүүлсэн хөрөнгө, Андеррайтерийн эрх үүргийн хариуцлагын талаар төрөөс тавих хяналт,зохицуулалт дутагдалтай байсан байна.

5-рт: “СЗХЭЗБТухай хууль"-ын 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 10.3-д заасанчлан Монгол Банк, Сангийн Яам, СЗХ нь 2006 оны 11-р сарын 10-нд санамж бичгийг байгуулсан байдаг бөгөөд энэ дагуу 2007 оны 05-р сарын 07-нд талууд харилцан мэдээлэл тогтмол солилцдог байх журмыг гаргасан ч энэхүү журамд ач холбогдол өгөөгүй байжээ" гэсэн байдаг.

Шалгалтын комиссын энэхүү дүгнэлтээс үзсэн ч Анод Банкны хувьцааг гаргах үйл явц нь анхнаасаа зөрчилтэй байж төрийн байгууллагуудын хоорондын уялдаагүй, төрийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхол давамгайлсан байдал, СЗХЭЗБТХуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 5-р зүйлийн 5.1 дүгээр заалтуудыг зөрчин дампуурч байсан Анод Банкинд олон түмнээс хөрөнгө татан хувьцаа гаргаж Монголын хөрөнгийн зах зээлийг уналтанд оруулж, олон түмнийг эдийн засгийн болон сэтгэл санааны гүн шоконд оруулсан СЗХ-ны тогтоол гаргасныг нотолж байна. /ХМ-ын нууцлалын зэрэглэлтэй тусгайлсан хавтсанд/

22-р зүйлийн 22.2-р заалт: Бүтцэд нь банк ордог компанийн аливаа хэлбэрийн нэгдлийн гишүүний охин компанид тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэхдээ Монгол Банкны саналыг авна.

22-р зүйлийн 22.3-р заалт: Хороо энэ хуулийн 22.2-т заасны дагуу тусгай зөвшөөрөл олгосон бол хяналтыг Монгол Банктай хамтран хэрэгжүүлнэ.

36-р зүйл: Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомжийг биелүүлэх.

З6-р зүйлийн 36.1-р заалт: Санхүүгийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигч мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаарх хууль тогтоомжийг сахин биелүүлэх үүрэг хүлээнэ.

  • 2008 оны 04-р сарын 18-ны өдрийн СЗХ-ны хуралдааны тэмдэглэлийн: "СЗХ-ны гишүүн Б.Лхагвасүрэн болон Хорооны ҮЦГ-ын орлогч дарга Б.Аюуш нарын тайлбар, анхааруулга"-аар Банкны тухай хуулийн 35.3, 36.7, 37.1-р заалт, "НББ-ийн тухай хууль"-ийн 13.1, 13.2-р заалтуудтай холбогдох Монгол банкнаас холбогдох зөвшөөрлүүдийг авсан эсэх талаар тодорхой дурьдсан байдаг, мөн СЗХ нь 2008 оны 05-р сарын 19-ны өдрийн 122-р тогтоолоор 100-р тогтоолд дурьдагдсан Шинань банкыг өөрчилж БНСУ-ын хоёр компаниар солихдоо ялангуяа "ОУ-ын Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага(РАТР)"-аас гаргасан    "40 зөвлөмж", "Тусгай зөвлөмж", МУ-ын  "Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль"-ын хүрээнд тухайн  компаниудын  хөрөнгө  оруулах  санхүүгийн   эх  үүсвэр, эрх  зүйн байдлыг судлаагүй энэхүү тогтоолыг цаг хугацааны хувьд боломжгүй байхад дээрх хуулиудыг зөрчин 122-р тогтоолуудыг гаргасан.

Энэ үйлдлийн тухай ХМ-ын 1-р ХХ-ийн 28-29-р хуу, 5-р ХХ-ийн 149-193-р хуудсанд байгаа 2016 оны 02-р сарын 25-ны өдөр 109 тоотоор шүүхэд нотлох баримтын хүрээнд хүргүүлсэн нэмэлт тайлбарын 1-5-р хуу, 13-15-р хуудсууд хамаарагдана.

2. "Үнэт Цаасны Зах Зээлийн Түхай Хууль-ийн:

5-р зүйлийн 5.3-р заалт: Нийтэд санал болгон үнэт цаас гаргах тухай шийдвэрийг үнэт цаас шинээр гаргах тухай бүрт гаргана. Уг шийдвэрт үнэт цаасны бүрдүүлбэрээс гадна дор дурьдсан зүйлийг тусгах буюу хавсаргана.

5-р зүйлийн 5.3.1-р заалт: Үнэт цаас эзэмшигчийн эрх, уг эрхийг хэрэгжүүлэх талаар үнэт цаас гаргагчийн хүлээх үүрэг

5-р зүйлийн 5.3.2-р заалт: Үнэт цаасыг биет байдлаар гаргах тохиолдолд түүний загварын хуулбар

5-р зүйлийн 5.4-р заалт: Энэ хуулийн 5.3-д заасан шийдвэрийг 2 хувь үйлдэнэ. ...Хороонд хадгалагдаж байгаа хувийг эх хувь гэж тооцно"

7-р зүйлийн 7.4.8-р заалт: Үнэт цаас гаргагчийн бусадтай байгуулсан их хэмжээний хэлцэл, үнэт цаас гаргах эдийн засгийн үндэслэл, үр ашгийн тооцоо.

Шүүх шийдвэртээ: … "Анод банк"ХХК нь 2008 оны 01-р сарын 04-ний өдөр СЗХ-нд өөрчлөн байгуулагдсан компанийн нийтэд санал болгон гаргаж буй хувьцааг бүртгүүлэх хусэлтээ хүргүүлсэн байх бөгөөд хариуцагч СЗХ нь хүсэлт, холбогдох материалыг хянан үзээд 2008 оны 01-р сарын 30-ны өдрийн 4/274-р албан бичгээр хувьцааг бүртгүүлэхээр ирүүлсэн материалыг бүрдэл хангагдаагүй гэж үзэж, буцаасан байна. Улмаар Анод банк нь 2008 оны 03-р сарын 27-ны өдрийн 01/1452-р албан бичгээр СЗХ-оос ирүүлсэн саналын дагуу холбогдох өөрчлөлтийг тусган, бүрдүүлбэрийг хангаж, хариу хүргүүлжээ" гэсэн дүгнэлтийг гаргасан нь хавтаст хэрэгт авагтсан нотлох баримтуудыг, нэхэмжлэгч талын бичгээр хүргүүлсэн болон шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбаруудыг нягталж шинжлэлгүй, хуулийг буруу тайлбарлан энэхүү дүгнэлтийг гаргаж, нэг талаар илт хууль бус СЗХ-ны 2008 оны 100, 122, 124-р тогтоолуудыг гаргах боломжтой байсныг дэмжсэн утгыг илэрхийлсэн.

