Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/243

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

            Улсын яллагч Э.Бадрал,

            Шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон И овогт Г-н Ц-эд холбогдох 1811003250172 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1983 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Мишээл зууч ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 00 дугаар гудамж 00 тоотод оршин суудаг, төрөөс авсан гавъяа шагналгүй,

2002 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 236 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127.2, 123.3-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2003 оны 11 дүгээр арын 20-ны өдөр суллагдсан,, 

2005 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 379 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4, 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2, 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар нийт 9 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2010 оны 3 дугаар сарын 15-ны өдөр суллагдсан,

2012 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 74 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.3, 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, И овогт Г-н Ц (РД:хх000000),

нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их бүрд” төв дотор байрлах Саак Спа массажны газрын текин дээр байсан Дэлл фирмийн 400.000 төгрөгний үнэ бүхий зөөврийн компьютерийг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

              Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа ойлгож байна гэв. 

              Г.Ц мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: -2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр орой 19.00 цагийн орчимд Баянбүрдийн тэнд массаж хийлгэх гээд урьд нь орж байгаагүй Саак спа массаж нэртэй газар ганцаараа орсон. Би ороод хүн байна уу гэж дуудсан чинь хүн дуугарахгүй байсан бөгөөд би хоёроос гурван удаа хүн байна уу гэж дуудахад хүн гарч ирээгүй. Хүн байхгүй байхаар нь текэн дээр нь байсан хар өнгөтэй зөөврийн компьютерийг шууд салгаад аваад явсан юм. Би тэндээс гараад гэр рүүгээ харьж амраад маргааш нь нөгөө нөүтбүүкээ аваад Комьпютер ланд нэртэй газар очиж засвар хийдэг залууд миний өөрийн нөүтбүүк гэж хэлж байгаад 130.000 төгрөгөөр зарсан. 130.000 төгрөгөө би өөрөө хэрэглээд дуусгасан юм. Тэр нөүтбүүк кодгүй байсан гэжээ.

            Хохирогч Л.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: -2018 оны 01 дүгээр сарын 20-ны 09 цаг 20 минутын орчимд намайг гэртээ байхад миний ажиллуулдаг Саак спа массажны газарт ажилладаг Отгонзул гэх ажилтан над руу залгаж, үүдний тек дээр байсан таны нөүтбүүк алга болчихлоо гэж хэлсэн. Отгонзул над руу ярьсны дараа цагдаагийн 102 дугаар руу дуудлага өгсөн. Цагдаад дуудлага өгснийхөө дараа 10 цагийн орчим ажил дээрээ очсон. Манай массаж тек рүү харсан камертай болохоор тэр камераа шүүж байхад цагдаа нар орж ирсэн. 1 жилийн өмнө Комьпютер ланд төвөөс 600.000 төгрөгөөр худалдан авч байсан. Үзүүлэлтийг нь сайн санахгүй байна. Худалдан авсан баримт нь одоо байхгүй болсон. Одоо би 400.000 төгрөгөөр үнэлж байгаа гэжээ.

            Иргэний нэхэмжлэгч Д.Энхмандал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:- 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өглөөний 10 цаг 30 минутын орчим 35 орчим насны эрэгтэй хар өнгийн нөүтбүүкээ надад үзүүлээд зарах санал тавихаар нь үзсэн чинь худалдаж авахад ямар нэгэн эвдрэл, гэмтэл байхгүй зүгээр байхаар нь хэдэн төгрөгөөр зарах уу гэхэд 150.000 төгрөгөөр зарна гэхээр нь үгүй ээ 130.000 төгрөгөөр авбал авъя гэж хэлэхэд, за за гээд надад дансны дугаараа өгсөн. Надад өгсөн тэр залуугийн данс руу би мобайл банкаараа 130.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд байж байхад хэд хоногийн дараа цагдаагийн газраас хүмүүс ирээд хулгайн зүйл авсан байна гэдгийг надад хэлээд комьпютерийг хурааж авсан. Хулгайн зүйл гэдгийг мэдээгүй. Би 130.000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр гомдол санал байхгүй гэжээ.

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл, шүүгдэгч Г.Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Их бүрд” төв дотор байрлах Саак Спа массажны газрын текин дээр байсан Дэлл фирмийн зөөврийн компьютерийг хууль бусаар авснаас Л.Мөнхбаатарт 400.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Мөнхбаатарын “2018 оны 01 дүгээр сарын 20-ны 09 цаг 20 минутын орчимд намайг гэртээ байхад миний ажиллуулдаг Саак спа массажны газарт ажилладаг Отгонзул гэх ажилтан над руу залгаж, үүдний тек дээр байсан таны нөүтбүүк алга болчихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Энхмандалын “2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өглөөний 10 цаг 30 минутын орчим 35 орчим насны эрэгтэй хар өнгийн нөүтбүүкээ надад үзүүлээд, ... 130.000 төгрөгөөр авбал авъя гэж хэлэхэд за за гээд надад дансны дугаараа өгсөн.  ...Хулгайн зүйл гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн бичлэг бүхий СД, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

              Иймд шүүгдэгч И овогт Г-н Ц-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

              Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзсан болно.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв. Харин иргэний нэхэмжлэгч Д.Энхмандалаас хууль бус эд хөрөнгийг хураан авсан тул түүнд шүүгдэгчээс 130.000 төгрөг нөхөн гаргуулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч И овогт Г-н Ц-ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар  хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Ц-ийг 500 (таван зуун) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн бичлэг бүхий СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6.Шүүгдэгч Г.Ц-ээс 130.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Энхмандалд олгосугай.

7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Энхчимэгт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