...2008 онд Анод хувийн банкыг нээлттэй хувьцаат компани болгох Анод банкнаас ирүүлсэн хүсэлт, холбогдох материалууд нь тухайн үедээ шаардлага хангаагүй  цөөхөн тооны материал байсан бөгөөд нөхөж 2013 он хүртэл энэ талаар цуглуулсан НЗХАШШ-д ирүүлсэн материалуудад ч, хавтаст хэрэгт авагтсан нотлох баримтуудаар, мөн Хорооны гишүүдийн холбогдох хурлын тэмдэглэл, хууль сануулан УМБГ-т өгсөн мэдүүлэгүүдээс Анод банк нь 100-р тогтоолыг гаргах үед ч дараа нь ч Шинань банктай гэрээ хийгдээгүй, хийгдэх боломжгүйг ч, мөн 122-р тогтоолыг гаргах үед БНСУ-ын "Эн Эй Ю Ай Би Капитал" (NAU IB CAPITAL) болон "БНСУ-ын хөрөнгө оруулалт технологийн корпораци" (Korea Investment and Technology Corporation) банкуудын хамтарсан консерциум болон "Түшиг" ХХК-тай тус бүртэй нь гэрээ, консерциумын гэрээ хийгдээгүй, Анод банк нь 2008 оны 05-р сарын 20-ны өдөр Солонгосын NAU IB CAPITAL болон КТI компаниудтай   байгуулсан гэх гэрээ нь Түшиг ХХК-тай хийсэн гэрээний загвартай ижил, хуурамч, талуудын гарын үсэг, тамга тэмдэг байхгүй, эх хувьгүй зохиомол байсан нь нотлогддог.

Ийнхүү ҮЦЗЗТухай хуулийн 5-р зүйлийн 5.4-р заалт: Энэ хуулийн 5.3-д заасан шийдвэрийг 2 хувь үйлдэнэ, ... Хороонд хадгалагдаж байгаа хувийг эх хувь гэж тооцно" гэсэн заалтыг ноцтой зөрчиж Хороонд тухайн банк, компаниудтай байгуулсан гэрээний эх хувь байхгүй, гэрээ хийгдээгүй байхад 100, 122-р тогтоолуудыг гаргасан нь иргэд, хөрөнгө оруулагчдыг эрсдэлд оруулсан.

Хүмүүн төрөлхтөн орчлон ертөнцөд эрх зүйн харилцаанд оролцохдоо ямарваа нэгэн гэрээ хэлцэлгүйгээр их хэмжээний хэлцлийг хийж болох тохиолдлыг ийнхүү анх удаа СЗХ-ны энэхүү тогтоолууд харууллаа...!!!

Шүүх энэхүү байдлыг эс үйлдэхүйгээр дэмжсэн нь бусад төрийн байгууллагуудад хууль зөрчих үлгэр жишээ болох байх.

ҮЦЗЗТухай хуулийн "5-р зүйлийн 5.3-р заалтын "Үнэт цаас гаргах бүрт шийдвэрийг гаргах бөгөөд уг шийдвэрт үнэт цаасны бүрбүүлбэр " гэдэгт: СЗХ-ны "Олон нийтэд хувьцаа санал болгох, бүртгэх тухай журам"-д зааснаас гадна Үнэт цаас гаргагч нь Стратегийн хөрөнгө оруулагч болох Шинань банк болон "Түшиг" ХХК-тай, мөн стратегийн хөрөнгө оруулагч болох БНСУ-ын №11 NAU IB CAPITAL болон KTI компаниудтай олон улсын болон МУ-ын хуулийн хүрээнд хүчин төгөлдөр гэрээ хийсэн байх, ялангуяа Анод банкны хувьцаа гаргах анхны төсөлд тусгагдсан Шинань банк өөрчлөгдөж дээрх Солонгосын танигдаагүй хоёр компаниар солигдоход СЗХ нь үүнтэй холбогдуулан эрсдлийн шинжилгээ хийлгэх, Анод банкны олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлж нийтэд санал болгон хувьцаа гаргах хүсэлтүүд, тэдгээрийн ХНХурлын тогтоол, тухайн компанийн дүрэм, компаниас ирүүлж байгаа ялангуяа ТУЗ-ийн дарга нь өөрчлөгдсөн эсэх, Э.Гүр-Аранз тухайн цаг мөчид ТУЗ-ийн дарга мөн эсэх талаар зайлшгүй шаардлагатай материалууд багтана.

7-р зүйлийн 7.8-р заалт: Хороо ирүүлсэн өргөдөл, танилцуулга, бусад баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 30 хоногийн дотор хянан үзээд шаардлага хангасан гэж үзвэл үнэт цаасыг бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзсан үндэслэл бүхий шийдвэрийн аль нэгийг гаргана".

  • Шүүхийн Шийдвэрт: "Хариуцагч СЗХ нь "Анод банк"-аас ирүүлсэн өргөдөл, танилцуулга, бусад баримт бичгийг хянан үзээд холбогдох нэмэлт тодруулгыг гарган авч, Анод банк ХК-ийн нийтэд санал болгон гаргах хувьцааг бүртгэх тухай шийдвэрийг гаргасныг шүүх шууд буруутгах үндэслэлгүй байна.

Тодрүүлбал Үнэт цаасны тухай хуулийн 4-р зүйлийн 4.1, 5-р зүйлийн 5.1-д зааснаар ... хуулийн этгээд үнэт цаас(хувьцаа) нийтэд санал болгон арилжхаар гаргаж болох бөгөөд мөн хуулийн 7-р зүйлийн 7.8-д зааснаар Хороонд ирүүлсэн өргөдөл, танилцуулга, бусад баримт бичиг нь шаардлага хангасан гэж үзвэл үнэт цаасыг бүртгэх шийдвэр гаргах хуулийн зохицуулалттай байх бөгөөд Анод банкны нийтэд санал болгон гаргах хувьцааг бүртгэхээр шийдвэрлэсэн нь хууль тогтоомжийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна" хэмээн хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг бүрэн хянан үзэж судлаагүйн улмаас хуулийг буруу тайлбарлан дүгнэжээ.

2008 оны 05-р сарын 15-ны өдөр Анод банкны "100-р тогтоолд заасан Шинань банкыг өөрчилж түүний оронд Солонгосын 2 компаниар өөрчлөх тухай" 0/15-р албан тоотыг СЗХ-нд ирүүлсэн гэх бөгөөд Хороо нь 2007 оны 12-р сард ирүүлсэн Анод банкны нийтэд санал болгон гаргах тухай төсөл ийнхүү өөрчлөгдөж, ялангуяа дэлхийд нэр хүнд бүхий стратегийн хөрөнгө оруулагч Шинань банк нь солигдож, төсөлд огт тусгагдаагүй 2 шинэ компани орж ирсэн нь тухайн компаниудыг судлан, эрсдлийн шинжилгээ хийлгэж, СЗХЭЗБТХуулийн 36-р зүйл, ҮЦЗЗТХуулийн 7-р зүйлийн 7, 8-р заалтын цаг хугацаанд, мөн хуулийн 5-р зүйлийн 5.3-р заалтын дагуу бүрдүүлбэрүүдийг хангуулсны үндсэн дээр СЗХ-ны гишүүдийн хурлаар дахин хэлэлцүүлж тодорхой.... дугаар бүхий тогтоолыг гаргах ёстой байсан.

Ялангуяа 2008 оны 04-р сарын 18-ны өдөр Шинань банктай гэрээ хэлцэл хийгдээгүй байхад СЗХ 100-р тогтоолыг гаргасан нь 1 сар орчим л настай болсон туршлага байхад энэхүү үйлдлээ давтаж ядахнаа тэдгээр компаниудтай гэрээ хэлцэл хийгээгүй байхад Анод банкны дээрх хүсэлтийг 3 хоногийн дараа хангасан нь хачирхалтай, СЗХ нь хууль зөрчин цаг хугацааны хувьд боломжгүй илт хууль бус 122-р тогтоолыг гаргаж хөрөнгө оруулагчдыг эрсдэлд оруулсан.

7-р зүйлийн 7.10-р заалт: Хороо дараах үндэслэлээр шинээр болон нэмж гаргасан үнэт цаасыг бүртгэхээс татгалзана.

7-р зүйлийн 7.10.1-р заалт: Хороонд ирүүлсэн баримт бичиг нь агуулгын хувьд хоорондоо зөрчилтэй, тоон үзүүлэлт нь зөрүүтэй үед дахин магадлах;

7-р зүйлийн 7.10.2-р заалт: Баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, эсхүл хуурамч мэдээ, баримт тусгасан нь илэрсэн.

8-р зүйлийн 8.2-р заалт: Үнэт цаас гаргагч болон тухайн үнэт цаасыг зуучлан арилжих мэргэжлийн байгууллага(СЗХ) нь үнэт цаасыг арилжихаас өмнө сонирхогч этгээдийг шаардлагатай мэдээлэлтэй танилцах боломжоор хангана

“11-р зүйлийн 11.4.3-р заалт: Хувьцаа худалдан авах хөрөнгийн эх үүсвэр

11-р зүйлийн 11.7-р заалт: Тендер санал(стратегийн хөрөнгө оруулагч болохыг хүсэгч Шинань банк, Түшиг ХХК, БНСУ-ын Эн Эй Ю Ай Би капитал, КТ1) гаргагч тендер саналтай холбогдсон мэдээллийг сонирхогч бүх этгээдэд нэгэн адил хүргэх үүрэгтэй.

14-р зүйлийн 14.1-р заалт: Үнэт цаас гаргагч холбогдох хууль тогтоомжид заасан мэдээллийг нийтэд хүргэх, хөрөнгө оруулагчид өгөх үүрэгтэй.

14-р зүйлийн 14.3-р заалт: Энэ хуулийн 14.2-т заасныг зөрчиж, хөрөнгө оруулагчид буруу мэдээлэл өгөх, төөрөгдүүлэх нь хөрөнгө оруулагч болон мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг этгээдийн хооронд байгуулсан гэрээг хуульд заасан журмын дагуу өөрчлөх, цуцлах үндэслэл болно.

16-р зүйлийн 16.1.1-р заалт: Үнэт цаасны арилжаа болон үнэт цаасыг нийтэд худалдахаар санал болгох явцад нийтэд хуурамч мэдээлэл өгөх, төөрөгдүүлэх.

16-р зүйлийн 16.1.6-р заалт: Хуулиар танилцуулгад тусгахаар заасан мэдээллийг орхигдуулах, буруу мэдээлэх, тайлагнах.

  • СЗХЭЗБТХ-ийн 8-р зүйлийн 8.2-р заалтаар: ... "үнэт цаасыг арилжихаас өмнө сонирхогч этгээдийг шаардлагатай мэдээлэлтэй танилцах, мэдээлэл хүргэх боломжоор хангах" цаг хугацааны хувьд боломжгүй нь нэгэнт тодорхой байсан тул тухайн хуулийн 7-р зүйлийн 7.10, 7.10.1, 7.10.2, 11-р зүйлийн 11.7, 14-р зүйлийн 14.1, 14.3, 16-р зүйлийн 16.1.1, 16.1.6-р заалтуудын хуулийн хүрээнд Анод банкны олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэх IPO гаргахыг тодорхой хугацаагаар болон түр хугацаагаар түтгэлзүүлэх, Анод банкны хувьцаа гаргах төслийг цуцлах эрх СЗХ-нд байсан бөгөөд түр түтгэлзүүлсэн тохиолдолд энэхүү хугацаанд дээрх Солонгосын 2 компанийг судлаж, ялангуяа Хорооны 100-р тогтоолын тэмдэглэлд тусгагдсан дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлсэн 6.3 тэрбум төгрөгийн ашгийн хувиарлалт, түүнийг Монгол банкнаас зөвшөөрөл авахуулах, тухайн компаниудтай албан ёсны гэрээ хийх гэх мэтчилэн Шинань банктай байгуулах гэрээнээс бусад дутуу материалуудыг хуулийн дагуу бүрдүүлэх боломжийг Анод банкинд олгож СЗХЭЗБТХ-ийн 4-р зүйлийн 4.1-р заалтыг биелүүлж хөрөнгө оруулагч, иргэдийг эрсдэлээс хамгаалах чиг үүрэгээ биелүүлээгүй.

ҮЦЗЗ-ийн тухай хуулийн  11 -р зүйлийн 11.4.3-р заалтын дагуу Хороо нь БНСУ-ын NAU IB Capital болон KTI компанийн хөрөнгийн эх үүсвэр нь хуулийн дагуу эсэхэд хяналт тавих ёстой ч энэ үүргээ биелүүлээгүй...

3. "Нягтлан Бодох Бүртгэлийн Тухай Хууль"-ийн:

13-р зүйлийн 13.1-р заалт: Санхүүгийн тайлангийн жил 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно.

13-р зүйлийн 13.2-р заалт: Аж ахуйн нэгж, байгууллага улирлын санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 20, жилийн санхүүгийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор харилцагч санхүүгийн байгууллагад тушаана.

  • СЗХ нь 2008 оны 04-р сарын 18-ны өдрийн СЗХ-ны гишүүдийн хурлын тэмдэглэлд дурьдагдсан санхүүгийн холбогдолтой асуудлуудыг шийдвэрлээгүй байхад 100-р тогтоолыг гаргасан нь "Нягтлан бодох бүртгэлийн тухай" хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн. /ХМ-ын 1-р ХХ-ийн 31-37-р хуу, 5-р ХХ-ийн 149-193-р хуудсанд байгаа  2016 оны 02-р сарын 25-ны өдөр 109 тоотоор Шүүхэд нотлох баримтын хүрээнд хүргүүлсэн нэмэлт тайлбарын 1-5-р хуу/

4. СЗХ-ны "Нийтэд Санал Болгон Гаргах Үнэт Цаасыг Бүртгэх Тухай Журам"-ын:

2-р зүйлийн 2.4-р заалт: Өргөдөл, танилцуулга, бусад баримт бичгийг эмхэтгэн нүүр бүрийг эхнээс нь дугаарлаж, нийт хэдэн нүүр баримт бичиг ирүүлснийг тэмдэглэж, нүүр тус бүрийн доод талд үнэт цаас гаргагчийн тэмдгийг дарсан байна

  • 2008 онд Анод хувийн банкыг нээлттэй хувьцаат компани болгох Анод банкнаас ирүүлсэн хүсэлт, танилцуулга, бусад холбогдох материалуудыг СЗХ-ны архивт хадгалж байсанаар НЗХАШШ-д ирүүлсэн баримтууд нь СЗХ-ны энэхүү журамын 2-р зүйлийн 2.4-р заалтыг ноцтой зөрчиж хуудас бүрийг дугаарлаагүй, яг хэдэн хуудас баримт ирүүлснийг тэмдэглээгүй, үнэт цаас гаргагчийн тамга тэмдэг даруулаагүй байдаг. Энэ нь 2008 оны 100, 122-р тогтоолуудыг гаргах хурлын тэмдэглэлд дурьдагдсан дутуу материалуудыг, тухайлбал гэрээ хэлцэлүүд, Монгол банкнаас ашгийн хувиарлалтын зөвшөөрөл, стратегийн хөрөнгө оруулагчидтай харьцсан гэх бичиг баримтыг нөхүүлэхийн тулд Анод банкнаас ирүүлсэн баримт бичгийг дугаарлуулаагүй гэж үзэхээр байгаа юм. Иймээс ч 2013 он хүртэл Анод банктай холбогдох төрөл бүрийн олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэх төсөл, хувьцаа(IPO) гаргахтай огт холбоогүй баримтуудыг эдгээр хавтаст нэгтгэсэн байдаг.

2-р зүйлийн 2.7.14-р заалт: Тухайн үнэт цаасыг худалдан авснаар хөрөнгө оруулагчид учирч болох эрсдэл, эрсдлийн шинжилгээ.

3-р зүйлийн 3.1-р заалт: Хороо ҮЦЗЗ-ийн тухай хуулийн 7-р зүйл, энэ журмын 2-р зүйлд заасны дагуу үнэт цаас гаргагчаас ирүүлсэн өргөдөл, танилцуулга, бусад баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 30 хоногийн дотор хянаж, шаардлага хангасан гэж үзвэл тухайн үнэт цаасыг бүртгэх тухай шийдвэр гаргана.

3-р зүйлийн 3.3-р заалт: Энэ журмын 3.2-т заасан өргөдөл, танилцуулга болон холбогдох бичиг баримт нь алдаатай, эсхүл бүрдэл дутуу, шаардлага хангахгуй нөхцөлд алдааг засуулах, дутуу баримт бичгийг нөхөн бүрдүүлэх, шаардлагатай зарим баримт бичгийг эрх бүхий байгууллагаар баталгаажуулж ирүүлэхийг шаардаж болох ба энэ тохиолдолд энэ журмын 3.1-д заасан өргөдөл хянах хугацааг өргөдлийн бүрдэл бүрдсэн өдрөөс эхлэн тооцно.

3-р зүйлийн 3.5-р заалт: Хороонд   ирүүлсэн   өргөдөл, танилцуулга, нэмэлт баримт бичгийн эх хувийн хуудас бүр дээр "СЗХ бүртгэв" тэмдэг дарна.

Энэхүү журмын 3-р зүйлийн 3.3.1, 3.3.3 дахь заалтыг ноцтой зөрчсөн. Тухайлбал: Хорооны 100, 122-р тогтоолыг гаргахдаа холбогдох бичиг баримт нь байхгүй, банкны тухай хуульд заасан ашиг хувиарлах зөвшөөрлийг Монгол банкнаас ирүүлэх буюу Анод банкнаас авчруулах, Шинань банк, Солонгосын NAU IB Capital болон KTI 2 компанитай гэрээ хэлцлийг нь хийлгүүлсэний дараа 30 хоногийн дотор Хорооны хуралд хэлэлцүүлэх ёстой байсан.

7-р зүйлийн 7.5-р заалт: Нийтэд   санал   болгон   гаргасан   үнэт   цаас тухайн шийдвэрээ Хороо өөрийн веб хуудсаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.

  • СЗХ нь 2008 оны 05-р сарын 19-ний өдөр буюу Анод банкны хувьцааг худалдах захиалга эхэлсэн өдөр Хорооны 122-р тогтоолыг гаргасан. Энэхүү тогтоолоор 100-р тогтоолоор Анод банкны стратегийн хөрөнгө оруулагчаар дэлхийд тэргүүлэгч Шинань банк байсныг өөрчлөн Солонгосын NAU IB Capital болон KTI гэсэн 2 компаниар солих тогтоолыг гаргасан  байдаг. Энэ талаар Анод банкинд иргэд,  хөрөнгө оруулагч, олон нийт тэр байтугай мэргэжлийн үнэт цаасны брокер, дилерийн компаниуд нь,  ялангуяа Анод банкны олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэх   теслийг гардан хийсэн түүний зуучлагч, үнэт цаасны мэргэжлийн "Си Си Пи" компани, түүний захирал н.Гантулга нь УМБГ-т хууль сануулан өгсөн мэдүүлэгтээ: "Би Шинань банкыг өөрчилснийг, энэхүү 122-р тогтоолын талаар огт мэдээгүй, уул нь хамгийн түрүүнд Анод банк нь надад мэдэгдэх ёстой, энэ тухайгаа СЗХ нь надад ч мэдэгдээгүй, арилжаа явагдаж дууссанаас хойш бүр хожим нь сонсож байсан" гэх, мөн 2008 оны 05-р сарын 19-ний өдрийн 122-р тогтоолыг гаргах СЗХ-ны хуралд оролцсон гэж хурлын тэмдэглэлд бзртгэгдсэн СЗХ-ны гишүүн Б.Лхагвасүрэн нь УМБГ-т хууль сануулан өгсөн мэдүүлэгтээ : "Би энэхүү 122-р тогтоолыг гаргасан хуралд оролцоогүй, ... харин бүр сүүлд нь Анодын арилжаа явагдаад дууссан үед энэхүү тогтоолыг гаргасан тухай танилцуулсан бөгөөд нэгэнт арилжаа нь явагдаад, Анод банкны хувьцаа нь зарагдаад дууссан байсан болохоор би хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан" гэсэн дээрх тайлбар, мэдүүлэгүүдээс, мэргэжлийн үнэт цаасны компаниуд нь хүртэл 100-р тогтоолыг өөрчилж Шинань банк Анод банкинд хөрөнгө оруулахгүй болсон талаар мэдээгүй нь СЗХ нь 2006 онд баталсан өөрийн СЗХ-ны "Нийтэд Санал Болгон Гаргах Үнэт Цаасыг Бүртгэх Тухай Журам"-ын 7-р зүйлийн 7.5-р заалтыг ноцтой зөрчиж нууцлалын зэрэглэлтэйгээр иргэд, хөрөнгө оруулагчдад Хороо өөрийн веб хуудсаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлээгүй нь үүгээр нотлогдож байна.

5. "Банкны Тухай Хууль"-ийн:

23-р зүйлийн 23.1.4-р заалт: банкинд хувь нийлүүлэх мөнгөн хөрөнгө нь өөрийн хууль ёсны үйл ажиллагаанаас олсон орлогоос бүрдсэн эсэхийг нотлох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн эсэх.

  • Анод банк нь өөрийн банкинд байршуулсан иргэд, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг гадаад банкин дахь харилцах дансаараа дамжуулан Солонгосын нэр бүхий 2 компани, Түшиг ХХК нь хөрөнгө оруулсан мэтээр тойруу замаар хөрөнгийн бирж рүү шилжүүлэн стратегийн хөрөнгө оруулагчид хувьцаа худалдаж авсан гэх үйлдлийг гаргасныг энэхүү ХМ-ын хавтаст хэрэгт авагтсан 2009 оны 03 дугаар сарын 26-ны Монгол Банкны Дотоод Аудитын Газраас Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон.

СЗХ нь Банкны тухай хуулийн дээрх заалтын дагуу Хорооны 122-р тогтоолд дурьдагдсан БНСУ-ын NAU IB Capital болон KTI компаниудын хөрөнгө оруулалт нь хууль ёсны үйл ажиллагаанаас олсон орлогоос бүрдсэн эсэхэд хяналт тавиагүй, илтэд худал баримт, бодит бус мэдээлэл бүрдүүлснийг хянан шалгалгүйгээр хууль зөрчсөн аж ахуйн нэгжийг дэмжих байдалтайгаар илт хууль бус 122-р тогтоолыг гаргасан нь иргэд, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг ноцтой зөрчсөн.

35-р зүйлийн 35.3-р заалт: Банк нь ногдол ашиг хуваарилсны дараа Монгол банкнаас тогтоосон зохистой харьцааны үзүүлэлт хангагдах нөхцөлд ногдол ашиг хуваарилж болно.

Хороо нь 2008 оны 04-р сарын 18-ны өдрийн 100-р тогтоолыг гаргасан СЗХ-ны  гишүүдийн хурлын тэмдэглэлд дурьдагдсан дүрмийн сан нь хүрэлцээгүй байхад 6,3 тэрбум төгрөгний цэвэр ашиг хуваарилах боломжтой мэт, хавтаст хэрэгт авагтсан баримтанд Анод банкны хувь нийлүүлэгчдийн хурлыг тухайн оны 04-р сарын 19-ний     өдөр хуралдуулж 6,3 тэрбум төгрөгийг хувиарлах тогтоолыг хуурамчаар бүрдүүлснийг СЗХ нь дээрх хуулийн заалтын дагуу Анод банкинд Монгол банкнаас заавал зөвшөөрөл авчруулах, мөн Монгол банктай байгуулсан Харилцан Ойлголцлын Санамж Бичгийн хүрээнд СЗХ нь ч Монгол банкнаас тухайн бичгийг ирүүлэх боломж нээлттэй байхад дээрх хуулийн заалтыг зөрчиж Анод банкны хувьцааг худалдан авсан иргэд, хөрөнгө оруулагчдад байхгүй хөрөнгийг үнэлэн, НББ-ийн тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг зөрчин илт хууль бус 100-р тогтоолыг гаргах бололцоог бий болгож СЗХ нь СЗХЭЗБТухай хууль, ҮЦЗЗТухай хууль болон бусад хууль тогтоомж, төрийн эрх бүхий дээд байгууллагын хувьд хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан.

6. 2006 оны 11-р сарын 10-ны өдрийн Монгол банк, Сангийн Яам, СЗХ-ны харилцан ойлголцлын санамж бичиг:

1-р зүйл: Санхүүгийн үйл ажиллагаа ил тод байх: Санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаатай холбоо бүхий асуудлаар бодлогын шийдвэр гаргахдаа талуудын саналыг авч байх, гаргасан шийдвэрийн тухай мэдээллийг санхүүгийн зах зээлийн харилцаанд оролцогч хуулийн этгээд болон олон нийтэд мэдээлж байх.

Талууд мэдээллийг тогтмол солилцдог байх: Мэдээллийг харилцан тогтмол солилцож, хамтран ажиллана.

2-р зүйл: Талуудын үйл ажиллагааны үндсэн чиглэл: Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах.

3-р зүйлийн 3.9-р заалт: Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх болон бусад төрлийн санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр талууд бүх талаар хамтран ажиллана.

  • СЗХ нь дээрх ХОСБ-ийн хүрээнд Анод хувийн банкыг олон нийтээс их хэмжээний 9.8 тэрбум төгрөгийн хөрөнгө татан төвлөрүүлж хувьцаат компани болгох үйлдэлдээ “Монгол банкнаас харилцан нягт уялдаатай байж Анод банк гэх салбарын хувьд Банкны тухай хууль"-ын 35.3-р заалтын дагуу "ҮЦЗЗТухай хууль"-ийн 5-р зүйлд заагдсан баримтын бүрдүүлбэрийг хангахдаа, тухайлбал: 2007 оны болон 2008 оны 01-р улирлын 6,3 тэрбум төгрөгийн ашиг хуваарилах нь зөв эсэх талаар Монгол банкнаас лавлагаа авч "СЗХЭЗБТухай хууль"-ын 4.1-р заалтан дахь үүргээ гүйцэтгэсэн бол   өнөөдөр иргэд, хөрөнгө оруулагчдын эрх ашиг зөрчигдөхгүй, тухайн тогтоолууд нь гарах боломжгүй нь тухайн цаг үедээ тогтоогдох байсан. Дээрх ХОСБ-ийн журамыг СЗХ зөрчиж Анод банкны хувьцаа гаргасан талаар 2009 оны 01-р сарын 12-ны өдрийн УИХ-ын СЗХ-нд хийсэн шалгалтын дүгнэлтэнд тодорхой дурьдсан байдаг.

2.1. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт:

- Нэхэмжлэгч Т.******* нь нэхэмжлэлийн үндэслэлдээ: "2008 онд Анод хувийн банкыг нээлттэй хувьцаат компани болгох СЗХ-ны 100, 122, 124-р тогтоолууд нь ... процедурын хувьд алдаатай гарсан, ...холбогдох хууль, журамыг ноцтой зөрчиж, олон нийтийн хөрөнгийг дампуурч байсан Анод банкны удирдлагуудад хууль бусаар зарцуулах боломжийг олгосон ... Анод банкны удирдлагуудын хараат байдал, эрхшээлд орж, тухайн IPO-г гаргасан ... илт хууль бус тогтоол юм гэж маргажээ" хэмээн дурьдсан байдаг бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн явцад нотлох баримтыг судлан шинжилсний үндсэн дээр шүүхийн хурлын бичлэг, тэмдэглэлд нэхэмжлэгч тал болон шүүгч ч: "хариуцагч талын тайлбарын өмнө, хариуцагч талаас асуух асуултын үед СЗХ-ны 100, 122, 124-р тогтоолууд нь процедурын хувьд алдаатай гарсныг, 100-р тогтоол нь Анод банкыг хувьцаат компани болгож шинээр хувьцаа гаргах зөвшөөрөл олгох хурлын шийдвэр биш, зөвхөн дутуу материалаа бүрэн гүйцэт бүрдүүлэхийг даалгасан тогтоол болохыг дахин дахин дурьдаж байсан" атлаа энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт ч, Үндэслэх хэсэгт ч, нэхэмжлэлийн тайлбарт ч дурьдаагүй орхигдуулжээ.

2.2. Шүүх шийдвэрийн үндэслэх, тогтоох хэсэгт:

“СЗХ-ны ЭЗБТухай хууль"-ын 6-р зүйлийн 6.2.2-т зааснаар "СЗХ нь үнэт цаасны зах зээлд оролцогчийн үйл ажиллагааны чиглэлээр "ҮЦЗЗТухай хууль"-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх"-ээр, "ҮЦЗЗТухай хууль"-ийн 34-р зүйлийн 34.1.7-д зааснаар МУ-ын нутаг дэвсгэрт нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасыг бүртгэх эрх хэмжээтэй байна. Түүнчлэн ҮЦЗЗТХуулийн 7-р зүйлийн 7.1-д зааснаар үнэт цаасыг нийтэд санал болгон худалдахаар гаргахдаа тогтоосон журмын дагуу Хороонд бүртгүүлэх ёстой, ... гэсэн хуулийн дагуу Анод банкны нийтэд санал болгон гаргах хувьцааг бүртгэсэн нь үндэслэлгүй байна".

  • Хариуцагч СЗХ нь 2008 оны 100,122,124-р тогтоолуудаа Анод банкны ... хувьцааг бүртгэж өмчлөх эрхийг баталгаажуулсан нь СЭЗБТХуулийн 8-р зүйлийн 8.2-т ... гэснийг, мөн ҮЦЗЗТХуулийн 5-р зүйлийн 5.1-т ..., 7-р зүйлийн 7.8-д "Хороо ирүүлсэн ... өргөдөлтэй танилцаад шаардлага хангасан гэж үзвэл үнэт цаасыг бүртгэх, ... үндэслэл бүхий шийдвэрийн аль нэгийг гаргана", 9-р зүйлийн 9.1-т "Үнэт цаасны зах зээл дээр Хороонд бүртгүүлсэн үнэт цаасыг арилжаална", 34-р зүйлийн 34.1.7-д "МУ-ын нутаг дэвсгэрт нийтэд санал болгож байгаа үнэт цаасыг бүртгэх, ..." зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэгчийн " ...хуралдааны ирц хүрээгүй байхад 122-р тогтоолыг гаргасан, холбогдох нотлох баримт дутуу байхад... захиргааны акт гаргасан ... тогтоолууд нь ямар ч эрх зүйн үндэслэлгүй ... хууль бус... гэх тайлбар үндэслэлгүй байна" хэмээн зөвхөн хариуцагч талын ашиг сонирхолд нийцсэн хуулийн заалтуудаар:

"Шүүхийн Шийдвэр"-тээ дурьдаж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөвхөн нэг тал(хариуцагч)-ын өнцөгөөс хуулийг буруугаар ашиглаж тайлбарлаж энэхүү гомдолд дээр дурьдагдсан холбогдох бусад хууль тогтоомжуудын заалтуудыг илт ноцтойгоор, санаатайгаар зөрчиж байсан СЗХ-ны удирдлагууд(тухайн үед ҮЦГ-ын дарга, одоо СЗХ-ны орлогч дарга Х.Бум-Эрдэнэ нь өнөөдөр 2 ч оффшор данстай нь нийтэд мэдээлэгдээд байхад)-ын буруутай үйлдлийг илт хаацайлж байна.

МУ-д мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудын хуулийн заалтууд өөр хоорондоо хамааралгүй болохыг, хэн нэгний нөлөөтэй, төрийн байгууллагын өндөр албан тушаалтнууд хуулийн аль нэг өөрт ашигтай заалтыг хэрэглэж болдог, тэр хэрэглэх гэж оролдож байгаа заалтууд нь бусдын эрх ашгийг зөрчиж эдийн засгийн ямар их хохирол учруулсан ч хамаагүй, иргэн хүн эрх ашиг, нэр төрөө сэргээлгэж, холбогдох хууль, Иргэний хууль, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хамгаалуулах боломжгүй гэх утгыг хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээр энэхүү шүүхийн шийдвэр нотоллоо...

Ийнхүү маргаан бүхий актуудыг гаргахад чухал шаардлагатай бичиг баримт дутуу, түүнийг авсны дараа хувьцааг нийтэд санал болгож бүртгэх шийдвэрээ гаргах талаар хэлэлцэн асуудлыг нээлттэй шийдвэрлэж орхисныг шүүх хурлын явцад, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ тусгасан, СЗХ-ны гишүүдийн хуралдаанаар баталгаажсан шийдвэрээс өөр шийдвэрийг гаргасан болох нь хэрэгт авагтсан баримтаар нотлогдож байгааг шүүх тогтоосон атлаа бүх шаардлагатай баримтыг хянан үзэж, хууль зөрчилгүйгээгээр хариуцагч маргаан бүхий актуудыг гаргасан мэтээр зөрчилтэй дүгнэлт хийсэн.

Шүүх ийм байдлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй болно.

2.3. Шүүх шийдвэртээ:

"Хариуцагч СЗХ нь 2008 оны 04-р сарын 18-ны өдрийн хуралдаанаар тус компанийн нийтэд санал болгон гаргах хувьцааг бүртгэх асуудлыг хэлэлцээд Компаний зүгээс материалаа бүрэн гүйцэд боловсруулан мэдүүлсэн үед эцэслэн шийдвэрлэх"-ээр олонхийн саналаар шийдвэрлэсэн атлаа мөн өдрөө тогтоолыг гаргасан нь СЭЗБТХуулийн 7.1, 8.1-р заалтыг зөрчсөн" гэж дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-рт: ... "СЗХЭЗБТХуулийн 7-р зүйлийн 7.1, 8.1-р заалтыг баримтлан ...100, 122, 124-р тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг... бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай" гэсэн нь шүүхийн шийдвэрийн шаардлагад нийцээгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Энэхүү шийдвэрийн яг энэхүү дүгнэлтийг энгийн хуулийн тусгайлсан мэдлэггүй хүн уншиж ойлгоход иргэн, хуулийн этгээдэд холбоотой нэгэнт хэрэгжиж биелэгдсэн хууль зөрчсөн захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах хэрэггүй, шүүх угаасаа хэрэгжээд биелэгдсэн захиргааны актаас болж зөрчигдсөн эрхийг тань сэргээж, хамгаалах боломжгүй, тус актыг хууль бус гэж үзэн хүчингүй болгох үндэслэлгүй гэж ойлгогдохоор байна.

Шүүхийн шийдвэрт "...Хуулийн этгээд буюу компани нь олон нийтэд анх удаагаа хувьцаагаа санал болгох үйл ажиллагааа IPO буюу initial public Offering гэдэг нь хөрөнгийн анхдагч зах зээлд компанийн хувьцааг арилжаалж, улмаар санхүүжилт босгох процесс юм. Өөрөөр хэлбэл компани хувьцааныхаа тодорхой хэсгийг хөрөнгийн биржээр дамжуулан худалдаж, улмаар компани хөрөнгө оруулалт босгох, хөрөнгө оруулагчид компанийн ашгаас хувь хүртэх боломжийг нээсэн харилцан ашигтай харилцаа юм. Санхүүгийн зохицуулах хороо нь Анод банкнаас ирүүлсэн өргөдөл, танилцуулга, бусад баримт бичгийг хянан үзээд холбогдох нэмэлт тодруулгыг гарган авч, Анод банк ХК-ийн нийтэд санал болгон гаргах хувьцааг бүртгэх тухай шийдвэрийг гаргасныг шүүх шууд буруутгах үндэслэлгүй" гэх дүгнэлтийг хийсэн байдаг.

...Нэхэмжлэгчээс ямар нэг байдлаар СЗХ-ны шийдвэрийг шүүхээс буруутгаад өгөөч гэж хүсээгүй хууль бус захиргааны акт гаргасан болохыг тогтоолгохыг хүссэн гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ойлголгүйгээр ийнхүү дүгнэлт хийж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар холбогдуулж дүгнэлт өгөх, түүнээс бус шаардлагад хамаагүй асуудлаар дүгнэлт өгөхгүй байх шүүхийн шийдвэрийн шаардлагыг зөрсөн хууль бус шийдвэр болсон байна.

4. СЗХ нь хууль тогтоомжуудыг илтэд зөрчиж хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, Хорооны хуралдаанаараа асуудлыг нээлттэй орхиж, дутуу баримт бичиг бүрдсэний дараа дахин энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэсэн байхад үүнээс өөр шийдвэр гарсан, стратегийн хөрөнгө оруулагч нартай гэрээ байгуулаагүй, дүрмийн сангаа зохиомлоор нэмэгдүүлж хууль зөрчиж 6,3 тэрбум төгрөгийн ашиг хувиарласан, Хорооны хуралдаан хууль бус ирцтэйгээр явагдаж шийдвэр гаргасан, Монгол банкнаас албан ёсны зөвшөөрөл аваагүй, хөрөнгө оруулагч, иргэдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалалгүйгээр, хууль бус мэдээллээр хангаж ялангуяа 122-р тогтоолыг гаргасан тухайгаа нуун дарагдуулж, маргаан бүхий захиргааны актуудыг гаргасан байхад Шүүх нь СЗХ хувьцааг бүртгэх хуулийн зохицуулалттай байх бөгөөд "Анод банк" ХК-ийн нийтэд санал болгон гаргах хувьцааг бүртгэхээр шийдвэрлэсэн нь хууль тогтоомжийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна гэж хавтас хэрэгт авагтсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа хууль бус үйлдлийг шүүх хамгаалах байдалтайгаар илт нэг талыг барин Шийдвэрээ гаргасан.

Мөн Анод банк ХК нь татан буугдсан, банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болгосон, хувьцаа худалдан авсан хохирогч нарын хохирлыг эрүүгийн хэргийн шүүхийн журмаар нэгэнт шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь маргаан бүхий дээрх тогтоолуудын улмаас зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм.

Эрүүгийн шүүх нь Анод банк ХК-ийн холбогдох албан тушаалтаны гэм буруутай үйлдлийг тогтоосон болохоос бус маргаан бүхий захиргааны актуудын хууль бус эсэхийг хянан дүгнэлт хийн шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биш бөгөөд нэхэмжлэгч нь нэгэнт тогтоосон шүүхийн шийдвэрт дурьдсан асуудлыг өөр шүүхээр хянуулахаар нэхэмжлэл гаргаагүй болох нь илэрхий тодорхой зүйл билээ.

5. Анод банк ХХК-ийн олон нийтэд санал болгох замаар нээлттэй хувьцаа гаргахтай холбогдох чухал баримт, хэлцэлүүд СЗХ-ны 100,122-р тогтоол гаргах дээрх өдрүүдийн хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед байхгүй байсан болох нь хуралдааны тэмдэглэл болон тус тэмдэглэлд тусгагдсан гишүүдийн асуулт, Анод банк ХХК-ийн эрх бүхий албан тушаалтаны хариулт болон, хувьцаа гаргахтай холбоотой баримт материалыг хүлээн авч, шалгаж байсан хорооны мэргэжилтэн, Үнэт цаасны газрын орлогч дарга нарын асуулт, тайлбар, хэлсэн үг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож, хариуцагч байгууллага нь өөрийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүйгээр илтэд худал баримт, бодит бус мэдээллийг хянаж шалгалгүйгээр олон мянган иргэдийг хохироож, хууль зөрчсөн аж ахуйн нэгжийг дэмжих байдалтайгаар иргэд, аж ахуйн нэгжийнхээ эрх, ашгийг хамгаалах ёстой төрийн байгууллагын үндсэн чиг үүрэг, зорилгоо буруугаар ашиглаж гарах ёсгүй захиргааны акт гаргасан, үүнээс болж нэхэмжлэгч иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхад үүний талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх талаар шүүхийн шаардлагыг хангаагүй.

Шүүхээс хууль бус захиргааны акт гэдгийг хүлээн зөвшөөрсөн атлаа нэгэнт биелэгдсэн акт гэдэг энэхүү үндэслэлээр зөрчигдсөн эрхийг тань сэргээх боломжгүй, хамгаалах боломжгүй гэж хуульд заасан шүүх эрх мэдлийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа нь нэхэмжлэл гаргасан иргэнийг гомдоосон үйлдэл ба та тухайн актыг хэрэгжиж биелэгдэхээс өмнө манай шүүхэд хандсан бол бид эрхийг тань хамгаалж, сэргээж чадах байлаа гэж тайлбарлан дүгнэлт хийж байгаа нь ямар ч логик дараалалгүй, шүүх нь зөрчигдсөн эрхийг сэргээж чадахгүй юм бол иргэн, хуулийн этгээд түүнд хандаж нэхэмжлэлээ гаргах нь ямар ч хэрэггүй зүйл гэдэг нь энэхүү дүгнэлтээс тодорхой ойлгогдохоор байна.

Шүүх ийм байдлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна.

6. НЗХАШШ-ийн 2016 оны 05-р сарын 05-ны өдрийн 333-р албан тоот шийдвэрийг гаргахдаа анхан шатны шүүхээс захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Тухайлбал:

Шүүхээс "нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж, СЗХ-ны гишүүн Б.Лхагвасүрэнг гэрчээр асуух, түүнийг шүүхэд албадан ирүүлэх тухай захирамж гаргасан" атлаа ямар нэг байдлаар хэрэгжилтийг бүрэн хангаагүй, гэрчээр шүүх дээр асуугаагүй нь "ЗХХШТухай хууль"-ийн 31-р зүйлийн 31.1-д заасан үүргээ биелүүлээгүй.

Хэдийгээр СЗХ-ны гишүүн Б.Лхагвасүрэнг албадан ирүүлэх захирамжийн хүрээнд Тахарын албанаас холбогдох арга хэмжээг авч, түүний бичсэн гэх хүсэлтийг Шүүхэд ирүүлсэн байх боловч агуулгын хувьд зөрүүтэй, нэхэмжлэгчийн тодруулахыг хүссэн зүйлсийг тодорхой бичээгүй байгааг нэхэмжлэгчээс хүлээн зөвшөөрч гэрч асуулгах тухай хүсэлтээсээ татгалзаагүй, хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаан дээр энэ талаар Шүүгч хэлж сануулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Иймээс миний нэхэмжлэлийг дахин Анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна.

Ялангуяа энэхүү ажиллагаатай холбоотойгоор нотлогдох ёстой байсан СЗХ-ны гишүүнээр ажиллаж байх хугацаандаа "...Хорооны 2008 оны 05-р сарын 19-ний өдрийн 122 дугаар тогтоолыг гаргах хорооны хуралдааны тэмдэглэлд н.Лхагвасүрэн гишүүн оролцож ирц 4 гишүүн (СЗХ нь нийт 7 гишүүнтэй) оролцсон буюу "СЗХЭЗБТухай хууль"-ийн 7-р зүйлийн 7.4-д "Хорооны гишүүдийн олонхи нь оролцсоноор хуралдаан хүчин төгөлдөр болно" гэж заасны дагуу олонхи нь хуралдаанд оролцож уг маргаан бүхий актыг гаргасан гэх боловч бодит байдал дээр Б.Лхагвасүрэн гишүүн оролцоогүй, тогтоолыг хэлэлцсэн хуралдааны тэмдэглэлд дараа нь гарын үсэг зурсан талаараа хавтас хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэгээр нотлогддог. /ХМ-ын 3-р ХХ-ипн 51-53а-р хуу/

Шүүх дээрх гомдолд дурьдагдсан байдлуудаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2016 оны 05-р сарын 05-ны өдрийн 333 дугаар Шийдвэрийг хүчингүй болгож, НЗХАШШ-д дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 100, 122, 124 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Санхүүгийн зохицуулах хороо нь 2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Анод банк” ХХК-ийн нийтэд санал болгон гаргах хувьцааг бүртгэх тухай” 100 дугаар тогтоол гаргаж, тогтоолын 1 дэх заалтаар “Анод банк” ХХК-ийн нийтэд санал болгон гаргах нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 39.418.531 ширхэг энгийн хувьцааг Хорооны нийтэд санал болгон гаргах үнэт цаасны бүртгэлд бүртгэхийг Үнэт цаасны газарт, Хөрөнгийн биржийн бүртгэлд бүртгэхийг “Монголын хөрөнгийн бирж” ХК-д, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн бүртгэлд бүртгэхийг “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д тус тус зөвшөөрч, 2 дахь заалтаар нийтэд санал болгон худалдах 19.315.080 ширхэг хувьцааг нийтэд санал болгон гаргахад холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг “Анод банк” ХХК-д үүрэг болгож, 12 дахь заалтаар стратегийн хөрөнгө оруулагч болох БНСУ-ын “Шенан” /Shinhan bank/, “Түшиг” ХХК-аас татан төвлөрүүлэх хөрөнгийг оролцуулан нийтээс татан төвлөрүүлэхээр тооцсон 19 315 080 000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг бүрэн бүрдүүлэх боломжгүй болсон тохиолдолд хувьцааг нийтэд санал болгох ажиллагааг амжилтгүй болсонд тооцохыг “Анод банк” ХХК-д анхааруулж, 14 дэх заалтаар энэ тогтоолд заасны дагуу хувьцааг нийтэд санал болгон гаргах ажиллагаа амжилттай болсон тохиолдолд стратегийн хөрөнгө оруулагч болох БНСУ-ын “Шенан” банкинд         4 898 770 ширхэг хувьцааг, “Түшиг” ХХК-д 4 898 770 ширхэг хувьцааг нэг бүрийг нь энэхүү тогтоолын 4-т заасан хувьцаа худалдах үнээс доошгүй үнээр тооцож, тэргүүн ээлжинд багцлан худалдахыг зөвшөөрөх тухай шийдвэр гаргахаар шийдвэрлэжээ.

Мөн тус хорооны 2008 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 122 дугаар тогтоолын 1 дэх заалтаар 2008  оны “Анод банк” ХХК-ийн нийтэд санал болгон гаргах хувьцааг бүртгэх тухай”  100 дугаар тогтоолын 12 дугаар заалтад өөрчлөлт оруулж, Стратегийн хөрөнгө оруулагч болох БНСУ-ын “ЭнЭйЮ АйВи Капитал” /NAU IB Capital/ болон “Солонгосын хөрөнгө оруулалт, технологийн корпораци” /Кorea Investment and technology Corporation/ банкуудын хамтарсан консерциум, “Түшиг” ХХК-иас татан төвлөрүүлэх хөрөнгийг оролцуулан нийтээс татан төвлөрүүлэхээр тооцсон 19 315 080 000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг бүрэн бүрдүүлэх боломжгүй болсон тохиолдолд хувьцааг нийтэд санал болгох ажиллагааг амжилтгүй болсонд тооцохыг “Анод банк” ХК-д анхааруулж, 14 дэх заалтад  энэ тогтоолд заасны дагуу хувьцааг нийтэд санал болгон гаргах ажиллагаа амжилттай болсон тохиолдолд стратеги хөрөнгө оруулагч болох БНСУ-ын “ЭнЭйЮ АйВи Капитал” болон “Солонгосын хөрөнгө оруулалт, технологийн корпораци” банкуудын хамтарсан консерциумд 4 898 770 ширхэг хувьцааг, “Түшиг” ХХК-д 4 898 770  ширхэг хувьцааг нэг бүрийг нь энэхүү тогтоолын 3-т заасан хувьцаа худалдах үнээс доошгүй үнээр тооцож, тэргүүн ээлжинд багцлан худалдахыг зөвшөөрөх тухай шийдвэр гаргахаар тогтсон байна.

2008 оны 05 дугаар сарын 27-ны өдөр тус хороо 124 тоот “Анод банк” ХК-ийн нийтэд санал болгон гаргасан хувьцааны өмчлөх эрхийг баталгаажуулах тухай” тогтоол гаргаж, 1 дэх заалтаар “Анод банк” ХК-ийн 39 418 531 ширхэг энгийн хувьцааг нийтэд санал болгон гаргах үйл ажиллагааг амжилттай болсонд тооцож, 4 дэх заалтаар Стратегийн хөрөнгө оруулагч болох БНСУ-ын “ЭнЭйЮ АйВи Капитал” /NAU IB Capital/ болон “Солонгосын хөрөнгө оруулалт, технологийн корпораци” /Кorea Investment and technology Corporation/ банкуудын хамтарсан консерциумын захиалсан 4 898 770 ширхэг хувьцаа, “Түшиг” ХХК-ийн захиалсан 4 898 770 ширхэг хувьцааг нэг бүрийг энэ тогтоолын 2-т заасан үнээр тооцож, хэлцлийг гүйцэтгэхийг “Монголын хөрөнгийн бирж”, өмчлөх эрхийг баталгаажуулахыг “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д зөвшөөрч шийдвэрлэжээ.

Дээрхээс үзвэл, Санхүүгийн зохицуулах хороо нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 34 дүгээр зүйлийн 34.1.7, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “Анод банк” ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасыг бүртгэснээр “Анод банк” ХК нь хөрөнгийн биржээр дамжуулан үнэт цаасны зах зээлд хувьцаагаа арилжсан ба зарагдаагүй үлдсэн 696 909 ширхэг хувьцааг Санхүүгийн зохицуулах хорооны 2010 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор үнэт цаасны бүртгэлээс хассан байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх болон уул захиргааны хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.7-д “”нэхэмжлэл” гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг ойлгоно” гэж тус тус зааснаас үзвэл захиргааны актын улмаас тухайн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд эрхээ хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Гэтэл нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий Санхүүгийн зохицуулах хорооны  2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 100, 2008 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 122, 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 124 дүгээр актууд нь нэхэмжлэгч Т.*******д шууд чиглээгүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй өөрөөр хэлбэл, Санхүүгийн зохицуулах хороо нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шийдвэр гаргаагүй, уг актаар “Анод банк” ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасыг бүртгэж, гаргасан үнэт цаасыг өмчлөх эрхийг баталгаажуулсан байна. 

Тэрчлэн “гэрчээр Б.Лхагвасүрэнг оролцуулах хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн атлаа гэрчээр асуугаагүй, хуралдаанд оролцуулаагүй” гэх боловч шүүх хуралдааны явцад Б.Лхагвасүрэнгээс гэрчийн мэдүүлэг авах тухай шүүгчийн захирамжийн заалт биелэгдээгүй байхад нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь энэ талаар хүсэлт гаргалгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлжээ.

Иймд нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 333 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                 ШҮҮГЧ                                                                                          Э.ЗОРИГТБААТАР

                 ШҮҮГЧ                                                                                          Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                                           Г.БИЛГҮҮН